НОМЫН ТЭМДЭГЛЭЛ: БОЧЧАН, Нацүмэ Соосэки


Шударга нь ялдаггүй юм бол өөр хэн ялна гэж? Бодоод үз дээ! /зохиолын хэсгээс/

Хүн сүргийн дундах хэзээ ч үл устах худалч, зусардагч, дүр эсгэгч, ёс суртахуунгүй, мэдлэг боловсролоор нимгэн зэрэг олон зуун дүрийг хурц үгээр илчлэхдээ гаргууд Нацүмэ Соосэкийн хамгийн алдартай туужуудын нэгд “Боччан” заавал орно. “Шударга нь ялдаггүй юм бол өөр хэн ялна гэж!” хэмээн өөртөө хэлээд үүр цайтал сургуулийн дотуур байрны шатан дээр суугаагаараа хонодог Боччаныг Соосэки амьдралынхаа цөөнгүй өдрүүдийн нэгэнд бодож олоод, цаасан дээр буулгаж гарсан ажээ. Боччаныг япон хэлээр амилуулан босгож ирсэн томилгоо нь өнөөдрийн нийгэмд хэр баргийн хүн дааж авахааргүй хүнд ачаа байж мэднэ.

Нацүмэ Соосэки 1867 оны хоёрдугаар сарын 9-нд Японы хаант улсын Токио хотод дутаж гачих зүйлгүй айлд мэндэлсэн. Материаллаг зүйлсээр элбэг хангалуун байсны сацуу түүнийг багаасаа биеэ даахад, орчлонг өөрийн нүдээр харж дэнсэлдэг болоход хүргэсэн ганцаардал, эцэг эхдээ гологдсон дурсамж, уй гашуу ч бас дүүрэн байжээ. Эрх дураараа, шулуун шударга зантай Соосэкиг ирээдүйд Япон орны орчин үеийн уран зохиолын шавыг даацтай гэгч цутгах юм гэж төрүүлсэн аав ээж хоёр нь лав мэдээгүй байж таарна.

Тэрбээр Их Британид утга зохиолын чиглэлээр суралцсан бөгөөд Англи хэлийг эх хэлнийхээ дайд сайтар эзэмшиж, улмаар бүх дэлхийн утга зохиолтой танилцаж ирээд Токиогийн их сургуульд хэсэг хугацаанд багшилжээ. Энэ хугацаанд өөрийн туурвих уран зохиолын хэв маягийн тухай ерөнхий төсөөллөө буулгаж дуусаад шуугиан тарьсан олон шүлэг, өгүүллэг, туужуудаа туурвиж эхэлсэн аж. Монгол хэлнээ тэдгээрийн томоохон төлөөлөгчид орчуулагдан гарсан байдгийг дурьдах нь зүйтэй.

Харин Соосэки уг тууждаа өөрийнхөө зан чанарыг илүүтэй тусгасан бололтой. Ерөөс “Боччан”-аас Соосэки нэвт үнэртэнэ.

Боччан хочтой шавилхан залуу их сургуулийн физикийн тэнхимийг сурч төгсөөд байтал нь төд удалгүй хөдөөгийн Шикокү арлын нэгэн дунд сургуулиас  математикийн багшийн ажил хийх санал ирдэг. Боччан өөрөө шулуухан, шийдсэн бол чигээрээ, бас ч юмыг тийм ч гүн гүнзгий бодоод ухарч буцаад байдаггүй зантай учир уг саналыг тэр дор нь хүлээн авч өсч торнисон Токио хотоо орхин явахаар шийднэ. Гэтэл орчин үеийн нийгмээс алслагдмал, бөглүү хөдөө газар гэдэг Боччаны хүлцэн тэвчих эд биш байжээ. Анх ирмэгцээ буудалласан дэн буудлынх нь үйлчлэгч эмэгтэй өчүүхэн ялгавар үзэл гаргаж буйг үзээд л хийсэн сонголтдоо эргэлзэхэд хүрч орхино. Хөдөөгийн хүн зоноос гадна багшилна гэж очсон дунд сургуулийн сурагчид нь бүр ч гайхаш барсан эд болж хувирна. Хотын амтлаг хоолоо санагалзсандаа ихэвчлэн сурагчдын үйлчлүүлдэг будааны боов, тэмпүра гоймонгийн газарт хэд хэд үзэгдсэнийхээ хариуд олны доог тохуу болно. Хамгийн айхавтар егөөт хүмүүс нь сургуулийн багш нар. Тэдний үнэн төрхийг зөв таньж, ааш занг нь бүрэн ойлгоно гэдэг Боччаны хувьд хүндхэн даваа болон хувирсан боловч хамелеон шиг хувирамтгай тэдгээр хүмүүсийн дунд өөрөө уусчихалгүй, шударга шулуун зангаа хадгалсаар үлдсэн нь хамгийн онцлууштай.

Зохиолыг нийтэд нь нэгтгэн дүгнэж, Нацүмэ Соосэкийн гарган тавих гэсэн асуудал руу 200-аад жилийн дараа, монгол хэлээр нэвтрэхийн тулд хамгийн нэгдүгээрт “Боччан гэж хэн байв?” гэсэн асуултад хариулах чухал. Учир нь зохиол эхнээсээ дуустал нэгдүгээр биеийн өгүүлэмжээр бичигдсэн буюу Боччаны өөрийн үзсэн харсан, сэрсэн мэдэрсэн, санасан бодсон, шийдсэн үйлдсэн бүгд дээр зохиол бүтэж буй. Тиймээс Боччаныг өөрийг нь ойлгохыг оролдоно гэдэг зохиолыг бүтнээр нь ойлгохыг оролдохтой агаар нэг болж байна. Харин Боччан гэгч нь өөрийн гэсэн бодолтой, шударга шулуухан зантай, ер аливаа хүнийг ялгаварлан дээр доорд үзэх мэтийн үйлдэлд тунчиг дургүй, тэгээд ч болоогүй ихэд бардам ихэмсэг нэгэн.

“…Цайны мөнгө өгөөгүй болохоор намайг ийм харанхуй давчуу өрөөнд оруулсан юм биш байгаа даа? Хямдхан муу хувцастай, гартаа муухан цүнх, цаасан шүхэр барьсан болохоор тэгсэн юм болов уу? Гэтэл өөрсдөө надаас дээр байгаа нь хаана байна? Хөдөөний юм байж хүнийг ялгаварлах санаатай...

“…Би ихэмсэг байдалтай явж нүүр гараа угаагаад өрөөндөө ирсний дараа нэг их удсангүй өчигдрийн үйлчлэгч ширээ авчирч тавиад, гартаа тавиур барьж үйлчлэх зуураа доогтой жуумалзах аж. Бүдүүлэг гэдэг нь! Миний нүүр ямар үзүүлэн биш дээ, энэ хүүхний царай зүснээс миний царай хамаагүй дээр шүү...”

...Цагаан будааны боов, тэмпүра гоймон идэх нь ёс зүйгүй асуудал, харин орой үдэш нууцаар гэйша нартай орооцолдож явах нь тэгээд ёс зүйтэй юм биз дээ?...

...Тас татан урах гэж өндийгөөд би хашгирав. Саяхан л шархирч өвдөөд байсан атал одоо зүв зүгээр болчихдог байна шүү. Би сонинг хумхин цэцэрлэг рүү хаяснаа, буцаан авч жорлон руу хаяв. Ийм муухай худал зүйлийг энэ сонин яаж хэвлэв? Хэн хамгийн худалч гээч? Сонин. Намайг яалаа яалаа гэнэ ээ? Токиогоос ирсэн нэгэн бардам гэнэ үү? Нэгэн гэдэг овогтой хүн байх уу? Өөрийн гэсэн нэр алдар бий шүү дээ. Тадано Манжюүгийн удам гэдгийг минь шүүгээд үзсэн ч болно... нүүр шархалж, нэгэн залуу гэж доромжлуулснаас биш би тун догь харагдаж байна гээч... Зүгээр нэгэн залуу гэсэн бол ч яая гэхсэн, гэтэл нэгэн бардам залуу нь ч юувдээ!...

Боччан ахлах сургуулийн ажилчдыг жинхэнэ нэрээр нь тогтоодоггүй. Улаан цамцат /худалч хуурмаг, дүр эсгэгч/, Аялдан дагагч /бялдууч зусарч, өөрийн бодолгүй, дүр эсгэгч/, Элбэнх /хий хоосон бардамнагч, мөн шударга биш, жалга довны өчүүхэн үзлээр сургуулиа удирддаг/ гэх мэтээр өөр өөрсдийн нь хувь чанарт тохируулан хоч оноож, үйл явдлуудаа хүүрнэн өгүүлдэг. Энэ нь бусдад ая тал засан бялдуучилдаг, шударга байдлыг үргэлж доорд үзэн орхигдуулдаг, хүн чанараа гээн хар амиа хоохойлдог тэргүүтэн сайн, саар олон хүмүүс амьдрал дээр байдгийг зохиолч харуулах гэснийг батлах шиг. Товчхондоо Соосэкийн гаргаж ирэхийг зорьсон хүмүүсийн бүх хэв шинжийг агуулсан идеал олонлог бол хөдөө тосгон буюу дунд сургууль.  Ерөөс ертөнц Боччаныг тойрон хүрээлж асан хүмүүсээр элбэг юм.

Чухамхүү Боччан хэмээх дүрийг сонгож авсандаа, өөрийнхөө зан чанарыг түүнд сайтар уусгаж өгсөндөө дээрх төрлийн хүмүүсийг зохиолдоо гаргууд илчилж чадсан гэмээр. Боччаны өөрийн сэтгэлзүйн хэв шинж зохиолчийн санаа зорилгод яв цав нийцэх агаад, ерөөс Соосэки Боччанд хандаж “Хорвоогийн сайн муу зүсэн зүйлийн хүмүүсийн үнэн төрхийг илчлээд аль. Чамд миний өгөх хурц хошин хэл, өөрийнхөөрөө бардам сэхүүн зан, шударга шулуун хэв маяг тусална” гэж хэлсэн гэчихэд хилсдэхгүй болов уу? Боччан өөрөө дүр гэхээсээ зохиолчийн санаагаа гаргах гэсэн хэрэглүүр юм уу?

Боччаны шулуун шударга, хамгийн гол нь хошин өнгө аясыг япон хэлнээс эх хэлнээ гайхалтай буулгаж чадсан орчуулагч Ц.Ононд гүнээ талархах нь зүйтэй.

Эцэст нь мэдээж “Боччан”-ыг уншихын ач холбогдол асар их байгааг дурьдах учиртай. Япон орны орчин үеийн утга зохиолтой танилцах, цаашлаад хамгийн гүндээ нийгэм дэх боловсрол нимгэн, зусарч бялдууч, дүр эсгэгч, худал хуурмаг хүмүүс болоод шударга үнэнч хүмүүсийн хоорондын тэмцлийн тухай бодит төсөөлөл олж авах боломжийг олгоно. Ялангуяа өсвөр үеийнхэн, залуучууд ирээдүйд “хүн сүрэг” дотор ямар нэгэн байр сууринд, ямар нэгэн дүрийн үүргийг гүйцэтгээд алхаж явах нь ойлгомжтой учраас, “Би хэн байх вэ? Хэн нь байх вэ? Би одоо хэнтэй нь адилхан байгаа билээ?” гэж зохиолыг өөртэйгээ уялдуулан бодолхийлэхэд цоо шинэ дүгнэлт гарч ирэх нь дамжиггүй.

#BookReview