Хэрэгждэг төлөвлөгөө гаргахад зайлшгүй мэдэх ёстой зүйлс


Т.Тэргэл | YOLO.MN
2019-01-02

Шинэ он гарахад, хичээл амрахад цоо шинэ зорилгыг өөртөө тавин "Шинэ оныг "ураад" өгнөө", “Амралтаараа хичээн дараагийн улиралдаа сайн суралцана” гэж бодсон хирнээ хичээхгүй байгаа юм биш биз? Амралтын цаг хугацаагаараа өөрийгөө хөгжүүлж, улам хичээхэд чинь төлөвлөгөө зайлшгүй хэрэгтэй. Төлөвлөгөө гэдэг нь цаас дүүрэн юм бичин, цаг минут тутмаа хуваарилахын нэр биш юм. Тухайн өдрийн ажлыг эмх цэгцтэй хийж, хичээхэд чинь туслах бяцхан сэрүүлэг юм.

ТӨЛӨВЛӨГӨӨ ГАРГАХЫН ӨМНӨ:

  • Эрт босох

Тухайн хүний тэр өдрийн ажлын бүтээмж бүх зүйлс нь өглөөг яаж угтахаас хамаардаг. Хүний бие организм 5-6 цагийн хооронд сэрж, үйл ажиллагаанд бэлддэг. Харин 8 цагийн үед чиний бие бүрэн амарч дуусна. Амралт эхэлсэн тул 8-н цагт босоход гэмгүй биз. Босох унтах хоёрын зааг дээр байгаа үедээ урам зориг өгөх үгсийг өөртөө хэлээрэй. 13-14 цагийн хооронд бие амрахыг шаарддаг тул энэ үеэр амран эрч хүчээ нөхөж болно.

  • Дасгал хөдөлгөөн

Өглөөний дасгал таны биеийн ачааллыг багасгаж, хөнгөлөн, арьсыг чангалан эрүүл байхад тань тусалдаг. Мөн суралцах чадварыг нэмэгдүүлж, өөртөө илүү итгэлтэй болдог тул өглөөний дасгалаа бүү мартаарай.

  • Өглөөний цай

Эрт сэрсэн учир чиний бие аль хэдийнээ хоол тэжээлийг хүлээн авахад бэлэн болсон тул заавал өглөөний цайгаа ууж, юм идэж байгаарай. Дэглэм барьж байгаа бол таргална гэж санаа зовох хэрэггүй. Учир нь өглөө идсэн зүйл шим тэжээл болон бие махбодод чинь хуваарилагдаж очих тул өөх хуримтлагдахгүй шүү. Хамгийн гол нь эрүүл хоол хүнс хэрэглээрэй.

ТӨЛӨВЛӨГӨӨ ГАРГАХ:

Ширээнийхээ ард хэдхэн хором суугаад өнөөдрийнхөө ажлын төлөвлөгөөг гаргаарай. Хэрвээ хийх зүйл байхгүй бол энэ цагуудаа өөртөө зарцуулах (өөрийгөө хөгжүүлэх) хэрэгтэй шүү. Төлөвлөгөө гаргахдаа ерөнхий бус тодорхой байлгах хэрэгтэй. Жишээ нь:

Буруу: Үг цээжлэх, Зөв: 10 үг цээжлэх,

Буруу: Ус уух, Зөв: 8 аяга ус балга балгаар уух,   

Буруу: Сурах бичиг унших, Зөв: Сурах бичгийн эхний 10 хуудас унших   

Буруу: Ном унших, орчуулах, Зөв: Сурч буй хэл дээрх номын эхний 20 хуудсыг уншин, орчуулах ... гэх мэтээр хийх хэрэгтэй зүйлсээ тодорхой (Зөв хэлбэрээр) бичиж тэмдэглээрэй.

Санаан зоргоор (жишээ нь: ном уншихдаа 50 хуудас, 100 хуудас гэх мэт) их хэмжээгээр төлөвлөгөөгөө гаргавал хийхгүй залхуурах тохиолдол их байдаг тул өөрийн чадах хэмжээгээр тохируулаарай.

Амжилт хүсье!

Өөрийн хэлсэн үгэндээ эзэн нь байцгаая.

 

#Төлөвлөлт, #Зөвлөгөө