Та түүний тухай хэр ихийг мэдэх вэ?: LeBron James


Сэтгүүлч Э.Цовоо | YOLO.MN
2020-01-02

Энэ удаагийн дугаараар бид та бүхэндээ даруу төлөв, өгөөмөр зангаараа алдартай, дэлхий дахины хайртай хүү, Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн тоглогч LeBron James-ийн талаар мэдээллийг хуваалцах гэж байна.

БАГА НАС

Тэрээр 1984 оны арванхоёрдугаар сарын 30-нд Охайо мужийн Акрон хотод мэндэлжээ. Ээж нь түүнийг 16 настайдаа төрүүлсэн ба түүний эцэг нь гэмт хэрэгтэн мөн түүний эцэг байхаас татгалзсан тул тэрээр эцэггүй өссөн аж. Ийнхүү тэрээр ээжээрээ овоглож, багаасаа ээжтэйгээ хамт амьдралын хатууг туулж ирсэн. Ээж нь нас залуу тул тогтвортой ажил олоход хэцүү байсан ч LeBron-д амьдралын муу муухайг үзүүлэхгүйг хичээж үргэлж бусдыг хүндэлж, муу хүмүүсээс хол бай гэж захидаг байсан аж. Ээж хүү хоёр хэдийгээр их зовлон үзсэн ч хамтдаа жаргалтай байдаг байв.

Гэвч ээж нь хүүгээ тогтвортой гэр бүлд амьдарвал илүү амжилттай байх болно гэж үзээд хөлбөмбөгийн дасгалжуулагч Frank Walker-ийн гэрт амьдрахыг нь зөвшөөрсөн байна. Мэдээж дасгалжуулагч түүнд сагсан бөмбөг гэдэг спортыг танилцуулсан. Улмаар тэрээр 5-р ангиасаа эхлэн сагсан бөмбөг тоглох болсон. 

АХЛАХ СУРГУУЛИЙН АМЖИЛТ

Тэрээр “St. Vincent–St. Mary” хэмээх католик шашинтай сургуульд ахлах сургуулиа дүүргэсэн билээ. Ахлах сургуулийн есдүгээр ангидаа сургуулийнхаа сагсан бөмбөгийн шигшээд элсэж, “Division” хэмээх тэмцээнд аваргын цолыг авч чаджээ. Аравдугаар ангидаа ч тэрхүү амжилтаа алдалгүйгээр дахин аваргалан тухайн жилийнхээ “Mr.Basketball” буюу Охайо мужийн шилдэг тоглогч болсон юм.

LeBron нэг тоглолтод дунджаар 25-аас дээш оноо авдаг байсан ба “Бүх Америкийн нэгдүгээр шигшээ”-д багтаж, “SLAM” хэмээх спортын сэтгүүлийн нүүрийг чимснээр улс даяараа түүнийг мэддэг болсон ажээ. Ийнхүү түүний амжилт болон чадварыг мужийнхан нь бүгдээрээ хүлээн зөвшөөрдөг болсон ба сагсан бөмбөгийн талбарт ч нэрд гараад байсан билээ.

NBA-Д ЭЛССЭН НЬ

Тэрээр 2003 онд нутгийн баг болох “Cleveland Cavaliers”-ийн гишүүнээр сонгогдож чадсан юм. Анхны албан ёсны тоглолтдоо тэрээр “Sacramento Kings” багийн эсрэг 25 оноо цуглуулж чадсанаараа ахлах сургуулиасаа шууд мэргэжлийн сагсан бөмбөгчидтэй өрсөлдөж буй хамгийн өндөр оноо авсан тоглогч болсон. Мөн тухайн жилийнхээ “Шилдэг залуу тоглогч” болсон ба “Cleveland Cavaliers” багаас энэхүү шагналыг авсан анхны тоглогч болсон аж.

LeBron тоглолт бүрдээ дунджаар 20.9 оноо, 5.5 самбар, 5.9 дамжуулалт хийж мөн л рекорд эвдэж байсан. Түүний хувьд 2004 он бол амжилтын эхлэл байсан ба тухайн жилдээ NBA-гийн бүх оддын тоглолтод оролцож өөрийн авьяас чадвараа харуулаад байлаа. Бусад багууд ч түүнийг ихэд сонирхон, тэр ч бүү хэл “Denver Nuggets” багын дасгалжуулагч George Karl нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа:

- “Дөнгөж хорин настай хүүхэд ийм авьяастай байна гэдэг хачирхалтай. Гэвч тэрээр үнэхээр сайн тоглогч” хэмээсэн байдаг.

Ийнхүү тэрээр 2006 оны бүх оддын тоглолтод 29 оноо авч “NBA”-ийн хамгийн үнэ цэнэтэй тоглогч хэмээх шагналыг хүртсэн аж. Тэрээр өөрийнхөө чадварыг харуулсаар л байсан ба 2008 онд “NBA All-Star Game MVP” хэмээх цолыг ч мөн өөрийн болгож чадсан. Гайхалтай нэгэн биш гэж үү ?

БАГАА СОЛЬСОН НЬ

LeBron 2010 оны долдугаар сарын 1-ний өдөр чөлөөт агент болсон аж. Өөрөөр хэлбэл тэрээр хүссэн багтаа тоглох боломжтой болсон гэсэн үг. Тухайн мэдээг дуулсан Chicago Bulls, Los Angeles Clippers, Miami Heat, New York Knicks, New Jersey Nets, болон Cleveland Cavaliers зэрэг багууд түүнийг багтаа элсүүлэхээр холбогдож байв. Гэвч тэрээр хуучин баг болох “Cleveland Cavaliers”-ээ сонголгүйгээр “Miami Heat” багтай гэрээ хийн тоглохоор болсон ажээ.

Энэхүү мэдээг дуулсан шүтэн бишрэгчид нь маш ихээр бухимдсан ба зарим нэгэн нь өмсгөлөө шатаан түүнийг харааж зүхэж байсан гэдэг. Тайлбарлагчид, мэргэжилтнүүд болон олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд LeBron-ийг буруу шийдвэр гаргасан, хэт түрэмгий шийдвэр гаргасан хэмээн шүүмжилж байлаа. Ийнхүү түүний нэр хүнд огцом унаж тухайн жилийнхээ хамгийн ихээр муулуулсан тамирчин болсон байдаг.

LeBron нийт дөрвөн жилийн турш “Miami Heat” багт тоглосон ч эцсийн шийдвэр гаргах мөчдөө буюу 2014 онд дахин хуучин  баг болох “Cavaliers”-ээ сонгосон юм. Тэрээр ийнхүү хуучин багтаа эргэн ирснийхээ дараагаар 11-дэх удаагаа NBA бүх оддын тоглолтод тоглохоор болсон ажээ.

LeBron 2018 онд дахин гэрээгээ шинэчилж “Los Angeles Lakers” багийн тоглогч болсон билээ. Тэрээр одоо болтол энэхүү багтайгаа хамтран ажиллаж байгаа юм.

НӨХӨРЛӨЛ:

Тэрээр маш олон алдартнуудтай нөхөрлөдөг. Үүнээс цөөн хэдийг дурдвал:

DRAKE

Реппер Drake болон LeBron нарын нөхөрлөл хамгийн багадаа л гэхэд 10 жил үргэлжилж байна. Drake LeBron-ийн хэд хэдэн тоглолтод хүрэлцэн ирж дэмжлэг үзүүлсэн байдаг бол LeBron ч мөн Drake-д дэмжлэг үзүүлсэн байдаг. Жишээлбэл 2018 онд Travis Scott болон Drake нар алдарт "Sicko Mode" дууг дуулах үед LeBron тайзан дээр гарч ирж гэнэтийн бэлэг барьсан байдаг. 

KENDRICK LAMAR

Бүх цаг үеийн хамгийн шилдэг репперүүдийн тоонд зүй ёсоор багтах Kendrick Lamar ч мөн түүнтэй дотно харилцаатай. LeBron James-ийн дуртай репперүүдийн дунд Kendrick багтах бөгөөд тэрээр өөрийн "Damn" цомгоо олон нийтэд цацаж, худалдаанд гаргахаасаа ч өмнө цомгийнхоо 1%-ыг LeBron-д бэлэглэсэн байдаг. 

MICHELLE OBAMA

Хатагтай Michelle Obama түүний "I Promise" хэмээх сургуулийн нээлтэд хүрэлцэн ирж "Өөрийн чадвараа сайн сайханд зориулж, эдгээр хүүхдүүдийг хүсэл мөрөөдөлдөө хүрэхэд нь туслаарай" хэмээсэн байдаг. 

2012 оны Лондонгийн олимпын үеэр тухайн үеийн АНУ-ын тэргүүн хатагтай Michelle Obama түүнийг тэвэрч буй нь

RIHANNA

Тэд нөхөрлөл гэхээсээ илүүтэйгээ шүтэн бишрэгчийн харилцаатай гэж хэлж болно. Rihanna бараг арваад жилийн турш LeBron-ийг босож явахад ч, бүдэрч явахад ч дэмжсээр ирсэн. Маш удаан, маш үнэнчээр, маш ихээр...

Тоглолтыг нь бол харин ч чин сэтгэлээсээ үзнэ дээ

Өөрийн "Bitch Better Have My Money" болон Nerd хамтлагтай хамтарсан "Lemon" зэрэг дуун дээрээ ч LeBron-ийг дурдсан байдаг. 

ХУВИЙН АМЬДРАЛ

Тэрээр ахлах сургуульдаа учирсан анхны хайр “Savannah Brinson”-тай гэрлэсэн билээ. Тэд одоо гурван хүүхэдтэй бөгөөд 2011 оны арванхоёрдугаар сарын 31-нд эхнэртээ гэрлэх санал тавьж байсан аж. LeBron-ыг хайрандаа үнэнч, сайн залуу хэмээн магтдаг бөгөөд энэ тал дээр нь түүнийг олон хүн хүндэтгэж явдаг гэнэ шүү.

Том хүү Bronny нь мөн л сагсан бөмбөгөөр хичээллэдэг бөгөөд ирээдүйд "NBA"-ийн хэдэн удаагийн үнэ цэнэтэй тоглогч болохыг бид таашгүй. 

САЙН ҮЙЛСИЙН АЯН

Түүнийг дэлхий даяараа хайрладаг олон шалтгааны нэг бол LeBron сайн үйлсийн аянд маш идэвхтэйгээр оролцдог явдал. Акрон хотод өөрийн гэсэн “LeBron James Family Foundation” хэмээх хандивын сантай бөгөөд Акроны их сургуультай хамтран 2021 оноос эхлэн 2300 хүүхдэд тэтгэлэг өгөхөө зарласан билээ. Мөн тэрээр өөрийн нэр дээр “I promise” хэмээх бага сургуулийг нээсэн бөгөөд тус сургуулийг төлбөрийн чадамжгүй, сурах бололцоо бага хүүхдүүдэд туслахаар нээсэн аж. Энэхүү сургууль нь 2018 оны долдугаар сарын 30-нд албан ёсоор нээлтээ хийсэн билээ. Үүнээс гадна тэрээр хэд хэдэн ашгийн бус сайн үйлсийн байгуулгуудийг хувийн зүгээс дэмждэг ба 2005 оноос одоог хүртэл боломж бололцоо гарвал хувийнхаа зүгээс тусламж үзүүлдэг аж.

КИНО

Тэрээр сайн тоглогч гэдгээр ч зогсохгүй дажгүй сайн жүжигчин шүү. "More than a Game" хэмээх баримтат кино, "Square Roots: The Story of SpongeBob SquarePants" хүүхэлдэйн кино", "Trainwreck", "Smallfoot" зэрэг бүтээлүүдэд дүр бүтээх, дуу оруулах зэрэг байдлаар оролцсон байдаг.

Мөн тэрээр бага байхаасаа эхлээд л Michael Jordan-ийг шүтэн биширдэг байсан. Тэгвэл та бидний сайн мэдэх "Space Jam" киноны нэгдүгээр ангид Michael Jordan тоглож байсан бол хоёрдугаар ангид нь LeBron James тоглох юм. Уг кино дараа жил буюу 2021 онд нээлтээ хийхээр төлөвлөгдөж байгаа аж. 

БУСАД

Тэрээр загварын "Vogue" сэтгүүлийн нүүрийг чимсэн анхны хар арьстан. Загвар өмсөгч Gisele Bundchen-тэй авахуулсан энэхүү зураг нь нэг хэсэгтээ л олны ярианы сэдэв болсон.  

АВСАН ШАГНАЛ: 

Тэрээр мэдээж маш олон шагнал, урамшуулал авч байсан. Үүнээс хамгийн онцлох шагналуудыг дурдвал:

- 3 удаагийн "NBA"-ийн аварга,

- 3 удаагийн "NBA" финалын хамгийн үнэ цэнэтэй тоглогч,

- 4 удаагийн "NBA"-ийн хамгийн үнэ цэнэтэй тоглогч,

- 15 удаа "NBA"-ийн бүх оддын тоглолтод оролцсон,

- 3 удаагийн "NBA"-ийн бүх оддын тоглолтын хамгийн үнэ цэнэтэй тоглогч,

- 2008 болон 2012 оны Олимпын алтан медальтан,

- 2012 оны АНУ-н сагсан бөмбөгийн шилдэг тамирчин. 

#Lebron James #NBA #Сагсанбөмбөг