Кпопын эргэн тойронд: Refund Sisters хамтлаг орлогоо ХАНДИВЛАНА


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2020-10-12

YOLO.mn сайтын хамт олны зүгээс Кпоп сонсох дуртай уншигчдадаа зориулан өнгөрсөн долоо хоногт Кпопын эргэн тойронд болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

REFUND SISTERS ХАМТЛАГ ӨӨРСДИЙН БҮХ ОРЛОГОО БУЯНЫ ҮЙЛСЭД ХАНДИВЛАНА

Дуучин Lee Hyori-гийн санаачилсан Refund Sisters хамтлаг аравдугаар сарын 10-ны өдөр "Don’t Touch Me" хэмээх анхны уран бүтээлээ олны хүртээл болгосон байна.

Refund Sisters нь Lee Hyori, Uhm Jung Hwa, Jessi болон Hwasa нарын хамтарсан охидын хамтлаг аж. Тэдний анхны уран бүтээл албан ёсны клипгүйгээр цацагдсан боловч ганцхан цагийн дотор олон мянган хандалтыг авсан байна. Мөн тус хамтлагийн продюсер Jimmy Yoo-гийн зүгээс Refund Sisters хамтлаг "Don’t Touch Me" дуугаараа олсон бүх орлогоо буяны үйлсэд хандивлахаар болсон гэдгийг мэдэгдсэн байна.

DARA: "НАМАЙГ ДУУЧИН БОЛСНЫ ДАРАА ТАВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД БОЛЗОХЫГ ХОРИГЛОСОН"

Dara "Love Intervention" нэвтрүүлэгт оролцох үеэрээ өөрийн хайр дурлалын амьдралын тухай ярьжээ. 

Dara нэвтрүүлгийн үеэр COVID-19 цар тахал дэгдэхээс өмнө эрчүүдтэй биечлэн уулзахгүйгээр чатлах, мессеж бичих зэргээр холбоо тогтоосон гэдгээ илчилжээ. Тэрээр: 

- “Би дадлагажигч байхдаа хүнтэй үерхэж байгаад баригдаад менежертээ утсаа хураалгаж байсан юм. Хамтлагийн гишүүн болсны дараа нийт 5 жилийн хугацаанд хүнтэй болзохыг хориглосон. Би ч дүрмийг дагаж хүнтэй үерхээгүй. 

Харин саяхнаас хүнтэй болзохоор шийдсэн. Гэхдээ ингэхэд надад нэлээд зориг хэрэгтэй байгаа. Мөн энэ завшааныг ашиглан хуучин найз залуусаасаа уучлалт гуйж байна" гэжээ. 

"MAMA-2020" НААДМЫН ТОВЫГ ЗАРЛАЛАА

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "Mnet Asian Music Awards" үйл ажиллагааны тов зарлагдсан байна.

Энэ жилийн ёслолын үйл ажиллагаа арванхоёрдугаар сарын 6-нд болох бөгөөд зохион байгуулах газар нь хараахан зарлагдаагүй байгаа аж. Мөн тус наадмыг хүмүүс онлайнаар үзэх, аль эсвэл биечлэн очиж үзэх эсэх нь одоогоор тодорхойгүй байна. 

DARA, EUNKWANG НАР "IDOL LEAGUE" НЭВТРҮҮЛГИЙН ХӨТЛӨГЧӨӨР АЖИЛЛАНА

2NE1 хамтлагийн гишүүн Dara болон BTOB хамтлагийн гишүүн Eunkwang нар STATV телевизийн сувгийн "Idol League" нэвтрүүлгийн хөтлөгчөөр сонгогдсон байна. 

Тус нэвтрүүлгийн шинэ улирлын эхний дугаар энэ сарын 17-нд цацагдах аж. Харин анхны зочноор ASTRO хамтлагийн Moonbin болон Sanha нар оролцох юм байна. 

BLACKPINK ХАМТЛАГ "RUNNING MAN" НЭВТРҮҮЛЭГТ ОРОЛЦЖЭЭ

BLACKPINK хамтлаг SBS телевизийн сувгийн "Running Man" нэвтрүүлэгт оролцсон байна.

YG энтертайнментаас мэдэгдсэнээр, BLACKPINK хамтлаг нийт 3 жил 10 сарын дараа тус нэвтрүүлэгт оролцож байгаа аж. Хамтлагийн гишүүд өнгөрсөн долоо хоногт "Knowing Brothers" нэвтрүүлэгт оролцсон билээ.

BIGBANG T.O.P ЦАХИМ ХАЯГТАА 8 САЯ ДОЛЛАРЫН ҮНЭТЭЙ ЗУРАГ ОРУУЛЖЭЭ

BIGBANG хамтлагийн гишүүн T.O.P нь алдартай реппэр төдийгүй Ази тивийн нэртэй уран зураг цуглуулагчдын нэг юм.

Тэрээр өөрийн цуглуулга болон шинээр худалдаж авсан уран зургуудаа Инстаграм хаягаараа дамжуулан шүтэн бишрэгчидтэйгээ хуваалцдаг билээ. Тиймээс хүмүүс түүний Инстаграм хуудсыг “цахим музей” гэж хошигнодог гэнэ шүү. 

Харин T.O.P өнгөрсөн долоо хоногт Америкийн зураач Frank Stella-гийн нэгэн бүтээлийг нийтэлсэн бөгөөд уг зураг нь 8,879,400 ам.доллараар үнэлэгддэг аж. Энэхүү бүтээл интернет хэрэглэгчдийн дунд багагүй шуугиан тарьсан бөгөөд ихэнх хүмүүс “энэ зургийг ийм үнэтэй гэж мэдсэнгүй”, “би 100 доллараар ч худалдаж авахгүй”, “Би ямар ч мэдрэмжгүй хүн бололтой” гэх зэргээр хошигнож бичсэн байна.

Мөн энэ нь T.O.P-ийн ийм өндөр үнээр худалдаж авсан анхны бүтээл биш бөгөөд түүнд хэдэн арван саяар үнэлэгддэг маш олон урлагийн бүтээлүүд байдаг гэдгийг түүний Инстаграм хуудаснаас харж болно. 

BTS ХАМТЛАГИЙН "DNA" ДУУ YOUTUBE ДЭЭР 1.1 ТЭРБУМ ХАНДАЛТ АВЧЭЭ

Өнөө цагийн Кпоп ертөнцийн шилдэг төлөөлөл, Кпоп дуу хөгжмийг дэлхийд сурталчилж яваа BTS хамтлагийн "DNA" хэмээх уран бүтээл YouTube хуудсанд 1.1 тэрбум хандалт авсан байна.

Уг уран бүтээл нь BTS хамтлагийн "LOVE YOURSELF: Her" цомгийн гол дуу бөгөөд 2017 онд олны хүртээл болсон билээ. Ийнхүү 3 жилийн дараа YouTube хуудас дээр 1.1 тэрбум хандалт авч, Өмнөд Солонгосоос тэрбум гаруй хандалт авсан гурав дахь дуу болсон байна. Тодруулбал, PSY-ийн "Gangnam Style" болон BLACKPINK хамтлагийн "DDU-DU-DDU-DU" хэмээх хоёр уран бүтээл аль хэдийн тэрбум давсан хандалт авжээ.

Баяр хүргэе! BTS

#Кпопын эргэн тойронд