ФОТО: “ХАВАР” олон ангит кино гарч эхэллээ


Үжин | YOLO.MN
2017-12-30

Өвлийн намуухан үдэш их хотын гудамд өнгө өнгийн гэрэл анивчин гялтганаж, сүрлэг гацуурнууд чимэг зүүлтээрээ гангаран байхад айсуй шинэ онтой уралдан 19 ангит “Хавар” кино нээлтээ хийлээ. Энэхүү киноны албан ёсны нээлтийн арга хэмжээ 12 дугаар сарын 22-ны өдөр Корпорейт зочид буудлын танхимд болсон юм. Юнителийн Номадиа Пикчерс, МҮОНРТ-ын хамтран уран бүтээл болох “Хавар” олон ангит кино энэ сарын 29-ний өдрөөс эхлэн  МҮОНРТ-ээр үдэш бүр 22:00 цагаас үзэгчдийн хүртээл болж эхэллээ.

Ёслолын арга хэмжээнд ивээн тэтгэгч байгууллагууд, кино багийнхан, оролцон тоглосон жүжигчид гээд хамтран ажилласан бүхий л хүмүүс хүрэлцэн ирж дуу хуур, сэтгэл хөдлөлөөр дүүрэн нэгэн үдшийг өнгөрүүллээ. Швейцарийн хөгжлийн агентлагийн захирал Г.Спирли хүндэт зочноор оролцож, Франц хөгжимчин Стив Морел моринхуураар нээлтийн аяыг тоглосон анхаарал татлаа.

Нээлтийн үеэр ирсэн зочид “Хавар” ОАК-ийн нэгдүгээр ангийг үзсэн юм. “Хавар” киноны гол дүрд дуучин Х.Жулдыз чинээлэг айлын эрх танхил охины дүрийг бүтээсэн бол залуу жүжигчин Ц.Анхбаяр чадварлаг загвар зохион бүтээгчийн дүрийг амилуулжээ. Залуу жүжигчид тун эвлэгхэн дүрдээ орж тоглосон байгаагаас найруулагч Л.Ариунжаргал болоод кино багийнхан мэргэжлийн өндөр түвшинд киног бүтээхийн төлөө ихээхэн хичээсэн нь илхэн харагдана.











“Хавар” олон ангит кино нь  Монголдоо хамгийн олон шинэ дуутай кино болсон бөгөөд нийт найман дууг нь залуу дуучин Ж.Намуун, Б.Ганга-Оргил, Ш.Номин нар дуулж олны хүртээл болгосон нь кино баг бүхэлдээ залуу уран бүтээлчдийн эрч хүч, авъяас чадвараар давалгаалж буй мэт санагдлаа.

Арга хэмжээний төгсгөлд кино зохиолыг бичиж продюсэрээр ажилласан Ч.Хашчулуун, Х.Өнөрцэцэг,  Э.Эрдэнэбилэг нар өнөөгийн залуусын амьдралын баяр баясгалан, зовлон бэрхшээл, ирээдүйг зорих хүсэл эрмэлзлэлийг харуулсан бүтээл туурвихыг төлөө хэрхэн ажилласнаа хуваалцсан юм.

Монголын кино ертөнцөд залуу нас болоод шинэ бүхний эхлэлийг хаврын улирлаар төлөөлүүлсэн “Хавар” гэх кино мэндэлж байна. Одоо гагцхүү үзэгчид бид үзэж сонирхон өөрсдийн үнэлгээг өгөх л үлдлээ.

#Хавар #Spring #Movie #SoapOpera #MNB