Япон хэл, соёл судлаач ОЮУТНУУДАД ЗОРИУЛСАН ТЭТГЭЛЭГ зарлагдлаа


Сондор | YOLO.MN
2018-01-09

Япон хэл, япон соёлын чиглэлээр суралцаж буй оюутнуудад зориулсан Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа.

Бүх шатны шалгалт, шалгаруулалтад эцсийн байдлаар тэнцсэн оюутан 2018 оны 10 дугаар сараас Японы их дээд сургуульд япон хэл, япон соёл судлаач оюутнаар нэг жилийн хугацаанд суралцана.

Суралцах хугацаанд сар бүр 117,000 иений тэтгэлэг олгох бөгөөд бүртгэл нэгдүгээр сарын 22-нaaс 26-ны өдрүүдэд 13:00-17:00 цагт Монгол-Япон төвд болно. Тэтгэлэгт хамрагдах шаардлага, шалгалтын талаар мэдээллийг хүргэж байна.

I.Шаардлага, болзол

  • Монгол улсын иргэн байх.
  • 1988 оны 4 дүгээр сарын 2-ноос 2000 оны 4 дүгээр сарын 1-ний хооронд төрсөн байх.
  • Монгол улсын их, дээд сургуулийн 2 эсвэл 3 дугаар курсын оюутан бөгөөд үндсэн мэргэжил нь япон хэл, япон соёл байх (2 дахь гадаад хэл, дагалдах мэргэжлийн хүрээнд япон хэл, япон соёл үзэж байгаа бол энэ шалгалтыг өгөх боломжгүй. Мөн бүртгэлийн үеэр их сургуульд харьяалалтай боловч чөлөө авсан оюутнуудын хувьд шалгалтанд оролцох эрхгүй болно).
  • Япон улсын их, дээд сургуульд япон хэлээр суралцахад хангалттай япон хэлний мэдлэг чадвартай байх.
  • Бие болон сэтгэцийн хувьд эрүүл байх.
  • Японы их сургуулиас заасан хугацаанд Японд очих боломжтой байх.
  • Японд очихдоо "Их дээд сургуулийн оюутан" ангиллын виз авах бөгөөд Японд очсоныхоо дараа визнийхээ ангиллыг сольсон тохиолдолд цаашид тэтгэлэг авах эрх хасагдахыг анхаарна уу.
  • Цэргийн албан хаагч шалгалт өгөх боломжгүй.
  • Урьд нь Япон улсын Засгийн газрын ямар нэг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаагүй байх.
  • Одоогоор Японд суралцаж байгаа эсвэл тус хөтөлбөр хэрэгжиж эхлэхээс өмнө Японд суралцахаар төлөвлөж байгаа бол энэ шалгалтыг өгөх боломжгүй. Харин одоогоор Японд суралцаж байгаа боловч тус хөтөлбөр хэрэгжиж эхлэх хугацаанаас өмнө сурч дуусаад Монголд буцаж ирэх нь тодорхой бол энэ шалгалтыг өгөх боломжтой.
  • Өөр ямар нэг шугамаар тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байгаа буюу хамрагдах гэж байгаа бол, мөн Японы Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн бусад төрлийн шалгалтыг давхар өгөх гэж байгаа бол энэ шалгалтыг өгөх боломжгүй.

II. Бүрдүүлэх бичиг баримт

  • Сургуулийн тодорхойлолт (Элссэн он болон одоо хэддүгээр курсэд суралцаж буйг тэмдэглэсэн байх)
  • Дүнгийн тодорхойлолт
  • Иргэний үнэмлэх (эх хувийг үзээд буцааж өгнө)
  • Сүүлийн 6 сарын дотор авахуулсан, 3.5х4.5 см хэмжээтэй, эгц өөдөөс харсан, нүүр царай тод гарсан, малгайгүй цээж зураг 2 хувь.

III. Шалгалт

1. Бичгийн шалгалт: Япон хэл
Хэзээ: 2 дугаар сарын 11-ний өдөр (Ням)
Хаана: Монгол-Япон төв, эсвэл МУИС-ийн 2 дугаар байр /Жич зарлана/
2. Ярилцлагын шалгалт: Бичгийн шалгалтад тэнцсэн хүмүүсээс ярилцлагын шалгалт авна. Ярилцлагын шалгалт хэзээ авах талаар бичгийн шалгалтад тэнцсэн хүмүүст жич мэдэгдэнэ.

Та тэтгэлгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг Японы Элчин сайдын яамны Соёл, мэдээллийн хэлтсийн 320-777 дугаарын утсаар лавлана уу.

#Japan #Scholarship #Teenagers