ЗАХИДАЛ: Гуравдугаар сарын захидлын хариу


ССҮТөв | YOLO.MN
2020-03-11

mail Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.


АСУУДАЛ: Гадаадад сурна гэдгээ мэдэж байсан ч тэр охинтой үерхсэн

Сайн байна уу? Би 17 настай. Би нөгөө ангийнхаа охинд сайн болчихсон. Тэр охин ч бас намайг сонирхож байсан гэсэн. Би өнгөрсөн арваннэгдүгээр сард өөрийгөө гадаадад сурна гэдгээ мэдсэн ч тэр охинтой үерхчихсэн. Бид бие биедээ хайртай. Тэгээд түүнд явна гэдгээ, явчихаад жилдээ 1 удаа Монголдоо ирнэ гэдгээ хэлсэн. Бид хоёр энэ харилцаагаа яаж авч үлдэх талаар ярилцсан ч тодорхой шийдвэрт хүрч чадахгүй л байна. Бидний харилцаа энэ хэвээрээ байх болов уу? Туслаач.

ЗӨВЛӨГӨӨ: Та хоёр хэр бэлтгэлтэй байна вэ? 

Сайн байна уу? Захидал очих өдрийн мэндийг хүргэе! Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Юун түрүүнд найз охиноосоо хол зайнаас үерхэхийг хүсэж байгаа эсэхийг нь асуусан болов уу? Мөн хол зайны харилцаанд та хоёр хэр бэлтгэлтэй байгаа вэ?

Тус болж магадгүй дараах зөвлөмжүүдийг хүргэж байна. 

  • Цагаа төлөвлөх. Мэдээж цагийн зөрүүнээс шалтгаалан та хоёрын хичээлд явах цаг, чөлөөт цаг, унтах цаг өөр байж болно. Тиймээс та хоёрын хувьд хамгийн боломжтой, ямар нэгэн зүйлд яарахгүй ярилцах боломжтой цаг нь хэзээ вэ гэдгийг төлөвлөн тохиролцох. 
  • Зөвхөн интернетэд найдах хэрэггүй. Харилцаагаа хадгалахын тулд чамайг санагдуулах, догдлуулах зүйлсийг хийж болно. Жишээ нь: Ил захидал бичих, гэнэтийн шуудан илгээх, дурсамж үлдээсэн эд зүйлсээ гадаад явахдаа авч явах, найз охиндоо дурсгал болгож үлдээх гэх мэт. 
  • Ярилцах. Мэдээж уулзаад ярилцах боломжгүй учир үл ойлголцол гарахыг үгүйсгэхгүй. Энэ үед тайван байж ярилцахынхаа өмнө дүрэм тогтоорой. Жишээ нь: нэгнийгээ ярьж байхад яриаг нь таслахгүй сонсоно, үзэл бодлоо тулгахгүй гэх мэт.
  • Чиний гадаад явж байгаа зорилго юу вэ? Цагаа зөв хуваарилдаг байх хэрэгтэй. Бүх цагаа утсаар ярьж, чат бичиж, видео дуудлага хийгээд байж болохгүй шүү дээ. Тийм үү? 
  • Хянаж, шалгаж байгаа мэт сэтгэгдэл бүү төрүүлээрэй. Тэр хүнийг алдахвий гэж санаа зовж харамлаж байгааг ойлгож байна. Гэхдээ байцааж байгаа юм шиг асуултуудаас зайлсхийгээрэй. Түүнд надад итгэдэггүй юм байна гэх сэтгэгдэл төрөх магадлалтай. 
  • Итгэлцэл. Ямар ч харилцаанд итгэлцэл бол хамгийн чухал байдаг. Чи түүнд хэр их итгэдэг вэ? Та хоёр итгэлцлээ яаж бий болгож байсан бэ? Тэр итгэлийг яаж хадгалж байна вэ? 

Мөн хол зайны харилцаа түр зуурынх гэдгийг ойлгосон хосууд хамгийн стресс багатай, илүү сэтгэл ханамжтай байдаг гэсэн олон судалгаа бий шүү. Амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Г.Отгонцэцэг


АСУУДАЛ: Ангийнхныгаа эвтэй байлгах арга байгаа болов уу?

Сайн байна уу? Би эрэгтэй, удахгүй 17 нас хүрнэ. Одоо 11-р ангид суралцдаг. Манай ангийн охид хоорондоо хагаралтай байгаа. Бүгд санаа нийлдэггүй юм аа гэхэд эвтэй байлгах арга байгаа болов уу? 

Уг нь 10-р ангийн сүүлийн улиралд арай гайгүй болсон ч саяхнаас буцаад байдал таагүй болчихлоо. 10-р ангид манай ангийн багш бид хэдтэй энэ асуудлаар нэлээн л юм болж байж гайгүй болсон юм. Ангийн багшид үнэхээр л хэцүү байсан байх. Тиймээс энэ удаад багшийнхаа сэтгэл санааг дахин зовоомооргүй санагдлаа. Манай ангийн дарга бид хоёрын таамаглаж буйгаар бол тэдний дунд хэн нэгэн яс хаясан байж магадгүй. Энэ талаар хүмүүсээс асуусан ч үгүй гэж хариулах байх. Бүгдийг нь хооронд нь ярилцуулаад үзье гэж бодсон ч хэн хэн нь ярилцахаас бултаад байсан. 

Олон хүний санаа бодол бүрэн нийлнэ гэж мэдээж байхгүй. Гэхдээ бүрэн санаа нийлдэггүй юм аа гэхэд эвтэй байлгах арга байгаа болов уу? 

ЗӨВЛӨГӨӨ: Анги хамт олныхоо уур амьсгалд анхаарах нь сайн хэрэг

Сайн байна уу? Захидал очих өдрийн мэндийг хүргэе! Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Юун түрүүнд анги хамт олныхоо уур амьсгал, хоорондын харилцаанд анхаарч байна гэдэг маш сайн хэрэг. Гэхдээ тэд хүсэхгүй л бол тэднийг хүчээр хоорондоо ярилц, ойлголц гэх нь хэцүү.

Харин олон хүнийг эвтэй байлгахад, хоорондоо зохицоход тусалдаг зүйл бол дүрэм юм. Өмнө нь ангийн дүрэм гаргаж байсан болов уу? Ангийн дүрмийг бүгд сууж байгаад санал хураалтаар шийднэ. Гэхдээ уян хатан байх хэрэгтэй. Бусдын саналыг сонсож тохиролцохыг зөвшөөрдөг байх хэрэгтэй. Тохиролцоо гэдэг хоёр талд ашигтай байхыг хэлдэг шүү дээ. Мөн тийм болмоор байгаа хүсэл биш яг бодит бүгд дагаж мөрдөж болох тийм дүрэм шүү. Амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Г.Отгонцэцэг


АСУУДАЛ: Би OCD-тэй

Сайн байна уу? Би 19 настай. Яг юу гэж тайлбарлахаа мэдэхгүй байгаа ч миний асуудал бол OCD. Та бүхэн юу гэдгийг нь мэдэх байх. Би OCD-тэй гэдгээ хоёр жилийн өмнөөс ижилхэн оноштой хүнээс мэдэж авсан. Би юмыг хэтрүүлэн боддог, ямар нэгэн юмыг өөрийн бодолгүй давтдаг. Жишээ нь хумсаа мэрэх, зурагтын удирдлагын товчлуур тоолох, хаана ч хамаагүй харсан тоогоо хоёрт хуваах гэх мэт маш олон галзуу зуршилтай. 

Хамгийн том асуудал нь хэтрүүлэн бодох. Би өөрөө хүссэн хүсээгүй л юмыг хэтрүүлэн боддог. Үүнээс болоод би одоо хэр нь сайн найзтай болж чаддаггүй. Шинэ орчинд дасах гэж их зовдог. Маш амархан уурлаж, гомдож, стресстдэг болохоор бусад хүмүүсийг их бухимдуулна. Шинэ найзтай болохын тулд эхлээд өөрийнхөө энэ асуудлыг ярьж ойлгуулах гэж оролдсон боловч тэд намайг өвчнөөрөө түрүү барьж, бусдаас зайгаа барьж, маш жижигхэн зүйлийг дэвэргэж, асуудал болгодог гэж хэлсэн.

Бас тогтворгүй сэтгэл хөдлөл, амардаггүй тархинаасаа болоод зүрх минь ч өвддөг. Мэргэжлийн эмчид хандахад бие махбодын хувьд зүрхний өвдөлтөд нөлөөлөх хүчин зүйл байхгүй гэдгийг мэдсэн. Тиймээс би яавал илүү тайван, өөдрөг, эрч хүчтэй байж чадах бол?

ЗӨВЛӨГӨӨ: Өөртөө битгий онош тавиарай

Өдрийн мэнд! Захиа илгээсэнд баярлалаа. Мэргэжлийн сэтгэл судлаач эсвэл эмч дээр очиж оношлуулж байсан уу? Юун түрүүнд өөртөө онош битгий тавиарай. Энэ нь өөртөө автоматоор шошго нааж байгаатай адил зүйл юм. Өөртөө хий онош тавих нь сэтгэл санааны хувьд тогтворгүй байдалд хүргэж болзошгүй.

Бие махбодоо үзүүлэх гэж эмч дээр очсон чинь сайн байна. Ямар ч үед мэргэжлийн хүнд хандах нь илүү үр дүнтэй. Мөн сэтгэлийн зовиурыг илэрхийлэх нь биеийн зовиурыг илэрхийлэхээс хэцүү санагддаг. Сэтгэлийн зовиур нь биеийн зовиуртай яг адил өвдөж, мөн даван туулахад амаргүй байдаг. Өөрт чинь ямар нэгэн зовиур байгааг мэдэж байгаа бол мэргэжлийн сэтгэл судлаач дээр очихыг зөвлөж байна.

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: Өөрөөсөө 8 насаар ах хүнд сайн болж болдог уу?

Сайн байна уу? Би 14 настай. 8-р ангийн жирийн л нэг сурагч охин. Би саяхан манай сургуульд ажиллаж байгаад ажлаасаа гарсан багштайгаа зусланд таарсан юм. Багш маань хүүхэдтэй хэрхэн харилцах, яаж туслах зэргийг маш сайн мэддэг учраас надад их тусалж, их ч сэтгэлзүйн зөвлөгөө өгдөг байсан юм. Бараг 1 сарын хугацаанд надад тусалж, надтай хамт байдаг байсан. Залуухан, өндөр, царайлаг, надаас 8 насаар л ах. 

Амралт ч дуусч, хамтдаа байхаа больж, одоо бүр утсаар ярихаа ч больсон. Тэр багштайгаа хамт байхдаа л өөрийгөө аюулгүй, тайван, жаргалтай байгаагаа мэдэрдэг байсан хүн гэнэт хамт байхаа болихоор их сонин мэдрэмж төрдөг боллоо. Багш минь байсан бол ингэж хэлэх байсан байхдаа гэж үгүйлж, байнга бодож, хааяа бүр зүүдэлдэг. Бусад багш нар нь огт бодогдохгүй хэрнээ тэр багш л бодогдоод байх юм. 

Би тэр хүнд сайн юм болов уу? Өөрөөсөө 8 насаар ах хүнд сайн болж болдог уу? Хэрвээ өөрөөсөө ийм их ах хүнд сайн болж болдог бол би насан туршдаа тэр хүнийг хайрлаж, насанд туршдаа түүнтэй хамт байхад бэлэн байна. Зусланд байх үед ч би байнга тэр багшийг ярьдаг байсан болохоор өрөөний хүүхэд намайг тэр багшид сайн гээд хэлчихсэн байсан. Харин багш хариуд нь “Зүгээр л багш сурагч хоёр шүү дээ” гэж хэлсэн гэсэн. 

Багш бусад хүүхдүүдээс илүү надад сайн байсан нь, надад дандаа гоё юм ярьж өгдөг байсан нь, өөдөөс хараад инээмсэглэдэг байсан нь, хамт байхад үнэртдэг байсан үнэр нь, “Бүх юм сайхан болно” гэж хэлээд тэвэрдэг байсан нь, хацар дээр үнсдэг байсан нь одоо хүртэл бодогдоод өөр зүйлд анхаарч чадахгүй байна. Би яах вэ? 

ЗӨВЛӨГӨӨ: Урьд өмнө хэн нэгнээс догдлуулсан мэдрэмж авч байсан уу?

Өдрийн мэнд! Захиа илгээсэнд баярлалаа. Урьд өмнө нь хэн нэгнээс догдлуулсан мэдрэмж авч байсан уу? Хэрэв ийм туршлага байгаагүй эсвэл цөөн байсан бол сайхан мэдрэмж төрүүлсэн хүн гарч ирэх үед бид өөрсдийн төсөөлөлдөө автаж эхэлдэг. Үүнээс үүдэж төсөөлөл болон бодит амьдрал холдох гээд байдаг.

Хайр дурлалд нас хамаатай эсэх нь хоёр талтай. Үерхэл дотносолд хоёр тал хоёулаа насанд хүрсэн тохиолдолд хосын харилцаа мөн нийгмээс ирэх хандлага ч тэр эерэг байдаг. Тиймээс чамд өгсөн сайхан мэдрэмжүүдэд талархаад өөрийн хувийн хөгжилд цаг заваа зарцуулаарай. Чамд амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: Өөрийгөө эмэгтэй хүн сонирхдог юм болов уу гэж бодсон

Би 20 настай. Эмэгтэй. Саяхныг хүртэл хэнтэй ч үерхэж, хэнд ч сайн болж байгаагүй. Үеийнхэн маань хэд хэдэн удаа хүнтэй үерхээд, хүн амьтантай суугаад, хүүхэдтэй болж байхад би хүсээд ч хүнд сайн болж өгдөггүй байлаа. Гэр бүлийнхэн, найз нөхөд маань их гайхдаг юм. Би бүр өөрийгөө эмэгтэй хүн сонирхдог юм болов уу гэж бодож ч байсан. 

Гэтэл нэг залууд дурлачихсан. Гэхдээ яг ч гэнэт биш л дээ. Нэг нэгнээ урьд нь мэддэг байсан. Тэр залуу 23 настай. Эхлээд зүгээр сонирхож байсан мэт боловч сүүлдээ хэтэрхий их бодож, унтаж ч чадахгүй бодоод хэвтчихдэг. Унтахаараа зүүдэлдэг, харахаараа сандарч өөрийнх нь талаар илүү их зүйлийг мэдэхийг хүсдэг боллоо. 

Харин одоо яахаа мэдэхгүй байна. Анх удаа л ийм мэдрэмж төрж байгаа юм. Би сэтгэлээ нээх хэрэгтэй юу, аль эсвэл надад сайн болох хүртэл нь хүлээгээд суух ёстой юу? Тэр залуу бол үнэхээр сайн хүн. Би алдахыг хүсэхгүй байна. Сэтгэлээ нээх хэрэгтэй бол яаж нээх вэ? Эгч минь “Эмэгтэй хүн хүний араас гүйгээд байвал үнэ цэнээ алддаг” гэж захидаг юм. Энэ үгнээс ч эмээх юм. Би яавал дээр вэ? 

ЗӨВЛӨГӨӨ: Чамд эргүүлээд яаж хандаж байна гэдгээс шалтгаална

Өдрийн мэнд! Захиа илгээсэнд баярлалаа. Өөрийн амьдралыг бусад хүмүүсийн амьдралтай тэр бүр битгий харьцуулж байгаарай.

Өөрт чинь сэтгэлээ илчлэх үү, эсвэл чимээгүй өнгөрөх үү гэсэн хоёр сонголт байгаа юм шиг санагдаж байгаа байх. Хэн нэгэнд сэтгэлээ илчлэх нь хүн болгоноос ихээхэн зориг шаарддаг зүйл. Сэтгэлээ шууд илчилж чадахгүй бол мэдрэмжээ нуух хэрэггүй болов уу. Мэдрэмжээ нуухгүй байна гэдэг нь "Түүнтэй харилцахад таатай байдаг" гэдгийг илэрхийлэх юм. Жишээ нь түүнтэй тааралдвал инээмсэглэж мэндлэх. Ярих боломж гарвал яриа өрнүүлэх гэх мэт. Түүнтэй харилцах нөхцөл бололцоо бүрдэж байвал түүнээс ичихгүйгээр, санаа зовохгүйгээр түүнтэй харилцана гэсэн үг. Чамд эргүүлээд яаж хандаж байгаагаас шалтгаалаад сэтгэлээ шууд илчлэх талаар бодож үзэж болох юм. Өөрийн мэдрэмжийг ойлгуулахгүй байх нь харилцааг цааш хөгжих боломжгүй болгодог. Мөн сэтгэлээ илчилсэн үед чи түүний ямар ч сонголтыг хүндэлж чадах уу гэдэг асуултыг өөрөөсөө асууж үзээрэй. Чамд амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: Надад ганцхан л асуудал байна 

Сайн байна уу? Би 15 настай. Надад дутагдаж гачигдах зүйл байхгүй. Бага байхад ээж аав хоёр минь салсан ч одоог хүртэл аавтайгаа холбоотой байдаг. Ээж минь ч үүнийг эсэргүүцдэггүй. Гэхдээ багадаа мэдэрч, туулж байсан жаахан “муухай” дурсамжууд бий. Жишээлбэл гэр бүлийн асуудал, зодоон цохион, архидалт гэх мэт. Гэхдээ тийм их гэж битгий бодоорой. 

Одоогоор би өөртөө яг тохирсон онош тавьж чадахгүй л байна. Саяхнаас сэтгэл хөдлөл маань их сонин болчихсон. Шалтгаангүйгээр уурлаад л, юу ч болоогүй байхад уйлаад л. Тэгсэн хэрнээ жаахан байж байгаад л зүгээр болчихдог. Хааяа бүр ямар ч сэтгэл зүрхгүй робот шиг болоод хувирчихдаг. Инээе гэсэн ч инээж чадахгүй, уурлая гэсэн ч уурлаж чадахгүй. 

Өмнө нь уйлж, уурлаж, сэтгэл хөдлөл маань өөрчлөгддөг байсан. Нүүрэн дээр гарсан юмнаас болоод, эсвэл хэсэгхэн зуурын гэр бүлийн маргаанаас болоод ч юм уу ямар нэгэн байдлаар сэтгэл санаагаар унах шалтгаантай байсан. Одоогоор миний бүх юм сайн байгаа ч надад нэг л асуудал байгаад байх шиг байна. 

Ээж болон найз нөхдөдөө ярих хүсэлгүй байна. Мэргэжлийн хүнээс л зөвлөгөө авбал намайг оношлоод өгөх байх гэж бодоод бичлээ. Надад туслаач. Миний энэ байдлыг оношлоод өгөөч.

ЗӨВЛӨГӨӨ:

Сайн байна уу? Захиа илгээсэнд баярлалаа. Шилжилтийн нас гэдэг нь хүүхдээс том хүн рүү шилжих үеийг хэлж байгаа бөгөөд энэ үед бие физиологид өөрчлөлт ордог. Жишээ дурдахад тархины дараах хоёр хэсэгт өөрчлөлт ордог байна. Үүнд:

  • Урд тархи буюу шийдвэр гаргах, төлөвлөх, нийгмийн харилцааг зохицуулах, өөрийгөө болон бусдыг ойлгох чадварыг хариуцсан хэсэг,
  • Лимбийн тогтолцоо буюу сэтгэл хөдлөлийн хэсэг. Судалгаанаас үзэхэд шилжилтийн насны хүүхдүүдийн энэхүү хэсэг илүү мэдрэмтгий байдаг бөгөөд энэхүү өөрчлөлт нь сэтгэл санаа тогтворгүй болох, өөрийгөө ойлгохгүй болох, нойрны хэмнэл өөрчлөгдөх, хоолны дуршил нэмэгдэх эсвэл буурах, хэн нэгнээс анхаарал халамж маш ихээр хүсэх гэх мэтээр илэрдэг.

Өөрчлөлт гэдэг нь бие махбодыг хөгжүүлж байгаа ойлголт юм шүү. Үүнийг хүн бүр даван туулдаг. Гэсэн хэдий ч насанд хүрсэн хүмүүс үүнийг зүгээр л нэг шилжилтийн насны хүүхдийн онцлог гэж бодоод орхиж болохгүй. Тэдэнд хандуулах анхаарал халамжаа суллахгүй байх хэрэгтэй гэдгийг анхаарах хэрэгтэй.

Өөрт чинь хэцүү ойлгомжгүй мэдрэмж төрөөд байвал энэ байдлаа гэрийнхээ ойр дотны хүнд хэлээд үзээрэй. Хэн нэгэнд өөрийн мэдрээд байгаа мэдрэмжийг илэрхийлэхгүй байх нь өөрт чинь хүндрэл учруулах магадлалтай байдаг юм шүү. Гэрийнхэндээ хэлхээс гадна мэргэжлийн сэтгэл зүйн төвд хандаж зөвлөгөө авч үзээрэй. Чамд амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: Надад саад болдог ганц зүйл бол найз банди

Сайн байна уу? Би 10-р ангид сурдаг. Зөвхөн сургуульдаа ч гэлтгүй аймагтаа алдартай. Идэвхтэй, мундаг илтгэгч, зөв бодолтой гэх мэт. Гэвч надад бүх зүйл л хангалтгүй санагдаж, өөрийн чадах бүхнээрээ дэлхий дахинд танигдахыг хүсдэг. Ингэхийн тулд шаргуу хөдөлмөрлөх ёстой ч надад маш их саад болдог нэгэн зүйл бий. Энэ бол миний найз банди. 

Тэр надад маш их хайртай учраас л би түүнтэй үерхчихсэн юм. Хатуухан хэлэхэд оргүйгээс охинтой нь дээр гэдэг шиг л. Тэр надад хайртай ч би хайргүй учраас “хайраа” гэж дуудахаас ч залхаж байна. Гэхдээ тэр намайг өөрт нь хайргүй гэдгийг мэдэхгүй л дээ. Тэр зүгээр л ухаалаг, амьдралаа аваад явчих чадалтай, зөв хүүхэд учраас түүнээс салчихвал яг тийм хүн дахиж олдохгүй байх гэж боддог. 

Гэхдээ би түүнд хайргүй шүү дээ! Надад юмыг хийж бүтээх цаг хангалттай байх ёстой ч түүнтэй уулзаж, хайргүй юм байж үнсүүлж, эрхлүүлж, хамаг л цагаа үрж байна. Би яах ёстой вэ? Салъя гэхээр түүнийг өрөвдөөд, ирээдүйд хамтдаа аз жаргалтайгаар амьдарч чадах хүнээ алдах гээд байгаа юм шиг санагдаад байна. Би яах вэ? 

ЗӨВЛӨГӨӨ: Чамд одоо аль нь чухал байна? 

Сайн байна уу? Захидал очих өдрийн мэндийг хүргэе! Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Захианд тийм хүн дахиж олдохгүй байх гэж боддог гэж дурдсан байсан. Энэ бол чиний л бодол. Бидний хэн нь ч мэдэхгүй. Ирээдүйд хамтдаа аз жаргалтайгаар амьдарч чадах хүнээ алдах гээд байгаа юм шиг санагдаад байна. Энэ мөн л адил үнэхээр аз жаргалтай амьдрах болов уу? Бас л хэн ч мэдэхгүй. Чи өөрөө л сонголтоо хийнэ.

Чамд яг одоо аль нь чухал байна вэ? Чамд аль нь илүү тухтай санагдаж, чамайг жаргалтай болгож байна вэ? Чи түүнийг өрөвдсөндөө биш дахиж тийм хүн олдохгүй байхвий гэдэг өөрийнхөө айдсаас болоод сонголт хийж чадахгүй байгаа юм биш биз? Эдгээр асуултад хариулаад өөрт таатай санагдаж байгаа сонголтыг хийгээрэй. Амжилт хүсье. 

- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Г.Отгонцэцэг


АСУУДАЛ: Найз нөхдөө эхнээс нь алдаж эхэллээ. 

Сайн байна уу? Би 16 настай. 10-р ангийн сурагч. Би ойрын үед “Охин юм байж” гэдэг үгэнд их эмзэглэх боллоо. Сэтгэл санааны хувьд тогтворгүй болж, өөрийгөө бусдад ойлгуулж чадахгүй, найз нөхдөө эхнээс нь алдаж эхэллээ. Би яавал энгийн байж чадах вэ? Өөрөө ч мэдэлгүй уурлаад байна. 

ЗӨВЛӨГӨӨ: Энгийн байна гэдэг ямар байхыг хэлэх вэ?

Сайн байна уу? Захидал очих өдрийн мэнд хүргэе! Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Энгийн байна гэж яг ямар байхыг хэлэх вэ? Ямар үед чамд охин юм байж гэдэг үгийг хэлээд байна вэ? Тэр нь чамайг яагаад эмзэглүүлээд байна вэ? Охин юм байж гэдэг үгээр эрх тэгш байх боломжийг хаагаад байна уу? эсвэл арай өөрөөр чамайг эмзэглүүлээд байна уу? Өөрийгөө бусдад ойлгуулахын тулд хэр хичээсэн бэ? Найз нөхөдтэйгөө яагаад ойлголцохгүй байна гэж бодож байна вэ? Яг юунаас болж найз нөхдөө алдаж байна вэ? Эдгээр асуултад дэлгэрэнгүй хариулаад үзээрэй. Хэрвээ хүсвэл эдгээр асуултад хариулаад дахин захидал илгээж болно шүү. 

- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Г.Отгонцэцэг


Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

#ССҮТ #Захидал #Letter