Дуучин Joji есдүгээр сард шинэ цомгоо гаргана


Б.Булган-Эрдэнэ | YOLO.MN
2020-07-29

Залуус та бүхэн маань дуучин Joji-г "Slow Dancing in the Dark", "Sanctuary", "Yeah Right" дуугаар нь таних биз ээ. Эсвэл "Pink Guy", "Filthy Frank" нэрээр нь мэддэг ч байж болох юм. Ямартай ч залуу уран бүтээлч маань энэ оны есдүгээр сард "Nectar" нэртэй цоо шинэ цомгоо олны хүртээл болгохоор болжээ.

Цомог нийт 18 дуунаас бүрдэх бөгөөд үүнээс 4 нь аль хэдийнэ сонсогчдод хүрээд байгаа юм. Шинэ цомгийн тухай мэдээлэл энэ оны дөрөвдүгээр сард "Gimme Love" дуу цацагдахтай зэрэгцэн гарсан билээ. "Nectar" цомог анх зургадугаар сарын 12-ны өдөр цацагдахаар төлөвлөгдөж байсан ч "COVID-19" вирусийн тархалттай холбоотойгоор ирэх есдүгээр сарын 25-ны өдөр хүртэл хойшлогдсон юм. Joji энэ талаар өөрийн Твиттер хуудаснаа бичихдээ: 

- "Харамсалтай нь бид вирусийн тархалтын улмаас "Nectar" цомгийн нээлтийн хугацааг хойшлуулах шаардлагатай боллоо. Одоо үүсээд буй энэхүү нөхцөл байдал бидний сүүлийн 3-4 сарын үйл ажиллагаанд нөлөөлсний улмаас цомгийн нээлтийг есдүгээр сарын 25-ны өдөр хүртэл хойшлуулж байна. Би уг нь энэ гайхалтай төслөө та бүхэндээ хүргэнэ гээд их догдолж байсан юм. Та нарт хамгийн чанартай уран бүтээлээ хүргэхийн тулд хамаг чадахаараа хичээж байлаа. Үнэхээр уучлаарай. Та бүхэндээ ийм мэдээ дуулгаж байгаад миний сэтгэл ч бас өвдөж байна. Нөхцөл байдал миний хяналтаас гадуур байгаа ч та бүхний урмыг хугалж буй мэт санагдаж байна"

Түүнийг энэхүү мэдэгдлээ хийх үед өнгөт арьстнуудын эрх тэгш байдлын төлөөх тэмцлийн нэг хэлбэр болох “Black Lives Matter” хөдөлгөөн эд явагдаж байсан тул тэрээр үргэлжлүүлэн ийн бичжээ:

- "ГЭХДЭЭ одоо энэ бол бидний хамгийн жижигхэн асуудал шүү дээ. Бидэнд үүнээс хавь илүү ноцтой асуудлууд тулгараад байгаа учраас цомгийн нээлт хойшилсонд тэгтлээ их санаагаа зовоохгүй байгаасай гэж хүсэж байна. Би та бүхнийг өөрчлөлт, нийгмийн эрх тэгш байдал болоод өнгөт арьст хүмүүсийг дэмжихэд л хамаг анхаарлаа хандуулаасай гэж хүсэж байна. Бүгдэд нь хайртай шүү" хэмээжээ. 

Тэгвэл өчигдөрхөн Joji-гийн харьяалагддаг Ази дуучдын хөгжмийн компани "88rising" түүний шинэхэн цомог цацагдахад 56 өдөр үлдээд байгааг санууллаа. Залуу дуучин маань хоёр жилийн өмнө "BALLADS 1" бүрэн хэмжээний цомгоо цацсан тул шүтэн бишрэгчид нь багагүй өндөр хүлээлттэй байгаа юм. 

Та бүхэн дуучин Joji-гийн талаар илүү ихийг уншихыг хүсвэл ЭНД дараарай!

#Joji #Цомог #Nectar