5fe40ebd63080.png 5fe40ebd63155.png

Өсвөр насныхны бэлгийн боловсролд хөрөнгө оруулалт хийх чатботтой боллоо


Өсвөр насны хүүхдүүд нөхөн үржихүйн талаар мэдээлэл авахын тулд ичиж, санаа зоволгүйгээр хандаж болох чатботтой болжээ. 

Статистикийн үндэсний хорооноос 2019 онд хийсэн нэгэн судалгаагаар Монголын нийт хүн амын 18,7 хувийг насанд хүрээгүй охид эзэлдэг нь тогтоогджээ. Энэ нь манай улсын таван хүн тутмын нэг нь 19 хүртэлх насны охид байна гэсэн үг юм. Тиймээс охидын эрхийн талаар судлах, тэдэнд тулгамдаж буй асуудлуудыг илрүүлэх, тохирсон шийдлүүдийг гаргах нь нэн шаардлагатай бөгөөд энэ нь дан ганц охид төдийгүй өсвөр насныхны асуудлыг хөндөж байгаа хэрэг юм.

Өсвөр насны охидын дунд эрт жирэмслэлт, үр хөндөлт, жендэрт суурилсан хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтын асуудлууд өндөр байгаа нь хэд хэдэн судалгаагаар харагддаг. Охидын бэлгийн боловсролын талаар мэдлэг дутмаг байгаа нь үүнд нөлөөлж буй голлох хүчин зүйл төдийгүй цаашдын эрсдэлийг нь улам бүр нэмэгдүүлж байна.

Бэлгийн боловсролыг хангалттай, чанартай, хүртээмжтэй олгоогүйгээс үүдэн гарч буй үр дагавар нь асар их. Гэтэл энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулахаас илүүтэй охидыг буруутгаж хариуцлага хүлээлгэхээр “охидын үзлэг” хэмээх ажлыг сурч буй сургууль дээр нь зохион байгуулж байгаа нь тэднийг хамгаалахаас илүүтэйгээр эрхийг нь зөрчиж буй явдал юм.

Иймээс Монгол дахь Канад сангийн дэмжлэгтэйгээр охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “ГҮНЖ” төв болон “Хөөрхөн Зүрхнүүдийн Аян” төрийн бус байгууллагынхан уг үзлэгийг охидын оролцоо, манлайлал, нөлөөллийн ажлуудаар дамжуулан зогсоох зорилготой “Сургууль эмнэлэг биш” төслийг хэрэгжүүлж байна.
 
Мөн уг төслийн хүрээнд насанд хүрэгчид болон өсвөр насныхны бэлгийн боловсрол, нөхөн үржихүйн мэдлэгийг нэмэгдүүлэхийн тулд “Сургууль эмнэлэг биш” Фэйсбүүк чатботыг ажиллуулж эхэлжээ.

Хэрвээ та сургуулиасаа бэлгийн боловсрол болоод нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх хангалттай мэдээлэл авч чадахгүй бол хэнд хандах вэ? Найздаа хандмаар байвч зөвлөхүйц хэмжээний мэдлэггүй, ээж аавтайгаа ярилцмаар байвч ичмээр сэдэв, мэргэжлийн хэн нэгэнд хандмаар байвч хүн бүрд ийм боломж байдаггүй. 
 
Харин “Сургууль эмнэлэг биш” Фэйсбүүк хуудасны чатботоор дамжуулан бэлгийн боловсролын талаарх зөвлөгөө мэдээллийг огтхон ч санаа зовохгүйгээр авах боломжтой болжээ. Шилжилтийн нас, дотно харилцаа, нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхэд суурилсан эрүүл мэндийн үйлчилгээний талаарх зөвлөгөө, мэдээллийг авахыг хүсвэл тус Фэйсбүүк хуудасны мессэж буюу чат хэсэгт хандахад л болох юм.

Мөн “Сургууль эмнэлэг биш” хуудсаар дамжуулан бэлгийн боловсролын талаарх мэдээ мэдээллийг өдөр бүр сонирхолтой, ойлгомжтой байдлаар аваарай.
 
“Сургууль эмнэлэг биш” Фейсбүүк хуудсанд зочлохыг хүсвэл ЭНД дарна уу.

#Бэлгийн боловсрол #Нөхөн үржихүй #Чатбот