А.Одбаяр: ХЭЦҮҮГ СӨРӨХ ТУСАМ ШАНТРАЛ ҮГҮЙ БОЛДОГ


Сондор | YOLO.MN
2016-09-12

Хүн ямар нэгэн спортоор хичээллэнэ гэдэг сайхан зүйл. Учир нь тэрхүү спортоороо дамжуулан эрч хүч урам зориг авахаас гадна биеийн спортын хувьд хүнийг өв тэгш биетэй болгодог давуу талтай байдаг.

Хаданд авиралтын УАШТ өнгөрөгч наймдугаар сарын 27-нд болсон билээ. Уг тэмцээнд Өсвөрийн тамирчдын төрөлд алтан медаль хүртсэн эрэгтэй тамирчин, Уулчдын үндэсний холбооны гишүүн А.Одбаяртай YOLO.mn сонирхолтой яриа өрнүүллээ.

YOLO: Хаданд авиралтын өсвөрийн аварга болсонд нь баяр хүргэе. Бидэнд өөрийгөө танилцуулаач?
Баярлалаа. Намайг А.Одбаяр гэдэг. 14 настай. Мон-Турк дунд сургуулийн 9-р ангид суралцдаг.

YOLO: Хэдийнээс хаданд авиралтын спортоор хичээллэх болсон бэ?
Анх 11 настайгаасаа буюу 2013 оноос эхэлж хичээллэсэн. Манай бага ах намайг “уруу татсан”. (инээв)  Хамгийн том ах эгч хоёр энэхүү спортоор хичээллэдэг байсан юм.

YOLO: Гаргасан амжилтаасаа дурдвал?
Түрүү жил хотын аваргад өрсөлдөөд тусгай байр, улсын аваргаас мөнгөн медаль хүртсэн. Харин энэ жил амжилтаа ахиулж алтан медаль хүртэж чадлаа.

YOLO: Энэ жилийн түрүүлсэн амжилтаа хамгийн түрүүнд хэнтэй хуваалцсан бэ?
Ах маань яг тэмцээний үеэр тэнд байсан. Бараг надаас ч илүү баярласан байх. “Чамайг авирч байхад цаг явж өгөхгүй байлаа” гэчихсэн зогсож байсан.

YOLO: Энэхүү спорт хүүхдэд ч байтугай томчуудын хувьд ч аюултай спорт шүү дээ. Тэгэхээр тэгтлээ зоригтой байхад чамд юу нөлөөлсөн бэ?
Манай гэр бүлийнхэн их спортлог, спортонд дуртай хүмүүс. Аав ээж хоёр маань уулын цананд дуртай, зав л гарвал хичээллэдэг хүмүүс. Тиймээс спорт надад айдас гэхээсээ илүү зугаатай санагддаг.

YOLO: Бэртэж гэмтэх тохиолдол байсан уу?
Байна аа. Түрүү жилийн улсын аварга шалгаруулах тэмцээндээ би гэмтэлтэй орсон. Тэмцээн болохоос хоёр хоногийн өмнө зөөлөн эдээ гэмтээгээд бэлтгэлийн газраа орхиод хотод ирж эмчлүүлчихээд тэмцээн болох өдрийн өглөө буцаж очсон.
 

Өсвөрийн эрэгтэй төрөлд нэгдүгээр байрт А.Одбаяр, хоёрт Б.Жаргалсайхан, гуравт Б.Балжинням нар тус тус оржээ

Өсвөрийн эрэгтэй төрөлд нэгдүгээр байрт А.Одбаяр, хоёрт Б.Жаргалсайхан, гуравт Б.Балжинням нар тус тус оржээ


Өсвөрийн эмэгтэй төрөлд нэгдүгээр байрт Б.Номин-Эрдэнэ, хоёрт С.Бадамханд, гуравт Б.Анударь нар тус тус оржээ

Өсвөрийн эмэгтэй төрөлд нэгдүгээр байрт Б.Номин-Эрдэнэ, хоёрт С.Бадамханд, гуравт Б.Анударь нар тус тус оржээ


YOLO: Тэгэхээр заримдаа шантрах тохиолдол байна биз?
Байна байна. Нэлээн хэцүү ш дээ. Харин дасгалжуулагчид маань чанга байх тусам л тэр бүрийг нь тэсээд гарах тэсвэр үлддэг юм шиг санагддаг. Өөрөөр хэлбэл хэцүү байдлыг сөрөх тусам л шантрах боломжгүй болдог юм.

YOLO: Чиний хувьд хамгийн хэцүү авиралт хэзээ байсан бэ?
Түрүү жилийн тэмцээн дээрх бэртэлтэй үеийн авиралт л маш хэцүү нь санагддаг юм. Гар минь хэдий сайн барьцнаас барьчихсан ч хөл дээрээ өндийх гэтэл чадахгүй байсан тэр мөч л их хүнд байсан. Шуу чангараад, гар чичигнээд байсныг сайн санаж байна. Гэхдээ л хамаг хүчээ дайчилсныхаа хүчинд мөнгөн медалийн эзэн болсон. Харин энэ жил амжилтаа ахиулж алтан медаль хүртлээ.

YOLO: Багшийнхаа талаар яриач?
Манай холбооны багш С.Батжаргал маань их сайн зааж зөвлөдөг. Бид МУБИС-ийн зааланд бэлтгэлээ хийдэг юм. Заримдаа биднийг бэлтгэл сургуулилтаа бүү завсардуулаасай гэсэндээ түрээсийн төлбөрийг бидний өмнөөс төлчихдөг. Энд тэнд уралдаан тэмцээнд тамирчдаа авч явахдаа нэг хамт олон шиг уур амьсгалаар дүүргэж чаддаг. Зарим спортынхон хээр бэлтгэлд явахдаа майхан майхандаа ороод л хуваагдчихдаг бол С.Батжаргал багш маань биднийг нэгдмэл байлгаж нэг тогооноос хоол идүүлдэг.

YOLO: Уулын спортын гоё зүйл нь юу вэ?
Стресс, асуудал, бэрхшээлтэй байсан ч тэр дээр байгаа оргилд (дээш харав) хүрэх л юм бол бүгдийг нь мартчихдаг. Тэр нь маш гоё. Зөвхөн дээшээ тэмүүлсээр байгаад хүрнэ гэсэн цэг дээрээ зорилгоо биелүүлэн хүрч чадах мөч л хамгийн гоё шүү дээ.

YOLO: Уул, хаданд авиралтаар хичээллэмээр байгаа хүүхэд залууст хандах хэлэх зөвлөгөө байна уу?
Өөртэйгөө л тэмцэж, ялж чадах юм бол амжилт гаргана. Тиймээс эхэндээ бэрхшээлтэй санагдсан ч шантралгүй хичээх хэрэгтэй. Өөрийн биеийн хүч, сэтгэл зүй гээд аль алиныг нь бэлэн болгох хэрэгэтэй байх. Биеийн хүч, оюун ухаан, тууштай байдал л их чухал.

 


YOLO: Биеийн хөгжлийн хувьд хэрхэн нөлөөлдөг вэ?
Би анх орохдоо их намхан, бүдүүн бор хүү байсан. Орсноосоо хойш их огцом өссөн. Дээшээ гараа байнга сунгах дасгал хийж байгаагаас ялгаагүй учир сунгалтын дасгал болчихдог. Хаданд авиралтын спортоор хичээллэх нь биеийн бүх булчинг ажиллуулж байдгаараа давуу талтай.

YOLO: Өндрөөс айдаг хүн бол яах аргагүй айдсаа ялан дийлэх л юм байна даа, тийм ээ? cheeky
Эхэндээ их айна. surprise Дээр гарсан хойноо “Ингээд доошоо уначихвал, яана аа” гэж их бодогдоод айдаг байсан. Харин олон гараад ирэхээрээ айх биш харин “Би ийм өндөр дээр гарч ирж чадлаа” гэж кайф авдаг.

YOLO: Өдөрт хэр их бэлтгэл хийдэг вэ, ядрах тохиолдол байх уу?
Өдөрт 4-5 цаг орчим бэлтгэл хийдэг. Өмнө нь хичээлийн дараа буюу 16:00 цагт тараад  орой 21:00 цаг хүртэл бэлтгэлээ хийдэг байсан. Тэгээд сайн амарч чадахгүй хичээл дээрээ ч унтаад, өөрийгөө ядарч байгааг мэдрээд завсарласан. Харин энэ зунаас бэлтгэлээ эрчимтэй хийж эхлээд сая тэмцээнд оролцлоо.

YOLO: Спортоор хичээллэж байх хугацаанд өөрт тохиолдсон хөгжилтэй эсвэл аймшигтай үйл явдлаас хуваалцаач?
Байгалийн хадыг цэвэрлэсний дараагаар авирдаг юм. Хөвд хаг шороо зэргийг цэвэрлэж, барьц болох хад чулууг сул байгаа эсэхийг шалгаж авирдаг. Гэтэл нэг удаа дутуу шалгасан хадан дээр авираад, нэг барьцнаас атгалаа гэсэн чинь мултарч унаад өнөөх том чулуугаа бариад буучихсан. Аз бол намайг хамгаалж байсан болохоор гэмтэж бэртээгүй.

Хаданд авиралтаар хичээллээд тэвчээртэй болж, эр хүнд байх ёстой зан чанарыг сурч байгаа гэж боддог доо.

А.ОДБАЯР

YOLO: Хаданд авиралтын спортын хувьд барьц их чухал байх. Хэрхэн яаж барьцаа сонгодог юм бол?
Том барьц хугарахад амархан, тиймээс жижиг барьц нь илүү дээр байдаг юм. Барьцаа сонгохоосоо өмнө хараад “энэнээс бариад цаашаа яах билээ” гэж бодох хэрэгтэй болдог. Яг л шатрын нүүдэл шиг. Авирахаасаа өмнө эхлээд дээш замаа сайн хэрэгтэй байдаг.

YOLO: Энэхүү спортоор хичээллэснээр чамд ямар эерэг зан чанар төлөвшсөн гэж чи боддог вэ?
Тууштай болон даруу занг сурсан гэж боддог. Би багадаа их сахилгагүй хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Харин хаданд авиралтаар хичээллээд тэвчээртэй болж, эр хүнд байх ёстой зан чанарыг сурч байгаа гэж боддог доо.

YOLO: Цаашдын зорилго?
Спортын мастер болж олон улсын тэмцээн уралдаанд оролцон Монгол улсынхаа нэрийг гаргахыг хүсдэг. Мөн оноогоо цуглуулсаар 2020 оны Токиогийн олимпт оролцох зорилготой байна.

YOLO: Баярлалаа, цаашдынх нь хичээл сурлага, спортын замналд нь амжилт хүсье!
Баярлалаа.

#Sport #Freetime