Met Gala 2024: Цаг хугацааны цэцэрлэг


Сэтгүүлч Б. Учрал | YOLO.MN
2024-02-21

Хавар цагийн хамгийн том загварын цэнгүүн хаяанд иржээ. Vogue сэтгүүлээс 2024 оны Met Gala-н тухай сонирхолтой шинэ мэдээлэл, тэр дундаа уг үйл ажиллагааг хамтран даргалагчаар ажиллах дөрвөн хүний нэрийг зарлалаа.  

Жил бүр Нью-Иорк хотод болдог Met Gala-г анх 1948 онд алдартай загварын нийтлэлч Элеанор Ламберт үүсгэсэн түүхтэй. 1995 оноос хойш одоог хүртэл Vogue сэтгүүлийн эрхлэгч Анна Винтур хариуцсаар ирсэн билээ. Met Gala нь Нью-Йорк хотын хамгийн том хандивын үйл ажиллагаанд тооцогдох ба “Forbes” сэтгүүлийн мэдээлснээр нийт 175 сая гаруй долларын хандив цуглуулсан байдаг. 

Жил бүр тус өдөрлөгт дуу хөгжим, кино урлаг, загварын салбарын алдартай уран бүтээлчид цуглардаг бөгөөд энэ жил ч мөн  олны нүдийг хужирлах биз ээ.  

Мet Gala хэзээ болох вэ? 

Met Gala уламжлал ёсоор тавдугаар сарын эхний даваа гарагт Нью-Йорк хотноо зохион байгуулагдана. Энэхүү цагийн хуваарь нь 2005 оноос хойш мөрдөгдсөн түүхтэй.  

Мet Gala-гийн сэдэв юу вэ? 

“Нойрсож буй гоо үзэсгэлэн: Загварын сэргэн мандалт” 

2024 оны сэдвийг өнгөрөгч оны арваннэгдүгээр сард зарласан. Метрополитан урлагийн музейд зохион байгуулагдах ээлжит үзэсгэлэн нь загварын 400 жилийн түүхийг хөндөхөөр болжээ. Энэхүү онцгой өдөрлөгт 17 дугаар зуунд англичуудын өмсдөг байсан хатуу корсетны үеэс эхлэн 1877 оны Чарльз Фредерикийн нэрт торгон атлас хормойт даашинзнаас эхлээд 250 орчим түүхэн ач холбогдолт загварууд танилцуулагдах аж.  

Үйл ажиллагаа “Тэнгэр, газар, тэнгис” гэсэн гурван үндсэн бүрдлээс бүрдэх бөгөөд байгалийн үзэсгэлэнт төрхийг загварын өнгө аястай холбож өгснөөрөө онцлог гэнэ.  

Met Gala 2024 хувцаслалтын сэдэв юу вэ?  

Хувцаслалтын сэдвийг Ж.Г.Баллардын “Garden of time” богино өгүүллэгээс сэдэвлэжээ. Уг өгүүллэгт “чөлөөт цаг, урлаг, гоо үзэсгэлэнгийн утопи” талаар өгүүлдэг аж. Богино өгүүллэгийн сэдвээс авч үзвэл, Vogue хувцаслалтын сэдэв нь эцсийн дүндээ "түр зуурын гоо үзэсгэлэн"-тэй холбоотой гэж дурджээ.  

Met Gala 2024-ийн хамтран даргалагч хэн бэ вэ? 

Zendaya, Jennifer Lopez, Bad Bunny, Chris Hemsworth нар энэ жилийн албан ёсны хамтран даргалагчаар томилогдов. 

Met Gala 2024-т хэн оролцох вэ?  

Албан ёсоор хүрэлцэн ирэх зочдын нэрсийг зарлаагүй ч уламжлал ёсоор 600 гаруй зочин хуран цугларах болно.  

Эх сурвалж:people 

#нийтлэл