Өсвөрийнхөнд: Хөл хорионы үед СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДЭЭ хамгаалах аргууд


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2021-01-12

Өсвөр насанд бэлгийн бойжилт явагдсанаар сэтгэлийн хямралд өртөж, уур уцаартай болохоос эхлээд асуудал их. Түүнчлэн цахим сургалт, хөл хорио, цуцлагдсан арга хэмжээнүүд дэгдэж дэрвэж явдаг өсвөр насны хүүхдүүдэд тийм ч таатай санагдахгүй байгаа биз.

Иймээс өсвөр насны шинжээч мэргэжилтэн, “New York Times” сонины сар тутмын тоймч, доктор Lisa Damour өсвөр насны сэтгэл гутралын эсрэг дараах зөвлөгөөг өгч байна.

1. СЭТГЭЛИЙН ТҮГШҮҮР БОЛ ХЭВИЙН

Өдөр бүр мэдээлэх түгшүүртэй мэдээ, хөл хорио зэргээс болж хямарч байгаа бол энэ нь хэвийн үзэгдэл юм. Доктор Damour “Сэтгэлийн түгшүүр бол аюул заналхийллийг сэрэмжлүүлж, өөрсдийгөө хамгаалах арга хэмжээ авахад тусалдаг ердийн бөгөөд эрүүл үйл ажиллагаа" хэмээв.

Сэтгэлийн түгшүүр биднийг зөв шийдвэрт хөтөлдөг. Олон нийтийн газар явахгүй, гараа угаагаагүй үед нүүрэндээ хүрэхгүй байх, гараа ариутгах зэрэг нь сэтгэлийн түгшүүрээс үүдэж хийсэн зөв үйлдэл юм. Иймээс уг мэдрэмж нь таныг төдийгүй бусдын аюулгүй байдлыг хангахад тусалдаг.

Мөн "COVID-19" цар тахлын үеэр найдвартай эх сурвалжаас (НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын сайт гэх мэт) мэдээлэл авч, цахим орчин дахь мэдээллийн үнэн, худал эсэхийг шалгаж байхыг доктор Damour зөвлөлөө. Хэрэв өвчний шинж тэмдэг илэрч буйд санаа зовж байгаа бол энэ талаар эцэг эхтэйгээ ярилцах нь чухал юм. Мөн өөрийгөө болон өрөөлийг аюулгүй байлгахын тулд гараа тогтмол угааж, маск зүүж, бусадтай харилцахдаа 1.5-2 метрийн зай барих хэрэгтэй.

2. ӨӨР ЗҮЙЛД ТӨВЛӨР

Сэтгэл судлаачид хүнд хэцүү нөхцөлд асуудлыг хийж чадах зүйл болон хийж чадахгүй зүйл гэж хоёр ангилдаг. Одоогийн нөхцөл байдалд хоёрдугаар ангилалд багтах зүйл их бий. Гэхдээ үүнийг шийдвэрлэхийн тулд өөр зүйлд анхаарч, сатаарах хэрэгтэй.

Энэ тал дээр доктор Damour гэрийн даалгавраа хийх, дуртай киногоо үзэх эсвэл ном уншиж орондоо хэвтэх зэргээр өдөр бүр тайван байхыг санал болгож байна.

3. НАЙЗУУДТАЙГАА ХОЛБОГДОХ ШИНЭ АРГА ЗАМЫГ ОЛ

Найзуудаасаа хол байгаа ч гэсэн дэргэд нь буй мэт ярилцах боломжийг интернет бидэнд олгодог. Гэхдээ үүний тулд нийгмийн сүлжээнд олон цагийг өнгөрүүлэх нь тийм ч сайхан санаа биш. Ингэснээр сэтгэлийн түгшүүрийг хэвийн хэмжээнээс нь ч нэмэгдүүлж болзошгүй юм.

Иймээс бид найзуудтайгаа утсаар ярьж, эсвэл бидний аав, ээж, эмээ, өвөөгийн үе шиг захидлаар харьцаж болох юм. Захидал илгээхдээ цахим шуудангаа ашиглаж болно шүү дээ. 

4. ӨӨРТӨӨ АНХААРАЛ ТАВЬ

Та шинэ зүйл хийх, дуртай номоо унших эсвэл хөгжмийн зэмсэг тоглож сурахыг хүсдэг үү? Одоо үүнийг хийх цаг нь болжээ. Өөртөө анхаарал тавьж, өөрийгөө эрхлүүлэн, бидэнд олдсон энэ цаг хугацааг зөвөөр ашиглах арга замыг хайж олох хэрэгтэй.

Иймээс уншихыг хүссэн ном, хийхийг зорьсон зүйлсийнхээ жагсаалтыг гаргаж, эхнээс нь хийхийг доктор Damour санал болгож байна.

5. ӨӨРТ ТӨРЖ БУЙ МЭДРЭМЖЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨР

Найз нөхөдтэйгөө уулзахгүй, төрөл бүрийн уралдаан тэмцээнд оролцож, хөгжилтэй байж чадахгүй байх нь мэдээж харамсалтай. Гэхдээ энэ мэдрэмжийг арилгахын тулд уйтгарлаагүй мэт жүжиглэх биш хүлээн зөвшөөрөх нь чухал.

Хэрэв гунигтай байвал үргэлжлүүлээд гуниглаарай. Гуниглаж байгаагаа зөвшөөрснөөр илүү хурдан тайвшрах магадлалтай аж. Мэдрэмжээ ашиглан уран бүтээл туурвиж, шинийг санаачилж ч болно. Уурлахад их хэмжээний энерги зарцуулагддаг. Иймээс та уураа цоо шинэ зүйл эхлүүлэх, дуусгаагүй ажлаа үргэлжлүүлэх эрч хүч болгож болох юм.

6. ӨӨРТӨӨ БОЛОН БУСДАД ЭЕЛДЭГ ХАНД

Коронавирусийн улмаас гадаадад суралцдаг зарим өсвөр насныхан сургууль дээрээ үе тэнгийнхний дарамтад өртөх тохиолдол гарч байна. Энэ тохиолдолд дээрэлхүүлж буй хүүхэд дээрэлхэгч нэгэнтэй нүүр тулах бус харин найз нөхөд, том хүнээс тусламж авч байх хэрэгтэй юм.

Хэрэв та найзыгаа дээрэлхүүлж буйг мэдвэл заавал туслаарай. Мэдсэн мөртлөө туслаагүй нэгэн дээрэлхэгч нэгнээс ялгаагүй билээ. Таны үгс хэн нэгний амьдралыг өөрчилж, гэрэлтүүлж чадна.

Эх сурвалж: UNICEF

#Сэтгэлзүй #Хөл хорио