Кпопын эргэн тойронд: 2NE1 хамтлаг ЭРГЭН НЭГДЭХ үү?


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2020-11-02

YOLO.mn сайтын хамт олны зүгээс Кпоп сонсох дуртай уншигчдадаа зориулан өнгөрсөн долоо хоногт Кпопын эргэн тойронд болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

РЕППЭР CL-ИЙН ШИНЭ УРАН БҮТЭЭЛ

Эцэст нь CL шинэ уран бүтээл гаргаж шүтэн бишрэгчдээ баярлууллаа!

Аравдугаар сарын 29-ний өдөр, CL "HWA" болон "5 STAR" хэмээх хоёр уран бүтээлээ олны хүртээл болгосон байна. Тэрээр:

- “Энэ бол намайг удаан хугацаанд хүлээсэн шүтэн бишрэгчдэдээ зориулсан дуунууд. Би тайзан дээрээ туулахдаа үнэхээр таатай байх болно. Эдгээр дуунууддаа өөрийн бүх эрч хүчээ дайчилсан” хэмээн Billboard сайтад ярилцлага өгчээ.

CL: МАНАЙ ХАМТЛАГИЙНХАН НЭГДЭХ ТАЛААР ЯРИЛЦДАГ

CL аравдугаар сарын 31-ний өдөр KBS телевизийн сувгийн "Yoo Hee Yeol’s Sketchbook" нэвтрүүлэгт оролцсон бөгөөд уг нэвтрүүлгийн тайзан дээр "HWA" хэмээх цоо шинэ уран бүтээлээ толилуулсан байна. Цаашлаад өөрийн шинэ уран бүтээл болон 2NE1 хамтлагийн талаар ийн ярьсан байна. CL:

- "Би энэ нэвтрүүлэгт оролцохоор ирэхдээ цоо шинэ бодол санаа, сэтгэгдэлтэйгээр ирсэн. Удаан хугацааны дараа шинэ уран бүтээл гаргасан болохоор сэтгэлгээ маань хүртэл өөрчлөгдсөн. Өнгөрсөн хугацаанд би бие даасан уран бүтээл гаргасан ч хамтлагийн гишүүдтэйгээ хамт нэвтрүүлэгт оролцдог байсан. Харин одоо бол их ганцаардаж байна” гэжээ. Харин хөтлөгч Yoo Hee Yeol түүнээс 2NE1 хамтлаг дахин нэгдэх боломжтой эсэхийг асуухад:

- “Манай гишүүдийн одоогийн нөхцөл байдлаас авч үзвэл бага зэрэг хэцүү байгаа. Гэхдээ би хамтлаг маань дахин нэгдэх боломжтой гэж үздэг. Яг үнэндээ манай хамтлагийнхан дахин нэгдэх талаар ярилцдаг. Цаг нь ирэхээр манай хамтлаг нэгдэх болно” гэжээ.

2NE1 хамтлагийн гишүүд юу хийж байгаа вэ? 

Хамтлагийн гоцлол дуучин Park Bom D-Nation энтертайнменттэй гэрээ байгуулсан бөгөөд 2019 онд маш идэвхтэй үйл ажиллагаа явуулжээ. Тэрээр 2019 оны хавар "Spring" хэмээх цомог гаргаж, Queendom нэвтрүүлэгт оролцсон байна. Мөн хамтлагийн гишүүн Dara-тай хамтран "First Snow" хэмээх уран бүтээл гаргасан нь өвлийн хит дуунуудын нэг болжээ.

Sandara Park буюу шүтэн бишрэгчдэдээ Dara нэрээр танигдсан дуучин маань 2NE1 хамтлагаас YG энтертайнменттай хийсэн гэрээгээ цуцлаагүй үлдсэн цорын ганц гишүүн юм. Тэрээр одоогийн байдлаар DARATV хэмээх YouTube сувгаа идэвхтэй хөтөлж байгаа аж.

Харин тус хамтлагийн залуу гишүүн Minzy өнгөрсөн сард "MZ" хэмээх энтертайнмент компаниа байгуулсан байна.

BTS ХАМТЛАГ "2020 AMERICAN MUSIC AWARDS"-Д ОРОЛЦОНО

Арван нэгдүгээр сарн 22-нд болох "American Music Awards" наадамд BTS хамтлаг оролцож, өөрсдийн шинэ уран бүтээлээ толилуулахаар болсон байна.

BTS хамтлаг тус наадамд оролцохдоо "BE (Deluxe Edition)" цомгийнхоо гол дуу болох "Life Goes On" дууг дуулах бөгөөд шүтэн бишрэгчдийнхээ дунд маш өндөр хүлээлт үүсгээд байгаа юм.

RAIN, J.Y.PARK НАР ХАМТАРСАН УРАН БҮТЭЭЛ ХИЙНЭ

Дуучин Rain тун удахгүй JYP энтертайнментийн захирал J.Y.Park-тай хамтран шинэ уран бүтээл гаргахаар болжээ.

Sublime Artist агентлагийн мэдээлснээр Кпоп дуу хөгжмийг үндэслэгчдийн нэг болох J.Y.Park болон түүний “шавь” Rain нар хамтран шинэ уран бүтээл гаргахаар шаргуу ажиллаж байгаа гэжээ.

Дуучин, жүжигчин Rain нь 2002 онд урлагийн ертөнцөд хөл тавьсан бөгөөд түүний мөрөөдлийг биелүүлэх гүүр болсон хүн нь одоогийн JYP энтертайнментийн захирал J.Y.Park байжээ. Ээжийнхээ эмчилгээний төлбөрийг олохын тулд дуучин болсон Rain өдгөө Ази тивд алдар цуутай дуучин, жүжигчин болж чаджээ. 

MOMOLAND ХАМТЛАГ ШИНЭ ДУУ ГАРГАНА

Momoland хамтлаг шинэ уран бүтээл гаргахаар болжээ.

MLD энтертайнментаас Momoland хамтлаг арваннэгдүгээр сарын 17-ны өдөр "Ready or Not" хэмээх уран бүтээлээ олны хүртээл болгоно гэжээ. Харин уг дууны продюсерээр реппэр PSY ажилласан байна.

Momoland хамтлаг 2016 онд 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан боловч Yeonwoo, Taeha, Daisy гэх гурван гишүүн нь хамтлагаасаа гарсан. Хэдийгээр хамтлагийн гурван гишүүн гарсан боловч үлдсэн гишүүд нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа аж. Харин тус хамтлагаас гарсан Yeonwoo жүжигчний карьераа хөөж хэд хэдэн олон ангит кинонд дүр бүтээсэн билээ.

НЭГ САЯ ЦОМОГ БОРЛУУЛСАН АНХНЫ КПОП ОХИДЫН ХАМТЛАГ BLACKPINK

BLACKPINK хамтлаг Кпоп ертөнцөд дахин нэг шинэ түүх бичжээ.

Тус хамтлагийн сүүлд гаргасан "THE ALBUM" хэмээх анхны бүрэн хэмжээний цомог нь 1,209,543 хувь зарагдсан бөгөөд үүнээс 319,300 гаруй хувийг нь АНУ болон Европ тивийн орнуудад худалдаалсан байна. Энэ нь түүхэнд Кпоп охидын хамтлаг нэг сая гаруй цомог борлуулсан анхны тохиолдол болжээ.

"THE ALBUM"-ийн тухай:

Энэ нь BLACKPINK хамтлагийн анхны бүрэн хэмжээний цомог бөгөөд Teddy, Tommy Brown, R. Tee, Mr. Franks зэрэг хөгжмийн алдартай продюсерүүд уг цомог дээр ажилласан. Мөн Selena Gomez, Cardi B зэрэг алдартай дуучид тус цомгийн дуунуудад хамтарсан гэдгээрээ онцлогтой. 

YG энтертайнментийн зүгээс наймдугаар сарын 28-наас эхлэн тус цомгийн урьдчилсан захиалгыг авсан ба 10 дугаар сарын 02-ны өдрөөс албан ёсоор худалдаалж эхэлсэн байна. 

Эх сурвалж: Allkpop, Soompi

#Кпопын эргэн тойронд