Оскарт нэр дэвшигчдийн тухай 12 сонирхолтой баримт


Б.Чимэг | YOLO.MN
2024-03-10

Энэ оны Оскарын наадамд нэр дэвшигчид хэдийнэ тодорхой болсон. Өнгөрсөн онд жүжигчин Маргот Робби Babylon кинонд тоглож, энэ кино өндөр орлого олсон ч Оскараас шагнал хүртээгүй.

Харин энэ онд Маргот Робби Барби киногоороо өрсөлдөнө. Барби 1.4 тэрбум ам.долларын орлого олж, найман төрөлд нэр дэвшжээ. Ингээд энэ оны Оскарт нэр дэвшигчдийн тухай 12 баримтыг танилцуулж байна.

Эмма Стоун түүхэнд нэрээ үлдээж болзошгүй

Эмма Стоун шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг 2017 онд La La Land кинонд бүтээсэн дүрээрээ авсан. Энэ онд тэрээр Poor Things киногоор дахин нэр дэвшив. Хэрэв шагнал хүртвэл 35 нас хүрээгүй байхдаа хоёр дахь удаа Оскар хүртсэн, найм дахь эмэгтэй жүжигчин болно. Мэрил Стрийп, Жоди Фостэр, Элизабет Тэйлор, Бэтт Дэвис, Луиз Рэйнэр Оливиа, Хиллари Свонк нар 35 хүрээгүй байхдаа энэ амжилтад хүрчээ.

Барби киноны дуу шагнал авах магадлал өндөр байна.

Барби киноны дууг Билли Айлиш дуулсан. Энэ кино шилдэг найруулагч, шилдэг эмэгтэй жүжигчний төрөлд нэр дэвшээгүй. Гэхдээ найман төрөлд нэр дэвшсэн тул Оскарын түүхэд нэрээ үлдээж чаджээ.

Киног найруулсан, зохиолыг нь бичсэн Грета Гэрвиг анхны гурван кино нь бүгд Оскарт нэр дэвшсэн найруулагч юм. Түүний эхний кинонууд нь Lady Bird ve Little Women. Барби нийт найман төрөлд нэр дэвшсэн ч ганцхан буюу шилдэг дууны шагналыг хүртэх магадлал хамгийн өндөр байна.      

Ингэснээр 2018 онд бүтээсэн A Star is Born киноны түүх давтагдаж болзошгүй. Жүжигчин Брэдли Күүпэрийн гол дүрд нь тоглосон энэ кино найман төрөлд нэр дэвшсэн ч дуучин Lady Gaga  Shallow дуугаараа шагнал хүртжээ.

Жүжигчин Силлиан Мөрфи арван жилийн трэндийг дуусгах уу?  

Жүжигчин Силлиан Мөрфи шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг хүртвэл Оскар авсан, анхны ирланд жүжигчин болно. Энэ жилийн Оскарын наадмын хамгийн том өрсөлдөгч бол алдарт физикчийн түүхийг өгүүлсэн  Оппэнхэймэр. Силлиан Мөрфи энэ киноны гол дүрийг бүтээсэн юм.  

Хамгийн сүүлд буюу 2012 онд шилдэг эрэгтэй жүжигчин, шилдэг киноны шагналыг нэг кино хүртжээ. Харин шилдэг эмэгтэй жүжигчин болон шилдэг кино төрөлд нэг кино шалгарах нь түгээмэл. Жишээ нь Nomadland, Everything Everywhere All At кинонуудыг дурдаж болно.

Жүжигчин Брэдли Күүпэр хамгийн олон удаа нэр дэвшсэн ч шагнал аваагүй

Жүжигчин Брэдли Күүпэр Шарталт киногоор 15 жилийн өмнөөс үзэгчдийн танил болсон. Тэрээр Оскарт олон удаа нэр дэвшсэн ч шагнал авч чадаагүй байна. Энэ жагсаалтын тавдугаарт алдарт жүжигчин оржээ. Тэрээр найруулагч, зохиолч, жүжигчний хувиар нийт 12 удаа Оскарт нэр дэвшсэн. Энэ онд тэрээр Maestro кинонд бүтээсэн дүрээрээ шилдэг эрэгтэй жүжигчинд нэр дэвшжээ. Гэсэн ч шагнал авах магадлал бага байна.

Аушвицийн хорих ангийн түүхийг өгүүлэх The Zone of Interest кино таван төрөлд нэр дэвшжээ. Эдгээрийн нэг нь шилдэг найруулагч. Энэ киног найруулсан, Их Британийн найруулагч Жонатан Глэйзэр 30 жилийн өмнө Stella Artois, Guinness зэрэг шар айрагны рекламыг бүтээжээ. Мөн тэрээр клипний найруулагчаар ажиллаж байжээ.

Ижил хүйстэн нэр дэвшигчид

Ижил хүйстнүүдийн дүрийг бүтээсэн, өөрсдөө ч ийм онцлогтой жүжигчид нэр дэвшиж байна. Nyad киноны дүрээрээ Жоди Фостэр, Rustin киногоороо Колман Доминго нар тус тус нэр дэвшжээ.

Найруулагч Мартин Скорсэс энэ оны нэр дэвшсэн хүмүүсээс хамгийн ахмад нь

Алдарт найруулагч Мартин Скорсэс арав дахь удаа Оскарт өрсөлдөнө. Хамгийн өндөр настай найруулагчид тооцогдох тэрээр энэ үзүүлэлтээрээ Стивэн Спилбэргийг давжээ. Мартин Скорсэс одоо 81 настай. Гэхдээ Оскарын түүхэн дэх хамгийн өндөр настай уран бүтээлч нь алдарт Бэн Хурыг найруулсан Уильям Уайлэр юм.     

Сая долларын хүүхэлдэй киногоороо шилдэг найруулагч болсон Клинт Ийствүүд 74 настайдаа энэ шагналыг авчээ.  

American Fiction киноны өнгөт арьст жүжигчид

Sterling K Brown, Jeffrey Wright нар туслах дүрийн шилдэг жүжигчин, шилдэг жүжигчний төрөлд тус тус нэр дэвшжээ. Энэ нь өнгөт арьстай жүжигчид хамт тоглосон киногоороо тус тусдаа нэр дэвшин анхны тохиолдол юм.  

May December Оскарын уламжлалыг дагав

Сүүлийн 22 жилийн Оскарын 20 удаад нь шилдэг зохиолд нэр дэвшсэн кинонуудын нэг нь өөр ямар ч төрөлд нэр дэвшээгүй аж. Энэ уламжлалыг энэ удаад May December кино үргэлжлүүлэв.

Robert Downey шилдэг, туслах дүрд нэр дэвшив

Robert Downey Jr. 2008 онд Tropic Thunder киногоороо мөн энэ төрөлд нэр дэвшсэн ч шагнал аваагүй. Алдарт найруулагч Кристофэр Ноланы найруулсан, The Dark Knight киноны Joker-ийн дүрийг амилуулсан Heath Ledger Оскарыг атгасан. Харин энэ жил Downey Jr., Christopher Ноланы найруулсан, Оппэнхаймэр киноны дүрээр өрсөлдөж байгаа тул тэрээр алдарт найруулагчийн нөлөөгөөр ялах магадлал өндөр.

Кино нь дэлгэцэнд гараагүй байхад нас барсан хөгжмийн зохиолчийг нэр дэвшүүлжээ

Рок хөгжмийн The Band хамтлагийн гишүүн, канадын хөгжимчин Робби Робэртсон Мартин Скоосэсийн Killers of the Flower Moon киноны хөгжмийг туурвижээ. Тэд олон кинонд хамтран ажилласан байна. Гэвч алдарт хөгжимчин өнгөрсөн наймдугаар сард 80 настайдаа нас баржээ.

Twilight цувралаар үзэгчдэд танигдсан Робэрт Паттисон арилжааны, урлагийн кинонд ч дүр бүтээсээр байна.  

Найруулагч Кристофэр Нолан Тэнэт киноны зургийг авч байхдаа Оппэнхаймэрийг бүтээхээр шийджээ. Тэрээр Тэнэт кинонд жүжигчин Робэрт Паттисонтой хамтран ажилласан. Цөмийн бөмбөгийн эцэг гэгддэг алдарт эрдэмтний киног бүтээх шийдвэрт нь Робэрт  Паттисон нөлөөлжээ. Тэрээр найруулагчид Оппэнхэймэрийн хэлсэн үгсийн цуглуулгыг бэлэглэсэн байна.

Эх сурвалж: BBC

 

#нийтлэл