Долоон сард “K-pop” фестиваль зохион байгуулахаар төлөвлөөд байна"


Bloomberg TV Mongolia | YOLO.MN
2023-05-15

Ирэх долоодугаар сарын 21-30-ны өдрүүдэд Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлын ойролцоо “K-pop” фестиваль зохион байгуулахаар төлөвлөснийг Аялал жуулчлалын хөгжлийн төв мэдээлжээ.

Одоогоор хөгжмийн фестивальд оролцох хамтлаг, дуучдын нэрсийг албан ёсоор тогтоогүй байгаа боловч БНХАУ, Япон, ОХУ, Зүүн Өмнөд Азийн орнуудад танигдсан уран бүтээлчдийг урьж, жуулчин татахаар зорьж буй аж.

Монгол Улсын хувьд 2023 онд нэг сая жуулчин хүлээн авахаар зорьж буй бөгөөд зуны саруудад буюу 7-9 сард  550 мянга гаруй жуулчин хүлээн авахаар тооцоолоод байгаа юм. Өөрөөр хэлбэл 2023 оны зуны саруудад 2019 оны бүтэн жилийн хугацаанд хүлээн авсантай адил хэмжээний жуулчин хүлээн авч байж зорилтдоо хүрэх аж.

Монгол Улсын аялал жуулчлалын салбар түүхэндээ 2019 онд хамгийн их буюу 577 мянган гадаадын жуулчин хүлээн авсан байдаг.

Он гарсаар дөрөвдүгээр сарын дөрвөний өдрийн байдлаар Монгол Улс 107 мянган жуулчин хүлээн авснаар зорилтот түвшнээ 124.4 хувиар давуулан биелүүлснийг Аялал жуулчлалын хөгжлийн төв мэдээллээ.

2019 онтой харьцуулахад аялал жуулчлалын бодлого зохицуулалтын орчинд хэд хэдэн эерэг өөрчлөлт гараад байна. Тухайлбал: Монгол Улсад жуулчлахаар ирэх БНСУ-ын иргэдийг 2024 он дуустал 90 хоног визгүй, мөн 30 хүртэлх хоногоор ирэх гадаадын 34 улсын иргэдийг ирэх гурван жилийн хугацаанд визийн шаардлагаас чөлөөлөөд байгаа юм. Түүнчлэн 36 орны иргэдэд цахим виз олгож эхлээд байна. 

М.Аминаа

#Мэдээ