Саарал усыг ашиглах, хүнсны хаягдлыг бордоо болгох зэрэг сурагчдын санаачилсан төслүүд санхүүжилт авлаа


Б.Дариа | YOLO.MN
2022-09-15

Монгол Экологи төвөөс хэрэгжүүлдэг "Залуучуудын тогтвортой хөгжлийн корпус" хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй "Teen Шийдэл" уралдааны шилдэг 10 баг өнгөрсөн Бямба гарагт шүүгчдэд төслийн саналаа танилцуулж шилдэг төслөө шалгарууллаа. Санхүүжилт олгох төслүүдийг сонгох арга хэмжээний үеэр Австрали улсаас Монгол улсад суугаа Элчин Сайд Кэйти Смит Монгол улсын өнцөг булан бүрээс энэхүү уралдаанд шалгарч, төслийн саналуудаа шүүгч нарт танилцуулахаар цугласан сурагчдад амжилт хүссэн ба төслүүд нь санхүүжилт авч чадаагүй байсан ч өдийг хүртэл шалгарч Шилдэг 10-т шалгарсан нь томоохон амжилт гэдгийг санууллаа.

Энэ оны гуравдугаар сараас эхлэн хэрэгжүүлж буй "Teen Шийдэл" уралдааны гол зорилго нь Монгол орны өнцөг булан бүрд суугаа 15-18 насны хүүхэд залуусыг хүрээлэн буй орчиндоо тулгамдаад буй асуудлуудаа олж илрүүлэх, тэдгээрийг өөрчлөн сайжруулахад шийдэл олох, шийдлийн санаагаа бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм. Тус уралдаанд 20 аймгаас нийт 226 төслийн санал ирсэн ба Улаанбаатар хот, Төв, Булган, Увс, Хөвсгөл, Ховд аймгуудаас уралдааны Шилдэг 10 баг шалгарсан билээ. Уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүнд “Залуучуудын тогтвортой хөгжлийн корпус” төслийн хэрэгжүүлэгч Монгол Экологи Төв, “Teen Шийдэл” уралдааны санхүүжүүлэгч Монгол дахь Австралийн Элчин Сайдын Яамны төлөөллүүдээс гадна хувийн хэвшлийг төлөөлж Тренд Дижитал ХХК болон MCS Интернейшнл ХХК-ийн төлөөллүүд оролцлоо.

Үйл ажиллагааны тухай Австрали Улсын Элчин сайдын яамны Нэгдүгээр Нарийн бичгийн дарга Дэйвид Прэстон "Австралийн Элчин сайдын яам санхүүжүүлэн Монгол экологи төвтэй хамтарч Монгол орны байгаль, экологид хувь нэмэр оруулах сайхан боломж байлаа. Ийм амжилттай болно гэж төсөөлсөнгүй. Бид ердөө арван төсөл л ирэх байх гэж бодсон ч 226 төслийн санаа ирсэн. Үнэхээр гайхалтай болж өнгөрлөө. Тэдгээр төслүүдээс шилдгийг нь сонгох маш хэцүү байсан ба хүрээлэн буй орчин, байгаль орчны асуудлыг харж таньж, зөв шийдлийг олж чадсан багуудыг шалгаруулахаар зорилоо.” гэсэн юм.

Ингээд төслийн санаагаа танилцуулсан 10 багаас дараах багууд санхүүжилт авлаа. 

Creative баг- 9,996,000 санхүүжилт

Улаанбаатар хот-Ментор AMBROS компанийн үүсгэн байгуулагч М.Батмөнх

Саарал усыг ашиглах замаар сургуулийн усны хэрэглээг бууруулах 

Борооны ус ихэнх барилга байгууламжийн дээвэр болон ус зайлуулах хоолойгоор шууд гадагшилж ямар ч үр ашиггүйгээр урсан өнгөрдөг. Тийм учраас тэд хавар, зун, намрын улиралд сургуулийнхаа дээврээс гоожих усыг тосох, агуулах сав зэргийг худалдан авч байршуулахаар шийджээ. Сургууль нь тосож авсан саарал усаа сургуулийн ногоон байгууламж болох мод, бут, зүлэг, цэцэг зэргээ услах мөн өдөр тутмын цэвэрлэгээний үйл ажиллагаандаа ашиглах учир уг төслийн үр дүнд сургуулийн усны хэрэглээ буурснаар сургуулийн төсөв зардалд тодорхой хэмжээний хэмнэлт үүсэх юм.

Conquerors баг-10,000,000

Хөвсгөл аймаг-Ментор маркетингийн мэргэжилтэн Б.Чинзоригт 

Хатгал суманд хичээлээ хийж суух, ангийнхан болон бусад хүүхдүүдтэй хамтарч үйл ажиллагаанд оролцох, клубуудын уулзалт хийхэд анги танхим олдохгүй бас хүйтэн, хэрэглэх компьютер, принтер, хичээлийн судлагдахуун, орчин үеийн ном, интернэтийн хүрэлцээ маш бага байдаг аж. Ийм учир номын сан нээснээр хязгааргүй интернэт, 10-19 цагийн хооронд хүссэн хэмжээгээрээ суух орчин, гаднаас биш дотроосоо идэж, уух зүйлээ боломжийн үнээр худалдаж авах, олон төрлийн сургалт, уралдаанд оролцох болон ахлах ангийн ах эгч нараасаа ойлгохгүй чадахгүй зүйлсээ заалгаж мэдэж авах боломжтой болох юм.

Conquerors багийн ментор, маркетингийн мэргэжилтэн Б.Чинзоригт "Сэтгэгдэл өндөр байна. Шалгарсан  10 төслөөс сонгож авсан баг минь санхүүжилт авлаа. Би өөрөө ном унших дуртай. Эдгээр хүүхдүүдийн сургуулийн байр нь ашиглалтаас гараад таван жил болчихсон, хичээл хийх боломж хомс байлаа. Үүнээс үүдэн энэ сургууль Хөвсгөл аймгийн 32 сургуулиас сургалтын чанараараа арваад байраар ухарч муудсан. Хэрэв энэ сургуулийг, энд сурч буй хүүхдүүдийг орхивол бүр аюулд орох юм шиг, мөн хамгийн бодитой, хийж болох төсөл гэж үзээд сонгосон. Бас багийн хүүхдүүд маань их идэвхтэй сайн байлаа.  Бид онлайнаар уулзаж байсан ч хүүхдүүдтэй ажиллах хөгжилтэй, гэгээлэг санагдаж байна. Уралдааныг зохион байгуулсан, санхүүжүүлсэн  Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам, Европын Холбоо, Залуучуудын Тогтвортой Хөгжлийн Корпус, Монгол Экологи төвийн хамт олонд бүгдэд нь талархлаа илэрхийлье."

"Эх дэлхий-Эко Клуб" баг-9,050,000

Увс аймаг- Ментор Хаан банкны Дижитал банкны захирал Ж.Номин-Эрдэнэ

Увс аймгийн Улаангом сумын Улсын тэргүүний 2 дугаар цогцолбор сургуулиас “Хүүхэд бүр хогны ертөнцийг өөрчилж чадна” хэмээн гарчигласан “Байгаль орчны асуудал (Хог хаягдал, хөрс болон агаарын бохирдол гэх мэт)-ийг шийдвэрлэх төсөл шалгарчээ. Энэхүү төслийн зорилго нь сургуулийн орчноос үүсэх хог хаягдалд дүн шинжилгээ хийж, багш сурагчдад хог хаягдлыг бууруулах, ангилан ялгах, дахин ашиглах дадал хэвшилд сургаж улмаар сургуулиас үүсэж буй хог хаягдлын хэмжээг 20 хувь бууруулж ЭКО сургууль болох юм.

"Эх дэлхий-Эко Клуб"багийн ментор Хаан банкны Дижитал банкны захирал Ж.Номин-Эрдэнэ "Манай баг шилдгүүдийн нэгээр шалгараад хөрөнгө оруулалтаа татаж чадлаа. Сүүлийн хоёроос гурван сарын хугацаанд хүүхдүүдтэйгээ ментор ментийгийн хувиар харилцаж, долоо хоногт хамгийн багадаа нэг цаг онлайнаар уулзалт хийсэн. Хүүхдүүд асуудлаа олчихсон, шийдлээ ч бий болгосон байсан нь том давуу тал боллоо. Миний хувьд төслийг сайжруулах, чиглүүлэх үүрэгтэйгээр ажилласан. Багийн хүүхдүүд минь маш мундаг байлаа."

Meraki болон Beta хоёр багийн төслийг хамтран хэрэгжүүлэх боломжтой гэж үзжээ.-Нийт 7,780,000

Meraki баг- Улаанбаатар хот, багийн ментор URECA компанйин төслийн менежер Б.Бүжинлхам

Beta баг- Улаанбаатар хот, ментор Central Express CVS JSC, санхүүгийн ментор Б.Дүүрэнзаяа

Meraki баг: Бидний өдөр тутмын амьдралд хүнсний болон бусад органик хог хаягдал маш ихээр гардаг. Энэхүү төслийн зорилго нь хүнс болон цаасны илүүдэл хог хаягдлаар органик бордоо хийх юм. Өрх бүр, албан байгууллага болгон өөрсдийн бий болгосон органик хог хаягдлаа ашиглан компост бордоо хийж, мод зүлэг тарьж, орчноо ногоон болгоосой хэмээн тэд хүсэж байна. Гэхдээ ихэнх хүмүүс хэрхэн компост бордоо хийхийг мэдэхгүй. Иймд тэдэнд хямд төсөр аргаар хог хаягдлаа ашиглан бордоо хийх аргыг зааж таниулснаар эрүүл ногоон хоттой болоход хувь нэмэр оруулах боломжтой гэж үзжээ.

Beta баг: Өнөөгийн байдлаар манай улс нийт хог хаягдлын 17-20 орчим хувийг дахин боловсруулдаг боловч хүнсний хог хаягдлыг дахин боловсруулдаггүй. Хүнсний болон органик хаягдлыг гэрийн нөхцөлд дахин боловсруулж ялзмаг буюу компост бордоог гаргах арга, түүний ач холбогдлын талаар төдийлөн сайн мэддэггүй. Тиймээс хүмүүст хүнсний хог хаягдлын талаар олон талаас нь мэдээлэл өгч багасгах болон түүнийг дахин боловсруулж хор хөнөөлийг нь багасгахад энэхүү төслийн гол зорилго оршино.

Meraki багийн ахлагч Логарифм сургуулийн төгсөгч А.Хүслэн "Эхний гурван баг шалгарсны дараа Meraki, Beta гэж зарлахад маш их баярлалаа. Хүлээлтээс илүү байлаа. Төслөө гурван сараас эхлээд маш олон сайжруулсаар төслөө дуусгасан. Өөр багтай хамтран ажиллахаар боллоо. Гайхалтай байна. Төслийн уралдааныг зохион байгуулсанд баярлалаа. Маш олон зүйл сурч авлаа. Энэхүү уралдааныг цаашид ч үргэлжлүүлсээр, илүү олон хүүхдэд хүрээсэй гэж хүсэж байна."

Сурагчдын санал санаачилгыг дэмжих, санаагаа бодит ажил хэрэг болгох, нийгэмд тулгамдаж буй асуудлыг өөрсдөө тодорхойлж, шийдвэрлэхэд гар бие оролцсон, шалгарсан бүх хүүхдүүддээ баяр хүргэе. 

#YSC