Кпопын эргэн тойронд: Оддыг хамарсан “сургуулийн орчин дахь ХҮЧИРХИЙЛЭЛ”


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2021-03-01

Хоёрдугаар сарын эхээр “Pink Spiders” гар бөмбөгийн багийн ихэр эгч дүүс дунд сургуульдаа бусдыг дээрэлхдэг байсан тухай мэдээ гарч олон хүнийг цочирдуулсан юм. Энэ хэрэг нь даамжирсаар Өмнөд Солонгосын олон алдартнуудыг хамарсан томоохон “дуулиан” болжээ. Тодруулбал, тус үйл явдлаас хойш ахлах сургуульдаа дээрэлхүүлж байсан хүмүүс өнгөрсөн явдлаа сөхөж, нийтлэл бичиж эхэлсэн байна. Ийнхүү маш олон хамтлагийн гишүүд сургуулийн орчин дахь хүчирхийллийн хэрэгт нэр холбогджээ.

Зарим алдартнууд өөрсдийн бурууг хүлээн зөвшөөрч уучлалт гуйсан бол зарим нь цуурхлуудыг үгүйсгэсэн байна.

Мөн энтертайнмент компаниудаас цахим сүлжээнд нэрээ нууцалж, өөрсдийгөө хохирогч гэж бичиж байгаа хүмүүсийг хэн гэдгийг нь мэдэх боломжгүй байгаа учраас оддын нэр хүндэд санаатайгаар халдаж байж болзошгүй гэж үзээд хуулийн байгууллагад хандсаар байгаа юм. Хэдийгээр энэ нь хэн нэгний бичсэн баримт нотолгоогүй зүйл боловч Солонгосчуудын дунд эрчээ авч, “ийм” асуудалд холбогдсон оддыг “хамтлагаасаа гар”, “урлагийн ертөнцийг орхи” зэргээр шүүмжилсээр байгаа аж. Түүнчлэн энэ үйл явдал нь өсвөр үеийнхэнд зөв амьдрах ёстойг харуулсан томоохон сургамж болоод байна.

STRAY KIDS ХАМТЛАГИЙН HYUNJIN-Д ДЭЭРЭЛХҮҮЛЖ БАЙСАН ГЭХ ХОХИРОГЧ ГАРЧ ИРЭВ

Stray Kids хамтлагийн гишүүн Hyunjin-тай хамт сурч байсан нэгэн хүн интернетэд дараах зүйлийг бичжээ.

- “Би Hwang Hyunjin-ийг алдартан болоод олон хүнээр хайрлуулна гэж төсөөлж ч байсангүй. Сургуульд байхдаа Hyunjin-д дээрэлхүүлж байсан ч түүнийг алдартан болчихно гэж бодоогүй болохоор нотлох баримт цуглуулаагүй. Гэхдээ хамт суралцаж байсан хүүхдүүд, миний дурсамж, найзууд маань бүхнийг гэрчлэх болно.

Хэрвээ Hyunjin алдартай болоогүй, энгийн л нэг хүн байсан бол би тэдгээр дурсамжаа булшлах байсан биз. Гэвч түүнийг зурагтаар харах бүрд түүнд дээрэлхүүлж байсан дурсамж минь сэдэрч намайг тарчлаадаг.

Hyunjin-д намайг дээрэлхэх хоёр шалтгаан байсан. Би түүнийг ангийн хаалгатай ойр суудаг болохоор нь хаалга хаачих гэж хэлсэн нь эхний шалтгаан байв. Хоёр дахь нь, найзад маань сургуулийн үдийн цай хүрэлцээгүй болохоор би хоолоо хуваалцсан. Гэтэл Hyunjin над дээр ирээд “Ийм их хоол авсан чинь таалагдахгүй байна. Чамаас болж бусад хүүхдүүд хоолгүй үлдчихлээ” гэж шоолсон. Бас намайг “чи ээжгүй болохоор ийм харагддаг” гэж шоолдог байсан” гэжээ.

JYP энтертайнментийн тайлбар:

- “Сайн байна уу? JYP энтертайнмент байна.

Одоогийн байдлаар цахим орчинд Hyujin-ий талаар маш олон цуурхал гараад байгаа учраас бид бүхэн энэ талаар тайлбар бичиж байна.

Юун түрүүнд, бид энэ нөхцөл байдлыг тодруулахын тулд төрөл бүрийн баримт нотолгоо цуглуулж байна. Hyunjin-тай хамт суралцаж байсан хүүхдүүдтэй уулзаж, тодруулга хийсэн. Бид тэдгээр хүмүүсийн үзэл бодлыг сонсохыг хүссэн.

Гэсэн хэдий ч хамт суралцаж байсан хүмүүсийн яриа болон цахим орчинд тархсан мэдээлэл хоёр нь тохирохгүй байсан. Тиймээс Hyunjin-ий талаар санаатайгаар худал цуурхал тараасан гэж үзэж байна.

Бид эдгээр цуурхал тараагч этгээдүүдэд хуулийн дагуу арга хэмжээ авна. Манай компаниас уран бүтээлчээ хамгаалж, үнэнийг илчлэхийн тулд чадах бүх зүйлээ хийх болно. Мөн худал цуурхлыг цааш тарааж буй хүмүүст хатуу арга хэмжээ авахаа мэдэгдье.

Баярлалаа” гэжээ.

Гэсэн хэдий ч Hyunjin-тай хамт дунд сургуульд суралцаж байсан өөр нэгэн сурагч Hyunjin өөрийг нь хэрхэн дээрэлхдэг байсан талаар бичсэн байна.

- Би Seongnae дунд сургуульд Hwang Hyunjin-тай хамт сурдаг байсан. Би бол түүнд дээрэлхүүлдэг байсан хохирогчдын нэг нь. Түүнээс болж би амиа хорлох оролдлого хийхэд хүрсэн. Өнгөрсөн амьдралаа дурсах төдийд л там шиг санагдаж гар минь салгалдаг. Hyunjin-ийг зурагтаар харах мөчид л өнгөрсөн үеийн аймшигт дурсамжууд санаанд орж ирдэг. Түүнээс болж авсан шаналал өдөр тутмын амьдралд минь нөлөөлж, хэцүү байсан гэж бичжээ.

Харин хоёрдугаар сарын 26-ны өдөр Hyunjin уучлалт гуйжээ. Тэрээр:

- “Сайн байна уу? Stray Kids хамтлагийн Hyunjin байна.

Юун түрүүнд би сургуульд байхдаа гомдоосон бүх хүнээсээ уучлалт хүсэж байна. Өнгөрсөн үеэ эргээд харахад хийсэн бүх зүйлээсээ ичиж байна. Тэр үед би юу ярих, биеэ хэрхэн авч явах талаар мэддэггүй байсан болохоор бусад хүмүүсийг гомдоож байснаа ойлголоо. Би өөрийнхөө үйлдэлд маш их харамсаж байна.

Надаас болж шархалсан хүмүүсээс уучлалт гуйсан ч тэдний гомдлыг тайлах боломжгүй гэдгийг мэднэ ээ. Тийм болохоор өнгөрсөн амьдралдаа хийсэн алдаагаа эргэцүүлэх болно.

Мөн надтай уулзаж, ярилцахаар зөвшөөрсөн хүмүүст талархал илэрхийлье. Би тэдэнтэй биечлэн уулзаж, мөн энэ постоор дамжуулж уучлалт гуйж байгаадаа баярлаж байна.

Надаас болж шархалсан хэдий ч өөрийн биеэр хэлж чадахгүй байгаа хүмүүсээс ч мөн чин сэтгэлийн уучлалт хүсье.

Намайг дэмжиж байсан та бүхний урмыг хугалсанд уучлаарай”

Харин Hyunjin-ий багш нь дараах зүйлийг бичжээ. Үүнд:

- “Сайн байцгаана уу? Би Stray Kids хамтлагийн Hyunjin-ий төгссөн сургуулийнх нь багш байна. Би түүнийг сургуульд орохоос нь эхлээд төгсөх хүртэл нь мэддэг байсан. Сүүлийн үед Hyunjin-ий талаар маш олон сөрөг цуурхал гарсныг хараад ийм зүйл бичмээр санагдлаа.

... Hyunjin-ий болгоомжгүй үг хэллэг, үйлдэл нь бусдыг гомдоосон байж магадгүй. Гэхдээ түүнийг сургуулийн орчинд хүчирхийлэл үйлддэг байсан мэтээр цуурч байгаа нь харамсалтай санагдаж байна. Гомдоосон хүмүүсээсээ уучлалт гуйх нь Hyunjin-ий үүрэг. Гэхдээ Hyunjin алдартан болсон учраас бүх шүүмжлэл түүнийг буруутан болгож байна.

Миний уулзсан багш нар Hyunjin-ийг сургуульд байхдаа танхай хүүхэд мэтээр ярьж байгаа энэ бүх цуурхалд бүгд харамсаж, гайхаж байна. Миний төгсгөсөн сурагч хүртэл “Хүмүүс санамсаргүй байдлаар бусдыг гомдоох үг хэлчихдэг. Санаандгүй хэн нэгнийг гомдоосон байвал уучлалт гуйх болно. Хэлэх үг бүрийн минь ард хариуцлага байх ёстойг дахин ойлголоо” гэж хэлж байна.

Тухайн үед миний шавь нар төлөвшөөгүй байсан. Би тэднийг гурван жил удирдсан багшийн хувьд дахиад хэн нэгнийг ийм байдлаар гүтгэх вий гэсэн үүднээс үүнийг хэллээ” гэжээ.

Хэдийгээр Hyunjin уучлалт гуйсан боловч JYP энтертайнментаас түүний цаашдын хуваарьт ажлуудыг цуцалж, өөртөө дүгнэлт хийж, буруугаа эргэцүүлэх боломж олгохоор болжээ. Тиймээс Hyunjin Stray Kids хамтлагийн үйл ажиллагаанаас тодорхойгүй хугацаагаар завсарлага авсан байна.

SOOJIN-Д ДЭЭРЭЛХҮҮЛЖ БАЙСАН ХОХИРОГЧДЫН НЭГ НЬ ЖҮЖИГЧИН SEO SHIN AE ГЭВ

(G)I-DLE хамтлагийн гишүүн Soojin сургуулийн орчинд хүчирхийлэл үйлдэж байсан гэх асуудалд нэр холбогдож, одоо ч гэсэн цахим орчинд энэ талаар хүчтэй маргаан өрнөж байна. Хоёрдугаар сарын 20-ны өдөр, Soojin-тэй хамт дунд сургуульд сурч байсан сурагчийн эгч нь Soojin-ийг бусад сурагчдыг дээрэлхэж, дарамталдаг байсан гэж цахим орчинд бичжээ.

Харин Soojin-ий зүгээс тэдгээр цуурхлыг үгүйсгэсэн бөгөөд өөрийнх нь санамсаргүй үйлдлээс болж гомдсон хүн байвал бүгдээс нь уучлалт хүсье хэмээсэн байна.

Мөн Soojin-д дээрэлхүүлдэг байсан гэх сурагч нь "жүжигчин Seo Shin Ae ч бас нэг хохирогч нь" гэж бичсэн байна. Харин Soojin-ий зүгээс “Би амьдралдаа Seo Shin Ae-тэй нэг ч удаа ярьж байгаагүй” гэжээ.

Энэ үйл явдлын дараа (G)I-DLE хамтлагийн гишүүд оролцох байсан Gossip Idle нэвтрүүлэг цуцлагдсан байна.

Хоёрдугаар сарын 26-ны өдөр, Soojin-тэй хамт сурч байсан найз нь "үнэн хэрэгтээ Soojin хуучин найзууддаа дээрэлхүүлж байсан" гэжээ. Тэрээр хэрэв энэ хэрэгт гэрчээр дуудагдвал өөрийн мэддэг бүх зүйлийг ярихад бэлэн байна гэж мэдэгдсэн юм.

SUNWOO-ГИЙН ТАЛААР ГАРСАН ЦУУРХАЛД ТАЙЛБАР ХИЙЖЭЭ

The Boyz хамтлагийн гишүүн Sunwoo-г сургуульд байхдаа найз охиндоо гар хүрсэн, ангийнхаа эмэгтэй сурагчид бэлгийн дарамт үзүүлсэн, насанд хүрээгүй байхдаа архи ууж, тамхи татсан гэх цуурхал гарчээ.

Харин Cre.ker энтертайнментаас:

- “...Sunwoo-гийн тухай цуурхал нь үндэслэлгүй бөгөөд бидний зүгээс бүх хуурамч мэдээллийг цуглуулж хуулийн дагуу шалгуулах болно” гэж мэдэгджээ.

MINGYU-Г ТАНХАЙ СУРАГЧ БАЙСАН ГЭХ МЭДЭЭЛЛИЙГ ҮГҮЙСГЭЖЭЭ

Seventeen хамтлагийн гишүүн Mingyu-тэй хамт сурч байсан гэх нэгэн хүн цахим сүлжээнд төгсөлтийн зургаа тавиад Mingyu-гийн талаар бичвэр оруулсан байна. Тэрээр Mingyu-г сургуулийнхаа танхай сурагчдын нэг байсан хэмээгээд өөрийг нь хэрхэн дээрэлхдэг байсан талаар бичжээ. Мөн Mingyu насанд хүрээгүй байхдаа тамхи татаж, архи ууж, бусад хүүхдүүдийг гадуурхдаг байсан хэмээн бичээд хэдэн цагийн дараа устгасан байна.

Харин Mingyu-гийн харьяалагддаг Pledis энтертайнментаас:

- “Ямар зорилгоор ийм зүйл хийснийг ойлгохгүй байна. Түүний цахим сүлжээнд тавьсан төгсөлтийн цомог нь Mingyu-гийн төгсөлтийн цомгоос өөр оных байсан” гэжээ. (2021.02.22)

LOONA ХАМТЛАГИЙН CHUU-ГИЙН ТУХАЙ ЦУУРХАЛ ОР ҮНДЭСЛЭЛГҮЙ

Loona хамтлагийн гишүүн Chuu-тэй дунд сургуульд хамт сурч байсан нэгэн охин цахим сүлжээнд түүнд хэрхэн гадуурхагдаж байсан тухайгаа бичжээ. Түүнийг Chuu групп чатанд нэмээд янз бүрийн үгээр доромжилж, сүрдүүлдэг байсан гэнэ. Мөн гэр лүүгээ харьж явахад нь дээрэлхэж, янз бүрээр хэлдэг байсан гэжээ.

Харин Blockberry Creative агентлагаас энэ бүхнийг үндэслэлгүй худал мэдээлэл учраас уран бүтээлчийнхээ нэр хүндэд халдсан этгээдийг хуулийн байгууллагад өгч шалгуулахаа мэдэгджээ.

KIHYUN БУРУУГҮЙ ГЭДГЭЭ БАТАЛЖЭЭ

Хоёрдугаар сарын 22-ны өдөр MONSTA X хамтлагийн гишүүн Kihyun-д дээрэлхүүлж байсан гэх “А” гэгч цахим сүлжээнд дараах зүйлийг бичжээ.

- “Арав гаран жил өнгөрчихсөн болохоор би үүнийг дэлгэхээ хойш тавиад л байсан. Бас тэр бол дахин орооцолдох төрлийн хүн биш байсан. Гэхдээ алдартнуудад дарамтлуулж, хохирсон хүмүүс хүчээ нэгтгэн үнэнийг илчилж байгаа болохоор би ч бас бичихээр шийдлээ.

Kihyun тухайн үед ч гэсэн авьяаслаг, алдартай, танхай нэгэн байсан. Тийм болохоор надаас эхлээд зарим хүүхдүүдийг “азгүй амьтад” гэж дуудаж, хааяа зодож, бид нарын тухай янз бүрийн цуурхал гаргадаг байсан.

Бас би өөрийнхөө мөнгөөр түүнд тамхи авч өгсөн. Энэ нь хууль зөрчиж байгаа үйлдэл ч тэр тоодоггүй байсан. Түүнчлэн ангийнхаа эмэгтэй сурагчийг нүүрэн дээр нь батга гарсан учраас гадуурхаж уйлуулсан” гэжээ.

Харин Starship энтертайнментаас Kihyun-ий төгссөн сургуулийн багш, захирлаас түүний тухай тодорхойлолтыг цуглуулж А гэгчийн бичсэн зүйлс нь худал болохыг баталсан байна. Мөн Kihyun өөрийн биеэр “А”-тай уулзсан бөгөөд “А”-гийн постод дурдагдсан Kihyun нь өөр ангийн Kihyun хэмээх сурагч байсан нь батлагджээ.

SOHYE ӨӨРИЙГ НЬ ГҮТГЭСЭН ХҮНИЙГ ШҮҮХЭД ӨГНӨ

Өнгөрсөн долоо хоногт оддыг сургуулийн орчин дахь хүчирхийлэгч хэмээсэн олон цуурхал гарсны нэг нь I.O.I хамтлагийн гишүүн Sohye-гийн тухай байв. Цахим орчинд нэрээ нууцалсан нэгэн Sohye-г сургуулийн орчинд бусдад хүч хэрэглэж, дээрэлхэж байсныг харсан тухайгаа бичжээ. “Тухайн үед Sohye хохирогч охиныг үсдэж өвдөг дээр нь сөхрүүлж суулгаад цохисон” хэмээн бичиж шуугиан тарьсан байна.

Гэсэн хэдий ч S&P энтертайнментаас энэ асуудлыг үгүйсгэж, тус бичвэрийн эзнийг шүүхэд өгөхөөр болжээ.

Эх сурвалж: Naver, Allkpop, Koreaboo

#Кпопын эргэн тойронд