КИНО ТЭМДЭГЛЭЛ: Беллевилийн гурвал (2003)


М.Тэнгис | YOLO.MN
2018-11-23

Тэмдэглэл сийрүүлэн суугаа энэхүү уран бүтээлийн нүүр зураг саяхан цахим орчинд ихэд түгсэн билээ. “Над шиг энэ киног багадаа үзээд юу ч ойлгодоггүй байсан хүмүүс байдаг болов уу?” гэсэн тайлбартай байв. Хачин урт унадаг дугуйн дээр сундалцгаасан урт хамартай, бүлтгэр нүдтэй сүүмгэр харцтай хархүү, жижигхээн биетэй, нүдний шилтэй хижээл насны байрын эмэгтэй гэх мэт санаанаас хэзээ ч үл гарам содон бөгөөд танил тэр дүр төрхүүдийг олж үзээд, өөрийнхөө бага балчир насны дурсамж дурдатгалыг өөрийн эрхгүй онгичлоо. Нээрэн л урьд өмнө хэд гурав үзэж байсан ч, ёстой юу ч ойлгоогүй үлдсэнээ тэр мөчид ойлгов. Тэгсэн атлаа бусад хүүхэлдэйн кинонуудыг үзээд мэдэрдэг тайвшрал, тайтгарлаас тэс ондоо, эвгүй мэдрэмж авч үлдсэнээ анзаарах нь тэр. Ингээд арван хэдэн жилийн дараа уг бүтээлийг дахин нэг үзэхээр шийдэж,  “Одоо үзээд барагтай юм ойлгох байлгүй дээ” гэсэн бодол тээгээд нэрийг нь олж мэдэхээр шулуудсан юм.

“Беллевилийн гурвал”-д эмээ, ач хүү хоёрын нэгэн нандин харилцааг үзүүлэх аж. Хүүгийн сэтгэл хөдлөл тун багатай, барагтай инээж хөхөрдөггүй байдал нь эмээгийн санааг зовоох болж, нохойн гөлөг бэлэглэсэн ч тусыг эс олж буйгаар анимейшн эхэлнэ. Гэтэл үг дуу цөөнтэй тэр хүүгийн жинхэнэ хүсэл мөрөөдөл далд ч гэлээ хүчтэйгээр оршиж байсныг тун удалгүй олж мэдэх ажээ. Тухайлбал, дугаар тутам  алгасалгүй цуглуулсан сонингийн хайчилбаруудаар хийсэн зузаан гэгч дэвтрийг орон дороо нуудаг байсныг жижигхэн биетэй эмээ /жижиг том хоёр гуталтай учир байнга догонцож явна/ санамсаргүй олж үзсэн хэрэг. Хуудас бүрд унадаг дугуйн уралдааны тамирчдын зураг эрээлжилж байгаа нь, хүү битүүхэн унадаг дугуйн тамирчин болохыг мөрөөддөг гэдгийг илэрхийлэхэд хангалттай байлаа. Ийнхүү эмээгээсээ гурван дугуйт бэлгэнд авсан тэр өдөр хүү анх удаа жинхэнээсээ баярлаж, түүнийгээ унан ухаан жудаггүй чавхдаж гарах нь тэр. Хүүгийн унтдаг орны дэргэдэх хананд, аав ээж хоёрын нь унадаг дугуйн дээр мордсон хар цагаан зураг хадаатай байдаг нь тэрхүү хүсэл мөрөөдлийн нь эх ундарга ч байж магад...

Тийнхүү арваад жилийн дараах буюу, унадаг дугуйтай болж сэтгэл нь гийсэн тэр хүүгийн эрийн цээнд хүрээд байх үеийнх нь үйл явдал үргэлжлэн гарах ажээ. Гэтэл ач хүүгийнхээ төлөө өөрийн байдаг бүгдээ зориулах, хоёр нүдээ ухаад өгөхөөс ч  үл буцах сэтгэлтэй эмээгийн хайр хэтийдсэн гэмээр үр дүнд хүргэж орхисон гэлтэй. Учир юу гэвээс, хүү яг л мансуурагчид хар тамхинд хэрхэн донтдогийн адил унадаг дугуйнаас хамааралтай амьдралын хэмнэлд гацаж орхисон байх нь тэр. Өглөө гараад орой хүртэл зай завсаргүй унадаг дугуйн бэлтгэл хийж, амьдарч буй хотынхоо гудамж харгуйг хөндлөн гулд туучих агаад, араас нь мөнөөх эмээ хором алдалгүй харж, дугуйн гишгүүр жийх хэмнэлийг нь барьж байхын тулд мөч бүхэнд  шүгэл үлээн дагах ажээ.

Үдэш болуут эмээ, ач хоёр хамтдаа гэртээ орж  ирэх бөгөөд, олон жилийн өмнө бэлэглэж байсан мөнөөх гөлөг том нохой болсон нь мань хоёрын араас хоол нэхэж хормой хотоос нь зууралдах ажээ. Эмээ ачдаа яаж иддэг юм гэмээр хачин зутан таваглаж өгөөд, хараад суучихна. Оройн хоолоо идэцгээж буй нь тэр. Харин турж эцсэн дөрвөн мөчөө туялзуулан, сүүмгэр, амьдын гал цоггүй нүдээр урдах хоолоо ширтэн, аажуу аажуухнаар халбагадан суух ач хүүгийн дур зураг тун хачирхалтай харагдана. Идэхдээ жин хэмжүүр дээр суусан байх агаад, хязгаар бүхий хэмжээнд хүртэл идчихлээ гэвэл нь сэрүүлэг шиг хонх цангинана. Ингээд хүүгийн идээгүй үлдсэн хоолыг бүтэн өдөржин хоосон ходоодтой хонхолзсон нохойн идүүрт хаяж өгөөд, нохойн санааг нэг амраах ажээ.

Үдэш бүр хийж заншсан дараачийн хачин үйл нь өдөржин дугуй жийж ядарсан хүүгийн шилбэний булчинг амраах иллэг хийх. Нүдэнд эвгүй харагдмаар онцгой содон товойж хөгжсөн шилбэний  нь булчинг эмээ тоос сорогчоо асаагаад соруулж гарах агаад, тэр нь тун хэрэгтэй шинжтэй. Тэгээд хүү орон дээрээ өнөө л сүүмгэр, үг сүггүй чигээр эвхрээд өгнө. Харин эмээ далийж мурийсан дугуйнх нь төмрийг тэгшилж, маргаашийн бэлтгэлд нь зэхнэ.

Галт тэрэг орой бүр хэдэнтээ явж өнгөрдөг гүүрийн яг дэргэд баригдсан сонин хэлбэртэй хуучин байшингийн доторх амьдрал иймэрхүү янзтай. Эмээ, ач, нохой гурав дэндүү уйтгартай, нэгэн хэмнэлд өдөр хоногийг зугуухан үдсээр. Гэртээ ганцаараа үлддэг, өдөржин өлсгөлөн байдаг тэр нохой л амьдралын гал цогоо хадгалж үлдсэн гэмээр ч юм шиг. Гөлгөн нохой байхдаа ач хүүд эмээгийн авч өгсөн тоглоомон галт тэргэнд өшөөтэй болж орхисон учраас, байшингийн хажуудах гүүрээр галт тэрэг их чимээтэй явж өнгөрөх бүрийд цонхон дээрээ очоод хуцаж боргодог зуршилтай.

Энэ л уйтгартай амьдралын хэм хэмнэл нэг л өдөр орвонгоороо өөрчлөгдөнө.

Беллевил хотод зартай том мафийн бүлэглэлүүд нууцаар оршиж, харгис үйл хэрэг явуулж байх ажээ. Мафийн толгойлогчид нь яагаад ч юм бүгд тарвага шиг жижигхэн биетэй, харин хамгаалагч нар нь хувцасны шүүгээ шиг хав дөрвөлжин, өөр хоорондоо усны дусал шиг адилхан. Тэдэнд хууль дүрэм хэзээ ч үйлчлэхгүй, зоогийн газрын зөөгчөөс эхлээд бялдуучлан доль цохих хүн хаа ч тасрахгүй.

Тэд дундаа нэгэн харгис балмад бооцоот уралдаан зохион байгуулдаг заншилтай нь энэ бүхний зангилаа болно. Тодруулбаас, унадаг дугуйн тамирчдыг барьж хориод, үг хэлэх, эсэргүүцэх битгий хэл бодож сэтгэх ч чадваргүй, ухаан солиорсон амьтан болтол нь сургууль хийлгэнэ. Тэр сургууль нь улам бүр урагшлан газар хороож байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлэх хэзээ ч дуусахгүй дүрс бичлэгийг үзүүлж орхиод, шаланд суурилуулсан хөдөлдөггүй дугуйг унуулах аж. Тэдний золиос болсон тамирчид тэрхүү сургуулилтыг олон хоног хийснээр жинхэнэ галзуу өвчтөн болж хувирах агаад тийнхүү “бэлэн болсон” хойноо мөнөөх бооцоот уралдаанд оролцдог. Харин бооцоот уралдааны үеэр бүх мафийн толгойлогчид үзэгчийн суудалд суусан байх ба тайзан дээр шаланд суурилуулсан унадаг дугуйг унаж буй гурван тамирчны аль нэгэнд бооцоо тавина. Солиорсон тамирчид юуг ч ухаарч сөхөөрөлгүй, урд нь дэлгэцээр гарч буй бичлэгийг бодит байдалтайгаа андууран ухамсарлаж, гагцхүү дугуйгаа зогсох мэдрэлгүй жийсээр, жийсээр л байна. Хэдий ухаан нь балартсан ч гэлээ, махан бие нь ажилласаар байгаагийн хувьд бахардаад уначих тохиол олон. Харин тэгвээс нь хар хувцастай зохион байгуулагч эр шалан дээр эвхрээд уначихсан тамирчныг энгэрээсээ гар буу гаргаж ирээд өчиггүй буудчихна. Ингээд нэг тамирчин нь хасагдах бөгөөд, бооцоот уралдаан хэвийн үргэлжилнэ.

Уншигч та магадгүй гадарласан биз. Мөнөөх ач хүү тэдний гарт орчихдог юм. Нэгэн унадаг дугуйн марафонд оролцож явах замаас нь бариад, машины бүхээгт хийж хориод бүр усан онгоцоор далай гаталж, Беллевил рүү аваад явчихна. Ард үлдсэн эмээ яах бол?

Үнэрч хамартай нохойнхоо хамтаар эмээ хүүгийнхээ араас хүнд бэрх, элдэв саад бэрхшээлийг даван мөрдөж мөшгөсөөр Беллевилд хүрч чаддаг. Харин тэнд энэхүү анимейшны нэр болсон Беллевилийн гурвалтай танилцах ажээ.

Мөнөөх Беллевилийн гурвал бол гол үйл явдал, өрнөлийн төв болсон Беллевил хотод гурвуул олон жил хоршин дуулж, тоглолт хийсээр ирсэн эмэгтэйчүүд бөлгөө. Ач хүүгийнхээ эрэлд хатаж, ганц тэжээвэр нохойтойгоо танихгүй харь газар ирсэн жижигхэн биетэй эмгэнд тэр гурав хосгүй сайхан сэтгэл гарган тусална. Тэд үс нь цайн нуруу нь бөгтийн хөгширсөн байх агаад, одоо олны өмнө дуулахаа байжээ. Харин эмгэн ач хүүтэйгээ олон жилийн өмнө зурагтаар тэдний дуулахыг үзэж байснаа эрхгүй нэхэн санана. Хөгширсөн ч танихгүй байхын аргагүй өнөө л хэв маяг, цовоо цойлгон хэвээр байх гурван эмгэнтэй хамт ийнхүү ач хүүгийн араас элдэх эрэл үргэлжлэх болно.

Беллевилийн гурвал эмгэнийг нохойнх нь хамт өөрсдийн суудаг нийтийн байранд амьдруулах агаад, тэдний амьдарч дассан өдөр хоногуудын дүр зураг мөн л хачин байх аж.

Орой бүр нуураас барьсан мэлхийгээр хоол хийж иднэ. Зарим өдөр шорлож шарсан мэлхий, зарим өдөр чанасан мэлхийтэй шөл. Орой болохоор гурван эмгэн унтлагын хувцсаа өмсөцгөөгөөд, урт цагаан үсээ унжуулан задгай тавиад нэг оронд орж явчихна. Тэгээд зурагтаа асаан ямар нэг хөгжилтэй кино үзэн инээд хүрэм хэсэг гарвал гэр доргитол хэсэг инээлдэж байгаад унтана. Тэдэнд гуниг гутрал, санаа зовнил гэж байхгүй. Хөгжмөө тоглож, дуулж хуурдаж л байвал тэд амьдралдаа буй бүхэнд сэтгэл ханах агаад, байнгын аз жаргалтай, хөгжил хөөртэй байх. Нэг эмгэн нь хөргөгчний сараалжин тавиурыг хуруугаараа мэтгэн хөгжимдөх бол, нэг эмгэн нь тоос сорогчийн хүнгэнэсэн дууг ашиглана. Харин нэг нь шинэхэн сонингийн цаасыг дэлгэн хавсарч аялгуу гаргана. Тэдний хоршил ямар ч хүний санаанаас үл гарам сонирхолтой, хачирхалтай авиаг бий болгох нь энэхүү анимейшний салшгүй нэг өнгө төрх. Түүнчлэн, ач хүүгийнхээ эрэлд гарсан мөнөөх эмгэн маань унадаг дугуйны гол сараалжин төмрийг цохиураар цохилон хөгжимдөх гайхам авьяастай байж таарна гээч. Ингээд тэр дөрвүүл хөгжимдөх болно...

Үүнээс цааших үйл явдлыг нарийвчлан өгүүлэх нь илүүц биз ээ. Ямартай ч хөгжил хөөртэй Беллевилийн гурвал болоод үнэрч, үнэнч нохойнхоо хамтаар эмгэн ач хүүгээ эгүүлэн олж авахын сацуу, мафийн толгойлгогчдыг бооцоо тавин сагсуурч байхад нь бөмбөг дэлбэлэн айлгаж, дэндүү их эрх мэдэлдээ солиорсон энэрэх сэтгэлийн өөдөс ч үгүй тэднийг өлхөн чадчихдаг гэдгийг хэлэх нь зүйтэй байх.

Харин анимейшний төгсгөлд өвгөрөх тийшээ хандсан байх өнөөх ач хүү, эмээгээ дурсан санаж, өөрийн нь төлөө гаргасан зүтгэл сэтгэл, хайр энэрэл бүрийг нь насны эцэст ойлгон ухамсарлаж буйг үзүүлдэг билээ.

“Беллевилийн гурвал”-ыг бараг “үггүй” анимейшн гэхэд тохирохуйц. Франц хэл дээр хийгдсэн боловч, гарын таван хуруунд багтахтай үгүйтэй цөөн тооны харилцан яриа гарч байв. Тийм ч учраас харилцан ярианы гүйцэтгэдэг томоохон үүргийг үйл явдлууд болон хөгжмийн найруулга нь цуг авч гарсан явдал бүтээлийн уур амьсгалд автмаар мэдрэмжийг эрхгүй төрүүлнэ.

Түүнчлэн Беллевилийн гурвалыг илэрхийлэх нэгээхэн чухал нэрийн хуудас бол үзэгчийг багахан хугацаанд хөнгөхөн гайхалд автуулахаар, эсвэл инээдийг нь хүргэмээр санаанд оромгүй этгээд гаж гэлтэй үйл явдлууд юм. Жишээ татахад, эхлэл хэсэгт гардаг оройн цэнгүүнд оролцохоор машинаасаа бууж буй баян чинээлэг хатагтай нарын дүрслэл яг тохирно. Жижигхээн машинаас аварга том биетэй бүдүүн хүүхнүүд бууж ирээд, алгын чинээхэн нөхрүүдээ гар цүнх шиг, эсвэл чихмэл тоглоом шиг хөнгөхөөн сэгсчиж, салбачуулаад танхим руу орж явчихна. Хамгийн сүүлд бууж ирсэн хатагтайн өгзгөнд нөхөр нь хавчуулагдчихсан байх ажээ /дээр нь суучихсан бололтой/. Мөн мэлхийгээр хооллодог мөнөөх Беллевилийн гурвал. Нэг нь орой болохоор нуурын эрэг дээр сууж байгаад тэсрэх бөмбөг чулуудаж орхино гээч. Тэр нь тэсрэхэд нуурын гүнд байсан хэдэн зуун мэлхий цацагдан үсэрч, бороо шиг унаж ирэхэд нь тосч аваад оройн хоолоо хийдэг ажгуу.

Нэг үзээд эхэлчихвэл салах аргагүй сонирхолтой өрнөлүүд шил даран ээлжлэх энэхүү анимейшн олон олон шагналын эзэн болжээ. Францын нийгэмд байсан мафийн бүлэглэлийн сэдвийг дэвсгэрээ болгож, өнчирч хоцорсон ач хүүгийнхээ төлөө бүхнээ зориулах хөөрхий эмээгийн хайрыг гол  сэдвээ болгосон Беллевилийн гурвал таны заавал үзэх ёстой дэлгэцийн бүтээлүүдийн нэг. Тэр л битүү, хачин уур амьсгалд автаж, бодит амьдралын ягшсан хязгаартай тэмцэлдэх боломжийг танд олгоно.

Эцэст нь, энэ бол хүн төрөлхтний хорьж дийлэхгүй хүсэл мөрөөдлийн тухай уран бүтээл юм гэхэд илүүтэй тохирох болов уу хэмээн дүгнэснээ илэрхийлье.

#MovieReview