"The Hunger Games" франчайзын дараагийн анги хийгдэх нь батлагдлаа


Г. Сарнай | YOLO.MN
2020-04-24

"The Hunger Games" франчайзын киног нь үзэж номыг нь унших дуртай залууст нэгэн таатай мэдээг дуулгахад бэлэн болоод байна. Шилдэг YA /Young Adult/ буюу залуу үеийнхний дунд хамгийн эрэлттэй номын тоонд зүй ёсоор багтах "The Hunger Games"-ийн цоо шинэ номыг уншаад суух үеэ тэсэн ядан хүлээж буй над шиг олон залуус байгаа байх. 

Нийт 3 хэсгээс бүрдэх "The Hunger Games" франчайзын үргэлжлэл "The Ballad of Songbirds and Snakes" хэмээх ном дараа сарын 19-нд нээлтээ хийхээр болсон билээ. 

Сар хүрэхгүй хугацаанд нээлтээ хийх гэж буй "The Ballad of Songbirds and Snakes" нэр номонд уг франчайзын prequel буюу эх зохиолоос 64 жилийн өмнөх үйл явдлыг өгүүлэх юм. Сонирхуулан хэлэхэд номын гол дүр нь харгис хэрцгий гэдгээрээ олонд танигдсан удирдагч Coriolanus Snow. 10 дахь удаагийн "Өлсгөлөн тулаан"-д 18 насандаа 12-р дүүргээс зөвлөх болон сонгогдсоноор зохиолын үйл явдал эхлэх аж. 

Бас нэгэн гайхалтай мэдээг дуулгахад уг номын зохиолч Suzanne Collins "Lionsgate" кино компанитай хамтарч шинэхэн номоо дэлгэцийн уран бүтээл болгох гэж буйгаа мэдэгдсэн. Кино багийнхны хувьд "The Hunger Games: Catching Fire" (2013), "The Hunger Games: Mockingjay Part 1" (2014), "The Hunger Games: Mockingjay Part 2" (2015) зэрэг ангиуд дээр ажилласан туршлагатай найруулагч Francis Lawrence ажиллах юм. Тэрээр уг франчайзаас гадна бидний сайн мэдэх "I Am Legend" (2007), "Red Sparrow" (2018) зэрэг бүтээлүүд дээр ажиллаж байсан билээ. 

Одоогоор дэлхий дахинд үүсээд буй нөхцөл байдлаас үүдэн кино зураг авалтын талаар илүү тодорхой мэдээлэл хийгдээгүй байна. 

Тиймээс бидэнд хүлээх л үлдлээ!

Эх сурвалж: Daily Mail, Bustle

#Hunger Games #Ном #Кино