Англи хэлний АХИСАН түвшний мэдлэгтэй хүн уншихад тохиромжтой 10 ном


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2021-01-25

Зөвхөн англи хэл ч гэлтгүй гадаад хэл суралцаж байгаа хүмүүсийг тухайн хэл дээрээ ном уншихыг зөвлөдөг. Ингэхдээ өөрийн түвшинд тохирсон ном сонгож унших нь хамгийн чухал.

Энэ удаагийн нийтлэлээрээ англи хэлний ахисан шатны мэдлэгтэй хүмүүст зориулсан ном санал болгох бөгөөд ном тус бүрийг үнэгүй татаж авах боломжтой юм. 

ТҮВШИНГЭЭ ТОГТООХ НЬ

Өөрт тохирсон ном уншихын тулд өөрийн англи хэлний түвшинг маш сайн мэдэж байх хэрэгтэй. Тиймээс ЭНД дарж англи хэлний түвшин тогтоох шалгалтыг өгч, өөрийгөө чухам хаана явааг мэдэж аваарай. 

ЯАГААД АНГЛИ ХЭЛ ДЭЭР НОМ УНШИХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

“Унших тусам илүү их зүйл мэдэж авна. Илүү ихийг мэдэх тусам олон газраар явна”

- Dr. Seuss

Гадаад хэл дээр төдийгүй эх хэл дээрээ ном уншихын ашиг тус тоочоод дуусашгүй олон байдгийг бүгд мэднэ. Мөн хүн бүр л англи хэл дээр ном уншвал үгийн сан нэмэгдэж, бичгийн чадвар сайжирна гэдгийг ч мэддэг.

Гэхдээ дээрх жишээнүүдээс өөр маш олон давуу тал бий. Жишээ нь тухайн улсын соёлоос суралцаж болно. Англи хэлээ сайжруулна гээд заавал Их Британийн эсвэл АНУ-ын зохиолчдын номыг унших албагүй. Магадгүй Япон, Солонгос зохиолчдын номыг англи хэл дээр уншихад тухайн улсын соёл, ахуй амьдрал, ёс заншилтай танилцаж, мэдлэгийн хүрээгээ тэлэх боломжтой.

Мөн англи хэл дээр ном унших явцдаа мэдэхгүй үгээ толь бичгээс харах, өгүүлбэрийн бүтцийг ажиглах зэргээр хэлний чадвараа бодитоор нэмэгдүүлэх боломжтой. Заримдаа подкаст, радио сонсох үед мэдэхгүй үг хэллэг таарсан ч түүнийгээ тольдох боломж олддоггүй шүү дээ. Харин ном танд энэ боломжийг олгоно.

Сонирхолтой зохиолыг өөр хэл дээр уншиж дуусгаад номоо хаах мөчид өөрөөрөө бахархах мэдрэмж ч төрж мэдэх юм. Та “хэзээ ч чадахгүй” гэсэн зүйлийнхээ ард гарсан байна шүү дээ. Эхний номоо дуусгахад дараагийн номоо уншмаар санагдах болно. Тиймээс бусад хүн уншиж чадаж байхад та яагаад чадахгүй гэж ?

Зөв номоо сонговол хэлний түвшин ч амархан сайжирна. Ихэнх хүмүүс өөрийн түвшинд тохироогүй, хэтэрхий “хүнд” ном сонгож авчхаад гадаад хэл дээр ном уншихаас зайлсхийгээд байдаг талтай. Харин өөрт тохирсон номыг сонгоод авчихвал хэзээ ч уйдахгүй.

ЯМАР НОМ УНШИХ ВЭ? 

Хэрвээ та англи хэлний ахисан шатны мэдлэгтэй бол дараах номуудыг санал болгоё.

1. Номын нэр: Selected Stories

Зохиолч: Alice Munro

Номын хураангуй: Утга зохиолын салбарын Нобелын шагналт Alice Munro-гийн зохиолыг унших явцдаа амьдрал, амьдралын утга учрыг эргэцүүлэх нь гарцаагүй. Мөн үгийн сонголт, өгүүлбэрзүйн бүтэц нь баялаг агаад шинэлэг санагдана гэж найдаж байна.

Номыг ЭНД дараад татаж аваарай.

2. Номын нэр: Animal Farm

Зохиолч: George Orwell

Номын хураангуй: Амьтад нийлж эрхийнхээ төлөө бослого гаргахдаа “бүх амьтад тэгш эрхтэй байна, хүний хийдэг бүхий л муухай үйлийг хийхгүй хэмээн тунхагласан боловч аажим аажмаар тэд анх байсан цаг үе рүүгээ буцаж байв. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр гахай л ганцаараа таргалж, бусад амьтад цаг наргүй зүтгэж, гахайн хоолыг бэлддэг болсон гэхэд хилсдэхгүй.

Мөн Напелеон гэх гахай архи ууж, Жоунзийн хувцсыг өмсөж, эцэс сүүлд нь хоёр хөл дээрээ явах болов. “Хоёр хөлөөрөө явдаг бүхэн дайсан” хэмээн долоон сургаалдаа заасан атал зохиолын төгсгөлд хонинууд “Дөрвөн хөл сайн, хоёр хөл илүү сайн” гэж майлалдахад амьтад аль нь зөв бурууг ч ялгахаа больж, сүүлдээ энэ байдал хэвийн санагдах болов.

Номыг ЭНД дараад татаж аваарай.

3. Зохиолын нэр: I've Got Your Number

Зохиолч: Sophie Kinsella

Номын хураангуй: Хуримаа хийхээр бэлдэж буй бүсгүй сүйт залуугийнх нь гэр бүлийн гурван үе дамжсан сүйн бөгжийг гээчихдэг. Түүний эцэг эх АНУ-аас ирэх тэр өдөр мөн утсаа алдсан бөгөөд зочид буудлын хогийн савнаас нэг утас олж, түүнийгээ ашиглахаар шийддэг. Харин гар утасны эзэн Sam гэгч залуу утсаа эргүүлж авахыг хүсэх бөгөөд тэд аажим аажмаар холбогдож эхэлнэ.

Номыг ЭНД дараад татаж аваарай.

4. Номын нэр: The Ocean at the End of the Lane

Зохиолч: Neil Gaiman

Номын хураангуй: Нэгэн хүү хачирхалтай бөгөөд нууцлаг гэр бүлтэй танилцана. Мэдээж тэр гэр бүлийн бяцхан охинтой найзлах бөгөөд түүнтэй хамт ид шидийн аялал эхлүүлэх болно. Энэ зохиолын үгийн сан, өгүүлбэрзүйн бүтэц нь аажим аажмаар хүндэрдэг учраас ахисан түвшнийхэнд илүү тохиромжтой.

Номыг ЭНД дараад татаж аваарай.

5. Номын нэр: The Martian

Зохиолч: Andy Weir

Номын хураангуй: Нэгэн сансрын нисгэгч Ангараг гараг дээр хөл тавьсан анхны хүн болно. Гэвч бүх зүйл буруугаар эргэж хүмүүс түүнийг үхсэн гэж боддог. Ийнхүү тэрээр өөрийн оюун ухаан, эр зориг, авхаалж самбааг ашиглан гэртээ харих шаардлагатай тулгарна. Тэр харьж чадах болов уу? 

Энэ номыг унших хэрэгтэй өөр нэг шалтгаан нь үгийн санд оршино. Зохиолыг унших явцдаа дэлхий ертөнц, гараг эрхэстэй холбоотой сонин содон үг хэллэгүүдтэй танилцаж үгийн сан тань баяжих болно. 

Номыг ЭНД дараад татаж аваарай.

6. Номын нэр: The Atlantis Gene

Зохиолч: A.G. Riddle

Номын хураангуй: Эрдэмтэд хүний үүсэл гаралтай холбоотой асар том нууцыг илрүүлдэг. Гэвч энэ нууцыг мэдэхийн тулд юу ч хийхээс буцахгүй болсон нэгэн байгууллагатай тэмцэх шаардлага гарна. Энэ зохиолыг унших явцад шинжлэх ухааны үг хэллэг олон тохиолддог учраас бичиж авах эсвэл өөр өнгөөр зурах, тодруулахыг зөвлөе. 

Номыг ЭНД дараад татаж аваарай.

7. Номын нэр: Fahrenheit 451

Зохиолч: Ray Bradbury

Номын хураангуй: 1953 онд хэвлэгдсэн энэ зохиол нь өнөөгийн нийгмийн тогтолцоо, хэвлэл мэдээллийн хэрэгслийн нөлөө, техник технологи зэргийг зөгнөж бичсэн гэхэд хилсдэхгүй. Харин англи хэлээ сайжруулахыг хүссэн хүмүүсийн хувьд заавал унших ёстой номуудын нэг. Учир нь шилдэг толь бичигт багтсан дэвшилтэт үгийн сантай бөгөөд таны мэдлэгт маш том хөрөнгө оруулалт хийх болно. 

Номыг ЭНД дараад татаж аваарай.

8. Номын нэр: Leaving Time

Зохиолч: Jodi Picoult 

Номын хураангуй: 13 настай охин аймшигт ослын дараа алга болсон ээжийгээ хайхаар шийддэг. Тэрээр зөн билэгтэн болон мөрдөгчөөс тусламж авах бөгөөд хамтдаа “тэр” олон асуултын хариуг олохоор эрэлхийлдэг. 

Энэ зохиол нь үйл явдлаас илүү хүний бодол, дотоод сэтгэлд төвлөрсөн учраас ойлгоход хэцүү санагдаж мэднэ. Гэхдээ л унших тусам сонирхол татна шүү.

Номыг ЭНД дараад татаж аваарай.

9. Номын нэр: Evil Under the Sun

Зохиолч: Agatha Christie 

Номын хураангуй: Agatha Christie бол сонгодог зохиолчдын нэг яах аргагүй мөн бөгөөд зохиолуудыг нь уншихад маш олон мэдэхгүй үг тохиолддог. Тиймээс үгийн сангаа баяжуулахыг хүсэж байвал “Evil Under the Sun” зохиолыг нь уншаарай. 

Бельгийн Hercule Poirot хэмээх мөрдөгч нэгэн эмэгтэйн үхлийг мөрдөх ба хаана ч явсан тэрээр асуудал дагуулаад байх шиг санагдана. Асуудал нь тэр байв уу? Хэн нэгэн түүнийг хорлож байв уу?

Номыг ЭНД дараад татаж аваарай.

10. Номын нэр: Outliers

Зохиолч: Malcolm Gladwell

Номын хураангуй: Таны хувьд амжилт гэж юуг хэлэх вэ? Амжилтад хүрэхэд хамгийн их нөлөөлдөг хүчин зүйл нь юу юм бол? “Outliers” зохиолд эргэн тойрны хүмүүс, хүрээлэл тань амжилтад хүрэхэд ямар чухал гэдгийг бичсэн байдаг.

Номыг ЭНД дараад татаж аваарай.

Эх сурвалж: Fluent U

#Боловсрол #Англи хэл #Ном