Э.Нарангарав: Улсын сургууль төгссөн болохоор ХАРВАРДАД тэнцэхгүй гэж өөрийгөө бүү “хайрцаглаарай”


Б.Нямдарь | YOLO.MN
2018-04-02

Дэлхийн шилдэг их сургуулиудын нэг Харвардын их сургуульд тэнцсэн, Нийслэлийн 45-р сургуулийн төгсөгч Э.Нарангарав охинтой өөрийнх нь туршлага, GAP year-ийн ач тус, англи хэл сурах арга барил, тэтгэлэг хэрхэн хүртсэн талаар нь ярилцлаа. 

YOLO: Сайн уу, өөрийгөө манай уншигчдад дэлгэрэнгүй танилцуулаач. 
- Намайг Энхтайваны Нарангарав гэдэг. Би 2017 онд Нийслэлийн 45-р дунд сургуулийг төгсөөд нэг жилийн чөлөө буюу “GAP year” авсан. Өнгөрөгч оны 12-р сард өөрийн өргөдлүүдээ гадаадын зарим их сургууль руу явуулаад одоо заримаас нь хариугаа хүлээж аваад байна. 

YOLO: Тэгэхээр яг хүссэн сургуулиас чинь “тэнцсэн” гэсэн хариу ирсэн үү?
- Миний хувьд тэнцсэн сургуулиудаас дурдвал Харвардын их сургууль, Йэлийн их сургууль (Yale NUS) зэрэг их сургуулиас тэнцсэн хариуг авчихаад байна. Гэхдээ тэтгэлгийн онцлог бас бусад зүйлсийн талаар сайтар эргэцүүлж байгаад өөрийн шийдвэрээ гаргана гэж бодож байна. Тэгэхээр алийг нь сонгохоо хараахан шийдээгүй байгаа гэсэн үг.

YOLO: Ямартай ч баяр хүргэе. Харвардад тэнцэнэ гэдэг бол хэн хүний хийж чадах зүйл биш байх. Харин Харвардад тэнцсэн Монголын хамгийн анхны улсын сургуулийг төгсөгч болсон гэж сонссон. Энэ талаар?
Баярлалаа. Мастерийн түвшинд улсын сургуулийг төгссөн хүн Харвардад сурч байсан тохиолдол байсан л байх. Харин бакалаврын түвшинд тэнцсэн, улсын сургуулийг төгссөн анхны хүн байж магадгүй. Гэхдээ би яг нарийн сайн мэдэхгүй байна. Улсын сургуулийн хүүхдүүд Харвард руу өргөдлөө тийм ч их явуулаад байдаггүй юм шиг санагддаг. Үүнтэй холбоотой байж магадгүй. 

YOLO: Дунд сургуулиа төгсөөд GAP year авсан шүү дээ. Энэ нэг жилийн хугацаанд юу хийж амжуулав, өөрийн зорилгоо тодорхойлж чадав уу?
- Би өөрөө Four-H гээд хүүхэд залуучуудын байгууллагад сайн дурын ажил буюу багш хийдэг. Түүнээс гадна Tomujin-ийн GAP year хөтөлбөрт хамрагдсан. Энэ нь жилийн чөлөө авч байгаа монголын хамгийн анхны хүүхдүүдэд зориулсан хөтөлбөр юм. Энд байх хугацаандаа маш чадварлаг, ухаантай, шинэлэг санаачилгатай залуусын дунд цагийг өнгөрөөсөн нь миний хувьд маш азтай тохиол байсан. Учир нь тэр хүүхдүүдээс маш олон зүйлийг сурсан. Хамгийн гол зүйл нь бидний хийж байгаа зүйл маань нэг учир бие биеэ маш сайн дэмждэг. 

Би анх Харвард гэх мэт томоохон их сургуулиудад тэнцэхгүй гэж өөрийгөө боддог байлаа. Энэ маань мөн л нөгөө “улсын сургуулийн сурагч” гэх бодлоос минь болдог байсан байх.

Э.Нарангарав



Би анх Харвард гэх мэт томоохон их сургуулиудад тэнцэхгүй гэж өөрийгөө боддог байлаа. Энэ маань мөн л нөгөө “улсын сургуулийн сурагч” гэх бодлоос минь болдог байсан байх. Би англи хэлний багагүй мэдлэгтэй ч гадаадын их сургуульд өргөдөл гаргах, хэрхэн элсэх талаар яг нарийн мэдээллийг мэддэггүй байсан. 2016 онд АНУ-ын элчин сайдын яамнаас хэрэгжүүлсэн төгсөх ангийн сурагчдад зориулсан нэгэн хөтөлбөрт хамрагдаад тус улсад сарын хугацаанд сайн дурын ажил хийх, Индианагийн их сургуульд сурагч солилцоогоор сурах боломж олдсон юм.

Би анх “Монголдоо л сурна” гэж боддог байсан ч тэнд байх хугацаанд бодол минь өөрчлөгдсөн. Буцаж ирээд би өмнө нь тийм ч сайн мэддэггүй байсан SAT, TOEFL зэрэг шалгалтуудын талаар судалж эхэлсэн. Тэгээд ч АНУ-ын их сургуулиудад өргөдлөө өгөх хугацаа өнгөрчихсөн байсан болохоор би GAP year буюу жилийн чөлөө авахаар шийдсэн. 

YOLO: Сурах явцдаа жилийн чөлөө авна гэдгийг томчууд буюу эцэг эхчүүд тийм ч сайнаар хүлээж авдаггүй юм шиг санагддаг. Чиний хувьд гэрийнхэн нь хэрхэн хүлээн авсан бэ?
Яг үнэн. Эхлээд намайг зөвшөөрөөгүй. Монголчуудын хувьд сурах насан дээрээ нэг жилийг “алдана” гэдэг нь том асуудал болж харагддаг. Энэ нь түүний давуу талын талаарх мэдээлэл хомс байдагтай холбоотой байх. Эхэндээ ээж минь дургүй байсан ч нэг удаа яг хамтдаа тухалж сууж байгаад би “Охин нь АНУ-д суралцах хүсэлтэй байна, тэгэхийн тулд ийм ийм зүйл хийх хэрэгтэй байна, энэ хугацаанд жилийн чөлөө авах шаардлагатай” гээд бүгдийг нь тайлбарлаж өгсөн. Ээж минь намайг их сонсдог, үзэл бодлыг минь хүндэтгэдэг, итгэдэг болохоор шууд л хүлээн зөвшөөрсөн. 

YOLO: Өөрийнхөө хийж, оролцож байсан сайн дурын ажлуудаасаа сонирхуулвал?
- Намайг хийсэн сайн дурын ажилгүйгээр минь төсөөлөхөд хэцүү гэж би боддог юм. Сайн дурын ажил, бусад хичээлээс гадуур хийдэг байсан зүйл минь надад маш том туршлага болж өгсөн. 

Сайн дурын ажил гэхээр “Цалингүй ажил, хөдөлмөрөө дэмий зүйлд зарцуулдаг” гэж гайхдаг хүмүүс байдаг. Сайн дурын ажлаас хүн үнэ мөнгөтэй харьцуулашгүй үнэтэй туршлагыг олж авдаг юм.

Э.Нарангарав



9 настай Э.Нарангарав Four-H байгууллага дээрээ

9 настай Э.Нарангарав Four-H байгууллага дээрээ


Дээр дурдсан Four-H байгууллагатай би 9 настайгаасаа эхэлж хамт байна. Тэнд англи хэлний үнэ төлбөргүй дугуйлан хичээллэдэг ба эхэндээ англи хэлийг сурахаар очдог байсан бол дараагаар нь 13, 14 нас хүрээд бичиг цаас хувилах гэх мэт ажилд нь тусалж бүр цаашлаад сайн дураар туслах багш болсон. Түүнээс хойш хоёр жилийн дараа жинхэнэ багш болж бие даан хичээл зааж эхэлсэн. Энд байх хугацаа нь ирээдүйд боловсролын чиглэлд ажиллах миний зорилгын үндэс суурийг тавьсан гэж хэлж болно. 

Мөн АСЕМ-ийн үеэр Монгол цогцолборын музейн тайлбарлагч хийж байсан. Сайн дурын ажил гэхээр “Цалингүй ажил, хөдөлмөрөө дэмий зүйлд зарцуулдаг” гэж гайхдаг хүмүүс байдаг. Хүн өөрийнхөө дуртай зүйлд л цаг заваа харамгүй зориулж чадна шүү дээ. Түүнээс гадна сайн дурын ажлаас хүн үнэ мөнгөтэй харьцуулашгүй үнэтэй туршлагыг олж авдаг юм.

YOLO: Анх англи хэлийг хэрхэн сурж байсан бэ?
- Би анх 52-р дунд сургуульд суралцдаг байсан. Тэндээсээ “King’s Kids” хэмээх англи хэлний сургалттай сургууль руу шилжин орсон. Тухайн үед би нэг жил гаруйн хугацаанд ангийнхаа хүүхдүүдээс хоцорчихсон байсан болохоор англи хэлийг ойлгохгүй учир тэднийг гүйцнэ гэдэг маш том даваа гарч ирсэн. Тийм болохоор “Four-H” байгууллагад англи хэлний үнэ төлбөргүй бэлтгэлд хамрагдсан. Би ер нь бодоод байхад англи хэлийг ярьж байж л илүү их сурсан юм шиг ээ. Тэрхүү байгууллагад гадаадаас ажлын шугамаар олон хүн ирдэг, би ч өөрөө их чалчаа хүн, бусад орны талаар ч сонин сайхан юм сонсох дуртай нэгэн болохоор зав чөлөө гарвал л харилцан ярихыг хичээдэг байсан. 

Гэхдээ одоогийн миний англи хэлний чадвар бас тийм ч сайн биш ээ, би тэгж боддог. (инээв) Манай одоогийн GAP year хөтөлбөрийн бусад найзуудын маань англи хэлний түвшин маш сайн. Би тэдний дэргэд тийм ч сайн биш, мөн миний SAT оноо 1410, энэ ч тийм өндөр оноо биш юм. 

YOLO: Хүүхэд, хөгшидгүй л англи хэлийг яаж сурах вэ гэсэн хүмүүс их байна. Чиний хувьд хүн яг ямар арга барилаар англи хэлийг хурдан бөгөөд амархан сурч болох вэ?
- Миний суурь мэдээж дээр хэлсэнчлэн сургуульд тавигдсан. Анхлан суралцагч хүн мэдээж бүгдийг нь л шинээр эхэлнэ. Сайн дурын байгууллагатаа гадаад хүнтэй ичиж зоволгүй шууд л ярьчихдаг байсан, зарим үгээ мэдэхгүй бол дохио зангаагаар үзүүлнэ гээч. (инээв) Сургуулийн орчинд эсвэл академик түвшинд би англи хэлийг сурахаас илүүтэй чөлөөтэй орчинд буюу амьдрал дээр ашиглаж байж л өөрийгөө илүү сайн сурсан гэж боддог. Тэр нь мэдээж англи хэл дээрх харилцан яриа юм. Нүүр хагарчихсан, хүнтэй англиар харилцаад сурсан чанар минь дараа нь Харвардын их сургуульд Skype-аар ярианы шалгалтаа өгөхөд маш том давуу тал болсон. 


Сургуулийн орчинд эсвэл академик түвшинд би англи хэлийг сурахаас илүүтэй чөлөөтэй орчинд буюу амьдрал дээр ашиглаж байж л өөрийгөө илүү сайн сурсан гэж боддог.

Э.Нарангарав



Яг үнэнийг хэлэхэд би тийм ч их хичээнгүй хүн биш, хааяа залхуу шдээ. (инээв) Харин хүссэн зүйлдээ хамаг хүчээ зарцуулж, анхаарлаа төвлөрүүлж чаддаг. Тэрнээс дургүйд хүчгүй гэгчээр миний сонирхлыг татахааргүй зүйлд цаг заваа зарцуулах дургүй гэх юм уу даа. 

YOLO: “Тэтгэлэг хэрхэн хүртэх вэ?” гэж сурч байгаа залуу хүн бүр л толгойгоо гашилгадаг. Чиний хувьд энэ талаарх туршлагаасаа хуваалцаач?
- АНУ-ын их сургуулиудын давуу тал нь маш их тэтгэлэг өгдөгт байдаг. Зөвхөн сургалтын зардал гэлтгүй байр, хоол, хэрэглээний мөнгөн тэтгэлгийг авч болдог. Би “Swarthmore” коллежийн тэтгэлгийг хүртсэн. Монголд бол хамгийн мундаг хүүхдүүд л тэтгэлэг хүртдэг шүү дээ. Харин АНУ-д сайн дурын ажил хийсэн туршлагаараа ч тэтгэлэг авч болдог. “Өгч чадах төлбөрөө өгч болно, бид бусдыг нь даах боломжтой” гэсэн хандлагатай байдаг гэх юм уу даа. Хэрэв АНУ-ын аль нэг сургуулийг сонгоод элсэх өргөдлөө явуулж байгаа бол “Би төлбөрийг нь төлж чадахгүй, ээж аав минь өгөх бололцоогүй” гэж эхний ээлжид бүү санаа зовоорой. Сургуулиуд чиний чадварыг үнэлээд ямар нэгэн аргаар тэтгэлэг гаргаад өгөх тохиолдол байдаг. Тэнцчихсэн л бол сургуулийн захиргаа чамайг сургуульдаа л авахыг боддог. 

YOLO:  Улсын сургуулийн хүүхэд Харвардын их сургуульд тэнцэж болдог гэдгийг баталж, чиний амжилт бусдад ч мөн урам зориг өгч байгаа байх. 
Магадгүй юм. Ялангуяа улсын сургуульд сурч байгаа хүүхдүүд өөрийн сургуулийн орчин, боловсролын тогтолцоог хувийн сургуулиас хамаагүй муу гэж бодох нь элбэг юм шиг санагддаг. Гэтэл улсын сургуульд ч гэсэн давуу тал маш их байдаг. Мэдээж хувийн сургуульд ч гэсэн давуу тал бий. 

Тэгэхээр улсын сургуульд сурдаг болохоор надад боломж байхгүй гэсэн бодлоор өөрийгөө бүү хайрцаглаарай. Тэгэх ямар ч шаардлага байхгүй. Харин ч улсын сургуульд сурч төгссөн нь чиний нэг давуу тал гэдгийг ойлгох хэрэгтэй юм.

 


Улсын сургуульд сурдаг болохоор надад боломж байхгүй гэсэн бодлоор өөрийгөө бүү хайрцаглаарай. Харин ч улсын сургуульд сурч төгссөн нь чиний нэг давуу тал гэдгийг ойлгох хэрэгтэй юм.

Э.Нарангарав

 

YOLO: Чиний гаргасан амжилт мэдээж дэргэд чинь зааж зөвлөдөг хүнтэй чинь шууд холбоотой байх. Тэр хүн хэн бэ?
- Миний ээж. Миний ээж намайг маш зөв хүмүүжүүлсэн гэж би боддог юм. Гэхдээ хатуу гараар биш хатуу дуугаар хүмүүжүүлсэн гэх юм уу. (инээв) Мэдээж зөөлөн байх үедээ зөөлөн. Би дунд сургуульд байхдаа даалгавраа л хийчихвэл боллоо гэж боддог хүүхэд байсан. Гэхдээ ээж минь “илүү их хий, бүр сайн хий” гэж шахдаг байсан. Тэгж шахдаг байсны л хүчинд би илүү их сурах сонирхолтой болсон байх гэж боддог. 

Мөн миний хийж байгаа зүйлсийн минь үр дүн Tomujin-ийн багш, хамт олонтой минь салшгүй холбоотой. Тэдэндээ маш их баярлаж явдаг. Намайг эсээ бичихэд Tomujin-гийн маань Батжин, Мөнхбат, Сумъяабагш нар минь хэрэгтэй зөвлөгөөг, аргачлалыг зааж маш их тус болсон. Ер нь ихэнх эсээнд маань багш нар минь зааж зөвлөж тусалдаг бйсан. Мөн Tomujin-гийн Local Inspiration гээд эвентэд оролцдог, гадаадын томоохон их дээд сургууль төгссөн хүмүүстэй танилцаж уулзаж, туршлагыг судалдаг байсан болохоор гадаадын их сургуульд би ч гэсэн суралцах боломжтой юм байна гэдгийг анх маш сайн ойлгосон.

YOLO: Цаашид боловсролын чиглэлээр л явах хүн болно гэсэн шүү дээ. Чухам ямар мэргэжил эзэмших төлөвлөгөөтэй байна вэ?
- Яг тэр талаар нарийн төлөвлөсөн зүйл байхгүй. Гэхдээ ямар ч байсан Монголын боловсролын салбарт хувь нэмрээ оруулах болно. Энэ бол миний туйлын зорилго. Аливаа улсын хөгжлийн нэг суурь нь тухайн улсын боловсролын тогтолцоо шүү дээ. Би багшлахдаа гэр хорооллын, хотын төвийн, хөдөө орон нутгийн гээд олон хүүхэдтэй харьцаж байсан. Манай Монголын хүүхдүүд маш ухаантай, сэргэлэн, аливааг маш хурдан ойлгож чаддаг. Тийм болохоор тэдэнд тохирсон Монгол боловсролын тогтолцоог бий болгохыг хүсдэг.

Би үүнийг хэлэх эрхтэй хүн биш байх л даа. Гэхдээ хувийн сургууль болгон л нэг хөтөлбөртэй, улсын сургууль нь цөм хөтөлбөр, Монгол хүүхэд хөтөлбөр, орос, Kембриж хөтөлбөртэй гээд янз бүр байдаг. Миний бодлоор ямар ч хөтөлбөртэй байсан багш чадвар сайн бол хүүхэд сайн сурна гэж боддог. Өөрөөр хэлбэл боловсон хүчний чадвар боловсролын системээсээ илүү чухал зүйл юм. 

YOLO: 10 жилийн дараах Э.Нарангаравыг хэрхэн төсөөлж байна вэ?
- Ямар ч сургуульд сураад төгссөн бай мэргэжлийн ажлын туршлагатай болоод, эх орондоо ирээд өөрийн сурсан зүйлээрээ дамжуулан Монгол улсынхаа боловсролын тогтолцоонд үнэтэй хувь нэмэр оруулах болно. 

YOLO: Ярилцсанд баярлалаа. 
Баярлалаа. wink

#Harvard #Mongolia #Girl