Өмнөд Солонгосын ээлжит цуврал Netflix-ийг тэргүүллээ


Миау | YOLO.MN
2022-01-31

-Ахлах сургуулийн сурагчдын эсрэг зомбинууд-

Сүүлийн хэдэн сарын турш Өмнөд Солонгос улс “Squid Game”, “My Name”, “Single’s Inferno” зэрэг хит уран бүтээлүүдээрээ видео стримийнг үйлчилгээний Netflix платформыг тэргүүлэх болсон. Тэгвэл ээлжит нэгэн цуврал уг платформын шилдэг цувралын жагсаалтыг тэргүүлжээ.

Энэ сарын 28-ны өдөр адал явдалт, драма төрлийн “All of Us Are Dead” цуврал Netflix-д байршсан билээ. Ийнхүү нээлтээ хийснийхээ маргааш нь тус платформын шилдэг цувралын жагсаалтыг тэргүүлж чадсан аж.

Нэг анги нь 53-72 минутын хугацаанд үргэлжлэх 12 анги бүхий уг цувралын зохиолыг 2009-2011 оны хооронд цацагдсан “Now at Our School” нэртэй вебтүүнээс сэдэвлэжээ. Үйл явдлын тухайд Өмнөд Солонгос улсын нэгэн ахлах сургуульд өрнөх бөгөөд сургууль дээр нь зомбины вирус дэгдсэнээр эхэлдэг. Ямар ч интернэт сүлжээ, хоол, усгүй сургуульд гацсан сурагчид гэрлийн чийдэн, номын шүүгээ зэрэг өөртөө аль тааралдсан эд зүйлсийг ашиглан өөрсдийгөө аюулаас хамгаалах шаардлагатай нүүр тулна. 

Цувралын гол дүрүүдийг Park Ji-hoo, Yoon Chan-young, Park Solomon, Cho Yi-hyun зэрэг залуу жүжигчид бүтээснээс гадна “Squid Game” цувралын Ji-yeong-ий дүрээр үзэгчдийн сэтгэлд хүрсэн жүжигчин Lee Yoo-Mi тоглосноороо онцлог юм. 

Кино шүүмжийн IMDb вебсайтаас 7.7/10, Rotten Tomatoes вебсайтаас 100/100% үнэлгээ авсан “All of Us Are Dead” цувралыг ЭНД дарж албан ёсны эрхтэйгээр хүлээн авч үзээрэй. 

#Кино урлаг #Netflix #AllofUsAreDead