"Sex Education" цувралын талаар БИДНИЙ МЭДЭХГҮЙ баримтууд


Э.Цовоо | YOLO.MN
2020-05-19

Бид өмнөх удаагийн дугаараараа нээлтээ хийгээд удаагүй ч олныг шуугиулаад буй "Extracurricular" цувралын талаарх сонирхолтой баримтуудыг хүргэсэн. Тэгвэл энэ удаад зөвхөн өсвөр үеийнхэнд ч гэлтгүй бүх насныханд бэлгийн боловсролыг сонирхолтой байдлаар олгох "Sex Education" цувралыг онцолж байна. 

Киноны үнэлгээ /IMDb/: 8.3/10
Киноны үнэлгээ /Rotten Tomatoes/: 93%
Эхний анги цацагдсан огноо: 2019 оны нэгдүгээр сарын 11
Нийт бүлгийн тоо: 2
Үйл явдал: Otis хэмээх өсвөр насны хүү сексологич ээжтэйгээ хамт амьдарна. Тэрээр багаасаа л "нөгөө" сэдвийн талаар сонсож өссөн тул сургуулийнхаа хүүхдүүдэд энэ талаар зөвлөгөө өгөх хэмжээний мэдлэгтэй болсон гэж үзээд Maeve хэмээх охинтой хамтран төлбөртэйгөөр зөвлөгөө өгч эхэлдэг. 

"Sex Education" цуврал "Netflix"-д нээлтээ хийсэн сардаа л гэхэд 40 сая гаруй үзэлттэй болж чадсан. Мөн та "Хүн заавал эсрэг хүйстнээ сонирхох албагүй. Хүн бүр өөр өөрийн онцлогтой байдаг шиг өөр өөр бэлгийн сонирхолтой байдаггэсэн маш том ойлголтыг уг цувралаас авах боломжтой. Тиймээс ямар нэгэн хүнд бодолд автахгүй, хөгжилтэй байхын зэрэгцээ тодорхой хэмжээний мэдээлэл авахаар өгөөжтэй цуврал хайж байгаа бол энэ цуврал танд яг тохирно. 

ЖҮЖИГЧДИЙН ТУРШЛАГА

Энэхүү цувралын зарим жүжигчид кино урлагт олон жилийг өнгөрөөсөн, туршлагатай хүмүүс. Тухайлбал Otis-ийн дүрд жүжигчин Asa Butterfield тоглосон бөгөөд бид түүнийг "The Boy in the Striped Pyjamas" (2008), "Nanny McPhee and the Big Bang" (2010), "Hugo" (2011), "Miss Peregrine's Home for Peculiar Children" (2016) зэрэг киногоор нь мэдэх билээ. 

Мөн Otis-ийн ээжийн дүрд тоглосон жүжигчин Gillian Anderson-ийг бид "The X-Files" (1998) киноны Холбооны Мөрдөх Товчооны ажилтан Dana Scully-гийн дүрээр нь сайн мэдэх билээ. Тэрээр өөр олон олон кинонд дүрээ мөнхөлснөөс гадна Японы алдарт "Studio Ghibli"-ийн хэд хэдэн анимейшний англи хувилбарт дуу оруулсан байдаг. 

Харин Maeve, Adam, Aimee нарын дүрд тоглосон жүжигчдийн хувьд кино урлаг гэдэг харьцангуй шинэ ертөнц байсан юм.

OTIS-ИЙН БОДИТ АМЬДРАЛ

Энэхүү цувралд Otis сексологич ээжтэйгээ "нөгөө" сэдвийн талаар ярилцахаас ичдэг хөвгүүний дүрийг бүтээдэг.

Тэгвэл жүжигчин Asa Butterfield бодит байдал дээр ээжтэйгээ ч мөн иймэрхүү харилцаатай байдаг гэнэ. Түүний ээж сэтгэлзүйч бөгөөд Asa-тай сэтгэлзүйн талаар ярилцах гээд ирэхэд тэрээр мөн л кинон дээр гардаг шиг аль болох зайлсхийх хандлагатай байдаг талаараа нэгэн ярилцлагад дурдаж байжээ. 

КИНОНЫ ЗОХИОЛЫГ ХОГИЙН САВ РУУ ШИДЭВ

Жүжигчин Gillian Anderson уг киноны зохиолыг анх уншаад шууд л хогийн сав руу шидэж орхисон гэдэг. Харин нөхөр нь түүнд энэхүү зохиолыг дахин нэг уншиж үзэхийг санал болгосон учраас энэхүү цувралд тоглох болжээ. 

Нөхөр нь түүнийг ятгаагүй бол бид түүний энэ гайхалтай жүжиглэлтийг харахгүй байх байсан байна шүү дээ. Otis-ийн ээжийн дүр бол яалт ч үгүй энэхүү цувралын шигтгээ болсон дүр билээ. 

NCUTI GATWA-ГИЙН ТҮҮХ

"Sex Education" бол Eric Effion-ийн дүрээр үзэгчдийн хайр хүндэтгэлийг олж авсан залуу жүжигчин Ncuti Gatwa-гийн анхны дэлгэцийн бүтээл. Тэрээр энэхүү цувралын дүрийн сонгон шалгаруултад орохоос өмнө бараг л гудамжинд гарсан гэдэг. Учир нь Ncuti 21 насандаа Лондон хотод ирж “Shakespeare's Globe” театрт ажиллаж эхэлсэн ч хөлөө олж чадахгүй явсаар л байсан гэнэ. Тэрээр хэлэхдээ: 

- "Хэдийгээр өдөр шөнөгүй ажиллаж байсан ч хоногийн хоолоо олж идэхэд үнэхээр хэцүү байсан. Лондон бол маш өндөр өртөгтэй хот шүү дээ. Энэ цувралын дүрийн сонгон шалгаруулалт болохоос таван сарын өмнө л гэхэд би найзуудынхаараа хоноглодог байсан. Надад өөрийн гэсэн гэр орон ч байгаагүй" хэмээжээ. 

LILY-ГИЙН ДҮРД...

Жүжигчин Aimee Lou Wood анх Aimee-гийн дүрд биш Lily-гийн дүрд тоглохоор сонгон шалгаруулалтад оролцож байжээ. 

ТЭДНИЙ НАС

Кино багийн ихэнх жүжигчид өөрийн наснаасаа хамаагүй залуухан дүрийг бүтээсэн гэвэл та итгэх үү. Жишээлбэл 17 настай хүүгийн дүрийг бүтээсэн Ncuti Gatwa нь одоо 27 настай юм.

БОДИТ АМЬДРАЛ ДЭЭРХ ҮЕРХЭЛ

Цувралын эхний хэсэг Adam болон Aimee нар үерхэж буйгаар эхэлдэг ч хосууд төд удалгүй салдаг. Улмаар Aimee шинэ найз залуутай болж Adam Eric-тэй хайр дурлалын харилцаа үүсгэдэг шүү дээ.

Харин бодит амьдрал дээр Adam болон Aimee нар үерхдэг бөгөөд үзэгчид тэднийг "Хамгийн хөөрхөн хосууд" хэмээн өргөмжлөөд байгаа гэнэ. 

80-ИАД ОНЫ ХЭВ МАЯГ

Цувралын зохиолч Laurie Nunn 1980-аад онд хит болж байсан “The Breakfast Club” (1985), “Sixteen Candles” (1984) зэрэг кинонуудын шүтэн бишрэгч гэнэ. Тиймээс тэрээр цувралдаа 1980-аад оны хэв маягийг одоо үеийн шинэлэг загвартай хослуулан шингээж өгсөн ба үүнийг дүрүүдийн хувцаслалт болон цувралын өнгө аясаас харах боломжтой.

Мөн кино багийнхан нэг өдрийн зураг авалтад зориулж 1500 гаруй хувцас бэлтгэдэг гэнэ шүү.

БЭЛГИЙН БОЛОВСРОЛЫН ЗӨВЛӨХ

Кино багийнхан цуврал хэдий хөгжилтэй, сонирхолтой ч үзэгчдэд үнэн зөв мэдээлэл өгөх хэрэгтэй гэж үзсэн учир зохиол болон дүрийн хөгжүүлэлт дээр сексологич буюу бэлгийн боловсролын зөвлөхөөс зөвлөгөө авдаг гэнэ. 

БҮЖГИЙН ХЭСГҮҮД

Цуврал дээр бүжгийн хэсэг маш олон гардаг. Харин тэдгээр үзэгдлүүдэд жүжигчид маань ямар ч хөгжимгүй үед өөрийн мэдрэмжээрээ бүжиглэдэг байсан бөгөөд энэ нь тэдэнд маш эвгүй санагддаг байсан гэнэ.

САЙН ДУРЫН ЖҮЖИГЧИД

Зөвхөн нэг өдрийн зураг авалтад л гэхэд 50-100 сайн дурын жүжигчид оролцдог байжээ. 

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Цувралын нэгдүгээр бүлэг 2019 оны нэгдүгээр сарын 11-нд цацагдсан бол хоёрдугаар бүлэг нь 2020 оны нэгдүгээр сарын 17-нд цацагдсан билээ. Кино багийнхны зүгээс гуравдугаар бүлэг гарна гэж мэдэгдэл хийсэн ч дүрмийн дагуу 2021 оны нэгдүгээр сард нээлтээ хийх эсэх нь одоогоор тодорхойгүй байна. 

Эх сурвалж: BuzzFeed

#Бидний мэдэхгүй баримтууд #Sex Education #Netflix