Бүх цаг үеийн ШИЛДЭГ арван комеди шоу


Миау | YOLO.MN
2021-04-01

Дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг дэлхий даяар “Инээдмийн баяр” хэмээн тэмдэглэснээр бид жил бүрийн энэ өдөр хошин шогийн үзүүлбэр үзэж, найзуудаа “чадаж” өнгөрөөдөг билээ.

Тэгвэл энэхүү гэгээлэг өдрийг тохиолдуулан YOLO.mn сайтын уншигч та бүхэндээ бүх цаг үеийн хамгийн өндөр үнэлгээ бүхий арван стэнд ап комеди шоуг танилцуулж байна.

10. I'M SORRY YOU FEEL THAT WAY

IMDb үнэлгээ: 8.4

Комедиан: Bill Burr

Дэлгэрэнгүй: Америкийн комедиан Bill Burr-ийн 2014 онд Атланта хотын “Tabernacle” театрт тавьсан комеди шоу жагсаалтын аравдугаар байрыг эзэлжээ. Тэрээр энэхүү үзүүлбэрээ хар, цагаан өнгийн эффектээр бичсэн нь орчин цагийн комеди шоунуудын хувьд ховорт тооцогдох тохиолдол юм.

Bill комедианаас гадна кино урлагийн салбарт танигдсан нэгэн. Тухайлбал, тэрээр “F Is for Family” анимэйшний найруулагч, дуу оруулагчаар ажиллаж, “Breaking Bad”, “Mandalorian” зэрэг алдартай цувралуудад дүр бүтээсэн туршлагатай.

Үзэх: YouTube

9. AN EVENING AT THE MET

IMDb үнэлгээ: 8.4

Комедиан: Robin Williams

Дэлгэрэнгүй: Комедигийн ноён оргилуудын нэгт зүй ёсоор багтах Robin Williams-ийн “An Evening at the Met” шоу жагсаалтын есдүгээр байранд оржээ. Тэрээр импровизаци хийх болоод олон өөр төрлийн хоолой гаргах авьяастай байсан бөгөөд “Бүх цаг үеийн шилдэг комедианууд” жагсаалтад зүй ёсоор багтдаг билээ. Харин “An Evening at the Met” бол түүний шилдэг үзүүлбэрүүдийн нэг яах аргагүй мөн.

Комедиан Robin Williams энэ хорвоод амьдрах хугацаандаа Академийн шагнал гардуулах ёслолоос нэг, Эмми наадмаас хоёр, Алтан бөмбөрцөг наадмаас зургаа, Грэммийн наадмаас таван шагнал хүртэж байсан чадварлаг нэгэн билээ.

Үзэх: YouTube

8. REPERTOIRE

IMDb үнэлгээ: 8.4

Комедиан: James Acaster

Дэлгэрэнгүй: Англи гаралтай комедиан James Acaster-ийн 2018 онд тайзнаа тоглосон “Repertoire” шоу удаах байранд оржээ. Энэ нь нэг цаг гаруй хугацаанд үргэлжлэх дөрвөн ангиас бүрдэх цуврал үзүүлбэр юм.

Комедиан James Acaster-ийн хувьд “Cold Lasagne Hate Myself” шоугаараа Мельбурны олон улсын комеди фестиваль наадмын “Шилдэг шоу” шагналын эзэн болж байсан авьяаслаг нэгэн.

Үзэх: NETFLIX

7. MONSTER

IMDb үнэлгээ: 8.5

Комедиан: Dylan Moran

Дэлгэрэнгүй: Ирланд гаралтай комедиан Dylan Moran-ий Дублин хотод тоглосон “Monster” шоу IMDb-гээс 8.5 оноо авч, жагсаалтын долдугаар байран орсон байна. Тэрээр “observational comedy” буюу өдөр тутмын амьдралд гардаг нийтлэг үйл явдлуудыг хөгжилтэй байдлаар өгүүлэх ур чадвараараа алдартай нэгэн билээ.

Үзэх: YouTube

6. WHAT.

IMDb үнэлгээ: 8.5

Комедиан: Bo Burnham

Дэлгэрэнгүй: Өдгөө 30 настай комедиан Bo Burnham-ийн 2013 онд хийсэн “what.” комеди шоу 8.5-ийн үнэлгээгээр жагсаалтын зургадугаар байранд оржээ. Тэрээр өөрийн урлагийн карьераа YouTuber-ээр эхлүүлж байжээ.

Bo хочоор олонд танигдсан түүнийг зарим хүмүүс инээдэм, уянгын төрлийн “Eighth Grade” киноны зохиолч, найруулагч гэдгээр нь илүүтэй таних биз ээ.

Үзэх: NETFLIX

5. CHEWED UP

IMDb үнэлгээ: 8.6

Комедиан: Louis C.K.

Дэлгэрэнгүй: “Chewed Up” бол комедиан Louis C.K.-ийн гурав дахь бие даасан комеди үзүүлбэр бөгөөд 2008 оны гуравдугаар сарын 1-нд Бостон хотын “Berklee” танхимд тоглогдсон байна. Яг энэ өдөр домогт комедиан George Carlin ч бас өөрийн сүүлчийн комеди шоу “It’s Bad for Ya”-гаа тоглосон бөгөөд тухайн жилийнхээ зургадугаар сард нь зүрхний шигдээсээр хорвоог орхисон байдаг.

Ийнхүү Louis C.K. “Chewed Up” шоугаа George Carlin-ий гэгээн дурсгалд зориулж 2008 оны арванхоёрдугаар сард CD, DVD хувилбараар гаргасан аж.

4. IT'S BAD FOR YA!

IMDb үнэлгээ: 8.6

Комедиан: George Carlin

Дэлгэрэнгүй: “It’s Bad for Ya” бол дээр дурдсанчлан нэрт комедиан George Carlin-ий 19 дэх болоод хамгийн сүүлчийн комеди шоу юм. Хачирхалтай нь тэрээр уг үзүүлбэрийнхээ үеэр хэн нэгэн нас барахад хүмүүс юу гэж ярьдаг тухай хошигнож байсан юм. Түүний энэхүү үзүүлбэр Грэммийн наадмаас “Шилдэг комеди үзүүлбэр” шагналыг хүртэж байжээ.

Америкийн “Rolling Stone” сэтгүүл 2017 онд “Бүх цаг үеийн шилдэг 50 комедиан” жагсаалтыг гаргасан ба George Carlin уг жагсаалтын дэд байранд бичигдсэн билээ.

3. DRESS TO KILL

IMDb үнэлгээ: 8.6

Комедиан: Eddie Izzard

Дэлгэрэнгүй: Та бүхэн комедиан Eddie Izzard-ийн энэхүү үзүүлбэрийг үзсэний дараа түүх болоод шашны талаар илүү ихийг судалмаар санагдах болно гэдэгт итгэлтэй байна. Өдгөө 59 настай тэрээр 1982 оноос хойш өнөөдрийг хүртэл энэхүү урлагт хүчин зүтгэж яваа чадварлаг нэгэн. Ихэнх комедиануудаас ялгаатай нь Eddie комедигаас гадна кино урлаг, уран зохиол, улс төр зэрэг олон салбарт идэвхтэй нэгэн.

2. RELENTLESS

IMDb үнэлгээ: 8.7

Комедиан: Bill Hicks

Дэлгэрэнгүй: “Relentless” бол комедиан Bill Hicks-ийн амьдралын сүүлчийн үзүүлбэр байсан юм. Зөвхөн түүний карьерын гэлтгүй комеди төрөл жанрын бүх цаг үеийн сор бүтээлүүдийн эгнээний дээгүүрт бичигдэх уг шоуг бид видео стрийминг үйлчилгээний Netflix платформоос хүлээн авах боломжтой.

Үзэх: NETFLIX

1. KILLIN' THEM SOFTLY

IMDb үнэлгээ: 8.8

Комедиан: Dave Chappelle

Дэлгэрэнгүй: Салбартаа нэртэй комедиан Dave Chappelle-ийн 2000 оны долдугаар сард цацагдсан “Killin’ Them Softly” үзүүлбэр энэхүү жагсаалтыг тэргүүлсэн байна. Тэрээр уг үзүүлбэрийнхээ хүрээнд арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл, мансууруулах бодисын хэрэглээ, цагдаагийн хүчирхийлэл зэрэг “эмзэг” сэдвүүдийг гайхалтайгаар элэглэдэг.

Dave “Rolling Stones” сэтгүүлийн шилдэг комедиануудын жагсаалтын есдүгээрт эрэмбэлэгддэг ба олон шүүмжлэгчдээс “шилдэг” гэх тодотголыг хүртэж байсан чадварлаг нэгэн юм.

Үзэх: YouTube

Эх сурвалж: Screen Rant

#Урлаг #Комеди #Шоу