Илүү том, илүү тод ТЭРГЭЛ сар айсуй


Үжин | YOLO.MN
2016-11-09

Супер сар хэмээх нэршил нь сар дэлхийтэй хамгийн ойрхон ирсэн үедээ бүтэн харагдахыг хэлнэ. Супер тэргэл сар энгийн үеэс 7 хувиар том харагддаг аж.

1948 оноос хойш ийм том хэмжээтэй тэргэл сар гараагүй учраас амьдралд ховор тохиох боломж юм. Энэ сарын 14-ний өдөр хамгийн хол үеэсээ 14 хувь том, 30 хувиар тод тэргэл сар гарах гэж байна.

Харин дараагийнх нь 2034 оны арван нэгдүгээр сарын 25-ны өдрийг хүртэл гарахгүй. Сарны дэлхийг тойрох тойрог зам нь зууван хэлбэртэй учраас жилийн аль үед байгаагаас шалтгаалан хэмжээ нь харилцан адилгүй харагддаг.

Сар, дэлхий хоорондын дундаж зай нь 382,900 километр байх бөгөөд хамгийн ойрхон өнгөрөх үед энэ зай ойролцоогоор 350 мянган километр, хамгийн хол үед 405 мянган километр болдог аж.

Тэгэхээр супер тэргэл сарнаас гадна микро тэргэл сар гэж бас бий. 360 мянган километрээс дотогш орж ирсэн тохиолдолд супер тэргэл сар, 400 мянган километрээс гадагш гарсан тохиолдолд микро тэргэл сар гэж тодорхойлно.

Энэ удаагийн супер тэргэл сар энгийн үеийнхээс 7 хувиар том, 16 хувиар тод, микро тэргэл сарнаас 14 хувиар том, 30 хувиар тод харагдах аж.

Хэдийгээр нар, сарны байршил дэлхийн тектоник хөдөлгөөнд нөлөө үзүүлдэг ч гэсэн Супер тэргэл сар ямар нэгэн онцгой нөлөө үзүүлдэггүй бөгөөд байгалийн гамшиг тохиох шалтгаан болно гэж эрдэмтэд үзэхгүй байна.

#world #teenagers