ФОТО: Экстрим спортод дурлагсад энд цугларч байна


Г. Өнөболд | YOLO.MN
2021-08-25

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлах “Экстрим” спорт талбай дугуйт тэшүүр, дугуйт тавцан, экстрим болон уулын дугуй, ууланд авиралт гэсэн төрлүүдээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Энэ талаар захирал А.Өсөхбаяртай ярилцахад “Би төрийн албан хаагч хэдий ч сонирхлынхоо дагуу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд экстрим спорт талбайг мөн ажиллуулдаг. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар хоёр жилийн өмнө байгуулсан юм. Гэвч КОВИД-19-өөс шалтгаалан тодорхой хугацаанд ажиллаагүй. Харин зургадугаар сарын дунд үеэс үйл ажиллагаагаа явуулж байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захиргаа, Олон Улсын хүний эрхийн Эмнести Интернэшнл байгууллага хамтран хүүхдүүдэд зориулсан талбайд тэдний эрхийг сурталчлах үүднээс хана болгон дээрээ хүүхдийн эрхийн графитти зурсан.

Манай талбай үзүүлбэрийн саад бартаатай учир “Монголын экстрим спортын холбоо”-ноос дугуйт тэшүүр, дугуйт тавцангийн тэмцээнүүдийг зохиодог. Мөн эдгээрийг заах сонирхогч багш бий. Хананд авиралтын хувьд уулын спортын мастер н.Ганбаяр, н.Мөнх-Од багш нар хамгаалах хэрэгсэлтэйгээр ажилладаг.

14.00 цаг хүртэл ихэвчлэн бага насны хүүхэдтэй гэр бүлээрээ явж буй хүмүүс ирдэг. Харин оройн цагаар бага насны хүүхдийг оруулдаггүй. Учир нь өсвөр нас, идэр насныхан дунд тухайн хэрэгслийг унаж чадахгүй хүн байдаг тул бага насны хүүхдийг бэртээх эрсдэл бий.

Хувийн хэрэгсэлтэй талбайд ирвэл цаг харгалзахгүй 2500 төгрөг байна. Тухайн хүн өглөө, өдөр, орой ирэх эсвэл өдрийн турш байж болно. Хувийн хэрэгсэлгүй бол бид цагийн 3000-5000 төгрөгийн хооронд түрээсэлдэг. Мөн хамгаалалтын хэрэгслийг заавал өгдөг” гэв.

Дугуйт тэшүүр сонирхогч О.Номин-Эрдэнэ: “Би дугуйт тэшүүр сонирхоод зургаан жил, суралцаад таван сар болж байна. Экстрим талбайд ирж үйлчлүүлэхэд хамгийн их нөлөөлдөг зүйл нь хамт олон болон орчин юм.

Зориулалтын бус талбайд дугуйт тэшүүр унахад зай бага учир хүнтэй мөргөлдөх, хэн нэгнийг бэртээх тохиолдол бий. Харин тусгай талбайд ирж гулгахад илүү амар учраас өдөр бүр ирдэг. Мөн орчин сайтайгаас гадна суралцаж буй хүнд өөрийгөө сорих бартаанууд байдгаараа давуу талтай.

Дугуйт тэшүүр сонирхогч хүн бүр энд ирж үзээрэй” гэлээ.

Дугуйн спорт сонирхогч Э.Түвшинбаяр: “Дугуйн спортоор хичээллээд дөрвөн сар болж байна.

Заавал толгойн хамгаалалт зүүж, бэртэл гэмтлээс хамгаалах хэрэгтэй. Зориулалтын дугуйн талбай Эрдэнэт хот, УИД-ийн урд, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд бий.

УИД-ийн урд талбай саад, бартаагүй учир сонирхолгүй байдаг. Тиймээс өөрт ойр зориулалтын газар болох экстрим талбайд ирдэг” гэв.

Спорт талбайгаар үйлчлүүлэхэд анхаарах зүйлс:
•    Дугуйт тэшүүр, унадаг дугуй, дугуйт тавцан зэргийн бүрэн бүтэн байдлыг шалгах
•    Зориулалтын хувцас, хамгаалалтын хэрэгслээ бүрэн өмсөх
•    Бие халаалт хийсний дараа үзүүлбэр үзүүлэх
•    Тухайн хэрэгсэл дээр үйлдэл хийж буй хүнийг ажилбараа дуустал хүлээх
•    Бага насны хүүхдийг харгалзах хүнгүй орхихгүй байх
•    Хог хаягдал хаяхгүй байх
•    Гэрийн тэжээвэр амьтан оруулахгүй
•    Гэрэлтүүлэг хангалтгүй нөхцөлд талбайд нэвтрэхгүй байх
•    Зориулалтын хэрэгсэлгүй бол ажилбарын талбайд орж бусдад саад болохгүй байх
•    Бороо, салхи, шуурга буюу байгалийн аюулт үзэгдэл гарсан тохиолдолд ажилбар хийхгүй байх
•    Архи, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн тохиолдолд ажилбар эхлэхгүй байх
•    Дугуйт тэшүүр, унадаг дугуй, дугуйт тавцанг бусдын хөдөлгөөнд саад болохгүйгээр байрлуулах
•    Ажилбарын талбайд гэмтэл гарсан тохиолдолд холбогдох ажилтанд мэдэгдэх
•   Ажилбарын талбайд үзүүлбэр үзүүлж байх үед гэмтэл авсан тохиолдолд мэргэжлийн байгууллагад яаралтай хандах шаардлагатай.













Тус талбай Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ажиллах цаг богиноссонтой холбоотой аравдугаар сарын 1 хүртэл 13.00-23.00 цагийн хооронд ажиллана.

Ш.Номиндэлгэр

#Мэдээ #Залуус #Экстрим