У.Цэдэнсодном: Бид ч гэсэн өөрчлөгдөж, МАШ ГОЁ ИРЭЭДҮЙД ХҮРЭХ БОЛОМЖТОЙ


М.Тэнгис | YOLO.MN
2018-08-21

АНУ болон Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтсоны 30 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны дэмжлэгтэйгээр анх удаа “FLEX” сурагч солилцооны хөтөлбөр хэрэгжсэн билээ. Тус хөтөлбөрт хамрагдаж, АНУ-д нэг жилийн турш амьдран суралцаад ирсэн У.Цэдэнсодномтой түүний АНУ-д өнгөрөөсөн амьдралын тухай болон хоёр орны соёлын ялгааны тухай гээд олон сонирхолтой, өгөөжтэй сэдвээр ярилцлаа.

Түүний хийх дуртай зүйл: Ном унших, Марвелын кинонууд үзэх.

Хэлэх дуртай үг: Цаг хугацаа бүхнийг харуулна.

YOLO: Өдрийн мэнд. Уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Өдрийн мэнд. Намайг Уранболдын Цэдэнсодном гэдэг. 33-р сургуулийн 11-р ангийн сурагч. FLEX сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдаж АНУ-д нэг хичээлийн жил амьдарч, суралцаад ирсэн.

YOLO: FLEX хөтөлбөр гэж юу вэ? Уншигчдад товчхон мэдээлэл өгнө үү? Сурагчдыг ямар шалгаруулалтаар сонгож авдаг вэ?

-FLEX гэдэг маань Future Leaders Exchange Program буюу ирээдүйн манлайлагчдын солилцооны хөтөлбөр юм. Анх хүйтэн дайны үед АНУ болон ЗХУ-ын харилцааг сайжруулах зорилготой үүсгэн байгуулагдаж байсан бол одоо дэлхийн 17 гаруй оронд хэрэгждэг. Хоёр орны хоорондох соёлын ялгааг танин мэдүүлэх, эргээд хоёр орны холбоо харилцааг сайжруулах зорилготой гайхалтай хөтөлбөр байгаа.

Сонгон шалгаруулалт гурван шаттай байдаг. Нэгдүгээр шат нь Англи хэлний богино хэмжээний тест, хоёрдугаар шат нь өөрийнхөө амьдралд тохиолдож байсан зүйлсээр эсээ бичих, гуравдугаар шат нь ярилцлага гэх мэт. Шалгалтын материалууд нь бүгд Вашингтон ДиСи хот руу хүргэгдэж шалгагддаг.

YOLO: Хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад анх яагаад орох болсон бэ?

-Би 6-р ангиасаа хойш Америк руу сурагч солилцоогоор явахыг маш их мөрөөддөг байсан. Аавдаа хэлээд л, “Аав аа, би явмаар байна” гээд л... Дандаа төлбөр төлдөг солилцооны хөтөлбөрүүд тааралддаг байлаа. Гэтэл нэг өдөр зургийн дугуйлан дээрээ сууж байсан чинь манай англи хэлний багш залгаад, “Цэдээ, ийм сурагч солилцооны хөтөлбөр байна” гээд хэлсэн. Би үзээд л алдъя гээд, судалж үзээд бүртгүүлсэн дээ.

YOLO: Тэнцэнэ гэсэн хэр итгэлтэй байсан бэ? Сонгон шалгаруулалт хүнд байв уу?

- Олон жил мөрөөдөж ирсэн учраас зорилгоо биелүүлнэ гэсэн итгэл бол байсан. Харин сонгон шалгаруулалтын хувьд хүнд гэхээс илүү намайг сорьж байгаа сорилт шиг л санагдаж байлаа. Маш сонирхолтой байсан.

YOLO: Тэнцсэнээ анх мэдэх үеийн сэтгэгдлээсээ хуваалцаач? FLEX хөтөлбөрт амжилттай тэнцсэнээр ямар боломжийг гартаа атгалаа гэж бодсон бэ?

-Хичээл дээрээ шалгалт өгөөд сууж байтал, FLEX-ээс залгасан. Багшаасаа нуугдаад чимээгүй аваад ярьсан чинь, “Цэдэнсодном оо, чи тэнцсэн байна аа” гэж хэлсэн, би дотроо чангаар “YES!” гээд л орилсон доо.

Тэнцсэнээ мэдээд цаашид АНУ-д сурах хэтийн зорилгод минь маш том гүүр болж өгөх юм байна, өөр орны хүүхдүүдтэй багаар ажиллахад суралцах, хоёр орны соёлын ялгааг танин мэдэх том боломжийг олж авлаа гэж бодсон.

YOLO: АНУ-д онгоцоор газардсан тэр мөчөөс яриагаа үргэлжлүүлье. Хамгийн эхэнд тохиолдсон адал явдлуудаасаа яривал?

-Бид Улаанбаатараас Франкфурт хүртэл нисч буудаллаад, тэндээсээ Вашингтон руу дамжин ниссэн. Вашингтонд ирээд бусад орноос ирсэн солилцооны хүүхдүүдтэйгээ нийлж, нэгдсэн мэдээллээ авдаг. Тэгээд яг шөнө Вашингтонд онгоцноос буутал маш их халуун байсан, гараад л шууд хөлрөөд. Сургуулийн автобусаар цааш явах болж, хөвгүүд нь бүх ачаагаа автобус руу зөөж оруулаад, олон цаг нисч ядарсан дээрээ бүр их халууцсан. Тэндээсээ өөр өөрсдийн хуваарилагдсан муж руу явцгаасан. Би өөрийн хуваарилагдсан Юта муж руу явж хүрэхэд, манай зочин гэр бүл ирчихсэн, постерууд барьчихсан зогсч байхыг нь би харалгүй шууд ачаа руугаа зүглээд, араас дуудсаныг нь сонсдоггүй. Тийм нэг хөгжилтэй явдал болсон доо.

YOLO: Host Family буюу зочин гэр бүлд хуваарилагддаг гэж сонссон. Өөрийнхөө хуваарилагдаж очсон гэр бүлийнхээ тухай яривал? Чамайг яаж угтаж авсан бэ?

-Манай Host Family их том гэр бүл байсан, зургаан хүүхэдтэй. Тэд нар нь бүгдээрээ том болоод, тусдаа гарчихсан учраас баяр болоход маш олуулаа цуглаж, хоол идэж, “солиотой” тэмдэглэдэг нь их зугаатай санагддаг байсан. Зочин ээж маань өөрөө төгөлдөр хуурын багш учраас манай найрал дууны анги дээр ирж төгөлдөр хуур тоглодог байсан. Их хөгжим дунд л бүтэн жил байлаа даа.

Зочин гэр бүл маань намайг анх хүлээн аваад, “Чи их ядарсан байна даа” гэж хэлж байсан юм байна.

YOLO: Америк хүүхдүүдийн хамт бүтэн нэг жил суралцсан шүү дээ. Тэдний дунд анх ороход ямар мэдрэмж төрж байсан бэ? Монгол хүүхдүүдээс юугаараа ялгаатай санагдсан бэ?

-Америк хүүхдүүд маш нээлттэй, хэнтэй ч найз нөхөр болоход бэлэн байдаг. Би өөрөө хичээл эхлэхээс өмнө шууд америк хөл бөмбөгийн багт орчихсон. Тийм учраас найзуудтай болоход их хялбар байсан.

Тэд монгол хүүхдүүдтэй л адилхан өсвөр насны хүүхдүүд. Гэхдээ, тэдэнд байдаг боломж монгол хүүхдүүдэд олгодог боломжоос эрс ялгаатай байдаг. Тодруулбал, Америк хүүхдүүдэд хичээлийн дараах үйл ажлууд маш их байдаг. Усан спорт, америк хөл бөмбөг, сагсан бөмбөг төдийгүй бусад олон дугуйлан секцүүдэд чөлөөтэй хамрагдаж болдог.

YOLO: Чиний суралцсан ахлах сургуулийн тухай дэлгэрэнгүй ярилцъя. Ямар онцлогтой сургууль байсан бэ?

-Миний амьдарч байсан хот 2000 гаруйхан хүн амтай, түүнийгээ дагаад ахлах сургууль нь ч бас жижигхэн байсан. Манай сургуулийн онцлог гэвэл хүмүүс нь юмуу даа. Маш найрсаг хүүхдүүдтэй, маш найрсаг багш нартай. Хэзээ ч нэг нэгнээ дээрэлхэх, илүү гарах гэж оролдох гэх мэт ойлголт байхгүй байгааг хараад би анх их гайхаж байсан. Яагаад гэвэл Америк кинонд ахлах сургуулийн тиймэрхүү амьдрал гардаг шүү дээ.

Харин сургалтын хөтөлбөр, арга барилын тухайд гэвэл үндсэн долоон хичээл сонгож үздэг байсан, би бол шинжлэх ухаан судлал, америкийн түүх, англи хэл, математик, дүрслэх урлаг, найрал дуу, биеийн тамир гэсэн хичээлүүдийг сонгож судласан. Өөрийн сонгосон эдгээр хичээлээ өдөр бүр давтаж үздэг учраас, дуртай зүйлээ байнга  хийж, илүү сайжраад байна аа гэсэн үг. Биеийн тамирын хичээлийг илүүтэй яривал, хоёр долоо хоног бүр өөр спорт үздэг байсан. Тийм учраас бүх хүүхдүүд ялгаагүй эхнээс нь сурч чаддаг, хичээл их хөгжилтэй явагдаж байгаа нь их сонирхолтой санагдсан.

YOLO: Бүх хичээл харь хэл дээр орж байсан шүү дээ. Хамгийн сурч, дадахад хэцүү байсан нь ямар  хичээл байв?

-Англи хэл /инээв/. Би нэлээд дээгүүр бодоод, өөрөөсөө дээд түвшний англи хэлний хичээл сонгочихсон юм. Тэгээд баахан эсээнд дарагдаад, Шекспирийн зохиолуудыг уншаад эхэлсэн. Дээр үеийн, Шекспирийн зохиолууд уншихад хүнд шүү дээ.

YOLO: FLEX хөтөлбөрт хамрагдахаас өмнө ямар түвшний англи хэлний мэдлэгтэй байсан гэж өөрийгөө хэлэх вэ?

-Боломжийн л гэж хэлнэ. Үүнд бол англи хэлний Пүүжээ багшаа дурьдахгүй байхын аргагүй. Багш маань хүүхдүүдийнхээ англи хэл сурах хүслийг их өдөөж өгдөг байсан. Мөн дээрээс нь англи хэл дээр кино үзээд, интернетээр гадаад хүмүүстэй танилцаад ярих гэх мэтээр өөрийгөө хөгжүүлдэг байсан. Нээрэн бас, iPhone-ий Siri –тэй их ярьдаг байсан юм байна.

YOLO: Америкд байх хугацаанд хэлний бэрхшээл хэр гарч байсан бэ?

-Эхний нэг сарын хугацаанд жижиг, том бэрхшээл тодорхой хэмжээнд гарч байсан. Гол нь тэд маш хурдан ярьдаг, бас дасгалжуулагч нар зааланд ярихад цуурайтаад ойлгоход хүнд байсан. Гэхдээ нэг их хэцүү байсан гэж хэлэхгүй. Нэг сар болоод тэдгээр бэрхшээлүүд арилж, алга болсон.

YOLO: Гэрээ санаж байв уу?

-Нэг их сүртэй санаагүй л дээ. Гэхдээ шинэ жилээр, цагаан сараар санасан. Тэр үед Монголд хамаатан саднаараа цугларч уулздаг болохоор. Сошиал ертөнцөөр байнга холбоотой байсан учраас тийм ч айхтар санаж байгаагүй. Гэхдээ ер нь тэдэнтэйгээ байнга утсаар яриад байх хэрэггүй. Илүүтэй Host Family-тэйгээ асуудлуудаа хуваалцаж, илүү дотно болох хэрэгтэй. Тэгэхгүй бол, Америкд болж байгаа асуудлыг Монголд байгаа эцэг эх нар шийдэж өгч чадахгүй шүү дээ.

YOLO: Америкд байх хугацаанд хамгийн хүнд хэцүү санагдаж байсан зүйлс юу байсан бэ?

-...Тийм их хүнд хэцүү зүйл болоогүй л дээ... Зүгээр, манай зочин гэр бүлийнхэн Христийн шашинтай учраас бүтэнсайн өдөр болгон өглөө эрт босч сүм рүү явдаг байсан. Би өөрөө Буддын шашинтай, гэхдээ шашны зөрчилдөөн, үл ойлголцол бол байгаагүй. Зүгээр өглөө эрт босох бяцхан асуудал л байсан /инээв/. Ер нь тийм хүнд хэцүү зүйл тохиолдож байгаагүй гэж болно.

YOLO: Бүтэн нэг жилийн турш мэдээж өөрийгөө дайчлах, өөрийгөө өөрчлөх шаардлагуудтай тулгарч байсан байх. Тэдгээрээс хуваалцвал?

-Америк хөл бөмбөгийн үе. Тэр олон жил америк хөл бөмбөг толгочихсон хүүхдүүдийн дунд шууд орсон болохоор, үнэхээр өөрийгөө дайчлахаас өөр арга надад байгаагүй. Бэлтгэлүүд нь маш хүнд. Амьсгаа барилт, ядралт цуцалт, биеэр дүүрэн хөх няц гээд л. Тиймэрхүү үеүдэд өөрийгөө гоё болчихсон байгаагаар нь төсөөлөөд л, дайчилсан даа.

YOLO: Америк хөл бөмбөгийн тухай манай уншигчид төдийлөн сайн мэдэхгүй байх. Чи өөрийнхөө зүгээс бяцхан тайлбар өгвөл?

-Жинхэнэ эр хүнийг гаргаж ирдэг спорт. Эр хүний тэсвэр тэвчээр, тууштай байдлыг шалгадаг. Ирээдүйн амьдралдаа тэсвэр тэвчээртэй байж сурахад тустай. Мөн нэг багийнхныгаа хайрлах сэтгэхүй. Ялагдчихсан ч, “манай багийнхан чадна аа” гээд л байж байдаг. Тэдгээр нь надад маш их таалагддаг.

YOLO: Америкд өнгөрүүлсэн хамгийн мартагдахааргүй дурсамжаа хуваалцаач?

-...Бараг тэр чигтээ л мартагдахааргүй дурсамж байгаад байдаг /инээв/. Ерөнхийдөө Host Family-тэйгээ өнгөрүүлсэн цаг мөчүүд, хамтдаа тэмдэглэсэн баярууд, хурдны зам дээр явж байхдаа олон цаг ярьсан ярианууд...эд бүгд л хэзээ ч мартагдахааргүй дурсамж юм уу даа.

-Америк гэр бүлийн Монгол гэр бүлээс ялгарах соёлын ялгаа нь юу гэж бодож байна вэ?

-Маш гэр бүлсэг. Гэр бүлийг нэгдүгээрт тавьдаг, бүх баярыг олуулаа, гэр бүлээрээ заавал тэмдэглэдэг. Тэр баяраар заавал тийм кино үзнэ, заавал тэгнэ гэсэн тогтсон заншлууд ихтэй. Америкчуудын хувьд хүүхдүүдээ маш эрт биеийг нь даалгаад, хувь хүн гэдэг утгаар нь авч үздэг. Мөн хүнтэй хальт шүргэлцээд зөрөхөд л, “Яана аа, Зүгээр үү?, Уучлаарай” гэх мэт үгсийг үргэлж хэлдэг зэрэг нь зүгээр л энгийн соёлын хэлбэрүүд. Гэхдээ соёлын ялгаа гэхээс илүү манай монголчууд улам л гоё болж байгаа шүү дээ..

-Англи хэл сурах нь одоо цагт зайлшгүй шаардлага бүхий зүйл болжээ. Чи өөрийнхөө зүгээс англи хэл сурахын давуу талыг үеийнхэндээ зориулж тодорхойлбол?

-Одоо дэлхий даяарчлагдаж байгаа тухай их ярих болсон. Тэр даяарчлагдаж байгаа дэлхийд бусдаас хоцрохгүй манлайлагч нь байхын тулд, тэдний нэг хэсэг болон үлдэхийн тулд англи хэлийг заавал сурах хэрэгтэй.

-FLEX хөтөлбөрт хамрагдахаас өмнөх болон одоогийн өөрийгөө харьцуулж харвал ямар өөрчлөлтүүд гарсан гэж боддог вэ? FLEX хөтөлбөр бодитоор чамд юу өгсөн бэ?

-Одоо би юмсыг арай олон талаас нь хардаг болсон. Манай нийгэмд нэг болохгүй асуудал гараад ирлээ гэхэд, шууд л “Аа энэ чинь...” гэхээсээ илүү, “энэ бол энэ талаараа ийм, бас нөгөө талдаа ийм юм байна” гэж эргэцүүлэн, дундаас нь анализ, дүгнэлтээ сайн хийж сурсан.

Мөн маш олон танилтай болсон. Америк орны соёлоос суралцаж ирсэн байна. Өөрийгөө хувь хүн талаас нь хөгжүүлэх олон сайхан санааг олж ирсэн. Хичээлийн дараа хийж хэрэгжүүлж болох төслийн санаа, клубын ажил гэх мэт. Манай FLEX хөтөлбөр бас, Америкаас ирээд л шууд дуусчихдаггүй. Дараачийн хамрагдагч alumni-ууддаа зориулсан төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг. Түүнийхээ шугамаар мөн саяхан Казахстан, Киргизстан яваад хурал зөвөлгөөнд суугаад ирлээ.

YOLO: Ирээдүйн мэргэжлээ юу гэж сонгосон байгаа вэ?

-Уран барилгын архитектурын чиглэлээр сурах бодолтой байгаа. Яагаад гэвэл багаасаа л аливаа зүйлийг төсөөлөн бодох, зурах, бүтээх дуртай байсан. Эх оронд маань нэн хэрэгтэй байгаа мэргэжил учраас, гадаадад боловсрол эзэмшиж ирээд, Монголдоо ажиллана.

YOLO: Хамтдаа чиний мөрөөдлийн тухай сэдвээр ярилцъя. Чиний мөрөөдөл юу вэ?

-Хувь хүнийхээ тухайд биш, эх орныхоо төлөө л их зүйл мөрөөддөг дөө. Монгол орон минь ийм, тийм болсон байгаасай гээд л. CNN-ий өглөөний мэдээгээр Монгол улс тийм амжилтанд хүрлээ, эдийн засгийн хувьд ийм тэсрэлт хийлээ гэсэн зүйл үзээд сууж байхыг л их мөрөөддөг.

YOLO: Америкд өнгөрүүлсэн нэг жилийн хугацааг ганцхан үгээр илэрхийлбэл ямар үгээр илэрхийлэх бол? Англи үгээр байсан ч болно.

-Armageddon. Энэ бол Библид гардаг, ямарваа зүйлийн төгсгөлийг илэрхийлдэг үг. Яагаад энэ үгийг сонгосон бэ гэвэл: FLEX хөтөлбөрт хамрагдсанаар Цэдэнсодномын хуучин хувилбарын Armageddon буюу төгсгөл болж, цоо шинэ, илүү хүчирхэг Цэдэнсодном буцаж ирсэн гэж болно.

YOLO: Англи хэлийг илүү сайн сурахыг хүсдэг үе тэнгийнхэндээ зориулж өөрийнхөө зүгээс ямар зөвлөгөө өгөх вэ?

-Хоббигоороо дагнаж сурах хэрэгтэй. Сагс тоглох дуртай бол NBA-ын мэдээ сайн үзэж, сагсчдынхаа тухай англи хэл дээр унш. Маш энгийн.

YOLO: Америкд нэг жил амьдраад ирснийхээ дараа үе тэнгийнхэндээ хандаж ямар үг хэлмээр санагдсан бэ?

-Бид ч гэсэн өөрчлөгдөж, маш гоё ирээдүйд хүрэх боломжтой л гэж хэлмээр байна. Залуучууд нь боловсролтой, мэдлэгтэй, чадвартай байх юм бол эргээд хэдүүлээ эх  орноо сайхан хөгжүүлж чадна. Тэгэхээр хүн болгон дор бүрнээ хичээх хэрэгтэй.

Мөн цагаа зөв зарцуулж сурах хэрэгтэй. Өөрийнхөө дуртай, хэрэгтэй зүйлд цагаа зарах хэрэгтэй. Хичээлээ тараад PC тоглоомын газар ормооргүй л байна ш дээ, тэ? Ядаж хичээлээ тарчихаад англи хэлний клубд яв л даа. Ширээний теннис тоглоод сурчихъя. Урьд нь хийж үзэж байгаагүй сонирхолтой зүйлсээр амьдралаа дүүргээрэй л гэж хэлье.

YOLO: Өнөөдрийг хүртэл тодорхой хэмжээнд бусдаас илүү хүчин чармайлт гарган, өөрийгөө дайчилж ирэхэд тус дэм болж байсан хайртай дотны хүмүүсээ дурьдвал?

-Хамгийн түрүүнд бол аав, ээж. Миний аав ээж шиг агуу хүмүүс байхгүй гэж би хувьдаа боддог /инээв/. Мэдээж мөн ах эгч нар, гайхалтай багш нар, бас найзууд маань байна. Манай ангийн багш Баянгол гээд мундаг математикийн багш бий. Америкд очоод Баянгол багшийн маань зааж сургаж байсан зүйлс надад тус дэм болсон. Бас одоо гавъяаныхаа амралтад суусан манай Янжинсүрэн багшийн амьдралын ухаан, хэрхэн манлайлагч, тэргүүлэгч болох тухайд зааж сургасан тэр бүхэн. Англи хэлний Пүрэвсүрэн багш маань байна. Англи хэлийг хэрхэн сурах болон ер сурах хүсэл эрмэлзлийг хүчтэй төрүүлж, хүнд хэрэгтэй үгийг нь хэрэгтэй цагт нь хэлж чаддаг мундаг багш. Мөн бас манай хайртай ангийнхан байна. Маш жижигхэн зүйлс дээр ч тусалж дэмждэг.

YOLO: Сүүлчийн асуултаа асууя. Үе тэнгийнхийгээ юу гэж уриалах вэ?

-Зорилготой байцгаая, зорилгодоо хүрэхийн төлөө бүхнээ дайчилъя.

YOLO: Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье!      

#Internship