Кпопын хаад “Big Bang” хамтлаг ТАРАХГҮЙ


Юука | YOLO.MN
2019-02-20

Дэлхий дахинд “кпопын хаад” гэх тодотголоороо танигдсан “Big Bang” хамтлаг уран бүтээлээ үргэлжлүүлэн хийнэ гэдгээ олон нийтэд  мэдэгдлээ.

Энэ оны эхээр “Big Bang” хамтлагийн гишүүн Сынри (Seungri)-гийн хувьцаа эзэмшдэг “Burning Sun” клубт хүчирхийллийн гэмт хэрэг гарсан нь олон нийтийн дургүйцлийг хүргээд байсан юм. Учир нь тус клубийг Сынри хариуцан зохион байгуулдаг бөгөөд олны танил хүн ийм асуудалд нэр холбогдсон нь хүмүүст тийм ч таатай санагдаагүй бололтой.  Энэ асуудлаас үүдэн Big Bang-ийн нэр хүнд унаж эхэлсэн байна.

2017 онд тус хамтлагийн гишүүн T.O.P мансууруулах бодистой нэр холбогдсон нь мөн л олон нийтээс багагүй зэмлэл хүртсэн билээ. Үүнээс өмнөх жилүүдэд ахлагч Жиди (GD) болон Дэсон (Daesung) нар хэрэгт холбогдож, цагдаад шалгагдаж байжээ.

Ийнхүү “Big Bang” хамтлаг урлагийн ертөнцөд эргэн ирэх боломжтой юу, хамтлаг тарах уу зэрэг асуултууд Өмнөд Солонгосын  олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн голлох сэдвийн нэг болжээ. Мөн Big Bang-ийг эргэн ирсэн ч нэр хүнд нь унасан тул  тарахаас өөр сонголтгүй гэж нээлттэй форумуудаар бичих болсон. Нөгөө талаас, Big Bang-ийг залуу үеийнхэнд   буруу үлгэр дуурайл болно хэмээн  буруутгасан юм.  (Эх сурвалж: Nate)

Харин хамтлагийн хамгийн залуу гишүүн Сынри (Seungri) энэ бүх зүйлд хариулт өгчээ.

Сынри: “Би тун удахгүй цэргийн албанд мордоно. Бид, Big Bang-ийн л хийж чадах гайхалтай уран бүтээлтэйгээр эргэн ирэх болно оо. Биднийг хүлээж байгаарай” гэжээ.

Ингэснээр Big Bang хамтлаг фэнүүддээ амласан ёсоороо урлагийн ертөнцөд эргэн ирж том тэсрэлт хийх нь тодорхой боллоо.

Сынри: “Саяхан надтай холбоотой асуудал үүсэж, та бүхний санааг чилээсэнд чин сэтгэлээсээ уучлалт хүсье.  Хариуцлагагүй хандаж, урмыг тань хугалсанд уучлаарай.  Олны танил хүний хувьд, ийм асуудалтай нэр холбогдож хайхрамжгүй загналаа.   Цаашид ийм асуудал гаргахгүйн төлөө хичээнгүйлэн ажиллах болно оо.”

Эх сурвалж: Allkpop

#Kpop