П.Лхагвасүрэн: ЭЕШ-ыг хувилбартай авах нь сугалаа сугалж буй мэт хүүхдүүдийн ирээдүйд нөлөөлж байна


Б.Нямдарь | YOLO.MN
2022-05-18

Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2006 оноос хойш авч эхэлсэн. Ингэхдээ хүүхдүүдээс хувилбарт/варианттай шалгалтуудыг авч байгаа нь шударга бус байгаа талаар боловсролын салбарын мэргэжилтэн манайд редакцид хандсан юм. Хувилбарт шалгалт авах нь хүүхдүүд сугалаа сугалж байгаа мэт хүнд хөнгөн даалгавар ирэх, цаашлаад тэдний ирээдүйд ч сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй талаар “Нэст Эдүкэйшн” сургуулийн дунд сургуулийн захирал П.Лхагвасүрэн хэллээ.

“А СУРАГЧААС 2х2 ХЭД ВЭ ГЭЖ АСУУГААД ОНЦ ТАВЬСНАА, Б СУРАГЧААС 20х20 ХЭД ВЭ ГЭЖ АСУУГААД МУУ ТАВЬЖ БОЛОХГҮЙ”

-Та элсэлтийн ерөнхий шалгалтын арга барилыг буруу хэмээн үзэж буй үндэслэлээ дэлгэрэнгүй тайлбарлаач?

-Элсэлтийн ерөнхий шалгалтаар хүүхдийн амьдрал, хувь тавиланг шийддэг. Азын сугалаа сугалж байгаа мэт ямар хувилбар таарснаас шалтгаалж хэмжээст оноо багадаа 50-иар хэлбэлзэж байна гэдэг нь том асуудал. ЭЕШ-ыг дөрвөн хувилбартай авдаг нь дэлхийн жишигт байхгүй гажуудал. Үүнийг даруй засаж, бүх шалгуулагчаас нэг хувилбараар шалгалт авдаг болохгүй бол олон мянган сурагчийн хувь заяа, ирээдүйд сөргөөр нөлөөлнө.

-Та ЭЕШ-тай холбоотой ажил эрхэлж байсан уу?

-Би 2006 онд буюу хамгийн анхны ЭЕШ-ын химийн хичээлийн зохиогчоор ажилласан. Түүний дараа жил шалгалтын шинжээчийн туслах хийж, 2010-2011 онд "Боловсрол суваг" ТВ-ээр ЭЕШ-д зориулж хичээл зааж байсан.

-ЭЕШ-ын арга барил шударга бус байгаа талаар шалгалтыг зохион байгуулдаг Боловсролын үнэлгээний төвд уламжилсан уу?

-Би энэ талаар ярьж, нэр хүндээ өсгөх, шуугиан тарих гэсэнгүй. Энэ бол Монголын ирээдүй болсон хүүхэд залуусын амьдралыг шийдэх, маш нухацтай авч үзэх асуудал. Анхнаас нь ном журмын дагуу хандан, цахим шуудан илгээж, хэлж үзсэн. Албан ёсоор хариу өгөөгүй. Дараа жил нь би очиж уулзсан. Зөвхөн хувилбарт шалгалтын талаар ч биш ЭЕШ-ын журмыг шинэчлэх, математикийн шалгалтын үнэлгээний талаар гээд хэд хэдэн асуудлыг дэвшүүлсэн. Тэд хүлээж авлаа гэсэн ч бүх зүйл яг хэвээрээ.

-Журамд ямар өөрчлөлт оруулах санал танд байгаа вэ?

-ЭЕШ-ын журам олон жил мөрдөж буй, дэлгэрэнгүй журам л даа. Журамд нэг заалтыг ор тас орхигдуулсан. Тэр нь хэрэв шалгалтын материалд ямар нэг алдаа гарвал түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар огт дурдаагүй. Түүнээс нь болоод ямар нэг алдаа гарахад тухайн үедээ шуугиад л намждаг. Эсвэл илүү хэл амтай, хотод байгаа хүмүүс, хүүхдүүд өргөдөл бичээд очихоор засаж залруулдаг шиг байгаа юм. Хүүхэд материал алдаатай гэдгийг мэдээгүй өнгөрсөн тохиолдол байж болно. Учир нь шалгалт өгөөд материалаа авч гардаггүй учир хүүхэд алдааг нь мэдэхгүй шүү дээ. Тийм нөхцөлд хүүхэд хохироод л үлддэг.

Ялангуяа дөрвөн хувилбартай үед бүр ноцтой. Шударга тогтолцоогоор бол хэрэв шалгалтын материал алдаатай тохиолдолд оноог тооцохгүй байх учиртай. Жишээ нь, А хувилбарын 15-р тестэд алдаа байсан гэж үзвэл, B, C, D хувилбарын 15-р тест зөв байхад үүнийг хэрхэн шийдэх нь тодорхойгүй. Энэ нь хүүхдийг шударга бус нөхцөл рүү түлхэж байгаагаас өөрцгүй. Хэд хэдэн удаа алдаатай байсан, цаашид ч үүсэж болох эрсдэл байхад шийддэггүй.
 
2013 оны ЭЕШ байсан шиг санагдаж байна. Би энэ талаар маш тодорхой баримттай өргөдөл бичээд өгөхөд “Шалгалтын материалыг зохиосон хүнийг дуудсан, хүлээж бай” гэх тайлбар өгөөд намайг өдөржин хүлээлгэсэн. Тухайн үед ажлаа хийгээд хөлсөө авсан багш ямар ч буруугүй, хохирсон олон мянган хүүхдийн оноо, хувь заяаг хэрхэх нь чухал байсан юм. Товчхондоо, БҮТ асуудлаас зайлсхийж, арьсаа хамгаалах байдлаар ханддаг. Ямар нэг асуудал, дутагдал гарвал өргөдлөөр шийддэг хэмээн ам тагладаг.

-Жил бүрийн ЭЕШ-ын дараа “хариулт задарсан” хэмээн шуугьдаг. Шалгалтын хариу задрах боломжтой эсэх талаар материал зохиож байсан хүний хувьд та өөрийн бодлоо хуваалцаач?

-Би энэ талаар бодит мэдээлэл өгч чадахгүй. Би хамгийн анхны ЭЕШ авахад ажилласан, түүнээс хойш 16 жил өнгөрчээ. Намайг анх шалгалтын материал боловсруулахад их нарийн, чанга хамгаалалтын дор бэлтгэсэн. Хариулт задрахгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн. Тэгэхээр хариулт задарсан гэх мэдээлэлд би  ач холбогдол өгдөггүй. Энэ нь миний ярьж буй сэдвээс тусдаа асуудал.


-Математикийн шалгалтын явцад дутагдалтай зүйл байгааг анзаарснаа та дурдсан. Тэр юу вэ?

-Төгсөн ангийн сурагчдаас жил бүрийн 5-6-р сард улсын шалгалт авдаг. Боловсролын үнэлгээний төвөөс улсын шалгалтыг сүүлийн хэдэн жил зохион байгуулж байна. Харин шалгалтын дүнгийн дунджийг олон нийтэд зарладаггүй. Гэхдээ дунд сургуулиудын түвшний дунджийг бид багцаагаар мэднэ. Улсын шалгалт нь 70 хувьтай байдаг бол ЭЕШ-ын математикийн дундаж 30 хувиас дээш гардаггүй, 2-3 дахин бага үзүүлэлт юм. Гэтэл энэ шалгалтууд хоорондын зай их биш, нэг сарын дотор авдаг байтал үр дүн нь ийм харьцангуй гардаг. Шалгалт өгч байгаа хүүхдүүд нь бүгд адилхан шүү дээ.

-Энэ нь юутай холбоотой юм бэ?

-Асуудлын гол нь энд л байгаа юм. Шалгалтын материалд байна. Тэд улсын шалгалтын материалаа эсвэл ЭЕШ-ын материалаа хийж чадахгүй байна гэсэн үг. Огт ярьж байгаагүй асуудлыг би одоо яриад байгаа юм биш. БҮТ-өөс үүнд ямар хариу өгдөг гэхээр “ЭЕШ бол уралдаант шалгалт, бид хүнд материалаар авдаг бол улсын шалгалтыг стандарт агуулгаар авдаг” гэдэг.

Энэ төгс хариулт биш, логикийн хувьд таарахгүй байна. 12-р ангийн сурагч мэдсэн байх ёстой мэдлэгээрээ л ЭЕШ, улсын шалгалтыг өгөх ёстой. Блүпринтдээ асуудал байна уу гэх мэт нарийвчилж судлах хэрэгтэй. Хоёр шалгалтын онооны зөрүү бага байх тусам сайн. Эсвэл улсын шалгалтын үеэр хүүхдүүд улс даяараа хуулаад байдаг юм уу. Угтаа бол өндөр түвшинд маш чанга хяналт дор авдаг шалгалт учир энэ бол хийсвэрлэсэн таамаг төдий зүйл юм. 

-Шалгалтын тайланд хувилбарууд нь инвариант болж чадсан гэсэн дүгнэлт гаргасан гэсэн. Инвариант гэдгийг дэлгэрэнгүй тайлбарлавал?

-Шалгуулагчид А, B, C аль ч хувилбар таарсан ямар ч ялгаагүй, оноо нь ижилхэн буюу инвариант болохыг баталж байна гээд тайланд биччихсэн байгаа юм. Хүмүүс түүнд нь итгэдэг. Би шалгалтын материалуудыг нарийн судалж, нэг бүрчлэн шалгахад инвариант биш байна.

Нийт тестийн 47-58 хувь нь /дунджаар 52 хувь/ инвариант буюу тэнцүү гэж үзэж болохоор байгаа нь баярлах тоо биш. Нийт тестийн үлдсэн 48 хувь нь ялгаатай гэсэн үг.

Жишээ нь 2016 оны математикийн шалгалтын А хувилбарын дундаж гүйцэтгэл 28,5 хувь байв. Тухайн жилийн С хувилбарын дундаж гүйцэтгэл  32,5 хувь байсан. Үүнийг ойролцоо гэж хэлж болмоор ч ижил оноо авсан хүүхдүүдийн тоог гаргахад хамгийн ихдээ 1200 байгаа юм. Хэрэв шалгуулагчид А вариант биш С вариант таарсан бол 32 оноо авах боломжтой. Эндээс харахад сурагчийн анхны оноо 28 уу, 32 уу гэдэг аз эз болчхож байна. Гэтэл тэр дөрвөн онооны хооронд 4000 хүүхдийн наана цаана орох уу гэдэг нь шалгалтад ямар хувилбар таарахаас шалтгаалсан харагдаад байгаа юм.

Хүүхэд, эцэг эх яагаад энэ талаар дуугардаггүй, хэл ам хийдэггүй вэ. Тэд нөгөө вариантад юу ирснийг мэдэхгүй, зөвхөн өөрийн вариантаа л харсан учраас тэр. ЭЕШ, их дээд сургуулийн элсэлтийн хугацаатай маш ойрхон байдаг учраас энэ талаар яриад, гомдол гаргах цаг завын хувьд боломжгүй байдаг. ЭЕШ дууссаны дараа улс даяар амраад намар цуглахад хаврын дуулиан мартагдсан байдаг. Энэ завшаанаар л олон хүүхдийн хувь заяаг хэрхэн өөрчилж байгаа дутагдлаа хүлээн зөвшөөрөхгүй, нуугаад л явж байгаагаас өөрцгүй юм.

"ХУВИЛБАРТАЙ АВДАГ ОЛОН УЛСЫН ЯМАР Ч ШАЛГАЛТ БАЙХГҮЙ"


-Олон хувилбараар авах шалтгаан юу вэ?

-Шалгуулагчид бие биеэсээ хуулахаас сэргийлж олон хувилбараар авдаг. Гэтэл яг үнэндээ Монгол Улсад хамгийн нарийн зохион байгуулалт, хяналт дор авдаг шалгалт ЭЕШ юм. Бид хүүхдүүдийг хуулах вий гэж айгаад шалгалтыг цаашид олон хувилбартайгаар аваад байж болохгүй. Учир нь хүүхдүүд хохирч байна. Жишээ нь энэ жил ЭЕШ-ын математикийн шалгалтыг 30 гаруй мянган хүүхэд өгнө гэж бодвол, нэг вариантыг дунджаар 7000 гаруй нь өгнө. Тэгэхээр нэг вариант нь хөнгөн, нөгөө гурав нь хүнд байвал 7000 хүүхдийн 75 хувь буюу 2000 хүүхдийн оноо бодит байдлаар зөрүүтэй буюу худлаа гарна.

Шалгалтын материал зохиож байгаа багш үүнтэй ямар ч холбоогүй юм. Энгийнээр тайлбарлавал би хоёр хүүхдээс хоёр вариантаар шалгалт авах нь хоёр өөр бодлого бодуулж байгаа буюу хоорондоо ялгаатай л гэсэн үг.

-Жишээ нь А вариантын эхний бодлого, B вариантын эхний бодлоготой төстэй буюу тоонууд болон гарах хариу нь өөр ч аргачлал нь адилхан бол хүнд, хөнгөний хувьд адилхан гэж тооцохгүй гэсэн  үг үү?

-Бидэнд бүр багаас яг ингээд суулгачихсан юм. Шалгалтын материал зохиож байгаа багш бүгдийг нь төстэй байхаар хийнэ шүү дээ. Мэдээж хэн ч нэгийг нь хүнд, нөгөөг нь амархан байхаар зориуд хийхгүй. Гэхдээ төстэй, тэнцүү юу гэдэг нь тухайн шалгуулагч хийх үед л тодорхой болно.

Жишээ нь, математикийн хичээлийн 2019 оны 2.3-р бодлогын А, С хувилбар таарсан хүүхдүүдийн 4 хувь зөв хийсэн байхад B, D хувилбар авсан хүүхдүүдийн 60 хувь нь зөв хийсэн. Хөнгөн ба дундаж ангилалд багтах тест А хувилбарт-5, В хувилбарт-11, С хувилбарт-7, D хувилбарт-6 байна.

Өөрөөр хэлбэл сурагч В хувилбараар шалгалт өгсөн бол А хувилбараар шалгалт өгсөн сурагчаас хоёр дахин хөнгөвтөр дасгал бодох байжээ. Ингэснээр В хувилбараар шалгалт өгсөн сурагч А хувилбараар шалгалт өгсөн сурагчаас даруй 6 оноо илүү авах бодит нөөцтэй юм. Дундаж оноо 29 байгаа үед энэхүү 6 оноо нь хэмжээст оноогоор бол бараг 60 онооны наана цаана гэсэн үг юм.

Нэг үгээр хоёр сурагчийг өрсөлдүүлэхдээ хоёр өөр асуулт тавьж болохгүй. Тухайлбал А сурагчаас хоёр хоёрын хэд вэ гэж асуугаад онц тавьснаа, В сурагчаас хорин хорийн хэд вэ гэж асуугаад муу тавьж болохгүй. Гэтэл бид одоо үүнтэй төстэй шалгалт зохион байгуулж байна.

-Олон улсад энэ төрлийн шалгалтыг яаж авдаг вэ?

-Хувилбартай шалгалт авдаг олон улсын ямар ч шалгалт байхгүй. Жишээ нь IELTS, TOEFL, SAT, AP зэрэг шалгалтуудыг хувилбартай авдаггүй. Тиймээс дэлхийн жишгийг дагаж, ЭЕШ-ыг хувилбаргүй авдаг болох хэрэгтэй. Тогтсон арга хэрэгсэл гээд өөрчлөхгүй, нэг хэвшмэл ойлголттой байсаар байвал цаашид олон хүүхдийн ирээдүйд сөргөөр нөлөөлнө. Тэгэхээр шалгалтын материалыг хэчнээн сайн зохиосон ч хувилбар байгаа л бол хүүхдийн оноо хамгийн багадаа 2.5 хувиар зөрүүтэй гарах эрсдэлтэй. Ямар ч зөрүүгүй байна гэж хэзээ ч байхгүй.

Жишээ нь би нэг вариантаар 100 хувь авах боломжтой байсан бол нөгөө вариантаар 97.5 хувь авна гэсэн үг. Хамгийн ихдээ 23 хувиар зөрж байгаа. Энэ бол маш их тоо ба 6.67  оноо юм. Үүнийг нэг вариантын 1200 хүүхдийн тоогоор үржүүлэхэд миний байр 8000-аар зөрнө. 4500-д багтах чадамжтай байхад би “сугалаанаас” болоод 12500-р байрт орно гэсэн үг.

Маш сайн хүүхэд хангалтгүй оноо авсан байдаг. Зарим сурагч “Би арай ч ийм муу хийгээгүй дээ” гэдэг, эсвэл багш нь “Сурагч маань уг нь ингэж хийхээр биш” хэмээн халагладаг нь үүнтэй холбоотой юм. Боловсролын үнэлгээний төв шалгалтуудыг нэг вариантаар авах боломж бүрэн бий.

Энэ талаар дуугарахгүй, би чимээгүй яваад байж болно. Гэхдээ олон мянган хүүхдийн хувь заяа, ирээдүйтэй холбоотой учир чимээгүй байж чадахгүй байна. БШУЯ-нд хандана, санал бодол нэгтэй багш, мэргэжилтэн, эцэг эхчүүдтэй хамтран дуу хоолойгоо нэгтгэн асуудлыг шийдэх хүртлээ явна.

- Ярилцсанд баярлалаа.

#ЭЕШ #Боловсрол