IELTS №4: Унших хэсэг их энгийн


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2019-11-28

Академик IELTS-ийн унших шалгалтын эх нь ихэвчлэн эрдэм шинжилгээний өгүүлэл  байдаг. Тийм учраас ном, сонин, эрдэм шинжилгээний сэтгүүлээс ирдэг. Харин "General IELTS"-ийн хувьд  нийгмийн амьдрал, ажил төрлийн асуудлыг авч үзсэн өргөн хүрээний сэдэвтэй эх ирдэг. Харин Academic, General аль ч түвшинд асуултын ерөнхий хэв маяг адилхан. 

ЦАГ ТӨЛӨВЛӨЛТ

Танд 40 асуултыг бөглөж, хариултын хуудас руу буулгах 60 минут бий. Сонсох шалгалт дээрх шиг хийсэн ажлаа хариултын хуудас руу буулгах нэмэлт цаг байхгүйг анхаараарай. Тиймээс баттай гэж бодсон хариултаа давхар бөглөөд явахад илүүдэхгүй. 

ТАНААС ЯМАР ЧАДВАР ШААРДАХ ВЭ?

  • Эхийн гол санаа, зохиолчийн дэвшүүлсэн санааг олох
  • Тодорхой мэдээллийг хайж олох
  • Гол аргументийг ойлгох
  • Зорилгыг тодорхойлох
  • Мэдээлэл боловсруулах

IELTS: УНШИХ ШАЛГАЛТ ХИЙХ ЗӨВЛӨГӨӨ

1. Үг бүрийг ойлгох гэж хичээх хэрэггүй

IELTS-д бэлдэх явцдаа хүмүүсийн гаргадаг түгээмэл алдаа нь үг бүрийг толь бичгээс харах явдал. Хэдий эргэлзсэн үгээ харж болох ч толиноос харж эхээ орчуулсаар дадал болчихвол жинхэнэ асуудал үүслээ гэсэн үг. Тухайлбал, шалгалтын үеэр толиноос харах сэдэл төрөхөөс гадна, орчуулж чадахгүй, мэдэхгүй байгаа үгэндээ санаа зовсноор хугацаа алдахаас гадна сандрал бий болно. Тиймээс үг бүрийг ойлгох гэж хичээх хэрэггүй. Орхиод дараагийн өгүүлэх санааг унш.

2. IELTS-д зориулж биш АНГЛИАР УНШИХ ЧАДВАРАА САЙЖРУУЛ

Ихэнх хүмүүс IELTS-ийн шалгалтад зориулж унших чадвараа сайжруулдаг. Яг үнэндээ IELTS-ийн унших шалгалтын жишээ даалгаврууд уйтгартай шүү дээ. Тиймээс таны сонирхол буурах магадлал ч өндөр. Харин оронд нь өөрийн дуртай зохиол, ном, сонин, сэтгүүлээ худалдаж аваад өдөр бүр тогтмол цагаар унш. Энэ л жинхэнэ бэлтгэл болно.

3. Зааврыг нь анхааралтай унш

Зааврыг анхааралтай уншиж ойлгоогүйгээс болж олон хүмүүс алдаа гаргадаг.

4. Бүү цочирд

Зарим асуулт нь амархан, зарим нь туйлын хүнд байх болно. Хэцүү асуулт хараад сандарч цочирдох хэрэггүй. IELTS-ийн үеэр хүмүүсийн гаргадаг түгээмэл алдаа нь нэг асуултад  хэтэрхий их цаг зарцуулах явдал. Хэрэв хариултаа олохгүй байгаа бол орхиод дараагийн даалгавраа хий. Өөрийн хийж чадах асуултуудаа бөглөөд үлдсэн цагт нь хүнд асуултуудаа хий. 

5. Цагаа зөв төлөвлө

Нэг асуулт дээр хэт их удах юм бол үлдсэн асуултаа хийх хугацаа тань маш бага болно гэсэн үг. Асуулт бүрээ тодорхой цагт хувааж хариулна гэдэг нь тийм ч тохиромжтой зүйл биш. Амархан асуултад хурдан хариулаад, хэцүү асуултад илүү цаг зарцуулах нь ойлгомжтой. Тиймээс IELTS өгөхөөсөө өмнө өөрийн гэсэн арга барилтай болох нь хамгийн зөв арга. 

6. Сэдвийн талаар мэддэг бүх зүйлээ март

Тухайн сэдвийн талаарх таны мэдлэг уг асуултын хариултад нөлөөлөх ёсгүй гэдгийг анхаар. Хариулт зөвхөн тухайн өгөгдсөн эх дотор л бий гэдгийг санаарай.  Учир нь зарим хүмүүст өөрийнх нь маш сайн мэддэг сэдэв ирчихвэл асуултад нь шууд хариулах тохиолдол бий. Энэ бол хамгийн буруу зүйл. Асуулт нь таны мэдлэгийг шалгах бус тухайн эхийг ойлгож буй эсэхийг тань л шалгана шүү дээ.

7. Хариултын хуудас руу хариултаа хуулахдаа болгоомжтой байгаарай

Хүмүүс асуултад хариулахдаа хамаг цагаа зарцуулдаг ба хийсэн ажлаа хариултын хуудас руу буулгах цаг төдийлөн үлдээдэггүй. Тиймээс яарч сандарч хуулж байх явцдаа алдаа гаргах тохиолдол маш олон байдаг. Тиймээс хариултын хуудастай ажиллах цагаа төлөвлөхөд илүүдэхгүй шүү.

8. Хоосон зай үлдээх хэрэггүй

Хоосон орхих буруу хариулах хоёр яг адилхан 0 оноотой. Тийм учраас мэдэхгүй байсан ч дөхөхүйц хариултаа бичээд л явуул. Та азтай байхыг ч үгүйсгэхгүй шүү дээ.

(Эх сурвалж: www.ieltsadvantage.com )

#IELTS-д бэлдэцгээе #Reading