А.Сүхбат: Анх багшийнхаа шахалтаар оролцож байсан ч одоо илтгэх урлаг мэтгэлцээний "АМТАНД ОРСОН"


Б.Намуун | YOLO.MN
2017-08-04

"Шинэ Монгол иргэн" ТББ-аас санаачилсан "Монгол дархлаа" төслийн хүрээнд илтгэх урлаг мэтгэлцээний тэмцээн болоод лекц хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулсан билээ. Уг лекц  хэлэлцүүлгийн зочин илтгэгчээр "Монгол дархлаа" илтгэлийн тэмцээний дэд байрын шагналт А.Сүхбат уригдсан. Ийнхүү түүнтэй хийсэн ярилцлагыг сонирхуулъя.

YOLOСайн байна уу? Юуны өмнө уншигчдад маань өөрийгөө танилцуулахгүй юу.
- Сайн байна уу? Намайг А. Сүхбат гэдэг. Энэ жил 23-р сургуулийн Япон хэлний ангийг төгссөн. Одоо МУИС-ийн нэгдүгээр дамжааны оюутан болсон.

YOLO"Монгол дархлаа" илтгэх урлагийн тэмцээний дэд байрын шагналын эзэн болсонд баяр хүргэе. Тэмцээний дараа лекцэн дээр зочин илтгэгчээр уригдсан. Анх уг төслийг хэрхэн хүлээж авч байсан бэ?
- Баярлалаа. Энэ их сонирхолтой л доо. Багш маань гадаад хэлийг сурахаас илүүтэй юун түрүүнд Монгол хүн шиг Монгол хүн бай гэж их захидаг байсан. Анги удирдсан багш маань биднийг тийм үзэл баримтлалаар хүмүүжүүлсэн болохоор энэ төслийг хараад "Би энэ тэмцээнд орж өөрийн үзэл бодлоо илэрийлэх ёстой юм байна" гэсэн бодол өөрийн эрхгүй төрсөн.

YOLOИлтгэлийн тэмцээн хэдэн үе шаттай, хэрхэн явагдсан юм бол?
- Илтгэлийн тэмцээн 4 үе шаттай явагдсан. Эхний шат нь илтгэлээ эссе хэлбэрээр бичээд цахим шуудангаар явуулах байсан. Хоёр дахь шатнаас шилдэг 20 илтгэгч, 3-р шатнаас шилдэг 8 илтгэгч шалгарсан. Энэ шатанд шүүгчдээс өгсөн сэдвээс сугалаад 3 минут бэлтгэн илтгэсэн бол 4-р шатанд 10 үг өгөөд тэдгээр үгсээ ашиглан илтгэл хэлэлцүүлсэн.

YOLOГуравдугаар шатандаа ямар сэдэв сугалсан бэ? Сонирхол татаж байна.
- Би "Амьдрал нулимсанд дургүй" сэдвийг авсан. Яагаад ч юм бэ тухайн үед сэдвээ сугалаад бэлдэж байхад миний зөрүүд зан хөдөлсөн. "Амьдрал нулимсанд дургүй биш ээ харин ч дуртай. Өнөөдөр бид гуниг зовлон, ганцаардлын нулимсыг ярихаас илүүтэй баяр хөөр, олимпийн тамирчин эх орондоо алтан медаль аваад ирэхэд гарах тэр аз жаргалын нулимсыг яагаад илүү харж болохгүй гэж. Хайрцагнаасаа гарч сэтгэцгээе" гэсэн ерөнхий утгатай илтгэл хэлэцүүлсэн байгаа.


Өнөөдөр та индэр дээр гарахаас айж болно. Нэг удаа айна, хоёр дахиа айна. Гурав дахь удаагаасаа та эрх чөлөөг мэдрэх болно.

А.Сүхбат

YOLOИлтгэх урлаг, мэтгэлцээнээр хичээллээд хэр удаж байгаа вэ?
- Өнгөрсөн жилийн 10 сард дүүргийн мэтгэлцээний аварга болсноор хичээллэж эхэлсэн. Тэр үедээ нийгмийн ухааны багш нарынхаа шахалтаар орж байсан бол орсныхоо дараа илтгэх урлаг мэтгэлцээний "амтанд ороод" буцаж гарч чадалгүйгээр ийнхүү суралцаж явна даа.

YOLOХүн болгон олны өмнө гараад үзэл бодлоо илэрхийлээд байдаггүй зарим нэг нь их хаагдмал байдаг шүү дээ. Чиний хувьд анх хэрхэн өөрийгөө нээж байсан бэ?
- 2016 оны тавдугаар сарын 11-нд Азид анх удаа буюу ЕБС-ийн сурагчид Г.Ган-Очир найруулагчтай  "Ромео Жульетта" жүжгийг бүрэн эхээр нь Драмын театрын тайзнаа тоглоход Ромеогийн найз Бенволиогийн дүрийг бүтээснээр анх тайзнаас сайхан мэдрэмж авч, өөрийгөө нээж байсан.

YOLOОлон л тэмцээнд орж олон л ялалт ялагдлын ард гарсан байх. Эдгээрээс хамгийн их сэтгэлд чинь дотно үлдсэн тэмцээн ямар тэмцээн байсан бэ?
- 11-р ангид сургуулийн аварга шалгаруулах уран илтгэлийн тэмцээн болсон юм. Уг тэмцээнд орохдоо эхний хоёр шатдаа тэнцсэн боловч 3-р шатандаа тэнцэж чадаагүй. Уран илтгэлд 9-р ангиасаа хойш сонирхолтой байсан ч 11-р ангидаа анх удаа тэмцээнд орсон юм. Даанч амжилт гаргаагүйдээ сэтгэлээр унаад "Энэ миний явах салбар биш юм байна" гэж бодсон ч 12-р ангид сургууль дээр маань англи хэл дээрх уран илтгэлийн тэмцээн болсон. Энэ үед бүтэн жилийн хугацаанд юу сурч мэдсэнээ шалгаад уг тэмцээнд орж тэргүүн байр эзэлсэн. Энэ тэмцээн л хамгийн гайхалтай нь байсан.

YOLOЯлагдаж унаж шантрах үедээ юунаас хамгийн их урам авдаг байв?
- Миний хэлэлцүүлсэн илтгэл бүгд амжилттай болно гэж байхгүй. Амжилтанд хүрсэн хүн бүр хэлдэг шүү дээ. "Бүдэр, бүдэр, бүдэр, дахин бүдэр. Гэхдээ тэрнээсээ суралцаж чадах ёстой" гэж хэлдэг. Нэг удаа би бүдэрлээ. Тэр үедээ түрүүлсэн хүмүүсийн арга барилыг ажигладаг. Дараагийн удаа түүнийг нь өөр дээрээ тусгаж авдаг.


Бүдэр, бүдэр, бүдэр, дахин бүдэр. Гэхдээ тэрнээсээ суралцаж чадах ёстой.

А.Сүхбат

Өөрөөсөө илүү илтгэгчдийг харахад их гоё байдаг. Яагаад ч юм дотроос сэтгэл гижигдээд байдаг.

YOLOЯмар мэргэжилээр суралцах гэж байгаа вэ?
- Мэргэжлийн тухайд гэвэл би сэтгэл судлалаар суралцана гэж бодож байна. Монголдоо бакалавраа дүүргээд, Японд магистраа хамгаалах төлөвлөгөөтэй байгаа.

YOLO: Илтгэх урлаг мэтгэлцээнээр хичээллэх сонирхолтой залууст хандаж урмын үг хэлээч.
Илтгэх урлаг мэтгэлцээнийг сонирхоод орж чадахгүй байгаа хүмүүст хандаж хэлэхэд зүгээр л тухайн үеийн айдсаа дав. Би өөрөө өөртөө хэлдэг нэг сайхан үг бий. "Айсан бүхэн минь амжилтын минь үндэс байсан". Тэгэхээр яг энэ үгийг залуус маань ойлгоосой. Өнөөдөр та индэр дээр гарахаас айж болно. Нэг удаа айна, хоёр дахиа айна. Гурав дахь удаагаасаа та эрх чөлөөг мэдрэх болно.

YOLO: Өөрийн чинь бодлоор Монгол дархлаа гэж яг юу вэ?
- Их сонирхолтой асуулт байна. Сэтгэл судлалаар суралцана гэж би хэлсэн. Тэгэхээр сэтгэл судлал гэж яг юу вэ гэсэн миний хувийн философид жишээлбэл "Энэ миний гар, энэ миний хөл. Тэгвэл би өөрөө хаана байгаа юм бэ?". Би гэдэг бодгаль яг хаана байгаа юм бэ гэдгийг Монгол дархлаатай холбож үзвэл тэр дархлаа нь би өөрөө байгаа юм. Тийм ч учраас би илтгэл дээрээ хэлсэн. Өнөөдөр залуус бидэнд гурван зүйл дутагдаад байна. Яг энэ зүйлсийг бид хүнд зааж зааварлах биш өөрөө өөртөө суулгачихаад нэг хүн 10 найздаа, 10 хүн 100 найздаа гэх мэтчилэнгээр Монгол дархлаа буюу жинхэнэ "Би"-гээ олох юм болов уу гэж бодож байна.


Өөрөө өөрийнхөө замаар өөрийнхөө хүсэл мөрөөдлийн төлөө явбал хэзээ нэгэн цагт таны нар гарах болно гэж хэлмээр байна.

А.Сүхбат

YOLO: Улс орныхоо төлөө юм хийе гэсэн бодолгүй залуусын сэтгэлгээг хэрхэн өөрчилвөл дээр гэж бодож байна?
- Залуусын сэтгэлгээг өөрчлөх хамгийн энгийн зүйл бол саяхны жишээ. Түймэр болоход бид маш хурдтай нэгдэж унтрааж байна. Тэгвэл түймэр гэлтгүй олон зүйл дээр бид нэгдэж чадах юм байна. 21-р зуун гэдэг бол өсвөр үе залуучууд бидний эрин зуун. Бүр лавшруулаад ярих юм бол ардчилалын алтан хараацай болж буй бид маш сайхан нээлттэй нийгэмд байгаа. Иймээс дээд үеэсээ үлгэр дуурайлал авч, санаа нийлэх залуустайгаа нэгдэж нийлээд ажиллаж чадах юм бол цаашлаад Монголыг өөрчилж чадна гэж бодож байна.

YOLO: Нэг үеэ бодвол Монгол залуус илүү их зүйл хийдэг болсон. Өмнө нь ажил амьдралаа зохицуулчихсан амьдрал нь төвхнөчихсөн хүмүүс одоо л юм хийж эхлье гэж санаачилдаг байсан бол өдгөө өсвөрийнхөн эхлүүлдэг болжээ. Энэ талаар өөрийн чинь сэтгэгдэл?
- Өсвөр насныхан юм хийж эхлэж байна гэдэг нь сэтгэлгээний цар хүрээ тэлж байна гэсэн үг. Өнөөгийн нийгэмд залуусын сэтгэлгээ нэг үеэ бодвол асар хурдтай хөгжиж байна.

YOLO: Ярилцлагынхаа төгсгөлийг танд үлдээе.
- Хэн нэгэн хүний амжилтанд хүрсэн замаар битгий яв. Учир нь тэр зам түүний л зам шүү дээ. Сэтгэл зүйч Г.Наранбаатар "Сар нар хоёр ч зэрэгцэн оршдоггүй. Өөр өөрийн гэсэн цагтаа гардаг" гэж хэлсэн байдаг. Яг л иймийн адил өнөөдөр нийгмийг манлайлж буй мянга мянган залуус бий. Тэднийг хараад өөрийгөө битгий голоорой. Өөрөө өөрийнхөө замаар өөрийнхөө хүсэл мөрөөдлийн төлөө явбал хэзээ нэгэн цагт таны нар гарах болно гэж хэлмээр байна

YOLO: Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.

#МонголДархлаа #Presentation #Teenagers