Дижитал минимализм гэж юу вэ?


Техник технологийн ололт амжилтууд өдөр өдрөөр нэмэгдэж, цаг минут тутамд асар хурдтайгаар хөгжиж эхэлснээс хойш хүн төрөлхтөн хэдхэн жилийг ардаа орхисон ч бид урьд өмнө нь хэзээ ч хүрч байгаагүй тийм л өндөр оргилдоо аль хэдийн ирчихээд байгаа билээ. Хүн төрөлхтний хийж гүйцэтгэх ажлыг асар ихээр хөнгөвчлөх үйлдлийн систем, техник технологиуд олноор бий болж буй нь бахархмаар хэрэг хэдий ч өдөр ирэх тусам хүмүүс бүтээсэн бүхнийхээ боол нь болоход ойртсоор л байна. Тэгвэл гар утасгүйгээр гадагш гарч чаддаг хүн тун ховор болсон энэ цаг үед мэдээллээс хоцролгүйгээр, техник технологийн хөгжлийг өөртөө хамгийн ашигтайгаар хэрэглэхэд тань туслах Дижитал минимализмийн аргыг энэ удаагийн дугаараараа хүргэж байна.

XXI зуун гарсаар минималист амьдралын хэв маяг нэлээдгүй олон хүний анхаарлыг татсан. Минималист байх гэдэг нь ухаандаа их хэмжээний үнэ цэнтэй бага тооны зүйлсийг хэрэглэж эзэмших ойлголт юм. Жишээлбэл гэрийн дотоод заслын тухайд маш багахан үнэ цэнэтэй олон тооны эд зүйлсийг хадгалан цуглуулахгүйгээр өөрт хэрэгтэй цөөн тооны зүйлээр гэрээ тохижуулна л гэсэн үг. Хувцасны шүүгээний хувьд ч мөн адил цөөн тооны чанартай хувцсаар л шүүгээг дүүргэнэ. 

Гэвч ихэнх хүмүүс дижитал орчинд цаг хугацааг дэмий хоосон өнгөрөөж, үүнээсээ улбаалан өөрийгөө хангалтгүй мэтээр мэдэрч, эцэст нь өөрийн аз жаргалаасаа "ихээхэн" хэмжээг алдахад хүрдэг байна. Тиймээс дижитал орчиндоо ч мөн минималист амьдралын хэв маягийг авчирснаар анхаарал төвлөрөлт сайжрах, үр бүтээлтэй байх зэргээр амьдралын хэв маягт тань мэдэгдэхүйц эерэг үр дүн гарч чадна. 

Бид түүхэндээ анх удаа ганцаардах хором, мөч бүрийг үгүй хийх боломжтой болсон нь сошиал медиа буюу олон нийтийн сүлжээний ач тус төдийгүй нэгэн төрлийн хараал байлаа. Та утасныхаа түгжээг тайлснаар ганцаараа байж, аливаа зүйлсийг эргэцүүлж, бодол дундаа төөрч, өөртөө дүгнэлт хийх боломжтой бүхий л цаг мөчүүдээс зугтчихаж чадна. Тиймдээ ч орчин үед хүмүүс ариун цэврийн өрөөнд орохдоо хүртэл утсаа бариад орчихдог болсон.

Холбогдож чаддаггүй хүмүүстэйгээ секундийн дотор холбогдож, дэлхийн өнцөг буланд болж буй бүхий л мэдээ мэдээллийг нэг дороос авах боломжтой болсон нь томоохон ололт амжилт хэдий ч ганцаардах цаг хугацаа, оюун санааныхаа хувьд ганцаар байж, биеэ даах нь зөвхөн сонголт төдий зүйл болж хувирснаар хүмүүний анхаарал төвлөрөх хийгээд сэтгэн бодох, бүтээлчээр сэтгэх чадвар буурч эхэлж байгаа юм.

ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН ХОР УРШИГ

"Z" үеийнхний дунд түгших эмгэг болон түүнтэй холбоотой, төстэй сэтгэцийн хам шинжүүд урьд өмнө нь хэзээ ч илэрч байгаагүйгээр илэрч эхэлсэн. Энэ нь тэд оюун санааны хувьд ганцаардаж сураагүйтэй холбоотой аж. Хэцүү үед, хэцүү нөхцөл байдлаас утасруугаа ширтээд л гарчихдаг, ганцаараа өнгөрөөх бүхий л цаг мөчөө Инстаграм, Фэйсбүүк гүйлгээд л өнгөрөөчих боломжтой болсон учраас тэр шүү дээ. 

Үүнээс гадна /ихэнх тохиолдолд /тэдний хүнтэй харилцах чадвар муу байдаг. Хүн бусадтай харилцаж, өөрийн юу хүсч байгаагаа ойлгуулж, тэдний юу хүсч буйг ойлгож мэдрэх чадварынхаа ихэнх хэсгийг өсвөр насандаа олж авдаг. Гэвч харилцааны ихэнх хэсэг нь дижитал хэлбэрт шилжсэнээр бүгдээрээ уулзаад ярилцахаас илүүтэйгээр хоёр гуравхан зурвас, эсвэл эможи илгээхийг илүүд үздэг болчихсон. Ингэснээр бусдын хоолойн өнгө, царайны хувирал, биеийн хэлэмжээс тэдний сэтгэл санааны байдлыг хэрхэн унших болон өөрөө хэрхэн илэрхийлэх зэрэгт суралцаж амжилгүйгээр өсвөр насаа өнгөрүүлдэг. Улмаар хүнтэй нүүр нүүрээ, нэн ялангуяа нүд нүдрүүгээ харан ярилцах, олны өмнө илтгэл тавих зэрэг "амьд" харилцаанаас зугтаж, айж эхэлдэг байна. 

Бас нэгэн сул тал бол анхаарал төвлөрөх чадвар муудах явдал. Инстаграм, Фэйсбүүк дээрх хамгийн дээд тал нь 15 секундийн хугацаанд үргэлжлэх сториг дуустал үздэг хүн ховордсон. Иймээс 20, 30-аад жилийн өмнө энгийнд тооцогддог байсан олон цагийн турш анхаарлаа төвлөрүүлж чаддаг хүмүүс өнөө үед айхтар чадварлаг хүмүүсийн эгнээнд багтах болжээ. 

ТЭГВЭЛ:

Дижитал Минимализмыг хөгжүүлэхийн тулд өөрөөсөө дараах хоёр асуултыг асуун үнэнчээр хариулаарай. 

  • Эхний асуулт бол: “Яагаад би дижитал хэрэглээгээ багасгах ёстой вэ?”

Ихэнх хүмүүсийн хариулт нь “Хэт их цагийг утсаа ширтэж өнгөрөөх нь надад таагүй мэдрэмж төрүүлдэг. Юу ч хийж чадаагүй юм шиг, цагаа үр дүнгүй өнгөрөөгөөд байгаа мэт санагддаг учраас үүнийгээ багасгахыг хүсч байна” гэх хариулт байдаг. Нэг талаараа зөв хариулт боловч үнэхээр л хэрэглээгээ багасгахыг хүсч байвал танд үүнээс ч илүү хүчтэй хариулт хэрэгтэй.

“Би тийм зүйлсийг хийхийг, тийм амжилтад хүрэхийг хүсдэг. Харин түүндээ хүрэхэд надад энэ зүйлс ашигтай бол энэ хэсэг нь ашиггүй” гэх таны зорилго, үнэт зүйлстэй шууд холбоотой хариулт танд хамаагүй удаан хугацаанд, эрүүл харилцаагаа тогтвортой авч үлдэхэд тань тусална.

Жишээ нь “Би загвар, шинэ содон хувцаслалтуудыг сонирхох дуртай учраас Инстаграм голчлон хэрэглэдэг. Гэвч яг үнэндээ түүнийг л харахын тулд би өдөржин утсаа шалгах шаардлагагүй. Инстаграм ороход гарч ирдэг бусад хүмүүсийн амьдрал надад яг хэр их хамаатай вэ? Үнэхээр үнэмлэхүй үнэ цэн байхгүй юм чинь тийм хүмүүсийг дагахаа больчихъё. Тэгээд ч цаг тутам орох шаардлагагүй юм чинь утаснаасаа аппликейшнийг нь устгаад, шинэ санаа авахыг хүссэн үедээ компьютерээр орж байя…” гэх байдлаар дижитал хэрэглээгээ цэгцлэх юм.

  • Хоёр дахь асуулт бол: “Үүнийг хэзээ, хэрхэн ашиглах вэ?” гэх асуулт.

Утсан дээрх аппликейшнуудаа устгаж байхдаа хүмүүс өөрөөсөө “Би үүнийг хэрэглэх үү, үгүй юу?” гэж асуугаад долоо хоногтоо ганцхан удаа хэдэн секунд ашигладаг байсан ч хамаагүй үлдээчихээд байдаг. Тэгвэл зөвхөн ингэж асуулгүйгээр “Яг ямар үед, ямар зорилгоор ашиглах вэ?” гэдгээ маш тодорхой болгоорой.

Жишээлбэл Фэйсбүүк хаягаа дийлэнх үед байнга холбоотой байдаг хүмүүстэйгээ зурвас бичилцэхэд ашигладаг бол өдрийн ямар нэг цагт л тодорхой хугацаанд тэр зорилгоороо хэрэглэ. Өдөр бүр ахин дахин шалгаж, зогсоо зайгүй “Яасан бол доо?” гэж санаа зовдог учраас л та дэлгэцээсээ холдож чадахгүй байгаа юм.

Хэрвээ үнэхээр л Фэйсбүүкээ зөвхөн харилцах зорилгоор ашигладаг бол хамгийн сайн арга нь орой, ажлынхаа төгсгөлд компьютерээр орж байгаад, зурвасуудаа шалгаж хариулах арга. Ингэснээр юун түрүүнд та цагаа маш ихээр хэмнэхээс гадна, өдөр ирэх тусам байн байн зурвасаа шалгах зуршил тань багассанаар илүү чухал зүйлсдээ анхаарлаа бүрэн төвлөрүүлэх боломж ихсэх болно.

Тэгэхээр нэг ёсондоо дижитал минимализмын түлхүүр нь үүнийг хэрэглэхээ болих эсвэл хэсэг хугацаанд завсарлага авахдаа гол нь биш юм. Өөртөө хүчтэй шалтгаан гаргаж, хэрэглээгээ өөрийн үнэт зүйлстэйгээ холбох л чухал хэсэг нь.

Тиймээс та дээрх хоёр асуултыг өөрөөсөө асууж, дижитал минималист болох гээд заавал оролдоод үзээрэй. Бид харин танд тун удахгүй дижитал минимализмыг хэрэгжүүлж болох зарим арга, хүмүүсийн туршлага зэргээс хуваалцах болно.

Adios!

#Дижитал минимализм #Хувь хүний хөгжил