ҮЗЭЭД ҮЗ: Сэтгэл догдлуулам “Youth of May”


Бид өмнөх нийтлэлдээ жихүүдэс хүргэм “Girl From Nowhere” (2018) цувралыг танилцуулсан бол энэ удаа хайр татсан “Youth of May” бүтээлийг санал болгож байна. Мэдээж энэхүү нийтлэлд ямар ч спойлер агуулагдаагүй.

“YOUTH OF MAY” ГЭЖ ЮУ ВЭ?

“Youth of May” цуврал нь энэ сарын 3-наас эхлэн KBS телевизийн хоёрдугаар сувгаар гарч эхэлсэн бөгөөд нийт 12 ангитай. Зохиолчоор “Spy” (2015) цувралын Lee Kang, найруулагчаар “Doctor Prisoner” (2019) киноны Song Min Yeop нар ажиллажээ. Одоогоор хоёр анги нь үзэгчдийн хүртээл болсон ба орон даяар 4.7 хувийн үзүүлэлттэй байна.

ЯАГААД ҮЗЭХ ЁСТОЙ ВЭ?

Энэхүү бүтээлд 1980 оны Куанжүгийн бослогын үеэр учирсан залуу хосын хайрын түүхийг өгүүлнэ. Уншигч та бүхэн уянгын “Тавдугаар сарын залуу нас” цувралаа тавдугаар сардаа багтан үзээрэй. Үргэлжлүүлэн тус киноны тухай сонирхолтой долоон баримтыг хүргэе.

1. ТҮҮХЭН ЦАГ ҮЕ

Найруулагч Song Min Yeop-ын хэлж буйгаар “1980 оны Куанжүгийн бослого бол залуусын хайр, харуусал, үзэн ядалтын түүхэн дурсамж. Бид тухайн цаг үеийн бослогыг бус тэр үед амьдарч байсан хүмүүсийн түүхийг л өгүүлэхийг хүссэн. Тэдгээр залуус нийгмийн гэнэтийн өөрчлөлтийг хэрхэн даван туулсныг манай бүтээлээс үзээрэй” хэмээсэн юм.

Харин кино багийнхны хувьд түүхэн цаг үеийн орчин, хүмүүсийн дүр төрх зэрэг жижиг хэсэг бүр дээр маш нарийн судалгаа хийж ажилласан байна. Энэ тухайгаа “1980 оны зүрх шимшрэм өдрүүдийг харуулахын тулд энгийн гудамжнаас эхлээд жүжигчдийн гадаад байдалд ихээхэн анхаарлаа хандуулсан” хэмээн ярьжээ.

2. АХ ДҮҮ БА ДУРЛАЛТ ХОС

Энэхүү цувралын гол дүрийн жүжигчид болох Lee Do Hyun, Go Min Si нар нь 2020 онд Netflix-ийн “Sweet Home” бүтээлд ах дүү хоёрын дүрийг бүтээсэн юм. Харин энэ удаа тэд дурлалт хосын дүрээр эргэн ирж байна. Тус хамтралын тухай жүжигчид ийнхүү өгүүлжээ.

Go Min Si: Зохиолоо анх уншиж байхдаа гол дүрийн эрэгтэйд Lee Do Hyun-ыг тохирохоор юм байна даа гэж бодож байсан юм. Гэтэл энэ дүрд түүнийг жинхэнээсээ тоглох болсныг сонсоод үнэхээр гайхсан. Би түүнтэй дахин хамтарч ажиллах болсондоо баяртай байна.

Lee Do Hyun: Go Min Si бид хоёр өмнөх хамтралдаа ах дүү болсон бол энэ удаа хоёр биенээ хайрын нүдээр харах хэрэгтэй болж байна. Бид дүрээ яаж гаргах тухай маш их ярилцсан. Яавал үзэгчдийн сэтгэлийг догдлуулж чадах бол? Ямар төрх гаргах ёстой юм бол? гээд л найруулагчтайгаа их зөвлөлдсөн.

3. ДҮРЭЭ ТОДОРХОЙЛСОН НЬ

Жүжигчин Lee Do Hyun-ы хэлж буйгаар “Hee Tae бол ганцаардмал нэгэн. Тэр хайнга, хөнгөн зантай юм шиг харагддаг ч дотроо их зүйл боддог хүн л дээ. Тэр талаараа надтай төстэй санагдсан” хэмээн хэвлэлийн бага хурлын үеэрээ ярьжээ.

Харин жүжигчин Go Min Si-гийн хувьд “Миний дүр надад маш их хүч өгсөн юм шиг санагдаж байна. Учир нь би түүхэн болон уянгын төрлийн кинонд дүр бүтээхийг үргэлж хүсдэг байсан. Тийм ч учраас энэ цуврал миний хувьд яг л хувь тавилангийн бэлэг шиг санагдаж байна. Би дүрдээ илүү сайн орохын тулд 1980 оны бослогын тухай судалгаа их хийсэн” хэмээн ярьсан юм.

4. ЖҮЖИГЧИН LEE DO HYUN

Та киноны гол дүрийн эрэгтэй жүжигчний тухай сонирхож магадгүй. Тэгвэл 2017 онд жүжигчний гараагаа эхэлсэн Lee Do Hyun нь “Hotel Del Luna” (2019), “Sweet Home” (2020), “18 Again” (2020) зэрэг цувралуудад дүр бүтээж богино хугацаанд амжилтад хүрсэн залуу жүжигчин юм.

Түүний тухай сонирхолтой баримтаас дурдахад тэрээр их сургуулийн шалгалтдаа унаж байсан бөгөөд энэ тухай “Би өөрийнхөө гадаад төрх, жүжиглэх чадвартаа хэтэрхий бардаад жүжигчний ангид тэнцэж чадаагүй. Тухайн үед би даруу төлөв байх хэрэгтэй тухай маш сайн ойлгож авсан. Тийнхүү нэг жилийн турш сайн бэлдэж байгаад хүссэн ангидаа орж байлаа” хэмээн нэгэн ярилцлагадаа хэлж байжээ.

5. ДҮРЭЭ БҮТЭЭХ ҮЕДЭЭ ЯМАР МЭДРЭМЖ АВСАН БЭ?

Hwang Hee Tae-гийн дүрийг бүтээсэн жүжигчин Lee Do Hyun “Тухайн цаг үед амьдарч үзээгүй учраас яах ч аргагүй аав ээж болон бусад хүмүүсээс зөвлөгөө, тусламж авах шаардлага гарсан. Үүн дээр багагүй хугацааг зарцуулсан л даа. Энэ цуврал надад “Энэ чинь л залуу нас” гэх мэдрэмжийг өгсөн” хэмээн ярьсан юм.

Харин Kim Myung Hee-гийн дүрд тоглосон жүжигчин Go Min Si хэлэхдээ “Түүний мөрөөдлөө биелүүлэх гэсэн тууштай зүтгэл, хэнээс ч хараат бус зан чанар, гэр бүлийн харилцаа зэрэг нь надтай төстэй юм шиг санагдсан. Одоог хүртэл бүтээсэн дүрүүдээс маань тэс өөр хүн учраас үргэлж шинэлэг мэдрэмж авч байлаа. Үзэгчид миний шинэ төрхийг харна гэж найдаж байна” хэмээжээ.

6. ДУРЛАЛТ ХОСЫГ “САЛГАГЧ” OH MAN SEOK

Өмнөд Солонгосын олон ангит киноны үнэнч үзэгчид жүжигчин Oh Man Seok-т “Дурлалт хосыг салгагч” хэмээх хоч өгчээ. Үүний шалтгаан нь тэрээр “Crash Landing On You” (2019) цувралд гол дүрийн хосыг салгахыг хүсэж буй Cho Cheol Gang хэмээх дүрийг бүтээж байсан юм.

Тэрээр энэхүү кинонд ч ижил зорилготой байгаа тул ийм хоч авахад хүрчээ. Ихэнхдээ эсрэг талын дүр бүтээдэг жүжигчин Oh Man Seok-ын эерэг дүрийг харахыг хүсвэл харин “Partners for Justice” цувралын хоёрдугаар бүлгийг үзээрэй.

7. ЖҮЖИГЧИН GO MIN SI-ГИЙН ХЭРЭГ

Өдгөө 26 настай жүжигчин Go Min Si-г насанд хүрээгүй байхдаа согтууруулах ундаа хэрэглэсэн гэх мэдээ өнгөрсөн гуравдугаар сард цацагдсан юм. Харин тэрээр энэ асуудлын тухай удаах өдөр нь мэдэгдэл хийж болсон явдлыг хүлээн зөвшөөрчээ. Түүнчлэн өөрийн цахим хуудсанд буруутай үйлдэлдээ уучлал хүсэж захидал бичсэн бөгөөд илүү сайн хүн болохоо амласан юм. Азаар уг хэрэг түүний жүжигчний карьерт муу нөлөө үзүүлээгүй билээ.

Сэтгэл догдлуулам хайрын түүхийн тухай өгүүлэх “Youth of May” цувралын танилцуулга бичлэгийг хүргэж байна. Та нар минь зүгээр л үзээд үз!

Эх сурвалж: Soompi, Wikipedia

#Кино урлаг #Үзээд үз #Youth of May