ЗАХИДАЛ: Дүү нарынхаа математикийн хичээлийнх нь бодлогыг ч бодож чаддаггүй


ССҮТөв | YOLO.MN
2022-02-09

mail YOLO.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.


АСУУДАЛ: Биеийн тамирын багш бид нарыг тасралтгүй хараасан.

Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Би 15 настай, эмэгтэй. Сургууль орсноос хойш өөрийн сэтгэл зүйг багш нараас хамгаалах гэж хичээж байгаа боловч биеийн тамирын багш үнэхээр дарамттай санагддаг. Хичээлд нь суухаас айдаг. Тэр багш өчигдөр нь тодорхой мэдээлэл өгөөгүй хэрнээ маргааш нь өгсөн юм шиг биднийг тасралтгүй хараасан. Би анх удаа л багш хүн тэгж аймар хараахыг харсан.

Тэр хүн эцэг эхийн өмнө биднийг ингэж хараах байсан болов уу? Бас би сарын тэмдгийн өвдөлттэй байсан тул тэрийгээ багшид хэлэхэд ерөөсөө тоогоогүй. Тасралтгүй хүнд дасгалуудаа хийлгээд байсан. Ангийн нэг хүүхэд маань бүүр ухаан алдаж унангаа алдан эмч рүү явсан. Бие тамир долоо хоногт яагаад гурван удаа ороод байгааг мэдэхгүй байна. Бусад чухал хичээлийнхээ оронд оруулаад байх юм. Одоо бүүр дахиж тэр хичээлд орохоос айгаад байна. 

ЗӨВЛӨГӨӨ: Багш хараал хэлэх ёсгүй.

Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Багшийнх нь харилцаа, хандлага чамд таалагдаагүйг ойлголоо. Багш нар сурагчидтай харилцахдаа тодорхой ёс зүйг баримтлан харилцах нь чухал байдаг. Багш сурагчдадаа зөвлөмж, шүүмж өгч болохоос хараал хэлэх ёсгүй. Биеийн тамирын багшийнх нь хараал хэлсэн нь чамд таагүй санагдсан талаар чи өөрт нь хэлж байсан болов уу? Хэлэх боломжтой бол илэрхийлэхийг хичээгээрэй.

Мөн ангийн багш болон асран хамгаалагчдаа хэлэх боломжтой юм шүү. Учир нь сурагчид сургуульдаа өөрсдийн гомдол, саналыг илгээх эрхтэй байдаг. Мөн сурагчид ч мөн адил багштайгаа харилцан хүндэтгэлтэй хандах нь чухал байдаг юм шүү. Чамд амжилт хүсье.

Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д. Намуун


АСУУДАЛ: Найз маань найз залуугаа 80%, харин намайг 20% л анхаардаг. 

Юун түрүүнд өмнөх захидалд минь хариу өгч надад тусалсанд маш их баярлалаа. Ээж эгч хоёртойгоо дажгүй харилцаатай болсон шүү. Харин саяхан би найзтайгаа гадуур алхаж байсан чинь хаанаас ч юм нэг банди гарч ирээд найзын маань дугаарыг авсан. Би нэг их юм бодолгүй явж байсан. Гэтэл гэнэт найзыг маань хөтлөөд авсан. Би ч үнэхээр их гайхсан. Тэгээд сүүлдээ дургүй хүрсэн. Яагаад ч юм намайг нэг тийм "чи хаягдчихсан шдээ, яваач" гээд байгаа юм шиг санагдсан.

Би өөрийгөө түргэн ууртай гэдгийг сайн мэддэг. Бодож бодож найзаараа хүргүүлэхээр болтол тэр дагаад явсан. Замдаа тэр хоёр тэврэлдээд л хөтлөлцөөд л явсан. Очсон хойноо найзыгаа бодоод тэр бандид нь баахан л сэрэмжтэй байх талаар юм хэлсэн. "Битгий гомдоогоорой, эртхэн хүргээд өгөөрэй" гээд л.

Хоёр хоногийн дараа найз маань уулзъя гэсэн. Тэр бандитай ирсэн байсан. Бүр хайр энэ тэр болчихсон байсан. Тэгээд л алхсан. Дахиад л хөтлөлцөөд, тэврэлдээд, нэгнийгээ өвөр дээрээ суулгаад л. Уур хүрсэн. Би алдчихсан юм шиг санагдсан. Би дуугүй хойно нь алхаж л байсан. Сүүлдээ найзтайгаа хүртэл хэрэлдсэн. Найз маань хэлэхдээ "Намайг өмнө нь хэзээ ч эр хүн хайрлаж байгаагүй. Тэгээд л ингэж байна" гэсэн би тэр үед нулимс унагасан.

Би "Чи дөнгөж л 14 настай шдээ, чинийхээр бол найз залуу олдохгүй. Найз олдох юм уу?" гэж бодсон. Хугацаа явах тусам тэр намайг тоохоо болиод байсан. "Танилцаад хоёр л хоносон юм байж үнэ цэнэгүй юм бэ" гээд би найздаа хэлчихсэн. Тэр гэнэт л шал өөр болчихсон. Ааш зан нь, хийж байгаа үйлдэл нь. Би тэрэнтэй хамгийн сүүлд уулзахдаа "Чи миний мэддэг охин байхаа больчихсон байна" гээд хэлчихсэн. Юм л болбол тэр бандитай наалдчихдаг. Хэлж байгаа зүйл нь "Хайр хүргээд байгаа юм чинь яах ёстой юм".

Найз маань тэрнийг 80 хувь намайг 20 хувь анхаардаг болсон. Тэр бандитай уулзах гэж гарах бүрт нь би ээж, аав, эгч нараас нь муухай үг сонсож загнуулдаг. Найз маань сүүлд хэлэхдээ "тэгвэл хоёулаа больчихъё" гэсэн. Би алдаж чадахгүй. Арга барахдаа "Уураа та хоёрт гаргачхаж. Уучлаарай, ойрд аавыгаа санаад" гэж худлаа хэлсэн. Найз маань үргэлж задгай хувцасладаг, нүүрээ буддаг. Би л хүндээр тусгаж аваад байгаа юм болов уу?

ЗӨВЛӨГӨӨ: Бусдын сонголтыг ойлгохыг хичээгээрэй.

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Өмнөх зөвлөгөөнүүд өөрт чинь тус болсон гэдгийг сонсоход таатай байна. Бидэнтэй холбогддогт баярлалаа. Найзынхаа сонголтыг хэт шүүмжлэх хэрэггүй болов уу. Түүний сонголтыг алхам тутамд хянаад зөвлөх боломжгүй. Хэн нэгний амьдралдаа гаргаж байгаа шийдвэрийг хянах нь өөрийн хүчнээс давсан зүйл. Өөрийн хүчнээс давсан зүйлийг хянах гэж оролдох нь хий дэмий бухимдах хэрэг л болно.

Найз чинь өмнөх шигээ анхаарал тавихгүй байгаад их гомдолтой байгаа болов уу? Цаг гаргаж хамтдаа байхгүй болсонд нь гомдож байгаа болохоос биш найзынхаа гадаад төрх болон хувцаслалтад нь гомдоогүй, тийм үү? Өмнө нь авч байсан анхаарал халамжаа найзаасаа хүсээд байгаа юу? Бий болсон өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байна уу?

Сайн ажиглавал бидний амьдралд үргэлж жижиг болоод том өөрчлөлтүүд бий болсоор байдаг. Өөрчлөлт нь эерэг болон сөрөг үйл явдлуудаар дүүрэн. Тухайн өөрчлөлтөд хүн бүр өөрсдийн хандлагаар үнэлэлт, дүгнэлт өгдөг. Найзын чинь хувьд найз залуу нь гарч ирсэн нь эерэг өөрчлөлт бол өөрийн чинь хувьд сөрөг таагүй өөрчлөлт байж болно. Бусдын сонголтыг ойлгохыг хичээгээрэй. Өөрийн чинь сонголт бүх хүмүүстэй нийцэх боломжгүй шүү дээ. Ийм учраас асуудал гадаад орчинд гэхээсээ илүүтэй бидний дотор байдаг. Харах өнцгөө бага зэрэг өөрчилснөөр гадаад ертөнцөөс ирж байгаа өөрчлөлтүүдийг хүлээн зөвшөөрөхөд амархан болдог. Чамд амжилт хүсье!

Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: Ээж маань надаар их бахархдаг. Гэхдээ би заримдаа дүү нарынхаа бодлогыг ч бодож чаддаггүй. 

Сайн байна уу? Би 13 настай. Математикаар хичээллээд 4, 5 жил болж байна. Гэхдээ бэлтгэлийн маань хүүхдүүд надаас илүү. 7-р ангийн дүү нар хүртэл. Би үүнээсээ их ичдэг. 

Удахгүй олимпиад болох магадлалтай байна. Өмнө жил тэнэгээсээ болоод явах гэж байгаад чадаагүй. Энэ жил заавал явж амжилт гаргана гэсэн томоос том зорилго өөртөө тавьчхаад сууж байна. Яг юунаас эхлэхээ өөрөө ч мэдэхгүй нь. Хичээлээ давтах гээд суухаар оролдсон ч бодож чадах зүйл байхгүй болохоор өөрийгөө сатааруулж утсаа ухдаг.

Ээж маань надаар маш их бахархдаг. "Дүү нарынхаа математикийн хичээлд туслаарай" гээд л. Гэхдээ би заримдаа бүр дүү нарынхаа ч бодлогыг бодож чадахгүй юм. Багш ч намайг үнэлэхгүй байгаа юм шиг… Би яах ёстой вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Чиний хичээл зүтгэл хамгаас үнэтэй. 

Сайн уу? Захидал илгээсэнд баярлалаа. Өөрийгөө бусадтай харьцуулж, түүнээс болж сэтгэл санаа нь тавгүй байгаа юм шиг санагдлаа. Чи математиктаа дуртай юу? Дуртай болохоор 4,5 жил хичээллэсэн гэж ойлгож байна. Чи дуртай зүйлээ л хийж байна шүү дээ. Хэн нэгэнтэй өрсөлдөх гэж биш. Тийм үү? Хүн бүрийн суралцах арга барил, хурд өөр байдаг. Тиймээс өөрийгөө бусадтай биш, өөрийнхөө өнгөрсөн жил ямар байсан бэ гэдэгтэйгээ харьцуулаарай.

Медаль авах чиний зорилго ч гэлээ тэр зорилгодоо хүрэх гээд явж байгаа чиний хичээл зүтгэл илүү үнэ цэнэтэй юм шүү. Чи заавал медаль авч байж амжилтад хүрч байна гэсэн үг биш юм шүү. Хичээл зүтгэл, тууштай байдал нь өөрөө бас нэг амжилт юм. Хүнд сэтгэл санаагаар унасан, ядарсан гэх мэт анхаарал төвлөрөхгүй байх үеүд зөндөө шүү дээ. Тиймээс би бусдаас муу байна, энэ бодлогыг бодож чадахгүй байна, би заавал медаль авах ёстой гэж өөртөө дарамт битгий үүсгээрэй. Эхлээд өөртөө зөөлөн хандаарай. Дараагаар тайвнаар бага багаар хичээлээ бэлдээрэй. Өөртөө амралт өгдөг байгаарай. Тасралтгүй хичээл хийх нь тархийг ядрааж анхаарал төвлөрөлтөд нөлөөлдөг шүү. Амжилт хүсье!

Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Л. Ариунжаргал


Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

#ССҮТ #Захидал #Letter