ЗАХИДАЛ: Хоёрдугаар сарын захидлын хариу №2


ССҮТөв | YOLO.MN
2020-02-27

mail Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.


АСУУДАЛ: Тэрэнд яг юу тохиолдсон юм бол?

Сайн байна уу? Би 13 настай. 8-р ангид сурдаг. Би ангийнхаа хөвгүүнд сайн. Өмнө нь 6,7-р ангид байхад бид хоёр хоорондоо ерөөсөө харьцдаггүй байсан. Харин 8-р ангид ороод л харьцах гэж оролддог болсон. Өвлийн амралт эхлэхээс өмнө тэр банди надад их сайн хандаж, намайг дэмжиж, үргэлж над руу харж, надтай харц тулгардаг байсан. Гэвч буцаад хичээлдээ орсон чинь хандлага нь арай өөр болчихсон байсан. Надтай харьцахаа больж, харах ч үгүй, харц ч тулгарахаа больсон. Тэрэнд яг юу тохиолдсон юм бол? Би таалагдахаа болиод өөр охиныг crush-лах болсон юм болов уу? Би яах ёстой вэ? 

ЗӨВЛӨГӨӨ: Бидний хэн нь ч тэр хөвгүүний өмнөөс хариулах боломжгүй шүү дээ

Сайн байна уу? Захидал очих өдрийн мэнд хүргэе! Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Юун түрүүнд бид хэн нэгний бодлыг таасныгаа тэр хүний бодлыг уншсан юм шиг эндүүрэх тохиолдол цөөнгүй байдаг. Үнэндээ энэ нь бидний гаргадаг нэг төрлийн бодлын алдаа юм. Тэр хөвгүүнээс яагаад ингэж сайн хандаж байгааг нь асууж үзсэн үү? Мөн найзын хувиар сайн ханддаг байсан юм болов уу? Хэн нэгний бодлыг тааж өмнөөс нь бодож эргэлзэх нь чамайг улам л төөрөгдүүлнэ. Хэрвээ хүсвэл тэр хөвгүүнээс асуугаад үзээрэй. Бидний хэн нь ч тэр хөвгүүний өмнөөс хариулах боломжгүй шүү дээ. Тэр хөвгүүний мэдрэмж, чамайг юу гэж боддог, одоо түүнд юу тохиолдоод байгааг тэр өөрөө л мэдэж байгаа. Ямар ч асуулт асуусан “тэгж” хариулах байхдаа гэсэн тодорхойгүй хүлээлт бүү үүсгээрэй. Харин ямар ч хариулт ирсэн тэр хөвгүүний сонголт, мэдрэмжийг хүндлээрэй. Амжилт хүсье! 

- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Г.Отгонцэцэг

 

АСУУДАЛ: Нэг л мэдэхэд бусадтай өөрийгөө харьцуулж, өөрийгөө голчихсон явж байдаг

Сайн байна уу? Би 17 настай. Удахгүй төгсөх гэж байгаа ч одоог хүртэл өөрийн сонгосон мэргэжилдээ эргэлздэг. Би чадах болов уу? Шантарвал яана? Ажил хийж чадахгүй бол яана? Эцэг эхийнхээ мөнгийг дэмий үрвэл яана? Хэнд ч хэрэггүй хоосон амьдралтай болчихвол яана? гэх асуултууд байнга толгойд эргэлдэж, сүүлдээ стрессд орж гүйцлээ. Өөртөө итгэлгүй гэдгээ, яаж засах ёстойгоо мэддэг ч засаж чадахгүй юм. Нэг л мэдэхэд бусадтай өөрийгөө харьцуулж, өөрийгөө голчихсон явж байдаг. Би яах вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Бид зорилгоо тодорхойлоогүйн улмаас зарим тохиолдолд эргэлзэх хандлагатай байдаг

Сайн байна уу? Захидал очих өдрийн мэнд хүргэе! Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Мэдээж мэргэжил сонголт бол бидний амьдралдаа гаргадаг том шийдвэрүүдийн нэг нь билээ. Тиймээс ч эргэлзэх, айх, сандрах нь хэвийн зүйл юм. Энэ тохиолдолд чамд төлөвлөгөө хэрэгтэй болов уу? Өмнө нь амьдралаа төлөвлөж байсан уу? Чи 30 жилийн дараа хэн баймаар байна вэ? Ямар хүн болмоор байна вэ? Юу бүтээсэн баймаар байна вэ? 30, 40 жилийн дараах чамайг бүтээхэд чиний сонгож буй мэргэжил яаж туслах вэ? Энэ мэргэжлээр дамжуулан юуг бүтээж болох вэ? Эдгээр асуултад хариулаад үзээрэй. Бид зорилгоо тодорхойлоогүйн улмаас зарим тохиолдолд эргэлзэх хандлагатай байдаг. Мөн өөртөө жижиг зорилго тавин түүндээ хүрэх нь чамд амжилтын мэдрэмж төрүүлдэг ба энэ нь бидний өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг. Жишээ нь: 10 хоногийн турш өглөө бүр гүйх, өөртөө хайртай байх 10 шалтгааныг бичих дасгалыг туршаад үзээрэй. Энэ нь чамайг бусдаас юугаараа давуу талтай вэ гэдгийг ойлгоход нь туслах юм. Амжилт хүсье! 

- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Г.Отгонцэцэг


АСУУДАЛ: Миний амьдрал өдөр ирэх тусам нэг л уйтгартай болоод байна

Сайн байна уу? Би 17 настай. Эрэгтэй. Энэ жил төгсөх анги. Сүүлийн үед өдөр бүрийг хий дэмий өнгөрүүлж байгаа юм шиг санагдах боллоо. Ажил хийх гэхээр насанд хүрээгүй гээд хийж болохгүй юм. Миний амьдрал өдөр ирэх тусам нэг л уйтгартай, хийцгүй болоод байна. Өөрийн амьдралын өдөр бүрийг хэрхэн хөгжилтэй, үр бүтээлтэй болгох вэ? 

Би бас шугам зургийн хичээлдээ дуртай. Ирээдүйд архитектурын чиглэлээр суралцах сонирхолтой байна. Гэвч сургуулийн шугам зургийн багш надаар хар зураг биш усан будгаар зураг зуруулж олимпиадад оруулах гээд байх юм. Би усан будгаар зураг дургүй. Ирээдүйд архитектурч болох хүнд усан будгаар зурах чадвар ямар хэрэгтэйг би ерөөсөө ойлгохгүй юм. Энэ талаар зөвлөгөө өгөөч. Надад хэрэгтэй зөвлөгөөг өгч чадна гэдэгт итгэлтэй байна. Баярлалаа. 

ЗӨВЛӨГӨӨ: Хүсэхгүй байгаа зүйлээ хийхгүй байхын тулд өөрийнхөө бодлыг илэрхийлэх хэрэгтэй

Сайн байна уу? Захидал очих өдрийн мэнд хүргэе! Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Өдөр бүрийг үр бүтээлтэй болгохын тулд тодорхой төлөвлөгөө хэрэгтэй. Тэр төлөвлөгөө нь тодорхой нэг зорилготой байх нь тэр төлөвлөгөөг хэрэгжүүлэх сэдэл нь болж өгдөг. Жишээ нь: Долоо хоногт 2 удаа усан сэлэлтэд явна хэмээн төлөвлөлөө гэж бодъё. Усан сэлэлтээр тогтмол хичээллэх зорилго нь эрүүл чийрэг, гоё биетэй болох гэх мэт. Усан будгаар зурах нь дараа нь хар зураг зурахад нөлөөлдөг үү? Өмнөх шигээ хар зураг зурахад тодорхой хугацаа шаарддаг гэдэг ч юм уу? Зургийн багштайгаа энэ талаар ярилцаж үзсэн үү? Усан будгаар зурах дургүй гэдгийг зургийн багш нь мэдэх үү? Хар зургаар олимпиадад орох боломжтой юу? Хүсэхгүй байгаа зүйлээ хийхгүй байхын тулд өөрийнхөө бодлыг илэрхийлэх хэрэгтэй. Мэдээж уурлаж биш. Яагаад усан будгаар зурах дургүйгээ тайлбарла. Мөн багшийгаа яагаад усан будгаар зуруулж олимпиадад оруулах гэж байгааг асуу. Олимпиадад орсноор сургуульд болон чамд ямар ач холбогдолтой талаар мөн асуугаарай. Би хиймээргүй байна гэж зүтгэх биш багшдаа тохиролцох боломжийг олгоорой. Тохиролцоо гэдэг хоёр талд ашигтай байхыг хэлдэг шүү дээ. Амжилт хүсье! 

- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Г.Отгонцэцэг


АСУУДАЛ: Зорилгоо дагахаар гадуурхагдаад, ангийнхныгаа дагахаар хайран мөнгө...

Сайн байна уу? Би 13 настай. Би саяхан нэгэн хувийн сургуульд тэтгэлгээр суралцах болсон юм. Гэхдээ тодорхой хэмжээний төлбөр төлнө л дөө. Гэвч би үнэхээр тэсэхгүй юм шиг байна. Хичээл маань 15 цагт тараад дугуйлан, секц, давтлагадаа явсаар байтал оройн 19 цагт гэртээ ирдэг. Хамт хичээл хийдэг хүүхэд бараг л байхгүй. Ангийн хүүхдүүд маань хичээл ном гэхээсээ илүү хувцас, царай зүсийг л их чухалчилдаг. Би ч гэсэн тийм л дээ. Энэ сургуульд орж ирсэн нь зорилготой болохоор хүүхдүүдтэй ч тийм дотно биш. Хичээлээ л хийгээд байдаг. Гэр маань ч хол. Яг үнэндээ хичээл зорилгоо дагахаар гадуурхагдаад, ангийнхныгаа дагаж найзлахаар хайран мөнгө юм шиг санагдаад байна. Надад туслаач. 

ЗӨВЛӨГӨӨ: Хичээлээ ч хийгээд, найз нөхөдтэйгөө ч уулзах үнэхээр боломжгүй гэж үү?

Сайн байна уу? Захидал очих өдрийн мэнд хүргэе! Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Чиний энэ сургуульд орох болсон зорилго юу вэ? Өөрөөсөө энэ асуултыг дахиад нэг асуугаад үзээрэй. Заавал нэгийг нь сонгох ёстой юу? Найз нөхөд эсвэл хичээл? Захидалд саяхан энэ сургуульд шилжиж ирсэн гэж бичсэн байсан. Саяхан гэдэг нь хэр удаж байгаа вэ? Бидний шинэ орчинд дасан зохицох хугацаа өөр өөр байдаг. Тиймээс чамд найз нөхдөөс гадна хичээлийн цагийн хуваарь, анги танхим, багш нар гэх мэт дасан зохицох хэрэгтэй байгаа асуудлууд байж болох юм. Мөн яагаад заавал нэгийг нь сонгох ёстой вэ? Хичээлээ ч хийгээд, найз нөхөдтэйгөө ч уулзах үнэхээр боломжгүй гэж үү? Дан ганц хичээлээ сонгохоор найз нөхөдгүй бол чи ганцаардана. Дан ганц найз нөхдөө сонгохоор чиний зорилго яах билээ? Тиймээс аливаа зүйлийн дунджийг тааруулж байгаарай. Амжилт хүсье! 

- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Г.Отгонцэцэг


Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

#ССҮТ #Захидал #Letter