Cахлаа хэрхэн зөв хусах вэ?


Сондор | YOLO.MN
2018-05-29

Сахал хусах аргыг нэг сураад авахад цаашид тийм ч хэцүү ажил биш юм. Доорх зөвлөмжийг дагуу сахлаа хурдан, өвтгөхгүй мөн амархан аргаар аваарай.

Сахлын хутга

Арьсан дээр ургасан илүүдэл үсийг авах хамгийн энгийн арга бол сахлын хутга юм. Мэдээж сахлын хутга дотроо олон төрөлтэй.  Ир нь салдаг, салдаггүй, цахилгаан, энгийн гэх мэт.

Цахилгаан сахлын хутга хэрэглэхэд хурдан бөгөөд хялбар байх боловч энгийн сахлын хутга шиг гүйцэт авч чаддаггүй. Хэрэв цахилгаан сахлын хутга хэрэглэх бол илүүдэл үсний ургалтын дагуу хэд хэдэн удаа дээш доош болгоход л хангалттай. Харин энгийн сахлын хутгыг хэрэглэхэд мөрдөх ёстой зүйлс байдаг.

Хэрэв чи энгийн сахлын хутга хэрэглэхээр шийдсэн бол юун түрүүнд цэвэрхэн бөгөөд хурц иртэй хутга сонгоорой. Чанартай сахлын хутга дор хаяж хоёр нөөц иртэй байдаг ба толгой нь салдаг. Иргүй, мохоо хутгыг хэзээ ч бүү хэрэглээрэй. Учир нь иргүй хутгаар сахлаа хуссанаар дутуу авагдаж, улайж мөн толбо үүсдэг. Нэмж хэлэхэд иргүй хутгаар сахал хусах үед арьсны хэсэг давхар авагдах зэрэг сөрөг үр дагавартай.

 Сахлын хөөс

Сахал хусах явцад таны нүүрэн дэх унаган тос хуулардаг. Тиймээс сахал хусах үйл явцад хэрэглэгдэх дараагийн чухал зүйл бол сахлын хөөс юм. Энэ нь таны арьсыг хэт хуурайшихаас сэргийлэхийн сацуу сахлын хутганы үзүүлэх сөрөг нөлөөг багасгана. Харин гааны найрлагатай сахлын хөөс нь зарим арьсны бүтцэд тохиромжгүй байдаг учир тууралт үүсгэж болзошгүйг анхаараарай.

Сахал хусах дараалал

1. Нүүрээ халуун бүлээн усаар норго. Ингэснээр илүүдэл үсийг зөөлөрч, арьсны нүх нээгддэг ба хусахад илүү амар болдог. Шүршүүрт орсныхоо дараа сахлаа хусвал бүүр ч үр дүнтэй.

2. Сахлаа хусах бүрдээ хутгаа усаар зайл. Ингэснээр сахлын хутгаа бөглөрөх болон бохирдохоос сэргийлнэ.

3. Сахлын хөөсөө эрүү, амны эргэн тойрон, хүзүү болон хоолойдоо түрхэх.

4. Үсний ургалтын дагуу хусч байгаарай. Үсний ургалтын эсрэг хусвал улайлт, хорсолт мөн тууралт үүсдэг.

5. Сахлын хутгаа хэт чанга биш мөн хэт зөөлөн биш дарж үсний ургалтын дагуу авна.

6. Хамгийн сүүлд нүүрээ хүйтэн усаар шавшиарай. Хэрэв хүсвэл сахлын ус хэрэглэж болно.

Сахал хусахтай холбоотой бас нэг зүйлийг сануулахад сахлын хутгаа өөр хүнтэй бүү сольж хэрэглээрэй. Учир нь сахал хусахад арьсны нимгэн давхарга авагддаг мөн зарим тохиолдолд зүсэгдэн цус гардаг. Энэ нь хэрэглэсэн сахлын хутгаар дамжин ямар нэгэн өвчний вирус (элэгний В, С гэх мэт) авах эрсдэл үүсгэдэг.

#Хөвгүүд #Зөвлөгөө #Сахал