Энэ яваа насандаа ЗААВАЛ ХЭВШҮҮЛЭХ долоон дадал


Эрүүл, аз жаргалтай амьдралын суурь бол зөв зуршил гэдэгтэй маргах хүн үгүй биз. Өдрийн, эсвэл долоо хоног бүрийн багахан хэсгийг зарцуулан хийдэг эдгээр зүйлс таны ирээдүйн амьдралыг тодорхойлдог билээ. Тэгвэл энэ удаад Yolo.mn сайтын хамт олон таны энэ насандаа заавал туршиж үзэх ДОЛООН дадал зуршлыг санал болгож байна. 

1. ХЭРЭГТЭЙ МЭДЭЭЛЭЛ УНШИХ

Өнөөдөр ихэнх хүмүүсийн ном сонин болон чухал мэдээ мэдээллийг уншихаа больсон шалтаг нь “завгүй” гэх ганцхан үг байдаг. Гэвч танд утасныхаа дэлгэцийг ширтэж, хэдэн аппликейшний хооронд эргэлдэх зав байгаа л бол ном унших зав ч байгаа гэсэн үг. 

Өнгөрсөн долоо хоногт та бүхэнд хүргэсэн Дижитал Минимализмийг энэ зуршилтай холбох боломжтой. Өглөө сэрээд хамгийн түрүүнд утасруугаа биш ямар нэг ном руу гараа сунга. Энэ нь бүтэн өдрийн туршид зогсоо зайгүй ажиллах гэж буй тархийг тань илүү эрч хүчтэй, үр дүнтэй байлгахад тусална. Ингэхдээ заавал олон хуудастай, "хүнд" ном унших шаардлагагүй. Өглөөд хувь хүний хөгжилд чиглэсэн, бодит түүх, намтрууд унших нь тохиромжтой байдаг. 

Ихэнх хүмүүсийн хувьд унтахынхаа өмнө утсаа оролдох нь “зуршил” болчихсон байдаг. Тиймдээ ч бидний эргэн тойронд нойрны ямар нэгэн асуудалтай хүмүүс техник технологи өнөөгийнх шиг хөгжөөгүй байсан үеийнхтэй харьцуулахад хамаагүй элбэг болсон. Утас, дэлгэцээс ялгарах цэнхэр туяа нойргүйдлийг үүсгэдэг гэдгийг та урьд нь сонсож байсан биз ээ. Хэт олон сонсчихсон учраас одоо “За, тийм ээ” гээд л өнгөрдөг болчихсон байж магадгүй хэдий ч нэг удаа зориглоод өөр дээрээ туршаад үзээрэй. Орондоо орсон хойноо утас огт хэрэглэлгүйгээр ямар нэгэн төрлийн ном уншаад үз. Ингэснээр зөвхөн нойронд тань төдийгүй хоолны дуршил болон хоол боловсруулах системд тань эерэгээр нөлөөлөх болно.

2. ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙХ

Үр бүтээлтэй байх, сэтгэл санаа сайхан байхад хамгийн ихээр нөлөөлдөг хүчин зүйлсийн нэг бол цэвэр цэлгэр орчинТиймээс оршин буй орчноо цэвэр байлгах нь хэзээд чухал. Бид амралтын өдрүүдээр эсвэл зав гарахаар цэвэрлэнэ хэмээн хойшлуулж явсаар долоо хоногийн сүүлч гэхэд зарим зүйлсээ олохоо больж, шалтгаангүйгээр стрессдэж эхэлдэг.

Тиймээс өдөрт дор хаяж 15 минут гаргаад хичээлийн ширээ, өрөөгөө заавал цэвэрлэж заншаарай. Хэдийгээр нэг их чухал зүйл биш мэт санагдаж болох ч таны цагийг төсөөлөхийн аргагүйгээр хэмнэхийн зэрэгцээ оюун санаагаа ч цэгцтэй байлгахад тань туслах болно. Хийж байсан даалгавраасаа жаахан завсарлага авмаар санагдвал, аль эсвэл ажиллаж байсан төслөөсөө түр зуур ч атугай салмаар санагдвал цэвэрлэгээгээ хийгээрэй!

3. ӨДӨР БҮР ТАЛАРХ

Бусад хүмүүсийн амьдрал амжилттай байж, бүгд л надаас дээр байгаа юм шиг, ганцхан би л юу ч хийж чадахгүй байрандаа таг гацчихсан мэт санагдах үе хүн бүрд л тохиолддог. Гэвч эдгээр бодлуудыг “Бүх хүн л ингэдэг шүү дээ” гээд орхичхож болохгүй.

Ихэнх тохиолдолд ийм төрлийн гутрал нь өөрт байгаа зүйлсэд бус байхгүй бүхэндээ хэт төвлөрснөөс үүсдэг. Тиймээс "яг одоо" гэх цаг мөч ахиад хэзээ ч эргэн ирэхгүй учир өөрийн гэх бүхнээ хайрлаж, талархаж сурах нь хамгийн чухал.

Ингэхийн тулд та өглөө юм уу оройдоо бяцхан цаг гаргаад өөрийн талархаж явдаг 4 зүйлийг жагсаан бичээрэй. Маш жижигхэн, энгийн зүйлс байх тусмаа сайн. Бид үргэлж л том, сүртэй, хүн бүр бидэнд баяр хүргэн шагшин магтах тэр мөчүүдийг л мөрөөдсөөр жижигхэн хэрнээ үзэсгэлэнтэй мөчүүдийг тоолгүй өнгөрөөх гээд байдаг талтай. Тиймээс улам амттай амьдрахын тулд одоо буйдаа талархаж сураарай.

4. ӨӨРТӨӨ ЦАГ ГАРГА

Өөртөө цаг гаргах нь ойлгомжтой зүйл мэт санагдах ч энэ нь "Хүүе" гэхийн завдалгүй урсаад өнгөрдөг амьдралд тоолгүй өнгөрөөчих гээд байдаг зүйлсийн нэг юм. Хүмүүсийн түгших, амархан стрессдэх, сэтгэл санааны хувьд тогтворгүй болох зэрэг нь ихэнх тохиолдолд ганцаардаж сураагүйтэй холбоотой байдаг. 

Тиймээс өөрийнхөө бодол дунд төөрөх цаг танд зайлшгүй хэрэгтэй байдаг шүү. Тэнд л та жинхэнэ өөрийн гэсэн бүхнээ бүтээж, ургуулах учиртай. Энэ нь ямар ч үйлдэл байж болно. Тэмдэглэл хөтлөх, гүйх, ууланд гарах эсвэл бүр нүүрээ будах ч байж болно. Эдгээрийн аль нь танд өөртэйгөө хамт байж, ярилцах боломжийг өгч байна, түүнийгээ л сонго.

5. ХАЙРТАЙ ХҮМҮҮСТЭЭ ЦАГ ГАРГА

Өөрийн гэсэн тулаандаа ялж, ялагдаад хэцүү байсан ч энэ бүхний эцэст "Дэргэд минь үлдээсэй" гэж хүсдэг тэдгээр хүмүүстээ заавал цаг гаргаарай. Өөртөө сайхан мэдрэмж төрүүлэх гэж, аль эсвэл сайн хүний дүр эсгэх гэж ч биш, яг л чин зүрхний хайраар тэдгээр хүмүүсийгээ хайрлаж сураарай. 

Нэн ялангуяа энэхүү нийтлэлийг уншиж буй өсвөр насны охин, хөвгүүн та дараа нь харамсахгүйн тулд гэр бүлийнхэнтэйгээ дотно байхыг хичээгээрэй. Эцэст нь хэчнээн амжилттай, хэчнээн мундаг байлаа гээд зовлон шаналал, жаргал бахархлаа хуваалцах нэгэнгүй байвал уулын оройд цор ганцаараа даарахаас илүү зүйлгүй. Тиймээс боломж байгаа дээрээ зүрхнийхээ гүнээс хайраа түгээгээрэй!

6. ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ХИЙХ

Мэдээж эрүүл зуршил, эрүүл амьдралын хэв маягийн талаар ярьж л байгаа бол дасгал хөдөлгөөний талаар дурдах нь тодорхой. Өдөр бүр фитнесс клубт очин ганц хоёр цагаар дасгал хийх боломжгүй бол ядаж л үд дундад биеийнхээ чилээг гаргаж сунгалтын дасгал хийж хэвшээрэй. /Сунгалтын дасгал хийхээсээ өмнө биеэ халаахыг анхаарна уу./

Үд өнгөрөөд, цайны цаг дуусах үед хүмүүсийн үр бүтээмж илт мэдэгдэхүйц хэмжээгээр унаж эхэлдэг. Харин ингэж үр бүтээмж болон цаг заваа алдахгүй байхыг хүсвэл дасгал хөдөлгөөн хийгээрэй. Хэдхэн энгийн суниалт, сунгалт хийх эсвэл гараад жаахан алхаж, цэвэр агаар амьсгалсан ч болно. Биеэ хөдөлгө. Бие тань биш, тархи тань л залхуураад байгаа юм.

7. ХҮЙТЭН УСАНД ОРОХ

Ингээд хамгийн сүүлд санал болгох зуршил маань тийм ч их дурдагдаад байдаггүй, харьцангуй сонирхолтой зуршил юм. Хүйтэн усанд орох нь цусны эргэлтийг сайжруулах, арьсны өнгийг сэргээх, жингээ хаях гэх зэрэг маш олон төрлийн ашиг тустай. Гэвч эдгээрээс гадна хамгийн чухал нь таныг бодол санааныхаа хувьд хүчирхэг болгоход тусална.

Хүв хүйтэн усанд орох таатай байхгүй нь лав. Тийм учраас ийнхүү таагүй зүйлстэй өөрийн биеэр нүүр тулж, “Ийм зүйлийг үнэхээр хийх хэрэгтэй юу, үгүй юу?” гэх хулчгар хоолойг тань дарахад энэ зуршил туслах юм. Хэрэв шуудхан хүйтэн усанд орж чадахгүй бол хэвийн халуун бүлээн усанд орж байгаад гарах дөхөхөөрөө усны температурыг бага багаар багасгаж 2-3 минут цэл хүйтэн усанд зогссон ч болно. Та амархан даардаг ч удаан дулаацдаг төрлийн хүн бол уснаас гарч ирээд уух халуун зүйлийг усанд орохоосоо өмнө бэлдэж тавихыг зөвлөж байна.

Эдгээр зуршлууд үр дүнгээ өгсөн сая сая хүн байдаг ч, огт тохироогүй хүмүүс ч олон бий. Харин өөрт тохирсон зуршлыг олж мэдэхийн тулд “туршиж үзэх” нь хамгийн чухал алхам юм. Тиймээс та ч бас зориглоод эдгээрийг заавал туршиж үзээрэй. Жинхэнэ үр дүнг нь мэдрэхийн тулд 2-3 өдөр хийчихээд л өөрийгөө өрөвдөөд орхилгүй, дор хаяж 3 долоо хоног заавал өөрийгөө шахаарай!

Танд амжилт хүсье!

#Хувь хүний хөгжил #Эрүүл амьдрал #Зөв дадал