Fantastic Beasts: The Secrets of Dumbledore кинотой танилцахуй


Хасбаатар | YOLO.MN
2022-04-19

Өнгөрөгч долоо хоногоос дэлхий дахинд нээлтээ хийж “Поттер толгойтнууд”-ыг баярлуулаад буй Fantastic Beasts: The Secrets of Dumbledore киноны эргэн тойронд чухам ямар хэлэлцүүлэг, үйл явдлууд өрнөж байгааг тоймлон энэ нийтлэлдээ багтаая. 

Нийт 140 гаруй минут үргэлжлэх энэ кино нэрт “Harry Potter”-оос салаалан төрсөн “Fantastic Beasts” франчайзийн гурав дахь бүрэн хэмжээний бүтээл билээ. Анх энэ франчайзыг зарлагдахад зохиолыг эх номын зохиолч J.K. Rowling бичиж байгааг дуулаад хүлээлт өндөртэй байсан ч зургаан жил гурван киноны дараа ч ид шидийн “цангаа” минь тайлагдаагүй л явна. Эхний кино Нью Йорк хотод зочилж буй шидэт амьтан судлаач Newt Scamander-ийг тойрон үргэлжилж, үйл явдал нь жазз хөгжим мэт хэмнэлтэй урсах ч шидтэний ертөнцийг арав илүү жил шимтэн судалсан хэзээний шүтэн бишрэгчдэд төдийлөн сонирхолтой байсангүй. Ядахдаа дурсамж сэргээж сэтгэл хөдөлгөхөөр хуучин элементүүдээ ч ховорхон тусгаснаас шинэ хуучны зааг дээр нам гацаж ганц үзээд “хаяхад” харамсахааргүй ийм нэг кино болоод өнгөрөв. 

Удаах кинонд нэрийг нь дурдаж үл болом Харанхуйн эзнээс өмнө шидтэний ертөнцийг донсолгож байсан хар шидтэн Gellert Grindelwald-д төвлөрч, үзэгчдийн сайн мэдэх Шидтэний сургууль Хогвартсын захирал цагаан сахалтай Albus Dumbledore-ийн залуу төрхийг нэмж орхив. Жүжигчдийн баг, гол зохиолын хувьд төдийлөн өөлөх том алдаагүй энэ кино ёстой л өдөөд өнгөрнө гэгчээр болов. Ямар нэг том эргэлт, сүржин зүйл хүлээж байсан үзэгчид кино театраас “давс нь багадсан хоол шиг кино” гээд гарч байсныг тодхон санаж байна.

Харин сүүлд нээлтээ хийсэн магад энэ цувралын сүүлийн ч байж мэдэх бүтээл эхний долоо хоногтоо ердөө 43 сая ам.долларын орлоготойгоор гараанаас тун тааруухан гарлаа. Яагаад сүүлчийн ч байж мэдэх вэ гэвэл Warner Bros студи уг франчайзыг үргэлжлүүлэх эсэхээ Fantastic Beasts: The Secrets of Dumbledore (2022) киноны амжилтыг харзнаж байж шийднэ хэмээн мэдэгдсэн юм. Энэ байдлаараа Fantastic Beasts төсөл зогсож ч магадгүй байгааг анзаарсан шүтэн бишрэгчид бусдыгаа кино театр орж хайртай ертөнцдөө хөрөнгө оруулалт хийхийг шавдуулах явдал цахим орчинд хүчээ авч байна. 

Анх 2007 онд J.K. Rowling Хогвартс сургуулийн захирал Dumbledore-ийн бэлгийн чиг хандлагын талаар нэгэн сонирхолтой мэдэгдлийг хийснээс хойш сүүлийн 15 жил түүнийг Gellert Grindelwald-тай хайр сэтгэлийн холбоотой байж магадгүй гэх шуум ихэд хүчээ авсан. Харин энэ оньсогыг Secrets of Dumbledore тайлсан уу, эс тайлсан уу гэдгийг үзэгч та өөрийн мэргэн ухаанаар шүүн тунгаах биз. Харин би энд бяцхан дөхүүлье. Хятад улсад уг киноны зарим хэсгүүдийг “тохиромжгүй” гэдэг шалтгаанаар хасаж үзэгчдийн хүртээл болгож буй юм билээ. 

Дурдахгүй өнгөрч боломгүй бас нэгэн зүйл нь Amber Heard, Johnny Depp нарын шүүхийн маргаанаас шалтгаалан эсрэг талын дүр Gellert Grindelwald-ийн жүжигчнийг сольсон явдал юм. Цувралын хоёрдугаар ангид уг дүрийг амилуулсан Johnny Depp хүчирхийллийн хэрэгт холбогдсон тул Warner Bros компаниас түүнийг халж, оронд нь Дани гаралтай жүжигчин Mads Mikkelsen-ийг тоглуулах шийдвэр гаргасан юм. Мэдээж хэрэг хэдийн танил болсон дүрийг өөр жүжигчин амилуулна гэдэг хэцүү ч би л хувьдаа түүнийг тун сайн ажилласан гэж дүгнэлээ. 

#Кино урлаг