"УУРАА ГАРГАХЫН ТУЛД хошин шогийн мэдрэмжээ ашигла"


Сондор | YOLO.MN
2016-09-07

mail Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Би их түргэн ууртай

Миний буруу байсныг мэдээд энэ талаар бодох бүрт л шаналах юм.

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе!

Би их түргэн ууртай. Хэдэн жилийн өмнө ах дүү хамаатан садангуудтайгаа юм л бол муудалцчихдаг тийм байлаа. Дараа нь миний буруу гэж бодон үргэлж шаналж ганцаараа байх болсон. Тэрнээсээ болоод үргэлж доошоо харж сэтгэлээр унан бүр сүүлдээ хүний нүд рүү эгцэлж ч харж чадахааргүй боллоо. Ийм нөхцөл байдлаас яаж гарах вэ? Надад их хэцүү байна. Та хэлж өгч туслаач баярлалаа.

ЗӨВЛӨГӨӨ: Хэн нэгнийг доромжилсон, бассан утгатай юм ярихаас зайлсхий

Уурласнаасаа болоод буруу зүйл хийж, хэлсэн бол уучлалт гуйж хэвшээрэй. Энэ нь та хоёрын хоорондын харилцааг бүр мөсөн үгүй хийхээс сэргийлдэг юм шүү.

Уур гэдэг нь хүнд байх ёстой хэвийн сэтгэл хөдлөл. Өөрөөр хэлбэл хүний сэтгэл хөдлөлийн нэг төрлийн илрэл юм. Харин түүнийг хэрхэн зохицуулж чаддагаас бусдад сөрөг нөлөөтэй эсэх нь хамаарна. Хэрэв чи уураа дарж чадахгүй байгаа бол дараах зөвлөмжийг дагаарай.

1. Би гэдэг үгийг голчлон хэрэглэ
Бид уурласан үедээ “Чи үүнийг буруу хийсэн, Чи ингэх хэрэггүй байсан юм” л гэж хэлдэг болохоос яриандаа өөрийнхөө тухай оруулахаа мартчихдаг. Үүссэн асуудлын талаар ярихдаа “Би” гэдэг төлөөний үгийг ашиглахыг хичэээгээрэй. Нөгөө хүнээ ч бас хүндэл. Чи хэзээ ч намайг гэрийн ажил хийхэд тусалдаггүй гэхийн оронд Би таныг идсэн хоолныхоо тавгийг үргэлж ширээн дээр орхидогт уур хүрч байна гэж хэл.

2. Уураа гаргахын тулд хошин шогийн мэдрэмжээ ашигла
Үг хаялгүйгээр үүссэн асуудлыг инээдэм болгож өнгөрүүлэхийг хичээ. Хэн нэгнийг доромжилсон, бассан утгатай юм ярихаас зайлсхий.

3. Дасгал хий
Цээжин дотор байдаг тэсрэх бөмбөг яг дэлбэрэх гээд ирвэл, гарч гүйгээрэй. Биеийн эрчимтэй хөдөлгөөн нь тархинаас аз жаргалын гормонууд ялгарахад тусладаг учир тайвшруулж чаддаг.

4. Тайвшрах дасгал хий
“Тайвшир” гэж өөрөө өөртөө хэл. Төгөлдөр хуурын ая сонсож, йогийн дасгал хийн, тэмдэглэл хөтөл. Өөрийгөө тайвшруулах бүхий л аргуудыг туршиж үзээрэй.

Сүүлд нь хэлэхэд уурласнаасаа болоод буруу зүйл хийж, хэлсэн бол уучлалт гуйж хэвшээрэй. Энэ нь та хоёрын хоорондын харилцааг бүр мөсөн үгүй хийхээс сэргийлдэг юм шүү.

“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн 
сэтгэл судлаач И.Тогтуун

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Problem #Teenagers