Яагаад хүмүүс “ЗОМБИ”-той кинонд татагддаг вэ?


Нас барсан ч эргээд хүмүүн бус дүрээр амилан босч ирдэг зомбинуудын тухай кинонууд хамгийн их үзэгчдийг байлдан дагуулдаг, хамгийн их ашиг орлого олдог аймшгийн киноны төрөлд тооцогддог байна. Сүнс, буг чөтгөр, цус сорогч гээд олон аймшигт мангасуудаас илүүтэй зомбинууд олон хүний сонирхлыг татдагийн учир юунд юм бол? Тэд үнэхээр айдас төрүүлэм үү? Эсвэл хүн төрөлхтний мөхөл сүйрлийг харуулдаг тэдний түүх битүүхэн бодолд автуулдаг юм болов уу? Энэхүү асуултад хариулт өгөхийг зорьсон хэсэг сэтгэл судлаач эрдэмтэд дараах таван шалтгааныг дурьдсан байна.

  1. ХҮМҮҮС ЕРТӨНЦИЙН ТӨГСГӨЛИЙН ТУХАЙ ЭРГЭЦҮҮЛЭХ ДУРТАЙ

Хүн төрөлхтөн өнө эрт цагаас хорвоо ертөнцийн төгсгөлийн тухай зөгнөж, олон таамаг дэвшүүлж иржээ. Тэдгээрийн ганц нь ч үнэн байгаагүй болох нь цаг хугацаа улирч  өнгөрөх тусам нотлогдсоор буй боловч, энэ нь ертөнцийн төгсгөлийг үргэлжлүүлэн зөгнөсөөр байх хүмүүсийн далд сэтгэлзүйг зогсоох шалтгаан биш тухай судлаачид хэлжээ. Орчин үед уран зөгнөлт кино, зохиолуудад ертөнцийн төгсгөлийн тухай сэдвийг хөндөх нь “тренд” болоод удаж буйг дурьдсан LiveScience сэтгүүлийн нийтлэл ч байх юм.

  1. БИД БОДИТ БИШ ЗҮЙЛСЭЭС АЙХ ДУРТАЙ

Алхаж буй үхдэл бодитоор оршдоггүй, хүмүүс ч мөн энэхүү үнэнийг сайтар мэддэг. Тийм ч учраас зомбитой аймшгийн кино үзэж суухдаа тэднийг бодит биш гэдгийг ухамсарлаж чаддаг билээ. Харин Мемфисийн их сургуулийн профессор Дэвид Рудд, “Хүмүүс жинхнээсээ байхгүй гэж мэддэг зүйлээ үзээд айдаст автахдаа илүү дуртай байдаг” хэмээн хэлсэн байна.

  1. ХҮМҮҮНЛЭГ ХАРИЛЦААНЫ САЙН ТАЛЫГ САНУУЛДАГ

Зохиолч, хүмүүнлэгийн ажилтан Ж.П.Манни өөрийн нийтлэлдээ, “Хүн төрөлхтөнд нэг нэгнээ гэсэн хүмүүнлэг сэтгэлгээ байгалаасаа заяасан байдаг. Харин орчин үед үнэн, худал их хэмжээний мэдээлэлд цаг үргэлж өртсөөр бид хүмүүнлэг харилцаа гээчийг эргээд санагалзан суух болжээ” хэмээн дурьдсан байна. Мөн тэрхүү хүмүүнлэг харилцаа нь хүмүүс бие биедээ хэрэгтэй зүйлсээ хуваалцан, түгээх үед хүчтэй сэргэж өгдөг байна . Гэтэл зомбитой кинонууд өөрийн эрхгүй өөр хоорондоо эвлэлдэн нэгдэж, амь гарахын төлөө юу хэрэгтэйгээ хоорондоо түгээн, хуваалцах хэрэгтэйг харуулдаг нь бидний битүүхэн санагалзан байдаг өнөөх хүмүүнлэг харилцааны тухай сэдвийг сануулдаг байх магадтай ажээ.

  1. БИД АМЬД ҮЛДЭХ АРГА УХААНЫГ БИТҮҮХЭН СОНИРХОЖ ЯВДАГ

Дээр дурьдаад өнгөрсөн ертөнцийн төгсгөл болчихгүй л бол, хүн төрөлхтөн үргэлж амьд үлдэх аргуудад суралцаж явдаг гэнэ. Энэ тухай нийтлэлийг Стэнфордын их сургуулийн профессор Ангела Бекерра Видергар бичсэн ба, бидэнд амьд үлдэхэд тэмүүлэх төрөлхийн амьтанлаг инстинкт байдаг гэдгийг батлажээ. Харин цаг мөч бүрт амьд үлдэхийн төлөөх тэмцэлд орох зомбитой киноны дүрүүд бидний тэрхүү инстинктийг өдөөдөг байх магадлалтай гэнэ.

  1. ЗОМБИТОЙ ТҮҮХ БИДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ХАЙРЛАДАГ

Итгэл найдвар гэдэг эерэг сэтгэл хөдлөлүүдийн нэгд тооцогддог байна. Харин зомбигоор дүүрсэн харанхуй ертөнцийн тухай киног үзээд сэтгэлээр унаж, түгшихээс илүү итгэл найдварт хөглөгддөг тухай бас нэгэн нийтлэл байх юм. Учир нь яг одоогийн бодит оршин буй нөхцөл байдал нь үзсэн аймшигт киноны түүхтэй харьцуулбал хавьгүй аз жаргалтай болохыг хүмүүс битүүхэн мэдэрдэг байна. Тийнхүү бүхнийг хийж бүтээх боломжтой, аюул осол үгүй тайван амьдралаар амьдарч буйгаа ойлгож, өөрийнхөө амьдралыг эерэг талаас нь үнэлэх нь олонтаа гэнэ.

#Psychology