Ирэх сард ЭЕШ зохион байгуулагдах гэж буйтай холбоотойгоор сэтгүүлч, хөтлөгч мэргэжлийн үнэ цэн, мэргэжил сонголтын утга учрыг энэ удаагийн ярилцлагын буландаа хөндөхийг хичээлээ. Өглөө бүр цэнхэр дэлгэцээр бидэнтэй уулзаж, бүхэл өдрийн эрч хүчийг бэлэглэдэг “Өнөө өглөө” хөтөлбөрийн хөтлөгч, сэтгүүлч Г.Хонгорзулын мэргэжлээ сонгосон түүх хийгээд залуучуудад өгсөн зөвлөгөөг таалан соёрхоно уу.
YOLO: Төгсөх ангийнханд мэргэжил сонголт гэх асуудал тулж ирсэн эдгээр өдрүүдэд сэтгүүлч мэргэжлийн талаар түлхүү ярилцъя. Та жүжигчин болох зорилготой байсан ч сэтгүүлч болсон гэсэн. Магадгүй өөр сургуульд орох эсвэл нэг жил өнжөөд хүссэн мэргэжлээрээ сурах бодолгүй байсан уу?
- Ярилцлага уншиж байгаа танд энэ өдрийн мэнд хүргэе. Ярилцах урилга илгээсэн танай хамт олонд баярлалаа. Надад нэг жил өнжөөд дахиад шалгалт өгнө дөө гэсэн бодол огт төрөөгүй. Би шууд л дараагийн сургуулиа судалж эхэлсэн. Бяцхан түүх ярихад аав маань УБДС-ийн кино драмын ангийг төгсөөд 1984-1996 оны хооронд УДЭТ-т жүжигчнээр маш амжилттай ажиллаж байлаа. Аавынхаа ажилд нь хамт явж, жүжгийн нээлт болгоныг үзэж ерөнхийдөө бага нас минь улаан театрт өнгөрсөн гэхэд хилсдэхгүй.
Намайг театрын бүх ажилтан таньдаг болтол тэнд цагийг өнгөрүүлдэг байсан учир жүжигчний мэргэжил сэтгэлд ойр байсан байх. Кино дөнгөж эхлээд, үсэг нь гарахад л “Энэ ийм кино байна” гээд үйл явдлыг нь ярьдаг хүүхэд байсан.
1998 онд 5-р ангид элсэх жил аав маань намайг урлагийн хүн болгохоор Хөгжим бүжгийн коллеж буюу Монгол Улсын Консерваторид морин хуур хөгжмийн ангид шалгалт өгүүлсэн ч хүссэн ангидаа тэнцээгүй. Тэгээд өөр хөгжмийн ангид оруулсан ч огт сонирхолгүй байсан учраас буцаад энгийн сургуульдаа орсон. Аав, ээждээ жүжигчин болмоор байгаагаа хэлэхэд "Эмэгтэй хүнд хатуу мэргэжил" гээд аав зөвшөөрөөгүй. Тэгсэн ч өөрөө дур мэдээд, СУИС-д жүжигчний ангид шалгалт өгсөн ч дахиад л тэнцээгүй юм /инээв/.
Гэхдээ би сэтгэлээр огт унаагүй. Тэр жилдээ сургуульгүй өнжсөн би дараа жил нь гэнэт л сэтгүүлч болно гээд Монгол хэлний шалгалтад бэлдэж, шалгалт өгсөн. ЭЕШ-д хамгийн өндөр оноо авсан хүүхдийн нэрийг нь дуудаж батламж өгдөг байлаа. Ингээд нэрээ дуудуулж, батламжаа аваад, Радио телевизийн дээд сургууль /одоогоор СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургууль/-д очиж шалгалт өгөөд тэнцсэн. Жүжигчин мэргэжлээр СУИС-д орж чадаагүй ч төгсөхдөө СУИС-ийг төгссөн дөө.
YOLO: Сурагч байхдаа бэлдэж байсан мэргэжлээсээ огт өөр мэргэжилтэй болох тохиолдол асар их байдаг юм билээ. Таны хувьд сэтгүүлчийн мэргэжил жүжигчинтэй илүү ойр гэж бодож сонгосон уу эсвэл жүжигчин болж чадахгүй бол сэтгүүлч болно гэсэн хоёр дахь мөрөөдөл байв уу?
- Сэтгүүлч, хөтлөгч болох нь бодоод л байсан бодол, мөрөөдөл биш байсан. Тухайн үед МҮОНТ-ийг үзэж, нэвтрүүлэгч Чимгээ, Ичинхорлоо эгч нарыг их хардаг байлаа. Бараг л хүүхэд болгон "Цагийн хүрд" үзэж, нэвтрүүлэгч хүмүүсийг тэднээр төсөөлж, сэтгэлд нь хоногшсон байдаг байх. Мөн Оросын ОРТ сувгийн нэвтрүүлгийг их үздэг, MTV-гийн хөтлөгчдийг харах их дуртай байсан нь сэтгүүлч, хөтлөгч мэргэжил гоё юм байна гэсэн далд ойлголт өгсөн юм болов уу. Түүнээс биш би сэтгүүлч болно гэж бодож байгаагүй.
Харин одоо үеийн хүүхдүүд биднээс их өөр болсон. Би ийм мэргэжилтэй болохын тулд ийм ийм хичээлээр шалгалт өгнө гээд бэлдэж, судалдаг болжээ. Тухайн үед 10 хүүхдийн нэг юм уу хоёр нь л ээж аавтайгаа ийм сургуульд орно гэж ярилцаж, түүнийхээ төлөө явдаг байсан байх. Ихэнх хүүхдүүд цагдаа, эмч, багш гэх мэт мэргэжилтэн болно гэж ярьдаг байлаа. Намайг мэргэжлээ сонгоход сонин хэвлэлээр мэргэжил сонголтыг чухалчилж ярих нь ч цөөхөн байсан санагдаж байна.
YOLO: Сургуулиа төгсөөд шууд Монгол HD сувагт ажиллаж эхэлсэн үү? Яагаад энэ сонголтыг хийсэн бэ? Монгол телевиз анхны HD форматтай суваг шүү дээ. Залуу хүний хувьд технологийн дэвшилд нь хөтлөгдөв үү?
- Тэгсэн. СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургууль оюутнууддаа сурч буй чиглэлээрээ дадлага хийх боломжийг сайн олгодог. Тиймдээ ч МҮОНТ-д дадлага хийх боломж олдож байлаа. Дадлагын хугацаанд ням гараг бүрийн оргил цагаар гарах шууд нэвтрүүлгийг хөтөлж байсан. Ингээд шоугаа дөрөв, таван долоо хоног дараалан хөтөлсний дараа тэр шоуны МҮОНТ-ээр гарах гэрээ нь дуусаж, миний сургуулиа төгсөх хугацаа ч болсон.
Сургуулиа төгсөөд хаана ажиллах билээ гэж санаа зовж ч эхлээгүй байхад хөтөлж байсан шоуны продюсер надад хамтрах санал тавьсан юм. Ингээд нэвтрүүлгийнхээ төслийг бариад Монгол HD телевиз дээр очтол надад зөрүүлээд “Өнөө Өглөө" хөтөлбөрийг хөтлөх санал тавьсан. Ажилдаа эзэн болсон шижигнэсэн залуучуудаар дүүрэн, техник хэрэгсэл нь орчин үеийн, олон улсын стандартад нийцсэн, орчин, байршил гээд бүх зүйл нь надад таалагдсан. Тэгээд л хөдөлмөрийн гэрээ хийсэн анхны байгууллагатайгаа найман жил тасралтгүй ажиллаж байна даа.
YOLO: Сурч буй мэргэжлээрээ дадлага хийж эхлэхээр мэргэжлээ илүүтэй ойлгодог. Би чадахгүй юм байна эсвэл би ийм гоё мэргэжил сонгосон юм уу гээд л. Таны хувьд оюутан ахуй цагтаа мэргэжилдээ эргэлзэж байсан үе бий юу? Тэгж эргэлзэж буй нэгэнд хувийн зүгээс ямар зөвлөгөө өгөх вэ?
- Огтхон ч эргэлзэж байгаагүй. Сургууль маань “Оюутан театр”-ын хүрээнд телевиз, радиогийн бүх тоног төхөөрөмжийг байршуулж, мэргэжлийнхээ дадлага туршлагыг оюутан байхдаа сургууль дээрээсээ авах боломжийг бүрдүүлж өгдөг. Нэгдүгээр курсээсээ өөрийнхөө дуу хоолойг сонсож, камерны өмнө гарч, өөртэйгөө ажиллаж сурсан болохоор ажил дээр гарахад маш сайн ойлголттой болсон байдаг. Сонин, телевиз, радиогийн шилдэг мэргэжилтнүүд бидэнд хичээл заадаг учир тэд маань өөрийнхөө ажилтнуудтай ярьж буй мэт сэтгэлээсээ зааж, чиглүүлдэг байлаа.
Над руу олон хүүхэд интернетээр холбогдож, “Яаж тань шиг болох вэ” гэж асуудаг. Харин хэн нь ч таны ажил ямар вэ гэж асуудаггүй. Больё гэж шийдэх хүртлээ шантарч байна гэдэг нь үнэхээр хүсэл, сонирхолгүй байгаагийн илрэл байх.
Зарим хүүхдүүд зүгээр л зурагтаар гарах гоё гэж боддог. Гэхдээ бүх мэргэжил өөрийн гэсэн араншинтай. Энэ нь хэцүү, хатуу, сайхан муухай, шантрах урамших бүх зүйл ээлжилж байдаг гэсэн үг. Тэгэхээр сайн судлаад анх яагаад энэ мэргэжлийг сонгосон бэ гэдгээ бодож үз. Дадлага хийнэ гэдэг аль хэдийнэ гурав, дөрөвдүгээр курст орсон гэсэн үг. Энэ хүртэл зарцуулсан цаг, мөнгө чинь хэрэггүй зүйл болж болохгүй.
YOLO: Мэргэжил сонголтод эцэг эхийн зөвлөгөө хэр чухал гэж боддог вэ? Таны хувьд гэр бүлийнхэн нь дургүйцэхэд нууцаар очиж шалгалт өгч байсан гэсэн. Зарим нь эцэг эхийнхээ үгийг дага гэж байхад зарим нь чиний амьдрал учраас өөрөө сонго гэдэг шүү дээ. Таны бодол ямар вэ?
- Би эцэг эхээсээ зөрж, шалгалт өгснөөрөө өөрийнхөө чадахгүй зүйлийг сонгох гээд байгаагаа биеэрээ мэдэрсэн. Сэтгүүлч боллоо гэхэд ч ээж, аав минь хориглоогүй. Гэхдээ би хоёр дахь боломжоороо зөв сонголт хийсэн байна шүү дээ. /инээв/ Ер нь одоо ингээд бодоход бас ээж хүнийхээ хувьд хариулъя. Би хүүхдээ л сонсоно. Хэзээ ч чи ийм хүн бол гэж шаардахгүй. Алдаад уйлаад ирвэл тэр л биз. Би уйлж дуустал нь хүүхдээ тэвэрч, тайвшруулна. Охин маань одоо 11 настай. Би охинтойгоо ямар хүн болохыг хүсэж байгаа талаар нь ярилцдаг. Асуух тоолонд мөрөөдөл нь өөрчлөгддөг. Нэг бол зохиолч болно гээд юм бичиж байдаг. Заримдаа зураач болно гээд гуаш бариад, зураг зурж суудаг. Хааяа эмч болно гэдэг. Таньж мэдэх юм их байгаа учраас тэр үед нь сонирхож байгааг нь сонирхуулж, судлах боломжийг нь нээж өгдөг. Охин маань зураач болно гэхэд зургийн бүх хэрэгслийг нь авч өгсөн. Будагтайгаа “ноцолдоод”, муухай болоод эхлэхээрээ хэсэг сонирхохоо больж байна. Энэ мэтээр эцэг эх, хүүхдүүд нэгэнтэйгээ нээлттэй байгаасай. Хүүхдүүд ч өөрийнхөө мөрөөдөж, бодож байгаа зүйлээ сонсож, бичиж тэмдэглэх нь зүйтэй. Бодол гэдэг асар хурдан сарниж өнгөрдөг. Иймээс бодсон даруйдаа тэмдэглэж ав. Эргээд тэмдэглэснээ нээж хараарай. Одоо байгууллагууд их нээлттэй болсон учраас очоод орчныг нь судлаад үз. Манай телевиз дээр ч тийм хүүхдүүд их ирдэг. Эцсийн эцэст сургалтын төлбөрийг эцэг эх чинь өгөх учраас зөв сонголт хийхийг хичээгээрэй.
YOLO: Бодол хурдан сарнидаг учраас тэмдэглэж ав гэлээ. Та хэр их бичдэг хүн бэ?
- Би маш их бичдэг. Гэнэт ямар нэг бодол, санаа орж ирэх үед ойрхон байгаа шүүгээгээ нээгээд тэмдэглэж авдаг. Иймээс манай гэрийн хаа сайгүй дэвтэр бий. Бараг ариун цэврийн өрөөнд ч байгаа байх. Кино зохиол бичих бодол сүүлийн үед салахгүй байгаа учраас сэдэв хайж байна. Мөн болоод өнгөрсөн үйл явдлыг хурдхан шиг тэмдэглэж авах хэрэгтэй байдаг. Хүмүүс дэвтрийг эхнээс нь цэгцтэй ашигладаг бол би нээгээд гарч ирсэн хуудас дээр шууд тэмдэглэдэг учраас галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг л байдаг даа.
YOLO: Их яарч, хурдтай тэмдэглэж авдаг юм байна. Ингэхийн тулд гар утас илүү хурдан, давуу талтай биш үү. Эсвэл энэ нь цахим ном уншиж чаддаггүй хүмүүс шиг таны онцлог уу?
- Магадгүй. Би юм бичихэд үзэгнээс гарах бэхний өнгөнд их дуртай. Заримдаа би гоё фонттой үг хараад, дуурайж бичдэг. Үзэгний цаасан дээр үлдээж буй мөрийг харах дуртай. Гэхдээ миний тэмдэглэсэн зүйл хэзээ ч эмх замбараатай байдаггүй. Шүдээ угааж байхдаа ч гэнэт гоё санаа орж ирвэл биччихдэг болохоор ямар ч он сар, дэс дараалал байхгүй. Магадгүй тэндээс юу ч гарахгүй байх. Гэхдээ л би бичих дуртай. Мэдээж утсан дээрээ тэмдэглэж авах үе зөндөө байдаг.
YOLO: Улиг болсон асуулт ч гэлээ сэтгүүлч мэргэжлийн утга учир юу вэ гэж асуух үед хариулт нь цаг хугацаа өнгөрөхийн хэрээр баяждаг юм билээ. Сэтгүүлч болох мөрөөдөлтэй сурагч нэг өөр, мэргэжлээр нь сурч буй оюутан нэг өөр, хэдэн жил ажилласан хүн, бүх насаа үүнд зориулсан хүн бас нэг өөр хариулна. Таны хувьд мэргэжлээ харах өнцөг оюутан байх үеэс тань хэрхэн өөрчлөгдсөн бэ?
- Тийм шүү, цаг хугацаа өнгөрөхийн хэрээр улам л баяжна. Би мэргэжилдээ хайртай. Энэ мэргэжлийг азаар сонгосон учраас жүжигчин болох шалгалтдаа тэнцээгүйдээ ч баярладаг. Сэтгүүлч, хөтлөгч, нэвтрүүлэгч гурав бүгд өөр. Хөтлөгчид бол сэтгүүлчийн бичсэнийг бусдад хүргэдэг. Гэхдээ бичвэрийг боловсруулж, өөрийн болгож, нэмэлт мэдээлэл оруулж, хасахыг нь хасах зэргээр давхар сэтгүүлчийн ажлаа хийдэг. Сэтгүүлч нь нийгмийг соён гэгээрүүлж, бодит үнэнийг судалгаатайгаар, ёс зүйтэй олон нийтэд тайлагнадаг. Бас нэг боддог зүйл маань сэтгүүлзүй үзэл баримтлалаараа олон чиглэлээрээ дагнаж улам сайн хөгжөөсэй гэж. Зарим чадварлаг сэтгүүлчид өөр салбарт уригдан ажиллаж байна. Тод жишээ ч олон байгаа. Надад тэдний орон зай үгүйлэгддэг. Үнэхээр сэтгүүлч болмоор байгаа бол заавал хөтлөгч, нэвтрүүлэгч гэхгүйгээр олон салбарлаж байдаг сэдвийн болон үзэл баримтлалын чиглэлээр дагнасан час хийсэн үнэн үгтэй, нийтлэлийн эзэн болсон сэтгүүлч болох боломж хүүхдүүдэд нээлттэй байгаа.
YOLO: Нэгэн сурагчид хэн нэгэн “Сэтгүүлч илүүдэлтэй, цалин багатай мэргэжил шүү дээ” гээд хүссэн мэргэжлээрээ сурахад саад болоод байлаа гэж бодъё. Та тэгвэл хөндлөнгөөс тэр хүүхдэд юу гэж зөвлөх байсан бэ?
- Манай телевизэд ажилд орох хүсэлтэй анкет их ирдгийг харахад сэтгүүлч мэргэжил илүүдэлтэй байж магадгүй юм. Гэхдээ сүүлийн үеийн тоон судалгаа хараагүй учраас сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ дээр хэлсэнчлэн боломж маш их бий. Намайг хар л даа. Анх мэргэжлээ сайн мэдэх ч үгүй сонгосон. Одоо тодорхой хугацаанд мэргэжлээрээ ажиллаад, ажлаасаа аз жаргал мэдэрч байна. Тэгэхээр хэрвээ чин сэтгэлээсээ дурлаж, сонирхож байгаа бол хэн ч юу ч гэсэн битгий хаяарай. Алдах, онох юм байх шүү дээ. Суралцангаа ажиллаад үз. Сурах, ажиллах хоёрыг зэрэгцүүлбэл илүү үр дүнтэй.
YOLO: Жүжигчид шоуны хөтлөгч хийх үед үзэгчид “Энэ одоо сэтгүүлч болчихсон юм уу” гэх эсвэл сэтгүүлч шоу хөтлөхөд "Энэ нэвтрүүлэгтээ л тохирсон хүн байсан юм даа" гэх нь бий. Үүнийг та хэрхэн хүлээж авдаг вэ?
- Хүндээр тусгаж авдаггүй ээ /инээв/. Нэвтрүүлэг хийж байгаа продакшн жүжигчин сонгож, тэр хүн нь зөвшөөрөөд, хамтарч ажиллаж байгаа бол тэдний л хамтын бүтээл шүү дээ. Хүн бүр өөрийн гэсэн дуу хоолойны өнгө, харагдах байдал, ажиллах арга барил, үзэл баримтлалтай. Үүгээрээ л байна. Би хэт арзганаж, инээж, тоглоом шоглоом хийх дургүй учраас тийм хэв маягтай байж хэзээ ч чадахгүй. Хонгорзул гэх хөтлөгч нэвтрүүлэг хөтөлдгөөсөө заавал өөр хэв маягаар шоу хөтлөх албагүй. Би заавал хэн нэгнийг дуурайх хэрэггүй.
YOLO: Үзэгчид шинэ зүйлд дасан зохицохдоо муу юм болов уу. Байнга хардаг хөтлөгчөөс нь өөр хүн шоу нэвтрүүлэг хөтлөхөөр сэтгэлд нь бууж өгдөггүй байх.
- Хэзээ ч хоёр дахь хэн нэгэн гэж байхгүй. Хоёр дахь Мандуул гэж байхгүй. Хоёр дахь Хонгороо ч гэж үгүй. Тухайн хүн энэ ажлыг хийхээр сонгогдсон нь үнэн. Иймээс хэн нэгний хүслээр шууд өөрчлөгдөх боломжгүй. Хувцаслалт дээр ч адилхан. Хонгороод богинохон юбка өмсүүл гэх даруйд нь хувцсаа сольж чадахгүй шүү дээ.
YOLO: Шоуны үеэр үсний чолкоос эхлээд олон шүүмжлэлд өртсөн. Танд хамгийн сонирхолтой санагдсан сэтгэгдэл юу байсан бэ?
- “Өмнөөс чинь үсээ үлээгээд байлаа. Сормуус нь үсээ арай гэж дааж байна” гэх мэтээр олон байсан /инээв/. Тэр бол долоо хоногоор төлөвлөж, батлагдсан ажил шүү дээ. Дараа долоо хоногт чолкоо багасгасныг хараад дахиад л ийм үстэйгээ ороод ирсэн байна гээд шүүмжилж байсан. Энэ чинь ингэж л төлөвлөгдсөн. Ирэх долоо хоногт нь үсээ хажуу тийшээ болгох ёстой байхгүй юу /инээв/. Гэхдээ үзэгчдийн шүүмжийг хүлээж авах үе байна.
YOLO: Бид хоёрын сэдэв үзэгчдийн соёлтой шууд холбогдож байна. Та үзэгчдийг ямар байгаасай гэж хүсдэг вэ?
- Бүх зүйл сайхан болно гэж найддаг /инээв/. Элдэв сэтгэгдэлд эмзэглэх хүн, эмзэглэхгүй хүн гэж байдаг байх. Сэтгэгдэл бичээд товчоо дарахаасаа өмнө энэ надад болон миний эргэн тойрныхонд яаж тусах байсан бол гэж тухайн хүний өмнөөс нэг бодож үздэг болоосой.
YOLO: Эмэгтэй хүн хүүхэд төрүүлсний дараа мэргэжлээсээ хэсэг хол байх шаардлага гардаг. Тэр хугацаандаа ажлаа санаж стресстэх асуудал тулгардаг байх. Танд ямар байсан бэ?
- Удаан хүлээсэн хоёр дахь хүүхэд маань байсан болоод ч тэр үү хүүгээ өсгөөд гэртээ байх хугацаандаа огтхон ч стрессдээгүй. Илүү туршлагатай болсон учраас гэртээ суухад гарах хүндрэл, стрессийг хөнгөн давсан. Бас сэтгэл судлаачтай байнга ярилцдаг болохоор сэтгэлзүйн асуудлаа шийдэж чаддаг болсон.
YOLO: “Төрөх өрөөний тоглоом” нэвтрүүлгийг хөтөлж байхдаа бие давхар байсан санагдаж байна.
- Тийм шүү, 4 сартай жирэмсэн байсан. Үнэхээр хөөрхөн нэвтрүүлэг. Олон айлд дурсамж үлдээсэн.
YOLO: Олон нийтийн өмнө байдаг хүмүүс байнга өөрийн гоо сайхан, хувцас хэрэглэлдээ анхаарах шаардлага гардаг. Ер нь таны хувьд хувцаслалт хэр чухал зүйл вэ?
- Би гангалж, дэлгүүр хэсэж цагаа үрэх дургүй талдаа хүн. Энгийн байх дуртай. Нөхөр маань их мэдрэмжтэй учраас хааяа хамт дэлгүүр явна. Ихэнхдээ нөхөртөө даатгаад орхидог. Тухгүй, бариу хувцас бараг сонгохгүй. Гэхдээ мэдээж олон нийтийн өмнө ажилладаг учраас нэвтрүүлгийнхээ өнгө төрхийг бүрдүүлж, ярилцаж баталсан хувцсыг өмсдөг. Гоё ганган хүнийг харах дуртай ч хувцсаар нь дүгнэх нь утгагүй.
YOLO: Уншигч охидод маань зориулаад гоо сайхны бяцхан зөвлөгөө өгөөч.
- Өглөө, оройдоо нүүрээ сайн цэвэрлэж, ус сайн ууж, бүтээгдэхүүнээ зөв сонгох хэрэгтэй. Эгч маань надад “Залуу сайхан байгаадаа битгий бард. Арьсаа сайн арчил” гэж зөвлөдөг болохоор сардаа нэг, хоёр удаа гоо сайханд ордог. Мөн би гоо сайхны бүтээгдэхүүнээ их сольж, нэг бүтээгдэхүүнээ удаан хэрэглэхгүй байхыг эрмэлздэг. Ингэснээр арьс дасал болж, тэр бүтээгдэхүүнээ “нэхдэг” болохгүй. Түүнчлэн нүүрээ арчихдаа хоёр тийш нь урсгалын дагуу арчдаг маань арьсыг өргөж өгдөг байх. Долоовор болон эрхий хуруу хатуу чанга байдаг учраас тосоо түрхэхдээ дунд, ядам хуруугаараа түрхдэг. Энэ нь арьс үрчлээтэхгүй байхад мөн тус болдог гэсэн.
YOLO: Нийт уншигчдад маань хандаж хэлсэн үгээр тань ярилцлагаа жаргаая.
- Хайртай хүмүүстэйгээ уулзаж, хүссэн юмаа хийж, найз нөхдийн хүрээгээ тэлэхийг хичээгээрэй. Дэвтэр дээрх тэмдэглэлээ эргэж хараад юу хүсэж мөрөөддөг байснаа санаарай. Би ч бас амралтаа үр дүнтэй өнгөрүүлэх гэж зорьж байгаа учраас төлөвлөсөн зүйлсээ эхнээс нь хийж эхэлсэн. Бид хамтдаа хэцүү цаг үеийг туулж байна. Тиймээс нэгэндээ битгий муухай хандаарай. Удахгүй сайхан цаг ирж, хүүхдүүд маань хичээл сургуульдаа яваасай. Та бүхэнд амжилт хүсье.
YOLO: Ярилцсанд баярлалаа.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх