Б.Төгөлдөр: БҮЖИГ НЬ хөдөлгөөн төдий зүйл биш, мэдрэмж бүхий ТОМ ЕРТӨНЦ юм


Хүн болгон бүх зүйлийг чаддаг байх албагүй. Харин өөрийн дуртай хамгийн сайн чаддаг нэг л зүйлийг төгс хийж сурах нь тэр хүний нэрийн хуудас болдог. Тэгвэл тэрхүү нэрийн хуудсаа олсон нэгэн эрхэмтэй хүсэл мөрөөдлийнх талаар өрнүүлсэн сонирхолтой ярилцлагыг хүргэж байна. Энэ бол гудамжны бүжигчин Б.Төгөлдөр.

YOLO: Нийт уншигчиддаа өөрийгөө товч танилцуулаач?
- Сайн байна уу? Намайг Төгөлдөр гэдэг. Эргэн тойрны хүмүүс маань ихэвчлэн Төдө гэж дууддаг. "Moxie Dance studio"-ийн захирал болон багшаар ажилладаг.

YOLO: Анх гудамжны бүжигчин болох гараагаа хэдэн наснаасаа эхэлсэн бэ?
- Хамгийн анх бага байхдаа өвөөгөөрөө монгол ардын бүжиг заалгаж байсан. Түүнээс хойш бүжиг хэмээх зүйлд улам дурлаж дан монгол ардын бүжиг ч биш гудамжны бүжиг сонирхох болсон. Ингээд сүүлийн 7-8 жил тасралтгүй тууштай бүжиглэж байна.

YOLO: Яагаад заавал энэ төрлөөр хичээллэх болсон бэ?
- Миний сонирхолыг хамгийн их татсан зүйл гэвэл хөгжим байсан. Учир нь гудамжны бүжиг дотроо үндсэн 5 төрөл байдаг. Тэр дундаа Хип Хоп бүжгийн хэмнэл ая нь надад өөрийгөө бүрэн чөлөөтэй илэрхийлэх боломж өгдөг. Мөн бусад төрлөөр нь ч бас бүжиглэдэг.

YOLO: Хамгийн анхны гарсан том тайз чинь ямар тэмцээн байсан бэ?
- Хоёр жилийн өмнө дэлхийн гудамжны бүжигчдийн дунд зохион байгуулдаг хамгийн том тэмцээнд оролцохоор болсон. Хятадад болсон уг тэмцээний үеэр 200 гаруй бүжигчид өрсөлдсөн. Тэр үед маш их догдолж байснаа санаж байна шууд л эхний гуравт гарна гэж бодохоор үнэхээр их сандарч байсан. Хэдийгээр би ялаагүй ч гудамжны бүжигчин бүрийн түрүүлэхийг хүсдэг  тэмцээнд өөрийгөө сорьж шилгүүдтэй өрсөлдсөн болохоор миний хувьд хамгийн том тайз гэж боддог.



Өөрөө амжилт гаргахаас илүү шавь нар маань амжилттай суралцвал илүү их сэтгэл ханамжтай байдаг

Б. Төгөлдөр

YOLO: Саяхан UBS телевизээс зохион байгуулж буй “Perfect Dance” тэмцээний 2-р шатанд тэнцсэн шүү дээ. Энэ талаар...?
- Сошиал ертөнцөд өөрийгөө олонд дэлгэж цагийг нэг их үрдэггүй. Тиймээс өөрийнхөө төлөө тэмүүлж буй зүйлээрээ олонд танигдаж, Төдө гэж ийм хүн мөрөөдлийнхөө төлөө явж байгаа шүү гэдгээ харуулахаар орсон.

YOLO: Хүн өөрийн дуртай зүйлээ хийж байхдаа түүнээсээ сэтгэл ханамж авдаг шүү дээ. Бүжиглэж байхдаа яг юу мэдэрдэг вэ?
- Бүжиглэж эхэлмэгц яг л гэртээ байгаа юм шиг тухтай чөлөөтэй болж эхэлдэг. Биеэ барих, ямар нэгэн зүйлд баригдалгүй өөрийнхөөрөө, хөгжмийн хэмнэлд уусдаг. Хөгжим бид хоёр хоорондоо нэгэн цогц мэт болдог гэж хэлж болно. 

YOLO: Өөрт чинь бүжиглэх хүсэл тэмүүлэл аль эсвэл үлгэр дууриал авдаг уран бүтээлч бий юу?
- Сайн багш сайн бүжигчин аль аль нь бий. Зарим хүмүүс аль нэгийг нь л эзэмшиж чаддаг. Тэгвэл миний хүндэлж биширч явдаг хүн маань миний багш. Тэрээр энэ хоёр чадварыг гаргууд эзэмшсэн нэгэн. Гадаадад амьдардаг болохоор би түүнтэй ховор уулздаг ч уулзах бүртээ урам зориг байнга авдаг.

YOLO: Шинэ он гарснаар өөрт тавьсан зорилгоосоо дурьдвал?
- Юуны түрүүнд Япон явахыг зорьж байна. Тиймээс хэлний мэдлэгээ дээшлүүлэх сонсголоо сайжруулахыг нэн түрүүнд тавьсан. Түүнээс гадна өөртөө хуримтлуулсан бүжгийн шинэ туршлагаа бүжигчиддээ зааж чанартай сургалт орохыг хүсч байна. Өөрөө амжилт гаргахаас илүү шавь нар маань амжилттай суралцвал илүү их сэтгэл ханамжтай байдаг.





YOLO: Бүжгийн урлагаар хичээллэснээс хойш өөрт чинь ямар эерэг өөрчлөлтүүд гарсан бэ?
- Хамгийн түрүүнд бие бялдар хөгжинө. Бие чийрэг байх тусам эрүүл байхын үндэс болдог шүү дээ. Харин хувь хүн талаасаа илүү нээлттэй болохын зэрэгцээ өмнөө тавьсан зорилгынхоо төлөө тууштай тэмцэгч болсон. Хамгийн том өөрчлөлт бол бусадтай сурсан зүйлээ хуваалцах гэсэн хүсэл тэмүүлэлтэй өгөөмөр байх.

YOLO: Цаашид бүжгээр хичээллэсээр байх уу? Эсвэл мэргэжлээрээ ажиллах уу?
- Гэр бүлийнхэн маань мэргэжлээрээ ажиллаасай гэж боддог ч хүсэл зоригийг минь хүндэтгээд цаашид бүжгээр явахыг зөвшөөрсөн. Бүжиглээд 8 жил болсон ч хангалттай сайн бүжигчин болох хэмжээнд хүрэх болоогүй. Миний хувьд сайн бүжигчин болохын тулд насаараа суралцах хэрэгтэй гэж боддог тиймээс цаашид бүжиглэсээр байх болно.

YOLO: Олон тэмцээн уралдаанд оролцох үед шантрах тохиолдол мэдээж гарч байсан байх. Тэр үед хэн хамгийн их дэмжлэг үзүүлдэг вэ?
- Миний найз охин. Ямар ч үед миний дэргэд байж тусалж дэмждэг. Ар талд минь баттай зогсогч нэгэн. 

YOLO: Бүжиглэхээс гадна өөр сонирхдог зүйл бий юу?
- Би их сониуч хүн л дээ. Олон төрлийн спорт сонирхдог. Хөлбөмбөгийн зэрэгтэй, сагсан бөмбөг, гар бөмбөг, дартс мөн кибер спортоор хичээллэдэг. Сонирхолыг минь татсан шинэ содон зүйл гараад л ирвэл гүн гүнзгий ордог.

Чиний үр бүтээлгүй өнгөрөөсөн ажлын цагаас илүү үр бүтээлтэй өнгөрүүлсэн чөлөөт цаг чинь илүү

Б. Төгөлдөр

YOLO: Хүүхэд залуус чөлөөт цаг заваа юунд зарцуулбал үр ашигтай гэж боддог вэ?
- Чиний үр бүтээлгүй өнгөрөөсөн ажлын цагаас илүү үр бүтээлтэй өнгөрүүлсэн чөлөөт цаг чинь илүү гэж үг байдаг. Би энэ үгэнд их дуртай. Юу чамайг хамгийн их аз жаргалтай болгож байна тэр зүйлээ л хийх хэрэгтэй. Тэглээ гээд буруу зүйл рүү татагдаж болохгүй харин эсрэгээрээ хөгжиж дэвших зүйл рүү тэмүүлэх нь зүйтэй.

YOLO: Бүжгээр хичээллэх хүсэлтэй ч эвсэлгүйгээсээ болж зориглодоггүй хүүхдүүд байдаг. Хэрэв бүжиглээд л байвал эвсэлтэй болно гэж байх уу?
- Эвсэлгүй хүн гэж байддаггүй бүжиглэх хүсэл тэмүүлэл байна аа гэдэг чинь чиний эвсэл. Жишээ нь би /инээв/. Анх би “модон” хөдөлгөөнтэй бүжиглэж чаддаггүй хүүхэд байсан. Бүжиг тэгтлээ миний сонирхолыг татсан учраас уйгагүй хичээсний дүнд бүжиглэж сурсан. Хэрвээ бүжиглэх дуртай л бол эвсэлтэй эвсэлгүй хамаагүй бүжиг чамайг нээнэ.

YOLO: Гудамжны бүжиг ч бай аливаа нэгэн бүжгийн төрлөөр хичээллэх хүсэл сонирхолтой хүүхэд залууст хандаж юу гэж хэлмээр байна?
- Бүжиг гэдэг бол дан хөдөлгөөн төдий зүйл биш бүхэл бүтэн мэдрэмж шаардсан томоохон ертөнц. Тиймээс эхлээд юунд суралцах гэж буйгаа мэдэх хэрэгтэй. Дараа нь би үүнийг хийж чадна гэсэн итгэлтэйгээр эхлэх явдал хамгаас чухал. 

YOLO: Ярилцсанд баярлалаа. Цаашдын уран бүтээлд тань амжилт хүсье!
- Танай Yolo.mn сайтын хамт олонд ч бас баярлалаа.

Анх би "модон" хөдөлгөөнтэй бүжиглэж чаддаггүй хүүхэд байсан. Бүжиг тэгтлээ миний сонирхолыг татсан учраас уйгагүй хичээсний дүнд бүжиглэж сурсан.

Б. Төгөлдөр


#Dancer #Boy #Interview