Н. Булгантамир: Монгол улсад залуучууд нь ДАРХЛААТАЙ байх ёстой


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2020-04-13

YOLO.mn сайтын ярилцлагын хамгийн анхны зочдын нэг бол Н. Булгантамир. Тухайн үед манай сайтад ярилцлага өгөхдөө тэрээр ЕБС-ийн 12-р ангийн сурагч байсан бол өдгөө их сургуулиа төгсчихсөн амжилттай явж байна. Саяхан л монгол подкастуудын жагсаалтыг тэргүүлж явсан “Оюунлаг” подкастын үүсгэн байгуулагч, хөтлөгч, "Залуус өөрчлөлтийн төлөө" үндэсний хөдөлгөөний нарийн бичгийн дарга Н. Булгантамиртай хийсэн ярилцлагыг хүлээн авна уу. 


YOLO: Саяхан "Оюунлаг" подкаст нь монгол подкастуудын жагсаалтыг тэргүүлж явсан шүү дээ. Подкастаа хэзээнээс хөтөлж эхэлсэн бэ? Яагаад подкаст хөтөлье гэж шийдсэн бэ?

- Баярлалаа. Би цахим хуудсан дахь залууст уриалга болгож дандаа л нэг зүйлийг хэлж, бичиж сануулдаг. Аж үйлдвэрлэлийн 4-р хувьсгал гэдэг зүйл өнөөдөр эд дундаа буюу хүнээр зүйрлэвэл залуу насан дээрээ явж байна. Бүх зүйл цахим болсоор л байна. Харин бид хөгжилтэй хөл нийлүүлэн алхахын оронд болохгүй байна, бүтэхгүй байна гэх мэтчилэн шалтаг хайсаар байдаг. Тиймээс нийгмийн тодорхой хэсэг болсон залуучуудад урам зориг, илүү ихийг мэдэх гүүр нь болоосой гэж хүссэн дээ. "Оюунлаг" клубийн эрхлэн гаргадаг "Оюунлаг" подкаст нь оюутнуудын хөгжилд хувь нэмрээ оруулдаг хамгийн том подкаст болох зорилго өвөртөлсөн байгаа. Яг үнэндээ уг жагсаалтыг тэргүүлж байгаа ч тэргүүлж байна уу, аль эсвэл хамгийн сүүлд байна уу гэдэг нь чухал биш. Тогтмол сонсдог зуун залуус маань хөгжих нь л чухал юм. 

YOLOОюунлаг подкаст номын булантай юм билээ. Номын тухай ярилцдаг олон подкаст байдаг шүү дээ. Тэднээс ялгарах онцлог нь юу вэ?

- Хамгийн гунигт үнэн бол амьдрал "хязгаартай" байдаг явдал. Өнөөдрийг хүртэл хүн төрөлхтөн мөнх амьдрах аргыг олоогүй байгаа учраас амьдарсан шиг амьдрах хэрэгтэй. Олон ертөнцөөр аялан, олон хүсэл мөрөөдөлтэй танилцаж, олон чиг хандлагад суралцахад энэ булан нэн чухал. Гэхдээ энэ подкастын бусад поскастуудаас ялгарах гол зүйл бол Gen Z үеийнхэн хөтөлж, оролцдогт оршино. Тэдний ярилцах сэдэв, ойлголцох шугам ойр шүү дээ. 


YOLOХүмүүс түгээмэл зүйл рүү орж хүчээ сорихоос эмээдэг. Өөрөөр хэлбэл удаан хугацааны туршид үйл ажиллагаагаа явуулж буй, олон дагагчидтай подкастууд олон байдаг шүү дээ. Тийм байтал подкаст хөтөлнө гэж шийдэхдээ хэр их итгэлтэй байсан бэ? 

- Монголд маш олон подкаст үйл ажиллагаагаа явуулж байна. Гэхдээ бас подкаст гэж юу байдгийг ч мэдэхгүй залуус бий. Тиймээс л энэ салбарт бидний орон зай байгаа гэсэн арвин итгэлтэй байсан. 

YOLOОюунлаг подкастыг өдгөө хэчнээн хүн дагаж, сонсдог бол?

- Миний хувьд "Оюунлаг" подкастыг зөвхөн хөтлөн явуулдаг. Уг подкастыг надтай хамт хөтлөн, бусад шаардлагатай зүйлсийг бүгдийг нь хийдэг Энхмарал гэж охин бий. Тэр хүн л сайн мэднэ дээ. Миний санаж байгаагаар л гэхэд зарим дугаарыг маань 1500 орчим хүн сонссон байсан. Гэхдээ надтай байнгын үзэл бодлоо солилцдог 10 гаруй залуус бий. Тэд маань миний хувьд шагнал шиг л байдаг. 

YOLOМагадгүй уншигчид маань сонсох дуртай подкаст нь хэрхэн бүтдэгийг мэдэхийг хүсэх байх. Подкастаа хэрхэн хийдэг вэ? Ер нь подкаст хийхэд мэргэжлийн студи гэх мэт зүйлс хэрэгтэй юу? Хүмүүс ямар нэгэн байдлаар надад ийм юм байхгүй, ингэж чадахгүй хэмээн шалтаг тоочиж ажлаа эхлүүлэхээс айдаг шүү дээ.

- Бидний аав ээж нарын лааны гэрэлд суралцдаг байсан үетэй харьцуулахад бид дэндүү жаргалтай амьдарч байна шүү дээ. Подкаст хийхэд үнэндээ тийм мэргэжлийн төхөөрөмжүүд шаардагддаггүй. Бидний хувьд iPhone 6 болон iPhone 7 загварын гар утас л хангалттай байдаг. Подкастын зорилго нь хүмүүст мэдээ мэдээлэл өгч, мэдлэг олгох гүүр нь болох байдаг тул сонсоход эвтэйхэн, чихэнд чийргүй байлгах тал дээр л анхаардаг. 


YOLO“Оюунлаг залуусын давлагаа” ТББ-ынхаа тухай ярихгүй юу? Үүссэн түүх болоод ямар үйл ажиллагаа явуулдаг гэх мэт. 

- Анх 2015 онд 16 настай хэдэн залуус нийлээд "B.FIVE ЗАЛУУСЫН ДАВЛАГАА" гэдэг клуб байгуулсан юм. Бид олон хүнд туслан, олон газар цэвэрлэж, олон ч зүйлийг чадлаараа хийсэн. 18 нас хүрээд залуустайгаа ярилцаад энэ клубаа ТББ болгох гээд Улсын бүртгэлийн газарт очиж бүртгүүлсэн дээ. "Оюунлаг Залуусын Давлагаа" НҮТББ нь ЕБС-ийн сургуулийн сурагчдын "Франклин" клубийн үйл ажиллагааг хариуцан ажилладаг бөгөөд одоогийн байдлаар тогтмол сургалтын баг гарган ажиллаж байна. Харин миний хувьд одоогийн байдлаар "Залуус өөрчлөлтийн төлөө" үндэсний хөдөлгөөний нарийн бичгийн үүрэгт ажлыг хариуцан ажиллаж байна. 

YOLOУг ТББ нь ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?

- "Залуус өөрчлөлтийн төлөө" үндэсний хөдөлгөөн нь монгол хүний үндсэн арван үзүүлэлтийг гарган тэднийг залуучуудад мөрдлөг болгох тал дээр анхаарч ажиллаж байна. Тэдний нэг нь "Оюунлаг" подкастыг эрхлэн гаргадаг "Оюунлаг" клуб юм. 

YOLOИх сургуулиудад салбар байгууллагатай юм билээ. Одоогоор хэчнээн сургуультай хамтарч ажилладаг вэ?

- Оюунлаг клубийн хувьд Монгол Улсын Их Сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Анагаахын Шинжлэх Ухааны Их Сургууль, Дотоод Хэргийн Их Сургууль, Соёл Урлагийн Их Сургууль, Отгонтэнгэр Их Сургууль, Их Засаг Олон Улсын Их Сургууль, Этүгэн Их Сургуульд үйл ажиллагаа явуулдаг.


YOLOУг ТББ, клуб нь байгуулагдсанаар залууст ямар дэвшилтэт үр дүн өгсөн бэ?

- Арга хэмжээнд маань хамрагдсан залуус тун удахгүй нийгэмд тодорхой хэмжээний дуу хоолойг хүргээд ирэхээр үр дүн нь харагдана гэдэгт итгэдэг. Өнөөдөр ямар нэгэн судалгаа хэлэх амархан ч энэ бол тийм ч сайн зүйл биш. 

YOLOТэгвэл подкастын хувьд цаашдаа ямар зорилго тавьж байна вэ?

- "Оюунлаг" подкастын хувьд илүү олон залуусыг БОЛОВСРОЛЫН БОЛЗООНД урих төлөвлөгөөтэй байна. Энэ бүхэн удахгүй ил гарах болно. 

YOLOТа өөрөө ямар подкаст сонсох дуртай вэ?

- H.Ганбилэг найзынхаа хөтлөн явуулдаг "Нарнаас том А" подкастыг сонсдог доо. Их зөв хүмүүстэй ярилцаж, хүлээлт үүсгэж чаддаг подкаст гэж боддог. Ер нь сонсох нь мэдээлэл авах хамгийн хялбар бас түгээмэл арга шүү дээ.

YOLOН.Булгантамир маань Yolo.mn сайтад 12-р ангидаа ярилцлага өгч байсан. Тэр үед илтгэлийн аварга хүү байсан. Өдгөө илтгэх урлаг, мэтгэлцээнээрээ тэмцээн уралдаанд оролцож байгаа юу? ОУ-д хүч үзэж буй сураг дуулдсан.

- Би YOLO.mn сайтын анхны зочдын нэг байсан гэж боддог. Тухайн үед Илтгэх ур чадварын улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлээд үүнтэйгээ холбоотой ярилцлага өгч байсан. Саяхан буюу өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 26-аас энэ оны нэгдүгээр сарын 3-ны хооронд зохион байгуулагдсан Дэлхийн их сургуулиудын мэтгэлцээний аварга шалгаруулах тэмцээнд улсаа төлөөлөн оролцоод ирсэн.

YOLOТэгвэл оюутан болсноос хойших сонин хачнаасаа хуваалцаач. Уншигчидтай маань уулзаагүй удлаа. Энэ хугацаанд илтгэх урлаг мэтгэлцээний хувьд яаж өсөж дэвжсэн бэ?

Оюутны нэгдүгээр курсийн хувьд: 

- Хувь хүний хөгжлийн "Франклин" клубийг байгууллаа. Хувь хүний хөгжлийн "Франклин" клуб нь дунд болон ахлах ангийн сурагчдад зориулан үйл ажиллагаа явуулдаг бөгөөд одоогийн байдлаар 3000 гаруй залуучуудад хүрч ажилласан байна. Энэ хугацаанд манай клуб Мэтгэлцээний улсын аварга шалгаруулах тэмцээнд хоёр ч удаа түрүүлэн улсын аварга клуб болсон. 

Хоёрдугаар курсийн хувьд: 

Их, дээд сургуулийн оюутан байхад оролцооны хамгийн том байгууллага бол Оюутны холбоо шүү дээ. Оюутны холбоонд ороод тус холбооны тэргүүнээр сонгогдон ажиллаж хувьдаа чамлахааргүй амжилт гаргасан гэж боддог. 

Гуравдугаар курсийн хувьд: 

Их, дээд сургуулийн оюутан байна гэдэг бол судлаач болох хамгийн том шалгуурыг хангах ёстой. Тийм учраас судалгааны ажил дээрээ тогтмол ажиллан тодорхой амжилтуудыг гаргаж байсан. 

Дөрөвдүгээр курсийн хувьд:

"Ирээдүйн эзэд" мэргэжил сонголтын аяны хүрээнд Монгол улсын 21 аймаг, 9 дүүрэгт очиж "Life Is Unfiar" сэдэвт лекцийг хэлэлцүүлсэн. Мөн "Оюунлаг" клубийг үүсгэн байгуулан өнөөдрийн энэ клуб, энэ подкастыг төлөвлөн амжилттай хэрэгжүүлэн явч байна. 


YOLOСурагчийн ширээнээс оюутны ширээнд сууж одоо олон олон зүйлсийг санаачилж явахад Н.Булгантамир гэх хүн хувь хүнийхээ хувьд хэрхэн өөрчлөгдсөн бэ?

- Хүн байх ухаанд, алдсан ч тунгаагаад дахих, унасан ч өвдгөө гөвөөд босох ухаанд л суралцаж явна даа. Зорилгоо хуваалцах найз охинтой боллоо. Миний хамгийн том өөрчлөлт бол тэр минь л байна даа. Тэр минь одоогоор АНУ-д бакалаврын зэргээ хамгаалахаар суралцаж байгаа учраас заримдаа бас санах юм. Сонирхуулан хэлэхэд түүнтэйгээ хамт дэлхийн хэмжээний тэмцээнд нэг баг болон өрсөлдөж үзсэн. Бид илүү сайхан ирээдүйн төлөө өдөр бүр л хичээж явна. 

YOLOЗөвхөн өөрийн чинь маш сайн хийж чаддаг зүйл юу вэ?

- Зөвхөн миний чадах зүйл гээд ямар нэгэн ур чадвар, аль эсвэл тодорхой салбарын нэг хэлэх гэсэн ч үнэхээр чадахгүй юм байна. Зөвхөн миний л чадах зүйл бол Анударь гээд өхөөрдөм охинтой амьдралын төлөө хэзээ ч ухрахгүй, буцахгүй, цуцахгүй явах л юм даа. Тэрийг бол харин ч нэг чадсан шиг чадна шүү. 


YOLOСаяхан орцоо угааж залуучуудаа уриалж буй зураг нь Фэйсбүүкт их харагдсан. Хүмүүс сонгуулийн сурталчилгаа гэх мэтээр хүлээж авч байсан. Энэ тухайд өөрийн үзэл бодлыг хуваалцахгүй юу?

- Нийслэлийн Засаг Даргын тамгын газраас Улаанбаатар хотын 380 жилийн ойн хүрээнд “Хотын соёлд манлайлцгаая” оюутны хөгжлийн хөтөлбөрийг санаачилсан. Миний хувьд тэр төслийг ахлан ажилласан юм л даа. Тэгээд олон залуучуудтай санал бодлоо солилцох үед зүгээр л нэг яриад өнгөрдөг биш, түүнийгээ хийж хэрэгжүүлдэг байх л гэсэн юм. За тэгээд хэлэх дуртай үг минь байдаг даа. Буянаараа болог гэж л хэлмээр байна. Би хийсэн зүйлээ буруу гэж бодохгүй байгаа. Шүүмжлэхийн дон туссан Монгол улсад залуучууд маань хангалттай дархлаатай байх ёстой доо. 

YOLOЕр нь улс төрд орох бодол байдаг уу?

- Чадваргүй залуучууд гарч болохгүй шүү дээ. Адаглаад нэг шинжлэх ухааны хормойд нь зүүгдэж чадвал тийм зүйл бодож болох юм. Одоо бол хөдлөх байтугай бодоход ч эрт байна. 


YOLOНайз охинтойгоо хамт влог хөтөлдөг. Уг влог нь ямар зорилготой влог вэ? Ажлын төлөвлөгөөний дагуу явагддаг влог уу, эсвэл зүгээр л хосын влог уу? 

- Сая дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явахдаа влог хийж эхэлсэн. Олон олон мэтгэлцэгчид явахыг хүсдэг тэмцээнд бид хосоороо явсан шүү дээ. Дурсамжаа тэрлэх дэвтэр минь байгаасай л гэж бодсон. Бид 30 жилийн дараа залуу насаа дурсаад бие биедээ эрхлэн үзэх хамгийн гайхалтай, үнэ цэнэтэй зүйл байх болов уу гээд бичлэгэн хэлбэрээр хадгалсан маань тэр юм. 

YOLOВлогийх нь нэр "Team Bulgandari". Мэтгэлцдэг хүний хувьд шууд л мэтгэлцээнийг баг санаанд орлоо?

- Тиймээ. Булгантамир гэдэг нэрний Булган, Анударь гэдэг нэрний дарь гэдгийг нь авсан юм. Үнсэлцэж байгаа хосууд биш үлгэрлэж байгаа хосууд байхыг хичээдэг. Нэрний хувьд бол Дэлхийн аваргад хосоороо оролцоход Отгонтэнгэр их сургуулийг төлөөлөн оролцсон бөгөөд багийн нэр дээр нь Булгандарь гэж бичээд л эхэлсэн юм даа. 

YOLOСуралцахын хажуугаар энэ их ажлыг хэрхэн амжуулдаг вэ? Ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ?

- Надад тогтсон арга барил байхгүй. Хийх гэсэн хүн аргыг нь олоод хийдэг л юм байна лээ. Гол нь би хүссэн зүйлээ хийдэг. Үнэхээр хүсээд хийх ёстой гэдгээ ойлгочихвол хүн юу л бол юуг л амжуулах юм билээ. 

YOLOӨөрийн тань нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ? 

- Өглөө босоод найз охиндоо мэнд хүргэхээ мартахгүй байхыг хичээдэг. Өдөр бүр бодсон, төлөвлөсөн зүйлээ л хийдэг. Ер нь бол тогтсон зүйл байхгүй ээ. Өдөр бүр өөр байдаг. Заримдаа галзуурмаар завгүй, заримдаа үнэхээр хийх зүйлгүй болсон байдаг. Тэр үедээ номоо уншаад, видео дуудлага хийнэ дээ. Дахиад хэдэн жилийн хугацаанд хол зайтай амьдарцгаана. Энэ хугацаанд бие биедээ "хамт байх боломжгүй" гэх бодол бодуулахааргүй, өдөр тутмын энгийн зүйл ярих яриагаа ч мартацгаахгүй байх ёстой юм шиг санагддаг.

YOLOӨнөө цагийн залуучуудыг дүгнэвэл?

- Манай үеийн зарим залуучууд үнэхээр мундаг байна шүү. Тэд нараа хараад бахархаж, эргээд өөрийгөө голох юм. Харин зарим нэгэн залуусаа хараад нэг сайхан алгадаад авмаар л санагддаг юм. Залуусын дунд туйлшрамтгай зан маш их ажиглагдах болжээ. Нэг хүн үүнийг сайн гээд хэлчихвэл тэр зүйл нь 100 хувь сайн юм шиг хандаж, өөрийн үзэл бодолтойгоо харьцуулан үзэх тохиолдол цөөн байна. Гэхдээ харьцангуй л байна л даа. Тиймээс надад лав тогтсон дүгнэлт өгөх боломж байхгүй мэт. Ямартай ч ихэнх нь өсөх, дэвших, хичээх ёстой гэдгээ ухамсарласан байгааг нь харахад сайхан байдаг. 

YOLOЯрилцлагын төгсгөлд уншигчдад маань хандаж үг хэлэхгүй юу?

- "Be curious". Сониуч байгаарай. Яагаад гэдэг үгтэй найзалсан хүн л юм сурдаг юм байна лээ. Өнөөдрийн зүйлсэд битгий ханаарай. Байгаадаа талархах хэрэгтэй ч битгий ханаж байгаарай л гэж захимаар байна. 

#Оюунлаг подкаст #Амжилт