17 НАСТАЙ ҮСЧИН А.БАТЗОРИГ: Нэг хүний үсийг сэтгэлээсээ засахад л ард нь 10 хүн байдаг


Б.Хишигжаргал | YOLO.MN
2018-09-28

Ярилцлагын буландаа бид үе тэнгийн авъяаслаг үсчин хөвгүүнийг урьж ажлынх нь талаар ярилцлаа. Уйгагүй хөдөлмөрлөж авъяас чадвараа хөгжүүлж буй түүний даруухан яриа нэгийг бодогдуулна биз ээ.

YOLO: Сайн байна уу. Чамд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай уншигчдад өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаач.

-Сайн байцгаана уу? Намайг Алтанхуягийн Батзориг гэдэг. 17 настай. Өнгөрсөн хавар СХД-ийн 105-р сургуулийг төгссөн. Одоо “Hind” салонд үсчин хийдэг.

YOLO: Үсчин болох гараагаа хэзээнээс эхэлсэн бэ?

-Анх 10-р дугаар ангийн зуны амралтаар үеэл ах маань намайг гэртээ дэмий байж байхаар манай салонд ирээд ажил хий гээд “Hind” cалонд үсчний туслах хийж эхэлсэн. Анхандаа үс, шал, алчуур зэрэг угааж, үсчний хар бор ажил хийдэг байсан. Тэгж л анх 2016 онд үсчин болох гараагаа эхэлсэн дээ. Тэгээд 2017 онд буюу 11-р ангиа төгсөөд үс засч сураад үнэтэй багаж, хэрэглэлүүд аван “Progress” салонд өдрийн түрээсээ төлөөд ажиллаж эхэлсэн. Тэгэхэд тэр салонд хүн бага ордог үйлчлүүлэгч цөөхөн байсан болохоор хааяа түрээсээ төлж чадахгүй өрөнд ороод хэцүү санагддаг байсан. Харин нэг сарын дараа нэлээн хэдэн үйлчлүүлэгчтэй болоод өдрийн түрээсээ төлөөд, өөрөө ч бага хэмжээний ашиг олоод өөрийнхөө хэрэгцээг хангаж чаддаг болсон.

YOLO: Яагаад анх үс засах болсон бэ?

-Анх үсчний газар ажилдаггүй байхад энэ мэргэжил сонирхолтой санагддаггүй байсан. Харин дотор нь туслах ажилтан хийгээд байж байхад үнэхээр сонирхолтой санагдаад үс засах болсон. Мөн олон хүнтэй харьцан, танилын хүрээ тэлнэ. Нэг хүний үс засаад сэтгэлд нь нийцвэл цаашаагаа найз нөхөд, гэр бүлийнхэндээ тэнд нэг тийм сайн үсчин байдаг гээд л хэлдэг. Тийм болохоор нэг хүний үсийг сэтгэлээсээ засахад л ард нь 10 хүн байдаг.

YOLO: Үсчний мэргэжлээр суралцаж байсан уу?

-Анх үсчний сургалтанд ерөөсөө сууж үзээгүй эхэлсэн. Харин саяхан сургалтанд суусан боловч сонирхолтой санагдаагүй. Дийлэнх нь мэддэг юмнууд байсан. Мөн онолын юм сайн заагаагүй. Тэгэхээр сургалтанд суухгүйгээр хүн өөрөө бие даан юм сурах боломжтой гэж бодсон. 

YOLO: 2016 онд л гэнэт  үсчин болохоор шийдсэн үү? Хүүхэд насны чинь мөрөөдөл гэж байсан уу?

-Хүүхэд насны мөрөөдөл бол байгаагүй. Хүүхэд байхдаа ерөнхийлөгч болно, эсвэл дарга, захирал болно гээд л хий хоосон юм мөрөөддөг байсан. Тэгээд гэнэт л  ажил  хийе ч гэж бодоогүй байхад зун дэмий байж байхаар ахдаа тусалъя гээд үсчний газар ажиллахад үнэхээр сонирхолтой санагдаад тэр чигтээ хөтлөгдөөд үс засах болсон доо.

Анхандаа үс, шал, алчуур зэрэг угааж, үсчний хар бор ажил хийдэг байсан. Тэгж л анх 2016 онд үсчин болох гараагаа эхэлсэн дээ.

YOLO: Мэргэжлийн хувьд заавар, зөвлөгөө үлгэр дуурайлал авдаг хүн бий юу?

-Мэдээж байгаа. Манай хоёр үеэл Батбаяр, Дөлгөөн ах нар маань надад их тусалж дэмжиж, зөвлөгөө өгч, туршлагаасаа хуваалцдаг.

YOLO: Ямар газруудад ажиллаж байсан бэ?

-Анх ах дээрээ 5-р сургуулийн баруун талд байрлах “Hind” салонд 11 сар туслах хийж байгаад эрэгтэй үс засч сураад 2017 оны зуны амралтаараа гурван сар “Progress” салонд ажиллаад, буцаад ахынхаа “Hind” салонд ажиллах болсон.

YOLO: Мэргэжил бүхэн хүнээс авьяас, мэдрэмж шаарддаг. Тэр дундаа үсчний мэргэжил бас их хариуцлагатай ажил санагддаг. Чи хэр олон үйлчлүүлэгчтэй вэ?

-Надад ойролцоогоор 80-100 тогтмол үйлчлүүлэгч байгаа. Энэ хүмүүс байнга цаг авч үсээ засуулдаг.

YOLO: Эрэгтэй, эмэгтэй үсний алийг нь голчлон засдаг вэ?

-Ихэвчлэн эрэгтэй үс засдаг. Эрэгтэй үсэн дээр зураг зурах, уусгалт хийх гэх зэрэг янз бүрийн засалтууд хийдэг. Эмэгтэй үс засахын хувьд тайралт хийдэг. Одоогоор эмэгтэй үс засахад суралцаж байна.


 

Хүүхэд байхдаа ерөнхийлөгч болно, эсвэл дарга, захирал болно гээд л хий хоосон юм мөрөөддөг байсан.

YOLO: Өсвөр насныханд тулгарч байдаг асуудлуудын нэг бол үс гэмтэх байдаг. Үүнд зөвлөгөө өгөөч.

-Өсвөр насныхан үсээ их будаж өөрчлөлт хийдэг учраас их гэмтдэг гэж боддог. Тиймээс үсээ аль болох будахгүй байх нь гэмтээхээс сэргийлнэ.

YOLO: Гаргасан амжилтуудаасаа дурдвал...?

-Одоогоор гаргасан амжилт байхгүй ээ.

YOLO: Үс засахаас гадна чөлөөт цагаараа юу хийдэг вэ? Чиний хобби?

-Чөлөөт цагаараа фитнессд явж, хааяа ангийнхантайгаа заал авдаг. Мөн ном уншиж, зурагт үзэж, ихэвчлэн бие бялдраа хөгжүүлэх тал дээр анхаарч фитнессд явдаг. Гэхдээ чөлөөт цаг ер нь бага гардаг. Зарим өдөр цайндаа ч орох завгүй өдөржин ажилладаг. Цайндаа орох гэхээр үйлчлүүлэгчид маань сард ганц ирж байхад засаад өгөөч гэж хэлэхээр үгүй гээд хэлж чаддаггүй. Мэдээж сарын өмнө засуулчихаад дараа сар нь намайг гээд зориод ирэхэд нь “Өнөөдөр завгүй ээ би гарах гэж байна” гэхэд нөгөө хүний урам нь хугарна. Тийм болохоор үсчдэд хүндрэлтэй асуудал их байдаг. Тэр болгоныг давж туулах хэрэгтэй.

YOLO: Хийж байгаа зүйл чинь бүтэлгүйтэх үе зөндөө л тулгарч байсан байх. Тэр үед яадаг вэ?

-Бүтэлгүйтэх үе зөндөө гардаг. Жишээлбэл, хүүхдийн үс тайрахад хүүхдүүд их хөдөлдөг. Тэр үед буруу засах гэх мэт олон алдаа гаргаж байсан. Тэр үедээ уучлалт гуйгаад дахин үйлчлүүлэхийг санал болгоод үйлчлүүлэгчтэйгээ тохиролцдог. Одоо бол тиймэрхүү асуудал гарахаа больсон.

YOLO: Эрэгтэй үсийг хэдэн минутанд засдаг вэ?

-Дунджаар 30-40 минутанд засдаг.

YOLO: Шантарч байсан үе бий юу?

-Анх үс засч байхад шантрах үе зөндөө гарсан. Тэр үед хэцүү санагдаж, энэ ч миний хийх ажил биш юм байна даа ч гэж бодох үе бий. Энэ мэргэжлийн нэг онцлог нь өдөр бүр өөр өөр зан араншинтай хүмүүстэй харьцдаг болохоор олон бэрхшээл тулгардаг. Тухайн хүний үсийг хурдан засчихъя гээд халтуурдчихлаа гээд сэтгэл дундуур явдаг, эсвэл удаан засуул  шинэ үсчин болохоор муу юм байна гэх тохиолдол цөөнгүй гардаг. Тэгсэн хэдий ч бууж өгөөгүй. Илүү хичээж, намайг гээд зориод ирсэн хүний үсийг сэтгэлээсээ засч өгөөд гаргахыг хичээдэг.

YOLO: Чиний хувьд баримталдаг зарчим.

-Орж ирсэн хүн болгонтой мэндэлдэг. Мөн цагийн хуваарилалт их чухал. Ер нь манай Монголчууд цаг сайн баримталдаггүй. 10 цагт над дээр цаг аваад ирсэн хүн 10 минут хоцроод ирэхэд дараагийн цаг авсан хүн ороод ирдэг. Тэр дундуур цаг аваагүй хүн орж ирээд “Орой уулзалттай, хуралтай юм аа” гээд гуйхад нь зохицуулаад ирсэн бүх хүнийг засч өгөхийг боддог. Хамгийн чухал нь засуулах гэж байгаа хүнийхээ үсийг хүссэнээр нь засч өгөх.

YOLO: Цаашдаа үсчнийхээ чиглэлээр суралцах уу? Өөр мэргэжил эзэмших үү?

-Үсчнийхээ чиглэлээр цаашдаа илүү хөгжүүлнэ гэж боддог. Сургалтанд явж онолын мэдлэгээ дээшлүүлж, эмэгтэй үс засч сурах болно. Мөн гадагшаа явж тэмцээн уралдаанд орж өөрийгөө сорьж үзнэ гэж бодож байгаа.

YOLO: Ойрын хугацаанд ямар нэгэн тэмцээн уралдаанд бэлдэж байгаа юу?

-Одоогоор эмэгтэй үс сайн засч сураагүй болохоор тэмцээн уралдаанд бэлдээгүй байгаа.

YOLO: Чамд тусалж дэмждэг, зааж сургадаг хүмүүстээ хандаж үг хэлээч?

-Надад тусалж, дэмжиж зааж сургасан бүх хүмүүст маш их баярлалаа. Миний амьдралын анхны гарааг зөв тавьж өгсөн хоёр үеэл ахдаа мөн маш их баярладаг.

YOLO: Сонирхолтой яриаг өрнүүлсэнд баярлалаа. Цаашдын зорилгод чинь амжилт хүсье.

-Баярлалаа. Танай хамт олонд мөн амжилт хүсье.

#HairStyle