TOPIK-д бэлдэцгээе!


Юука | YOLO.MN
2020-03-10

Сүүлийн үед БНСУ-д боловсрол эзэмших хүсэлтэй залуус цөөнгүй болжээ. Тиймдээ ч хүмүүс ЕБС-ийн сурагч, оюутан байхаасаа л TOPIK шалгалтад бэлдэж эхэлдэг. Ихэнх хүмүүс сургалтын төвд суралцан суурь мэдлэгээ авсны дараа шалгалт өгөх хүртлээ бие даан бэлддэг. Тэгвэл Yolo.mn сайтын хамт олон TOPIK шалгалтад бие даан бэлдэж буй хүмүүст зориулан уг шалгалтын тухай цуврал мэдээг бэлтгэн хүргэхэд бэлэн боллоо. Ингээд юун түрүүнд уг шалгалтын бүтэц, шалгалтад хэрхэн бэлдэх тухай зөвлөмжүүдийг хүлээн авна уу.

TOPIK гэж юу вэ? 

TOPIK (Test of Proficiency in Korean) нь БНСУ-ын Боловсролын яам, Олон улсын боловсролын төвөөс зохион байгуулдаг солонгос хэлний түвшин тогтоох шалгалт юм. БНСУ-д суралцах, тус улсын компанид ажил горилогчид уг шалгалтыг өгч өөрийн түвшнээ тогтоолгох бөгөөд 6 хүртэлх түвшинтэй.

Шалгалтад бүртгүүлэх: Тус шалгалт Монгол улсад жилд хоёр удаа зохион байгуулагддаг. Та шалгалт зохион байгуулагдахаас хоёр сарын өмнө Монгол Улсын Их Сургуулийн 2-р байранд очиж бүртгүүлэх ёстой. Харин Солонгос улсад өгөх бол ЭНД дарж бүртгүүлнэ.

TOPIK-ийн бүтэц

TOPIK I: Үүнд 1 болон 2-р түвшин хамаарна.

Хугацаа: 100 минут (сонсох – 40 минут, унших – 60 минут )

TOPIK II: Үүнд 3-6-р түвшин хамаарна.

Хугацаа: 3 цаг (сонсох, бичих – 110 минут, унших – 70 минут)

Та дээрх хоёр шалгалтыг зэрэг эсвэл аль нэгийг нь сонгож өгөх боломжтой ба таны гүйцэтгэлээс хамаарч түвшинг чинь тодорхойлдог. 

Нэг ба хоёрдугаар түвшин нь анхан шат, гурав ба дөрөвдүгээр түвшин нь дунд, харин тав болон зургаа нь ахисан шат гэж тооцогддог. 

Шалгалтын хариу шалгах: Та шалгалтаа хаана өгснөөс үл хамааран TOPIK–ийн албан ёсны сайтаас шалгалтын дүнгээ харна. 

TOPIK-ИЙН ШАЛГАЛТАД БЭЛДЭХЭД АНХААРАХ ЗҮЙЛС

Зорилгоо тодорхойл - Зүгээр л өгөөд үзье” гэдэг нь зорилго биш юм. Харин их сургуулийн тэтгэлэг авах, ажилд орох гэх мэт тодорхой зорилготой байх тусам зорилго тань биелэх нь дөхөм болно. Тийм учраас “Би юунд зориулж TOPIK-ийн шалгалт өгөх вэ?” гээд өөрөөсөө асуугаад үзээрэй. 

Төлөвлөгөө зохио - Зорилгоо тодорхойлсон бол түүндээ хүрэхийн тулд урт хугацааны төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Ямар ч төлөвлөгөөгүй бэлдэнэ гэдэг бол “үлгэр” л гэсэн үг. Сайн төлөвлөгөөтэй байх нь зорилгодоо хүрэх замыг тань хөнгөвчилж өгнө. 

  1. Бие даан ажиллах - Энэ бол TOPIK-ийн шалгалтад өндөр оноо авах амжилтын түлхүүр л гэсэн үг. Та солонгос хэлний сургалтад суудаг ч бай, үгүй ч бай заавал бие даан ажиллаж, хэд хэдэн удаа тус шалгалтын материалыг ажиллаж үзэх хэрэгтэй. 
  2. Өмнөх шалгалтын материалуудыг татаж авах Шалгалтын тухай ойлголтгүй бол өндөр оноо авах талаар бодох хэрэггүй. Харин шалгалтад орохоос өмнө хэд хэдэн материал дээр ажиллаад үзчихсэн байхад ядаж л хүссэн оноондоо ойртож чадна. 
  3. Жишиг шалгалт хийх Зарим сургалтын төвүүд жишиг шалгалт авдаг ч хэрэв та хүсвэл цахим орчинд ч шалгалт өгч болно. ЭНД дарж шалгалт өгөөрэй. 
  4. Хамгийн сул чадвараа тодорхойлох Жишиг шалгалт хийсний дараа, эсвэл өмнөх жилийн шалгалтын материалууд дээр ажилласны дараа өөртөө дүгнэлт хийх хэрэгтэй. Аль хэсэгт юун дээр хамгийн их алдсан байна вэ? Эхэндээ бага оноо авсан ч битгий сэтгэлээр унаарай. Энэ бол ердөө л эхлэл шүү дээ. 
  5. Хамгийн их алдаж буй дүрмүүдээ жагсаах Дүрэм бол шалгалтын хамгийн чухал хэсгийн нэг. Тийм ч учраас ямар дүрэм дээр алдаж буйгаа тодорхойлж, уг дүрмээ бэлдэхэд цаг гаргаарай.
  6. Өөрийн гэсэн толь бичигтэй болох Мэдэхгүй үг хэллэгээ тэмдэглэдэг үгийн сангийн толь бичиг болон солонгос хэлний дүрмийн толь бичигтэй болоход гэмгүй. Гэхдээ худалдаж ав гэсэн үг биш шүү. Харин шалгалтад бэлдэх явцдаа мэдэхгүй байсан үг, дүрмээ тэмдэглэж өөрсдөө хийх хэрэгтэй. 

Эх сурвалж: TOPIK Guide

#TOPIK-д бэлдэцгээе #Боловсрол