“Reply 1988” цувралын 10 жилийн ойн нэвтрүүлэгт Ryu Jun Yeol оролцохгүй


Б.Саранчимэг | YOLO.MN
2025-08-14

TVN-ийн алдарт цуврал болох “Reply 1988” цацагдсанаас хойш аль хэдийн 10 жилийн нүүрийг үзжээ. Кино багийнхан 10 жилийн ойгоо тохиолдуулан зураг авалтын талбайд жүжигчид, уран бүтээлчид эргэн очиж дурсамжаа хуваалцаж буй тухай нэвтрүүлэг гаргах гэж байгаа юм. Тус нэвтрүүлэг аравдугаар сарын эхээр Канвон мужид болох бөгөөд Kim Jung Hwan-ы дүрээр үзэгчдийн хайрыг татсан Ryu Jun Yeol уг нэвтрүүлэгт оролцохгүй гэдгээ мэдэгдлээ.

Тэрээр одоо Netflix-ийн цоо шинэ уран бүтээл “The Rat” цувралын зураг авалттай байгаа тул оролцох боломжгүй хэмээн мэдэгдсэн байна. Компанийнх нь ажилтан, “Шахуу цагийн хуваарьтай байгаа учраас Ryu Jun Yeol Канвонд болох уулзалтад оролцох боломжгүй” гэжээ.

“Reply 1988” цуврал нь 1988 оны Сөүл хотын Добон дүүргийн Сансум дон хороололд амьдардаг эгэл жирийн таван айлын амьдрал, халуун дулаан гэр бүл, найз нөхдийн нандин холбоо, гал халуун хайрыг харуулсан гайхалтай бүтээл юм. Эхний анги нь 2015 оны арваннэгдүгээр сарын 6-нд цацагдаж байсан бөгөөд нийт 20 ангитай. Тухайн үедээ киноны рейтинг нь 18,8 хувьд хүрч шинэ рекорд тогтоож байжээ.

Цуврал олны хүртээл болсны дараа гол дүрийн жүжигчид болох Ryu Jun Yeol, Lee Hyeri нар үерхэж эхэлсэн бөгөөд хосууд найман жилийн турш үерхсэн юм. Ингээд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард албан ёсоор салж, хоёр тийшээ болжээ. Үүний дараа Ryu Jun Yeol жүжигчин Han So Hee-тэй үерхэж байгаа гэх цуурхалд нэр холбогдсон байдаг. Энэ явдлаас болж Ryu Jun Yeol 10 жилийн ойн нэвтрүүлэгтээ оролцохгүй байна хэмээн солонгос фенүүд дүгнээд эхэлжээ.

Харин Lee Hyeri эл нэвтрүүлэгт оролцоно. “Reply 1988” цувралын 10 жилийн ойн нэвтрүүлгийг Channel Fullmoon гэх youtube сувгаар хүргэх юм байна.

Эх сурвалж: Allkpop

#Reply 1988 #Ryu Jun Yeol