Өөрийн дүр төрхөө хэрхэн бүтээх вэ?


Сэтгүүлч Б. Учрал | YOLO.MN
2022-05-09

Бид толинд харахдаа өөрийгөө шүүмжилж бусадтай харьцуулах хандлагатай байх нь бий. Тухайлбал биеийнхээ аль нэг хэсгийн хэлбэр хэмжээ, жин, арьсны өнгө, үсний хэлбэр зэрэгтээ сэтгэлдээ нууцхан зовнил тээсээр явдаг. Гэсэн хэдий ч хүний биеийн дүр төрх гэдэг зөвхөн толинд харагдаж буй бидний тусгал биш аж. Бидэнд өөрийгөө дутуу үнэлдэг сөрөг хандлагуудтайгаа тэмцэх боломж бий. Ингээд өөрийгөө үнэлэх үнэлэмж буюу биеийн дүр төрх, түүнийг хэрхэн бүрдүүлэх талаар илүү дэлгэрэнгүй танилцацгаая.

Биеийн дүр төрх гэдэг нь чи өөрийгөө оюун ухаан, сэтгэл хөдлөл, бие мах бодийн хувьд хэрхэн мэдэрч буйг хэлнэ. Толинд харах эсвэл өөрийнхөө талаар дүгнэлт хийх үедээ бид биеийнхээ дүр төрхийг бүрдүүлж байдаг. Уг дүр төрх бүр бага наснаас бүрддэг байна. Бидний биеийн дүр төрх эерэг эсвэл сөрөг байх нь олон зүйлээс шалтгаална. Өдөр тутмын амьдралд өрнөж буй зүйлс болон эцэг эхийн хандлага, сэтгэл хөдлөл хослон  бидний өөрийн дүр төрхөө харах өнцөг тархинд гүн суудаг аж. Өөрийгөө доогуур үнэлэх мэдрэмжээсээ салахыг хүсэвч нэг л мэдэхэд гоочлоод сууж байсан үе чамд тохиож байв уу? Учир нь сөрөг бодол сөрөг бодлоо дагуулдаг учраас өөрийгөө дотроосоо чангааж доош нь унагаж байгаа хэрэг юм.

Чи өөрийгөө үнэлж эхэлсэн цагтаа бие мах бодийн онцлог шинж чанараа бүхэлд нь эерэгээр мэдрэх магадлал өндөр байдаг. Гэхдээ эрүүл биеийн дүр төрхийг төлөвшүүлнэ гэдэг нь өөртөө "дургүй" байдалтайгаа эвлэрнэ гэсэн үг биш. Яг одоогийн дүр төрхөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч, өөрийнхөө үнэ цэнийг ойлгох хэрэгтэй. Биеийн дүр төрх болон өөрийгөө үнэлэх үнэлэмж хоорондоо холбоотой байдаг тул чиний мэдрэмж, бодол, зан үйлд шууд нөлөөлдөг. Хэрэв биеийнхээ аль нэг хэсэгт дургүй эсвэл өөрийгөө үнэлдэггүй бол өөрийнхөө сайн сайхныг анзаарч бие махбоддоо анхаарал хандуулах улам л хэцүү болно.

Өөрийгөө үнэлэх үнэлэмжид дараах хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж болно.

Бэлгийн бойжилт: Бэлгийн бойжилтын үед бие махбодод олон өөрчлөлт гардаг. Энэ өөрчлөлтөд дасан зохицоход хугацаа шаардлагатай. Ганц чи биш чиний үеийн бүх хүүхдэд энэ өөрчлөлт илэрдэг тул өөрчлөлтийг хүндээр хүлээж авах хэрэггүй.

Нийгэм: Алдартай кино тэр дундаа реалити шоун дээр туранхай, чийрэг, гоё арьстай жүжигчид тоглох нь давамгай байдаг. Тэднийг хараад заримдаа өөртэйгөө харьцуулж боддог л биз дээ. Гэхдээ тэд анхнаасаа ийм төрөөгүй. Шаргуу хөдөлмөр л тэднийг өнөөдрийн өндөрлөгт нь авчирсан гэдгийг санаарай.

Дарамт: Хэн нэгэн чамайг гаднах төрхөөр чинь тохуурхаж дээрэлхэх гэж оролдож магадгүй. Тэр ч байтугай сайн найз, гэр бүлийн гишүүд чинь чиний өөрийгөө үнэлэх үнэлэмжид нөлөө үзүүлж болно.  Гэхдээ чи тэдний амьдралаар амьдарч өгөөгүй гэдгээ санаарай.

Биеийн дүр төрхөө эерэгээр үнэлэхэд чинь туслах зөвлөмжүүд:

.

  • Хэн ч төгс биш. Өөрийгөө хүлээн зөвшөөр.“Миний гар үлбэгэр” гэхээсээ илүү “Миний гар хүчтэй” гэж өөртөө хэл.
  • Эерэг үзэл бодолтой хүмүүстэй цагийг өнгөрөө.
  • Өөрт тохирсон биед эвтэйхэн хувцас өмс.
  • Өөрийгөө бусад хүмүүстэй харьцуулахаас зайлсхий.
  • Гоо сайхан гэдэг нь зөвхөн гадаад үзэмж биш гэдгийг санаарай.
  • Чиний бие юуг сайн хийж чадаж байна тэр бүрийг үнэл. Чи сайхан инээмсэглэдэг байж болно, уруул чинь гоё хэлбэртэй байж болно. Энэ чинь л биеийн чимэг шүү дээ.
  • Өөрийнхөө бие мах бодийн нэг хэсгийг төгс бус гэж үнэлэхээс илүүтэй өөрийгөө бүхэл хүн гэдэг өнцгөөс хар.
  • Үсний засалтаа өөрчлөх гэх мэт өөрт таатай байж болох сайхан зүйлийг хий.
  • Шаардлагатай үед тусламж хүс. Ганцаараа шаналахаас илүүтэй чиний бодлыг сонсох сайн сонсогч дэргэд чинь байвал асуудал хамаагүй дээрдэнэ.

Биеийн дүр төрхийн чинь талаарх бодол хэдий чинээ эерэг байна тэр хэрээр өөртөө итгэлтэй байдал нэмэгдэнэ. Гэсэн хэдий ч хэвлэл мэдээллийн хэрэгсэл, өнгөрсөн туршлага, амьдралын өөрчлөлтүүд зэрэг нь өөрийгөө сөрөг сэтгэгдлээр хүрээлүүлэхэд хүргэдэг.  Ингэснээр бие махбоддоо сэтгэл хангалуун бус байдал даамжирна. Зарим тохиолдолд энэ нь сэтгэлийн хямрал гэх мэт сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд ч хүргэх эрсдэлтэй. Тиймээс өөрийгөө бүү дутуу үнэл. Чиний биед өөрийн чинь анзаараагүй олон давуу тал бий гэдгийг санаарай.

Эх сурвалж: headspace

#Зөвлөгөө