Ой тогтоолтын нээлттэй тэмцээнд багаараа тэргүүллээ


Оюука | YOLO.MN
2017-02-20

 

Энэ амралтын өдрүүд буюу 18, 19-нд үргэлжилсэн 30 сая воны шагналын сантай  Ой тогтоолтын  олон улсын нээлттэй тэмцээнд Солонгос, Монгол, Герман, Америк, Филиппин, Япон зэрэг 15 улсын нийт 178 тамирчин 90 багц медалийн төлөө бага, дунд, насанд хүрэгчдийн ангилалд харааны болон сонсголын ой тогтоолтын 10 төрлөөр өрсөлдөн оюун ухаанаа уралдуулж шилдгүүдээ тодрууллаа.

Манай улсыг төлөөлж Монголын Оюун Ухааны Академийн 19 тамирчин, багш дасгалжуулагчдын хамт оролцлоо.

Тэмцээний дүн гарахад манай тамирчид 14 алт, 15 мөнгө, 12 хүрэл буюу нийт 41 медаль хүртэн багаараа хол илүү түрүүлснээс гадна тус тэмцээнд дэлхийн 4 дээд амжилт эвдэгдсэн нь манай тамирчдын эвдсэн амжилтууд байлаа. Тухайлбал бага насны ангилалын "Зураг" төрөлд Б.Хангал, дунд нас буюу өсвөр насны ангилалд "Зураг" төрөлд Их Мастер Б.Ариунсанаа, 10 минутын "Хөзөр" төрөлд ОУ-ын Мастер Э.Лхагвадулам, "Дуут цифр төрөлд Г.Энхлэн нар тус тус дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.

Тэмцээний 10 төрлийн нийлбэр дүнгээр Дэлхийн чансааны #2, Дэлхийн аварга, ОУ-ын Их Мастер, Германы тамирчин Johannes Mallow түрүүлсэн бол хоёрдугаар байрт Дэлхийн чансааны #9, 2016 оны Өсвөрийн дэлхийн аварга, ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр, гуравдугаар байрт Дэлхийн чансааны #23, Өсвөрийн дэлхийн дэд аварга, ОУ-ын Их Мастер Э.Энхшүр нар эхний 3 байрт орлоо.

Тус тэмцээний өсвөр насны ангилалд 10 төрлийн нийлбэр дүнгээр ОУ-ын Мастер Э.Лхагвадулам түрүүлсэн бол Их Мастер Б.Ариунсанаа 3-р байрт орлоо. Харин бага насны ангилалд Б.Хангал, О.Түвшинзаяа нар хоёр, гуравдугаар байрт тус тус орсон юм.

Тэмцээн зохион байгуулагч улсын хувьд нээлттэй тэмцээнээс ердөө нэг медаль авсан хэдий ч оролцсон 100 Солонгос тамирчдынхаа дунд төрөл тус бүрийн шилдгүүдээ шалгаруулж улсын аваргаа тодруулсан бөгөөд нэг харамсалтай зүйл нь зохион байгуулагч улс тэмцээнийг дэлхийн холбооны дүрэм дээрх насны ангилалын стандартын дагуу зохиох ёстой байтал тухайн улсад насанд хүрэгчид, өсвөр нас гэсэн ойлголт өөр байдаг гэсэн шалтгаанаар нэмж өөр насны ангилал гаргасан нь шагнал гардуулах мөчийг будилуулж орхилоо.

Баг тамирчид дэлхийн дээд амжилтуудыг ч шинэчилж, багаараа тэргүүллээ. Энэ тэмцээнээс 41 медаль хүртсэнээр Солонгос, Америк, Швед, Их Британи, Хятад, Энэтхэг, Тайван, Малайз гэх мэт олон улсын оюуны спортын 42 дахь тэмцээндээ амжилттай оролцож нийт 607 медаль хүртэн дэлхийн дээд амжилтуудыг шинэчлэн тогтоосоор байна.

#Sport #Freetime #teenagers #IQ