Утас, ТВ ба ЖИН НЭМЭХ шалтгаан


Миау | YOLO.MN
2020-05-23

Та жингээ барихаар эсвэл хасахаар шийдсэн бол идэж буй хоол хүнсэндээ ихээхэн анхаарал хандуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хооллох үедээ зурагт үзэх, утсаараа оролдох, ямар нэгэн зүйлд яарах зэрэг нь таныг зохих хэмжээнээс илүү их хэмжээгээр хооллох шалтгаан болдог гэдгийг нэгэн судалгаагаар тогтоожээ. 

Их Британийн Бирмингемийн их сургуулийн судалгааны багийн хамт олон анхаарал болон ой тогтоолт нь бидний хоол хүнсний хэрэглээнд хэрхэн нөлөөлдөг талаар судалгаа хийжээ. Тэд судалгаанд оролцсон хүмүүсийг хоёр бүлэгт хуваан, эхний бүлгийн хүмүүсийг хоол идэж байхад нь зурагт үзүүлсэн бол нөгөө бүлгийн хүмүүсийг хоол идэж байхад нь  юу ч үзүүлээгүй аж. 

Ингээд энэхүү судалгаанаас тэд дараах хоёр дүгнэлтэд хүрчээ. Үүнд:

- Хооллох үедээ өөр зүйлд сатаарах нь хэт их хэмжээгээр идэхэд хүргэдэг. 

- Хоолондоо анхаарал хандуулах нь дараа нь таныг бага хэмжээгээр хооллоход тусалдаг.

Судалгааны үр дүн их сонирхолтой байгаа биз? Бид өдрийн туршид хэр их хэмжээний хоол идэх нь дан ганц өлсөх мэдрэмжтэй холбоогүй байдаг байх нь. Өөрөөр хэлбэл анхаарал болон ой санамж ч мөн үүнд нөлөөлдөг аж. Жишээлбэл та хоолоо идэж эхэлснээс дунджаар 20 гаруй минутын дараа таны тархинд "өлсөхөө больчихлоо", "цадсан" гэсэн дохионууд ирдэг байна. Тиймээс та идэж буй хоолноосоо өөр зүйлд анхаарлаа хандуулбал 20 минутын туршид идэх байсан хоолноосоо хамаагүй их хэмжээтэй хоолыг өөрийн мэдэлгүй л идчихсэн сууж байх болно.

Мөн та ой санамж үүнтэй ямар холбоо хамааралтай юм бол гэж гайхаж байж магадгүй. Хүн идэж байгаа хоол хүнснийхээ талаар тодорхой хугацааны турш бодоход тархи энэхүү мэдээллийг хүлээн авч боловсруулдаг. Харин та хоол идэж байхдаа өөр зүйлд анхаарлаа хандуулбал "хоол идсэн" гэдэг үйлдлийг тархиндаа боловсруулахгүйгээр орхигдуулдаг гэсэн үг. Ингээд хооллочихсон гэдэг дурсамж тархинд тань үлдээгүй учраас хэсэгхэн хугацааны дараа дахин хооллох талаар бодож эхэлдэг байна. 

БОДОЛТОЙ ИДЭЦГЭЭЕ

Та эрүүл, зөв хооллохын тулд ямар хүнсний бүтээгдэхүүн сонгохоос гадна хоолоо хэрхэн идэж байгаадаа ч анхаарал хандуулах хэрэгтэй. Хооллох үеэр зурагт үзэх, утсаа оролдох, ном унших зэргээр өөрийгөө сатааруулахын оронд идэж байгаа хоолныхоо өнгө, үнэр, амт, хэлбэрийг ажигла, мэдэр. Гэхдээ энэ нь танд цоо шинэ зүйл мэт санагдаж байвал дараах алхмуудыг хэрэгжүүлж өөрийгөө бага багаар дасгаарай. 

1. Та өмнө нь хэзээ ч өөр зүйлд сатаарахгүйгээр хооллож байгаагүй бол өдөрт нэг л удаа "бодолтой" идэх гэж оролдоорой

2. Утсан дээрээ 20 минутын хугацаатай сэрүүлэг тавиад дундаж хэмжээтэй тавганд хоолоо аягалаарай. 

3. Солгой гараараа халбага/сэрээгээ бариарай. 

4. Савх тогтмол ашигладаггүй бол савхаар идээрэй. 

5. Таван минутын туршид ямар ч дуу чимээ гаргахгүйгээр энэ хоол хүнс бүтэхэд ямар ямар шат дамжлагуудыг дамжсан талаар бодоорой. 

6. Хоолоо бага багаар халбага/сэрээдэж сайтар зажлаарай. 

7. Хөргөгч, шүүгээгээ онгойлгохоосоо өмнө өөрөөсөө "Би үнэхээр өлсөж байна уу?" гэж өөрөөсөө асууж байгаарай. 

Ходоод хогийн сав биш гэдэг үг байдаг шүү дээ. Та нэгэнт л эрүүл хооллохоор шийдсэн бол өөрийн ходоодонд ямар бүтээгдэхүүн орж, тэрийгээ хэрхэн идэж байгаадаа хүртэл анхаарах шаардлагатайг энэхүү нийтлэлийг уншаад ойлгосон байх гэж найдаж байна. 

Ямарваа нэг зүйлийг 21 хоногийн турш дагаж хийхэд зуршил болдог гэдэг тул эхний нэг хоног эсвэл долоо хоног дагаж хийгээд ч ямар нэгэн өөрчлөлт гарч ирээгүй бол битгий шантраарай. 

Эх сурвалж: Health Harvard

#Хооллолт #Эрүүл мэнд #Зөвлөгөө