Найруулагч Jordan Peele-ийн гурав дахь АЙМШГИЙН КИНО тун удахгүй...


Миау | YOLO.MN
2020-02-28

Аймшгийн болон триллер кино ертөнцөд өөрийн байр суурийг аль хэдийнээ бататгаад авсан найруулагч Jordan Peele тун удахгүй бидэнтэй шинэхэн уран бүтээлээрээ уулзахаар болжээ. 

Нийт 5 бүлгийн 53 анги бүхий комеди жанрын "Key & Peele" цувралын гол дүр Peele-ийг "Get Out" хэмээх аймшгийн, триллер төрлийн киног найруулсан гэхэд нь бүгд л мэл гайхаж байсан. 

Тэрээр 2017 онд "Get Out", 2019 онд "Us" зэрэг киноны зохиолыг бичиж, продьюсерээр нь ажиллаж, тэр ч байтугай өөрөө дуу оруулсан байдаг. Тухайлбал "Get Out" киноны гол дүрийн хосууд бүсгүйн эцэг эхийн байшин руу явж байхдаа нэгэн бугыг дайрдаг бол Jordan Peele тэрхүү шархадсан бугад дуу оруулдаг. "Us" кинонд ч мөн амьсгал хурааж буй туулайнд дуу оруулсан нь хачирхалтай. 

Дээрх хоёр бүтээл хоёул аймшгийн кино ертөнцөд тэсрэлт хийж багагүй амжилтыг олсон. "Get Out" л гэхэд 90 дэх удаагийн Академийн шагнал гардуулах ёслолоос "Шилдэг кино зохиол", MTV кино уран бүтээлчдийн шагнал гардуулах ёслолоос "Шилдэг комеди жүжиглэлт", "BAFTA" буюу Их Британийн кино ба телевизийн академийн шагнал гардуулах ёслолоос "Шилдэг кино зохиол" зэрэг олон олон шагналуудыг хүртсэн. 

Харин түүний гурав дахь аймшгийн төрлийн "Candyman" хэмээх энэхүү уран бүтээл нь 1992 онд дэлгэцнээ гарсан ижил нэрт аймшгийн франчайзын үргэлжлэл аж. 

"Candyman" кино энэ оны зургаадугаар сарын 12-нд АНУ-д нээлтээ хийхээр болсон байна. Ингээд та бүхэн уг киноны трейлэрийг хүлээн авч үзнэ үү. 

"Us" кинонд Luniz хамтлагийн "I Got 5 On It" дууны remix хувилбарыг ашигласан нь хип хоп хөгжим сонирхогч залуусын анхаарлыг ихэд татсан бол тун удахгүй нээлтээ хийх гэж буй энэхүү кинонд 90-ээд оны алдарт "Destiny's Child" хамтлагийн "Say My Name" дууны remix-ийг ашигласан байна.

Эх сурвалж: Hypebeast

#Jordan Peele #Get Out #Us #Candyman